Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00020

 

Ц.Пүрэвсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0143/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Н.Ганболд,

Шүүгдэгч: Ц.Пүрэвсүрэн,

Хохирогч: Г.Энхбаяр,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 30-ны  өдрийн 136  дугаар шийтгэх тогтоолтой Ц.Пүрэвсүрэнд холбогдох 201722000189 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хар дархад овогт Цэндээгийн Пүрэвсүрэн, 1989 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РВ89052311/.

Ц.Пүрэвсүрэн нь гэртээ байнга архидан согтуурч, эхнэр Г.Энхбаярыг цохих, зодох зэргээр бие махбодид нь байнга халдаж, зүй бус үг хэрэглэн доромжилж таарвал ална, элгийг чинь иднэ гэх зэргээр айлган сүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 30-ны  өдрийн 136  дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хар дархад овогт Цэндээгийн Пүрэвсүрэнг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд

тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дугаар зүйлийн 1201.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ц.Пүрэвсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч эсэргүүцэлдээ: ... 2017 оны 05 сарын 30 ны өдрийн 136 дугаартай Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ц.Пүрэвсүрэнгийн гэмт үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн гуравдугаар бүлгийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт Энэ хуулийн 25.1 дэх хэсэгт заасан ажиллагаа Авлигатай тэмцэх газрын харьяалан шалгах гэмт хэрэгт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хамаарахгүй /Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/ гэж заасан байхад хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 30 ны өдрийн 136 дугаартай Хөвсгөл аймаг дахь дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх Ц.Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан” гэж үзэн “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасныг зөрчжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1 дэх хэсэгт заасан ажиллагаа хамаарахгүй гэж заасан байхад шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан өөрчлөлт, шийтгэх тогтоолд оруулах боломжгүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4, 320 дугаар зүйлийн 321.1.2, 325 дугаар зүйлийг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны  өдрийн 136  дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ц.Пүрэвсүрэнд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧБ.СОСОРБАРАМ