Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2019/0981/З |
Дугаар | 221/МА2020/0435 |
Огноо | 2020-07-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2020/0435
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 276 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр: “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6.7 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалын 2 дахь хэсэг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож тус тус хүчингүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас 70200 төгрөг, төсвийн орлогын данснаас 70200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэрийн тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хуудас 20 дугаарт “ ...Эрүүгийн цагдаагийн албаны дээрх саналын дагуу Мэргэжлийн зөвлөл уг асуудлыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн “П” ХХК Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлүүдийг зөрчсөн тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах дүгнэлт гарган Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад уламжилж шийдвэрлэсний дагуу тус яамны сайдын 2019 оны А/204 дүгээр тушаалын 2 дахь заалтаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж дүгнэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны А/03 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны төлөөлөл багтдаг бөгөөд цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан “Тэсрэх бодис -2019” нэгдсэн арга хэмжээ явуулах төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт байрлах цэргийн зориулалтаас бусад тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, тээвэрлэх, хадгалах, ашиглах, устгах, тэсэлгээний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулан хяналт шалгалтыг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулсан байна. Энэхүү хяналт шалгалтаар нэхэмжлэгч “П” ХХК-ийг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэж үзэж мөн хуулийн 7.1.2-т зааснаар Мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэх санал гаргажээ. “...Өөрөөр хэлбэл Эрүүгийн цагдаагийн албаны төлөөлөл Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж хяналт шалгалт хийх эрх хэмжээтэй байж болох ч хуульд харьяалуулсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай асуудлаар “аюулгүй ажиллагааны болон тээвэрлэлтийн байдалд хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд харин тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөлд шаардлага хангасан эсэх асуудлаар санал гаргах эрхгүй гэж үзнэ.” гэжээ Мөн “...Тодруулбал уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэхэмжлэгч компанид 2017 онд хуулийн нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэж тусгай зөвшөөрлийг олгосон атлаа холбогдох хууль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй байхад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр дүгнэлт гарган хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд тусгай зөвшөөрөл эзэмшигч Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн зөрчлийг тогтоосны үндсэн дээр хуулийн хүрээнд уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл Эрүүгийн цагдаагийн албаны Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл шаардлагыг хангаагүй гэсэн Ерөнхий САНАЛЫГ үндэслэн гаргасан Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь ... 4.2.5 - д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимтай нийцээгүй,
Мөн ... Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Мэргэжлийн зөвлөлөөс нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж хүчингүй болгох шийдвэр гаргасны дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан нь Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн оролцоог хангаж, тайлбар хүсэлт гаргах эрхээр нь хангасан гэж үзэхээргүй байна” гэжээ.
Захиргааны шийдвэр гаргасан ажиллагааны тухайд: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалаар батлагдсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам” болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг.
Улсын Их Хурлаас 2013 онд батлагдсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “Мэргэжлийн зөвлөл” гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллага болон мэргэжлийн холбоо, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулсан зөвлөлийг хэлэхээр тодорхойлсон байдаг. Тус зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах журам, зөвлөлийн бүрэлдэхүүнийг Уул уурхай , хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/03 дугаар тушаалаар баталсан.
Нэхэмжлэгч “П” ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/219 тоот тушаалын 157 дугаартай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.4-д заасан “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх” тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар авсан байна.
Тэсэлгээний тусгай зөвшөөрлийг авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай 11 дүгээр зүйлд заасан баримт бичиг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр тус хуулийн 6.1.2-д заасны дагуу Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн олгож, тул зүйлд заасан шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас /зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг байгууллага/ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10715044 дугаар “тус албанаас улсын хэмжээнд зохион явуулж байгаа “Тэсрэх бодис- 019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгахад 5120438 регистрийн дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “П” ХХК нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй байна. Иймд мөн хуулийн 7.1.2-т зааснаар тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлж өгөх” тухай албан бичгийг ирүүлсэн байдаг.
Ийнхүү Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар хэлэлцэж “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцсэн” тухай 19/д-16 тоот дүгнэлт гарч, Уул уурхай , хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дугаар тушаалын 2 дахь хэсэгт “П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг.
Захиргааны шийдвэр гаргаж буй захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, “П” ХХК-д мэдэгдсэн. /Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 1, 2 дугаар нүүрэнд “Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Ц.Ө дуудаж, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн талаар мэдэгдсэн талаар дурдсан байдаг.
Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийг “НБ” ХХК, “П” ХХК, “ФБ” ХХК, “ДБ" ХХК-иудын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож буйгаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 27.3.1, 27.4.1 дэх заалтыг үндэслэн сонсох ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газрын 4 давхрын 400А тоотод 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14.00 цагаас эхлэн зохион байгуулагдах талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Ө тухайн аж ахуйн нэгжүүдэд тус тус мэдэгдсэн.
Ийнхүү тухайн үед сонсох ажиллагаа явуулж мэдэгдсэн. Энэ үед нэхэмжлэгч “П” ХХК-ийн захирал хүрэлцэн ирэх боломжгүй тухай тайлбар зөвлөлийн нарийн бичгийн даргад ирүүлсэн байдаг. Энэ үед “ФБ” ХХК-ийн захирал Н.А, “ДБ” ХХК-ийн захирал н.Нямдорж нар хүрэлцэн ирж, сонсох ажиллагаанд оролцсон болно.
Нэхэмжлэгч “П” ХХК-иас ирүүлсэн тайлбарт “Г овогтой Э миний бие “П” ХХК-ийн 100 хувьцаа эзэмшигч мөн болно. Манай компани хөрөнгө, санхүүжилтийн хүндрэлтэй байдлын улмаас өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж чадаагүй. Энэ тухайгаа албан бичгээр мэдэгдэж байсан. 2019 оны 07 сараас хөрөнгө, санхүүжилтийн асуудал шийдэгдэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт тэсэлгээний агуулах барих газрын зөвшөөрөл хөөцөлдөн, авч ТМА-ын агуулах барих ажлыг эхлүүлээд байна. Мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн холбогдол зүйл заалтуудыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд найрамдах хятад ард улсруу яаралтай ажлаар зорчих болсон тул Сонсох ажиллагаанд оролцох боломжгүй болж, энэ талаар тайлбарыг гаргалаа” гэсэн хариу тайлбарыг нислэгийн тийзний хуулбарын хамт ирүүлсэн байдаг .
Нэхэмжлэгч уг ирүүлсэн тайлбартаа “хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна” гэж тодорхой тайлбарласан байдаг. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зохион явуулж байгаа “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгахад 5120438 регистрийн дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч “П” ХХК нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй байна.
Иймд мөн хуулийн 7.1.2-т зааснаар тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлж өгөх тухай хүсэлтийг зөвлөлөөр хэлэлцүүлж, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот хуулийн дагуу гарсан дүгнэлтийг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн захиргааны шийдвэр юм .
Шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. Мөн хуульд үндэслэх, бусдын эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг тусгай зарчмыг үйл ажиллагаандаа баримтлана гэж заасан байдаг.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд Шүүх нотлох зарчмыг баримтлах тухайд 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна. гэж заасан байдаг .
Гэтэл шүүхийн шийдвэрт “..Гэтэл Эрүүгийн цагдаагийн албаны Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10 , 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл шаардлагыг хангаагүй гэсэн ерөнхий саналыг үндэслэн гаргасан Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь ... 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимтай нийцээгүй” гэж шийдсэн байдаг .
1. Шүүхийн шийдвэрт “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл шаардлагыг хангаагүй гэсэн ерөнхий саналыг үндэслэн гаргасан Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт нь ... “гэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн байна гэсэн хууль ёсны саналыг үндэслэсэн байхад “Ерөнхий санал”-ыг үндэслэсэн гэж шийдвэрлэсэн .
2. Мөн нэхэмжлэгч “П” ХХК нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны үйл ажиллагаа явуулах эрхтэй гэвч нэхэмжлэгч бодит байдалд уг шаардлагыг огт хангаагүй байдалтай Тухайлбал: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, хадгалалтын аюулгүйн бүс огт байхгүй буюу агуулах, үйлдвэрийн бүсэд аюулгүй бүс тогтоогоогүй галт зэвсэг бүхий харуул хамгаалалт байхгүй зэрэг байсан тул уг компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Мэргэжлийн зөвлөлөөс хүргүүлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын холбогдох тушаалаар хүчингүй болгосон байдаг.
Мөн шүүхийн шийдвэрт “Хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Мэргэжлийн зөвлөлөөс нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг Мэргэжлиар зөвлөлийн хурлаар хэлэлцэж хүчингүй болгох шийдвэр гаргасны дараа буюу 2019 оны 08 дүгээр сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан нь мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн оролцоог хангаж, тайлбар хүсэлт гаргах эрхээр нь хангасан гэж үзэхээргүй байна” гэжээ.
Захиргааны шийдвэр гаргаж буй захиргааны байгууллага эрх , хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд явуулж, “П” ХХК-д мэдэгдсэн. /Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 1, 2 дугаар нүүрэнд “ Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Ц.Ө-г дуудаж, 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн талаар мэдэгдсэн талаар “дурдсан байдаг./
Нэхэмжлэгчээс ирүүлсэн хариу тайлбарт “бид тэсэрч дэлбэрэх бодис , тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн холбогдол зүйл заалтуудыг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна” гэсэн байдаг тул Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлттэй санал нийлж байгаа талаарх бичгээр ирүүлсэн тайлбарт үндэслээд бид цааш Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын уламжилж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалын 2 дахь “П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг.
Ийнхүү анхан шатны шүүх уг хэрэгт хэт талаас нь хандаж, хуулийг буруу хэрэглэн, ач холбогдол бүхий нотолбол зохих асуудлыг шийдвэрлэлгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимтай нийцэхгүй байна.
Хөөн хэлэлцэх хугацааны тухай шүүх процесс алдаа гаргасан тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг тодорхой дурдсан байдаг. Мөн зүйлийн 54.1.8-д “ энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн 14 дүгээр зүйлийн 14.1. Хуульд өөрөөр заагаагүй щ, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:
14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;
14.1.2.холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага , эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол.
14.2.Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.
14.3.Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.
14.4.Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чар үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана.” гэж хуулиар зохицуулсан байдаг.
Гэвч “П” ХХК-ийн зүгээс маргаан бүхий Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19/Д-16 тоот дүгнэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэргэжлийн зөвлөлийн нарийн бичиг Ц.Ө дуудаж, тус дүгнэлтийн талаар мэдэгдсэн байдаг. Гэтэл "П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/Д-16 тоот дүгнэлтийг болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байдаг. Ийнхүү шүүхээс Мэргэжлийн зөвлөлийг хамтран хариуцагчаар татсан байдаг.
Бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байхад уг нөхцөл байдлыг бүх талаас нь сайтар нягтлаагүй хэт нэг талыг барьж, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэсэн. Бид энэ талаар тодруулах шаардлагатай гэж шүүх хуралдааны явцад удаа дараа мэдэгдэж байсан.
Иймд уг шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.3-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0276 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Маргаан бүхий акт болох Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч “П” ХХК-ийг Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэх 19/д-16 тоот дүгнэлтийг гаргажээ.
Дээрх дүгнэлтэд үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалын 2 дахь хэсгээр Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх тусгай шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэж “П” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч дээрх актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Анхан шатны шүүх “...уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэхэмжлэгч компанид 2017 онд хуулийн нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэж тусгай зөвшөөрлийг олгосон атлаа холбогдох хууль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй байхад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэсэн үндэслэлээр дүгнэлт гарган хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Тодруулбал, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, хадгалалтын аюулгүйн бүс”, 10 дугаар зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн байр болон хадгалах байр, агуулахын аюулгүй ажиллагаа”, 11 дүгээр зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд тавигдах шаардлага”, 12 дугаар зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлоход тавих шаардлага”, 13 дугаар зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдахад тавих шаардлага”, 14 дүгээр зүйлд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтэд тавих шаардлага”, 15 дугаар зүйлд “Тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлага”-уудыг тус тус зохицуулсан байх ба эдгээр хуулийн зохицуулалтуудыг хэрхэн зөрчсөн талаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19/д-16 тоот дүгнэлтэд дурдаж тодорхойлоогүй байна.
Үүнд хариуцагчаас Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 10715044 дугаар албан бичигт “П” ХХК нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 9, 10, 11, 12, 13, 14, 15 дугаар зүйлд заасан үндэслэл шаардлагыг хангаагүй талаар дурдсан тул дүгнэлт гаргасан хэмээн тайлбарлаж байх боловч Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны албан бичиг болон “П” ХХК-иас мэргэжлийн зөвлөлд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн шууд дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай болжээ.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-д хуульд үндэслэх;”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж зааснаар захиргааны актын үндэслэл бодит байдалд тохирсон байх ёстой.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр тушаалд “...тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн...” гэж үндэслэсэн нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж эхлээгүй, тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын барилга баригдаж байх хугацаанд маргаан бүхий актуудыг хариуцагчид гаргасан байх тул хэргийн оролцогчид нэхэмжлэгчийг өмнө нь аливаа зөрчил гаргасан эсэх талаар маргаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын А/219 дүгээр тушаалаар “П” ХХК нь 3 жилийн хугацаатайгаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрлийг олгосноос хойш уг тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй байна.
Харин нэхэмжлэгч нь “МӨ” ХХК болон “ТУ” ХХК-иудтай 2019 оны 1 дүгээр улирлаас эхлэн хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оын 09 дүгээр сарын 11-ний өдөр “МНП” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших тэсрэх бодис, тэсрэх хэрэгслийн үйлдвэр, агуулахын барилгын ажил гүйцэтгэн хүлээлгэн өгөх “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан нь “П” ХХК-ийн баригдаж буй тэсрэх бодис, тэсрэх хэрэгслийн үйлдвэр, агуулахын барилга ашиглалтад орж амжаагүй байгаа талаарх гэрэл зургуудаар нотлогдож байна.
Дээрхээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр нь хуульд үндэслэж, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг хангаагүй. Түүнчлэн мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийг судалж, нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.
Ийнхүү хариуцагч байгууллага үндэслэл бүхий судалгаагүйгээр, хууль зөрчиж, маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн эсэх нь уг маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Үүнээс гадна нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны тухайд нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлсэн ч зөрчигдсөн эрхээ сэргээх боломжгүй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж нэхэмжлэгчид хуулиар тусгайлан олгосон эрхийн дагуу нэмэгдүүлэн гаргасан байх тул хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүх буруу тооцсон гэх гомдол мөн үндэслэлгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА