Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2019/1004/З |
Дугаар | 221/МА2020/0367 |
Огноо | 2020-06-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2020/0367
2020 оны 06 сарын 03 өдөр Дугаар 221/МА2020/0367 Улаанбаатар хот
“Ч...” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн өмгөөлөгч Я.Б, харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Ч...” ХХК-ийн гомдолтой, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ч...” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасныг удирдлага болгон энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Шүүх анхан шатны журмаар нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.О-н хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж шалгаж шийдвэрлэсэн хэргийн материалд үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон зөрчлийн хэрэгт М.Б нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө ...” зөрчил үйлдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй байхад шүүх шийдвэртээ хуулийн энэ заалтыг үндэслэл болгосон нь хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байна.
М.Б нь дээрх үйлдлийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны үүрэг даалгавраар, хууль бусаар ашиг олох зорилгоор санаатайгаар үйлдээгүй бөгөөд түүний гаргасан техникийн шинжтэй алдааг хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Зөрчлийн хэргийг шалгах явцдаа М.Б-н гаргасан үйлдэлд зөрчлийн хэргийн шинж байгаа эсэх, лицензийг буруу мэдүүлсэн талаар хэзээ хэнээс мэдсэн, үүний дагуу ямар арга хэмжээг компанийн зүгээс авсан талаар мөн энэ үйлдлийн улмаас хэнд ямар хохирол учруулсан эсвэл хэн ямар хэмжээний ашиг олсныг, дээрх эм, эмнэлгийн хэрэгслийг импортоор оруулж ирэх болсон шалтгаан, нөхцөл зэргийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байсан.
Мөн Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5-ын 3.1-д заасан “хуулийн этгээдийн эсрэг мэдүүлэг өгч байгаа бол”, 3.5-ын 3.2-т заасан “тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа бол” хуулийн этгээдийг төлөөлж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.О 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн байдаг бөгөөд хэрэг нээхээс өмнө 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 371/19а тоот албан бичгээр “Ч...” ХХК-ийн захирал Ө.Б нь өөрийн ажилтны гаргасан алдааны талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвд мэдэгдэж дахин ийм алдаа гаргахгүй ажиллах талаар мэдэгдсэн байдаг.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасныг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0066924 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Ч...” ХХК-ийн “импортын лицензийг буруу мэдүүлсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
1. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т “Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол ... хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хуульчилжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Импортын болон экспортын лицензийн бичигт эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хилийн боомтыг заасан байна” гэж эм, эмнэлгийн хэрэгсэл импортлоход тавигдах шаардлагыг зохицуулсан байна.
Гомдол гаргагч “Ч...” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас олгосон 003/19/6443 дугаартай импортын лицензээр эмнэлгийн хэрэгсэл импортлохдоо үйлдвэрлэгчийн нэрийг зөрүүтэй мэдүүлж, үйлдвэрлэгчийн бичиг баримтыг бус өөр бүтээгдэхүүний бичиг баримтыг хавсаргасан, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт “T C” компанийн нэрийг бус “M i” гэж мэдүүлсэн байх тул лиценз шивэхдээ гаргасан техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй.
Гомдол гаргагч хуулийн этгээд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасан шаардлагыг зөрчиж эмнэлгийн хэрэгсэл импортолсон нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Нөгөөтэйгүүр, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас лиценз авна”, 15.2-т “Энэ хуулийн 15.1-д заасан лиценз олгох журмыг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заажээ.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/407 дугаар тушаалаар баталсан Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журмын 2 дугаар зүйлийн 2.7-д “Өргөдөлд дурдсан мэдээлэл болон бүрдүүлэх материалын үнэн зөв, бодит байдлыг өргөдөл гаргагч хариуцна” гэж заасан байх тул гомдол гаргагч “Ч...” ХХК нь тус компанийн импортоор оруулж буй эм, эмнэлгийн хэрэгслийн лиценз хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан бичиг, баримтын үнэн зөв, бодит байдлыг хариуцахаар байна.
2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухайд: “Ч...” ХХК-ийн хангамжийн албаны дарга М.Б техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэх боломжгүй. Учир нь“Ч...” ХХК нь Эрүүл мэнд, спортын яамнаас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж импортлох, хангах нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх тул уг тусгай зөвшөөрлийн дагуу явагдсан, тус компанийн бизнесийн зорилготой үйл ажиллагааг компани өөрөө хариуцах нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцнэ.
“Ч...” ХХК-аас М.Б-г зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тус хуулийн этгээдийг төлөөлөн оролцуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр итгэмжлэл олгосныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тусдаа, бие даасан оролцогч гэж үзэхгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Ч...” ХХК-ийг төлөөлөн оролцсон байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3.2-т заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлж болохгүй нөхцөл үүсээгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3.1-д заасан “хуулийн этгээдийн эсрэг мэдүүлэг өгч байгаа бол” зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөхгүй байхаар зохицуулсанд “Ч...” ХХК-ийн хангамжийн албаны дарга М.Б нь хамаарахгүй. М.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу эмнэлгийн хэрэгсэлд импортын лиценз үүсгэж, гаалийн бүрдүүлэлт хийсэн үйлдлийн талаар мэдүүлэг өгсөн нь тус хуулийн этгээдийн эсрэг мэдүүлэг биш харин тус хуулийн этгээдийг төлөөлж, маргаан бүхий харилцаанд уг хуулийн этгээдийг төлөөлөн оролцох чиг үүргийг хэрэгжүүлсний хувьд тэр талаараа мэдүүлжээ.
3. Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлоход тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзэж буй энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж, улмаар торгох шийтгэл оногдуулахаар зохицуулсан байна. Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл, талуудын тайлбар зэргээс үзвэл хариуцагч “Ч...” ХХК-аас “T C” үйлдвэрлэгчийн “R i” эмнэлгийн хэрэгсэл 100 ширхгийг маргаан бүхий шийтгэлийн хуудсанд хураан авсан талаар тусгаагүй, уг эмнэлгийн хэрэгслүүдийг бодитоор хураан аваагүй болох нь тогтоогдож байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураасан гэж үзэхгүй, энэ талаар хариуцагчаас шийтгэлийн хуудсанд тусгаагүй, бодитоор хураан аваагүй, хураан авах талаар захиргааны шийдвэр гараагүй, хэрэгжээгүй байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 244 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Ч...” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ