Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0973/З |
Дугаар | 221/МА2020/0321 |
Огноо | 2020-05-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2020/0321
2020 оны 05 сарын 13 өдөр Дугаар 221/МА2020/0321 Улаанбаатар хот
С.Н, С.Х, С.Ц
нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж, хариуцагч нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын дагуу С.Н, С.Х, С.Ц нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 159 дүгээр шийдвэрээр: Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нарын Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст холбогдуулан гаргасан “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоогүй Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах”, Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа Нийслэлийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Нийслэлийн Боловсролын газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай.
Анхан шатны шүүх нь хариуцагч нарын тайлбар болон хариуцагч байгууллагад ажиллаж байсан гэрч Ц.А-ийн тайлбар мэдүүлэгт хэт хөтлөгдөн маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ялангуяа анхан шатны шүүх нийслэлийн Боловсролын газраас шүүхэд нотлох баримтаар өгсөн Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2/83 тоот албан бичиг түүнд хавсаргасан гэрч Ц.А-ийн тайлбар, бусад баримтууд, Ц.А-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргийг бусад нотлох баримтаас хэт өндрөөр үнэлэн нэхэмжлэгчийг буруутгасан байна.
Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 42 тоот албан бичиг, түүнд хавсаргасан зөрчлийн дүгнэлтүүд нь энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй. Учир нь эдгээр баримтуудыг хариуцагч өмнө нь нэхэмжлэгчээс иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх үед нотлох хариуцагчаас нотлох баримтаар иргэний хэргийн шүүхэд өгсөн баримтууд бөгөөд энэхүү шүүхэд хандсан асуудлаар зохигчид эвлэрч улмаар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтыг энэхүү маргааны үйл баримтад нэхэмжлэгчийг буруутгах нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй юм.
Үүнээс хойш хариуцагч Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс нь нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээг зогсоосон талаар ямар нэгэн шийдвэр гаргаж нэхэмжлэгч нарт мэдэгдэж байгаагүй болно.
Түүнчлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дээрх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2/83 тоот албан бичгийн хавсралтад байгаа мэргэжилтэн Ц.А-ийн тайлбараас үзэхэд “2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 42 тоот мэдэгдлээр Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст тус шүүхэд харах төвийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг цуцлах хүсэлтийг хүргүүлсэн” гэсэн байдаг боловч 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээний төвийг хаагаагүй, зогсоогоогүй талаар хариу өгсөн, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/400 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгаж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын 1.3-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс нь нэхэмжлэгч нартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан байдаг нь Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн тайлбар үндэслэлгүй болохыг нотолж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг “хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн ирцийн талаарх мэдээлэл”-ийг хариуцагчид хүргүүлж байгаагүй тул хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг авах эрх үүсэхгүй гэжээ. Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолоор “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журам”-ын 6.1-д “Аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (төв), мэргэжлийн хяналтын байгууллага нь энэ журамд заасан хяналтаар илэрсэн зөрчлийг зогсоож, зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг зогсоосон шийдвэрийг гаргаагүй атлаа нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байсан хүүхдүүдийн мэдээллийг сангаас хассан нь үндэслэлгүй юм.
Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байсан хүүхдүүдийн мэдээлэл хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сангаас хэн, ямар үндэслэлээр хассан үндэслэл тодорхой болоогүй. Хариуцагч ч энэ талаар үндэслэл бүхий тайлбар хэлж, нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Гэрч Ц.А-ийн мэдүүлгээр Хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санг 2019 оны 05 дугаар сард тусгай программ руу шивж оруулсан, уг ажлыг тэрээр өөрөө гүйцэтгэсэн гэсэн ба чухам энэ үед гэрч Ц.А нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байсан мэдээллийг шивж оруулаагүй орхигдуулсан /санаатайгаар/ байх магадлал өндөр байна.
Учир нь гэрч Ц.А-ийн мэдүүлгээр мэдээллийн сангаас хүүхдийн мэдээллийг хасах асуудал нь Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн ерөнхий газрын эрх хэмжээний асуудал байдаг, би хүүхдүүдийн мэдээллийг шивж оруулсан, тэр үед нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байсан хүүхдүүдийн мэдээлэл байсан гэсэн боловч Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн ерөнхий газраас нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байсан мэдээллийг хассан талаар нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй, уг газар өргөдөл, гомдол гаргаж байх хугацаанд энэ талаар мэдэгдсэн зүйл огт байхгүй болно.
Хариуцагчаас 2017 оны 12 дугаар сард нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээнд эрхэлж байсан /гэрч Ц.А-ийн тайлбарыг үндэслэн/ газар 3 удаа очиход үйл ажиллагаа эрхэлж байгаагүй гэсэн боловч үүнийг нотолсон баримт байхгүй бөгөөд харин ч нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн хүүхдүүдийн ирцийн бүртгэл, бусад нотлох баримтуудаар хариуцагчийн энэхүү тайлбар няцаагдаж байгаа болно.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байсан мэдээлэл мэдээллийн сангаас устгагдсан, үүний улмаас хариуцагч байгууллага “мэдээллийн санд танай хүүхдүүдийн мэдээлэл байхгүй” гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч нараас гаргасан өргөдөл, гомдол, хүүхдүүдийн ирцийн талаарх мэдээллийг удаа дараа буцааж, шийдвэрлэхгүй байсан үйл баримт, үүнтэй холбоотой нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр гагцхүү нэхэмжлэгч нарыг хүүхдүүдийн ирцийн мэдээ, тайланг өгч байгаагүй гэдэг үндэслэлээр буруутгаж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нарын хувьд хүүхэд харах үйлчилгээг улсаас санхүүгийн дэмжлэг авахгүйгээр эрхэлж байсан мөртлөө одоо гэнэт улсаас санхүүгийн дэмжлэг авахаар маргаан үүсгэсэн зүйл огт байхгүй юм. Учир нь нэхэмжлэгч нарын хувьд 1 хүүхдээс 50,000 төгрөг, 1 айлаас хоёр хүүхдээ явуулсан тохиолдолд 70,000 төгрөг авдаг байсан /энэ нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно/ ба хамгийн ихдээ сардаа 750,000 төгрөг авах боломжтой ба үүнээс 15 хүүхдийн хоолны зардал, нэмээд түрээсийн төлбөр төлөхөд огт эцэг, эхчүүдээс авсан төлбөр огт хүрэлцэхгүй гэдэг нь тодорхой юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0159 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгахаар зохицуулсан байсныг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгахаар өөрчлөн найруулж 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрджээ.
Нэхэмжлэгч С.Н, С.Х, С.Ц нараас “2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгоогүй Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 6,499,902 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохгүй байгаа нийслэлийн Боловсролын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, 19,299,708 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохыг нийслэлийн Боловсролын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг Засгийн газар баталж, жил бүрийн улсын төсөвт тусган, орон нутагт хуваарилна” гэж заажээ.
Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмын санхүүгийн дэмжлэг олгох харилцааг зохицуулсан 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-д тус тус зааснаас үзвэл Улаанбаатар хотод үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог, нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн боловсролын газарт (aймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (төв)) хүргүүлэх бөгөөд уг мэдээг хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сантай тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны дотор санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд шилжүүлэхээр заажээ.
Дээрх хууль болон журмын зохицуулалтуудаас үзвэл хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн талаарх журамд заасан мэдээллийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө aймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (төв)-т, уг хугацаанаас хойш аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлэх бөгөөд тус захиргааны байгууллагууд нь хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сантай тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүр санхүүгийн дэмжлэг олгохоор байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нар хүүхэд харах үйлчилгээ эрхэлснийг нотлох журамд заасан баримтыг дараа сарын 05-ны өдрийн дотор Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон нийслэлийн Боловсролын газарт сар бүр гаргасан байхад захиргааны байгууллагууд нь нэхэмжлэгч нарын уг баримтуудад үндэслэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэж, уг нотлох баримтыг нь үндэслэн шүүх санхүүгийн дэмжлэг олгохыг даалгаж шийдвэрлэх боломжтой.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нар нь маргаж буй хугацаанд дээрх журамд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үйл ажиллагаа явуулснаа нотлох баримтаа тухай бүрд нь зохих байгууллагад гаргаж санхүүгийн дэмжлэг авах эрхтэй болохоо нотолж байгаагүй байна.
Түүнчлэн, Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмын 5 дугаар зүйлийн 5.2-т “аймаг, нийслэлийн боловсролын газар нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, олгосон санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, санхүүжилтийн зарцуулагдаагүй үлдэгдэл, түүнчлэн хүүхэд харах үйлчилгээнд шинээр нэмэгдсэн болон хасагдсан, оршин суух хаяг нь шилжсэн хүүхдийн тоо, шинээр олгосон болон хүчингүй болгосон үйлчилгээний зөвшөөрлийн тоо болон шаардлагатай бусад мэдээллийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад сар бүр хүргүүлнэ” гэж заажээ.
Үүнээс үзвэл, нийслэлийн Боловсролын газар (aймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс (төв)) нь хүүхэд харагч нар санхүүгийн дэмжлэг авахаар сар бүр ирүүлсэн мэдээллийг үндэслэн хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сангийн мэдээллийг тухай бүр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байхаар зохицуулсан байна.
Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаар албан бичгээр нэхэмжлэгч С.Н-д “хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ..., Хүүхэд харах үйлчилгээний тухай журмыг тус тус зөрчсөн тул цаашид үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхлэх боломжгүй” талаар мэдэгдсэн.
Мөн 2017 оны 09 дүгээр сарын 11, 12 дугаар сарын 01, 05, 28-ны өдрүүдэд нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээнд хяналт шалгалт хийхэд хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа болох нь нотлогдоогүй талаар тайлбар, гэрчийн мэдүүлэг авагдсан, 2017 оны 09, 10, 11, 12 дугаар саруудад Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журамд заасны дагуу санхүүгийн дэмжлэг олгуулахаар хандаж байгаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгч нар хүүхэд харах үйлчилгээ эрхэлсэн, үүнийгээ нотолсон баримтыг гарган өгч санхүүгийн дэмжлэг авахаар хандаж байгаагүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар үйл ажиллагаа явуулсан мэдээллээ журамд заасны дагуу сар бүр гаргаж хариуцагч захиргааны байгууллагуудад хүргүүлсэн тохиолдолд тэдгээрийн мэдээлэлд үндэслэн хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санг тухайн бүр шинэчлэх бөгөөд нэхэмжлэгч нар уг үүргээ биелүүлээгүйгээс тэдний мэдээлэл хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сангаас хасагдаж, улмаар хүүхэд харах үйлчилгээг шилжүүлэхэд мэдээлэл нь шилжээгүй гэж үзэхээр байна.
Нөгөө талаар, нэхэмжлэгч нарын хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хугацааг сунгасан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь нэхэмжлэгч нарыг хүүхэд харах үйлчилгээ эрхэлснийг нотлохгүй бөгөөд зөвхөн тэднийг уг үйлчилгээг эрхлэх эрхтэй болохыг зөвшөөрсөн баримт юм.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ