Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 182/2016/00780/И |
Дугаар | 001/ХТ2018/00208 |
Огноо | 2018-02-06 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2018/00208
Т.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01578 дугаар шийдвэртэй
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2110 дугаар магадлалтай,
Т.Э-ийн нэхэмжлэлтэй,
НЗД-д холбогдох,
Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваанийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Э- Монгол Улсын зөвлөх багш зэрэгтэй шинжлэх ухааны магистр, Монгол Улсын боловсролын их сургуулийн клиник процессор бөгөөд 2000-2004 онд Боловсрол цогцолбор сургуульд монгол хэл, уран зохиолын багш, 2004-2010 онд тус сургуулийн сургалтын менежер, 2015 оны 9 дүгээр сараас Багануур дүүргийн боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Гүн галуутай цогцолбор сургуулийн захирал нь тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж гарсан сул орон тоонд Т.Э- нь Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлаар томилогдон, ажил хүлээн авснаас хойш ажилдаа хариуцлагатай хандан ажлын цагийг баримтлаж ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, сургуулийн сурагчдын сурах орчны таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургуулийн хана таазны замаск, будаг, хаалга, 00-н өрөөний засвар, сургуулийн гадна хаяг, спорт заалны шал, хаалга зэргийн засвар тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн.
Ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 тоот захирамжаар, Т.Э-ийг ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Ажилтан нь анх ажил олгогчтой тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэлх хугацаанд тус ажлыг эрхлэхээр байгуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаанд заасан нөхцөл шалтгаан арилаагүй, өөрөөр хэлбэл, тус сургуулийн захирлын орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж ялагч тодроогүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж Т.Э-ийг ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн Т.Э-т холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь мөн хуулийг зөрчсөн, өөрөөр хэлбэл, ажлаас чөлөөлж байгаа тушаал нь акт болохын хувьд эрх зүйн үр дагавар шууд өөртөө бий болгодог тул агуулгын хувьд илэрхий алдаатай, ойлгомжгүй байна. Ажлаас чөлөөлөх тушаал гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж хууль бус тушаал гарсан гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож, Т.Э-ийг Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2016 оны Б/149 дүгээр захирамжаар Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын сул орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тус сургуулийн сургалтын ерөнхий менежер З.Б-г 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн захирлын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгчээр томилсон. Энэ нь төрийн албыг тасралтгүй явуулах үүднээс ажил үүргийг түр хавсран гүйцэтгэгч томилсон бөгөөд жинхлэн томилоогүй болно. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2016 оны Б/96 дугаар тушаалаар Т.Э-ийг тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан туршилтын хугацаа дууссан тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Гүн галуутай цогцолбор сургуулийн захиралаар З.Б- нь сонгон шалгаруулалтаар тэнцэн томилогдсон. Т.Э- нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Монген сургуульд менежерээр томилогдсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дээд шүүхийн 001/ХТ2017/00350 дугаартай тогтоолын хянавал хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд, "Нэхэмжлэгч Т.Э- нь Гүн галуутай дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан, энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжсэн байхад шүүх түүнийг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасныг зөрчсөн. Гүн галуутай сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаагүй, зөвхөн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байсан Т.Э- захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шаардлага гаргасан үндэслэл нь тодорхой бус байна гэжээ. Үүний дагуу Т.Э- нь нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрчилж, Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох болгон өөрчилсөн байна. Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт, сонгон шалгаруулалт явагдаж, сургуулийн захирал томилогдсон бол захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох нь эрх зүйн ач холбогдолгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр болно.
Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01578 дугаар шийдвэрээр, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийг хүчингүй болгож, Т.Э-ийг Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх Т.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2110 дугаар магадлалаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01578 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай Т.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан үндэслэлээр Т.Эрдэнчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэдэг боловч Т.Э-ийг ажлаас халсан үндэслэлээ захирамждаа тодорхой заагаагүй, мөн заавал баримтлавал зохих Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан аль нэг заалтыг баримтлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох талаар хуульчилсан. Хариуцагч байгууллагын дотоод журамд Т.Э-ийн ажил албан тушаалд туршилтын хугацаа тогтоож хөдөлмөрийн гэрээ байгуулах зохицуулалт байхгүй.
Сонгон шалгаруулалтын дүнг гарах хүртэлх хугацаа буюу тодорхой бий болох үйл явдлаар гэрээ байгуулж болохыг хуулиар хориглоогүй боловч дээрх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлд заасан хугацаанд захирагдах нь хуульд нийцэх юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дээрх хугацаанд нийцүүлэн гэрээ байгуулж, хөдөлмөрийн хуульд заасан туршилтын хугацаа дуусахаас өмнө удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлаж тухайн ажлын байранд ялагч тодруулах ёстой байсан. Сонгон шалгаруулалт зарлаагүй байхдаа Т.Э-ийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж түүнээс хойш 11 сарын дараа сонгон шалгаруулалт зарлаж ялагч тодруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.Т.Э- нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, сонгон шалгаруулалтын дүнгээр ялагч нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тодорсон гэж үзвэл Т.Э- нь 11 сарын хугацаанд ялагч тодрох хүртэл ажиллах байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийг зөрчиж байна. Нөгөө талаар ажил олгогчийн үндэслэлгүй шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх заалтыг зөрчихгүй юм.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Т.Э- НЗД-д холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн байна. /хх-80-р тал/
Хоёр шатны шүүх Т.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Т.Э- Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Нийслэлийн боловсролын газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/96 тоот тушаалаар Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байх тул түүнийг ажил, үүргийг хавсран гүйцэтгэсэн гэх үндэслэлгүй байна.
Ажил олгогч Т.Э-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацааг нь захирлын орон тоонд сонгон шалгаруулалт явуулж дүн гарах хүртэл гэж заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т ...хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсноор хугацаатай байгуулж болох бөгөөд Т.Э- тодорхой үйл явдал болох буюу уг орон тоонд сонгон шалгаруулалт явуулж дүн гарах хүртэл хугацаагаар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэхээр томилогдсон нь тогтоогдсон гэж үзнэ.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/149 тоот захирамжаар З.Б-г Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Т.Э-ийг томилсон Б/96 тоот тушаалыг хүчингүй болгосон, ийнхүү хүчингүй болгохдоо тодорхой үндэслэл заагаагүй байна.
Т.Э-ийг томилсон тушаалыг хүчингүй болгох үед хөдөлмөрийн гэрээгээр тохирсон гэрээ дуусгавар болох хугацаа болоогүй буюу захирлын орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдаагүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч дуусгавар болсон гэж үзэх боломжгүй.
Хөдөлмөрийн гэрээний хугацааг тодорхой үйл явдлаар тодорхойлсон байхад Т.Э-ийг 1 сарын туршилтын хугацаагаар ажиллуулсан, хугацаа дууссан гэж хариуцагч маргасан нь үндэслэлгүй.
Нөгөө талаар хуульд заасан тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болох хэдий ч хариуцагч ийм үндэслэл зааж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй байна.
Харин анхан шатны шүүхийн хэрэг хянан хэлэлцэх явцад Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын орон тоонд 2017 оны 5 дугаар сард сонгон шалгаруулалт зарлагдаж, уг шалгаруулалтын дүн 2017 оны 7 дугаар сард гарч З.Б-г захирлаар томилсон байх тул захирлын үүргийг орлон гүйцэтгэгчээр томилуулах Т.Э-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Т.Э-ийг ажлаас халснаас хойш сонгон шалгаруулалт зарлагдаж, шинээр захирал томилогдох хүртэл түүний ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цалин, хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ.
Цалинг нэг сарын 497.650 төгрөг гэж үзэж 11 сараар тооцоолж нийт 5.491.000 төгрөг болохыг тодорхойлов.
Т.Э-ийг анх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эрхгүй этгээд буюу Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана томилсныг НЗД- 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/49 тоот захирамжаар хүчингүй болгосон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, Б/49 тоот захирамжид энэ талаар заагаагүйгээс гадна эрхгүй этгээд томилсон гэх үндэслэл хэргийн баримтаар үгүйсгэгджээ.
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2110 дугаар магадлалын 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01578 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул НЗД-д холбогдох Гүн галуутай цогцолбор сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоох Т.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 5.491.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Э-т олгосугай” гэж, 2 дах заалтын “дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 102 806 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ