Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 181

 

А.А , Г.М  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Г.М ий өмгөөлөгч Б.Баасандорж, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1083 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 35 дугаар магадлалтай, А.А , Г.М  нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч А.А , түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.А эд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.А ийг цагаатгаж,

Шүүгдэгч Г.М ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.М д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.М , А.А  нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.А , түүний өмгөөлөгч С.Санжаажамц нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх А.А  нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.2 дахь заалт “жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1, 1.3, 1.15а, 1.15в тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг зөрчсөнийг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 275 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байхад хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь уг заалтуудад заасан давахыг хориглоно гэсэн газраар давсан үйлдэл А.А  гаргаагүй. А.А  авто машинаа бариад замын хөдөлгөөнд оролцоод 3 дугаар эгнээгээр явж байсан машинуудад зам тавьж өгөөд зогсож байхад Г.М  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барьж 3 дугаар эгнээнээс 2 дугаар эгнээ рүү орж ирэн асар хурдтайгаар явж 3 эгнээгээр явж байсан тээврийн хэрэгслүүдэд зам тавьж зогсож байсан А.А ийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсан. Анхан шатны шүүхээс Г.М  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хурд хэтрүүлсэн, шинжээчийн дүгнэлтээр тоормосны мөрөөр хурд хэтрүүлснийг тогтоохдоо хамгийн бага хурдыг нь тогтооход 101 км/цаг гэж тогтоосон. Хоёр авто машин мөргөлдсөний дараа авто машинуудын эвдрэл зэргээс харахад 101 км/цагаас илүү хурдтай явж байсан нь илэрхий байдаг бөгөөд согтуу жолооч хурд хэтрүүлснээс осол шууд гарсан нь тодорхой үүнийг ч анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг зөв шийдсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсон этгээдийг илт хамгаалсан шинжтэйгээр ослыг миний үйлчлүүлэгчид давхар оногдуулах ёстой хэмээн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.М ий өмгөөлөгч Б.Баасандорж хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх хэргийг буруу шийдсэн. Харин давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн учир магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Тээврийн цагдаагийн албаны тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч А.А  осол гаргасан болохыг тогтоосон” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Харин давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А , түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн А.А , Г.М  нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос А.А ийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр “...” эмийн үйлдвэрийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин “Тоёота Ланд круйзер” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Г.М ий жолоодон явсан “Хюндай Соната-7” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Г.М , зорчигч С.С нарын эрүүл мэндэд хүнд, Г.Д эрүүл        мэндэд хүндэвтэр хохирол, Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.М ий эд хөрөнгөд 5 490 000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.М ийг мөн цаг хугацаа, нутаг дэвсгэрт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтуурсан /1.36 хувийн согтолттой/ үедээ “Хюндай Соната-7” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин хурд хэтрүүлж явсны улмаас А.А ийн жолоодож явсан “Тоёота Ланд круйзер” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч С.С-ийн эрүүл мэндэд хүнд, Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, А.А , Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, А.А ийн эд хөрөнгөд 14 190 000 төгрөгийн хохирол учруулсан тогтоогдсон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх А.А , Г.М  нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “А.А ийн дүрэм зөрчсөн үйлдэл гэмт хэргийн аюулын хэр хэмжээний хувьд бага тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэн, түүнийг цагаатгаж, Г.М ийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хурд хэтрүүлснээс үүдэж гэмт хэрэг гарсан” гэж үзэж Г.М ийг гэм буруутайд тооцсон байна.

Харин давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.А , Г.М  нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзлээ.

Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч А.А , Г.М  нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ осол гарсан шалтгааны талаарх хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан шалтгаант холбооны хувьд дүгнэлт хийхэд А.А , Г.М  нарын хэн алины Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон А цэгт осол гарсан гэж үзсэн прокурорын дүгнэлтийг няцааж чадаагүй гэж үзнэ.

Шүүгдэгч нарын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, дүрмээр хэм хэмжээ тогтоосон байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй хэн нэгэн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд осолд тухайн хүний үйлдлийн шалтгаант холбоо тасрах бөгөөд хэн алин нь дүрэм зөрчсөнөөс гарсан ослыг шалтгаант холбооны хувьд шууд эсхүл нөлөөлөх төдий гэж үзэх боломж тун хомс байдаг, харин тухайн жолоочоос үл хамаарах нөхцөл байдлыг үүнд хамааруулж болно.

Энэ хэргийн тухайд хэн нэгэн жолооч нь дүрэм зөрчөөгүй байгаа тохиолдолд уг осол гарахгүй буюу шалтгаант холбоо тэглэгдэх нөхцөл бүрдэхээр байсан, харин хэн алин нь дүрэм зөрчсөнөөс үүдэн тэрхүү А цэгт осол гарсан гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй няцаагдаж чадаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн дээрх гаргасан зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарах бөгөөд энэхүү зөрчил нь хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлд хамаарч байна.

Иймд шүүгдэгч А.А , түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 35 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч А.А , түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                             ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН