| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 184/2017/01999/И |
| Дугаар | 001/ХТ2018/00273 |
| Огноо | 2018-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2018/00273
Б.У-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/01813 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2191 дүгээр магадлалтай,
Б.У-гийн нэхэмжлэлтэй,
Б.У-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12.385.002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.У-тэй 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийг эргэн төлөх баталгаа болгож Ц.М-гийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, ***** байрлах Улсын бүртгэлийн 360744 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан. Зээлдэгч Б.У- нь зээлийн гэрээний 2-т заасныг ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Зээлдэгч Б.У- нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 8 145 900 төгрөг, хүү 906 630 төгрөг, алданги 3 332 472 төгрөг, нийт 12 385 002 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 20 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж 26 000 000 төгрөг болгон буцааж өгөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс 23 660 000 төгрөгийг төлсөн. Бидний маргаж байгаа шалтгаан нь зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа дууссан байхад хүү тооцсон ба хүү, алдангийг ямар аргачлалаар тооцсон нь тодорхойгүй. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2 340 000 төгрөг, алданги 620 000 төгрөгийг төлнө. Зээлийн хүү хэт өндөр тул шүүх өөрийн санаачилгаар зээлийн хүүг бууруулж болох хуулийн зохицуулалтыг хэрэглэнэ үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/01813 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Б.У-ээс 2.324.040 төгрөг гаргуулан Б.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.060.962 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244.490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52.134 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2191 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/01813 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2 324 040 төгрөг” гэснийг “2 873 587 төгрөг” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “52 134 төгрөг” гэснийг “60 927 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.2-т заалтын урьдчилсан нөхцөл нь тухайн гэрээний талуудын тохирсон хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх нөхцөлийг шаарддаг. Илт хохиролтой гэдэгт гэрээний нэг тал нөгөө талдаа илтэд хохиролтой, амьдралд тогтсон зах зээлийн харилцааны хэм хэмжээнээс хамаагүй доогуур, сөрөг байдлаар хандсан мөн нөгөө талынхаа эдийн засаг, мөнгө санхүүгийн гарцаагүй байдлыг далимдуулан өөрт илүү ашигтай байдлаар гэрээ байгуулсан байхыг ойлгоно. Хэрэв хариуцагч талд хүүгийн хэмжээ илт хохиролтой байсан бол зээлийн хүүнд 810.900 төгрөгийг тухайн саруудад төлөх боломжгүй байх байсан. Анх зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн хүүг төлөх боломжтой гэж үзэж байгуулсан. Зээлийн гэрээний үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлж байх хугацаандаа зээлийн хүү өндөр байна, зээлийн гэрээний хүүгээ багасгаж өгөөч гэж нэхэмжлэгч талд хандаж байгаагүй. Харин хүүгийн төлбөрийг төлж байсан нотлох баримтуудаас харахад хариуцагч Б.У- нь энэхүү хүүг төлөх санхүүгийн боломжтой байсан төдийгүй түүнд илт хохиролтой байсан гэх үндэслэл тогтоогддоггүй. Гэтэл шүүх зээлийн гэрээний дагуу талуудын тохиролцсон хүүнд төлөгдсөн төлбөрийг 50 хувиар хасаж тооцсон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.У- хариуцагч Б.У-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8.145.900 төгрөг, хүү 906.630 төгрөг, алданги 3.332.472 төгрөг, нийт 12.385.002 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр Б.У- нь Б.У-гээс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, иргэн Ц.Мөнхтулгын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх ба уг гэрээ хүчин төгөлдөр болох талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Хариуцагч гэрээний хугацааг сунгаагүй гэж маргасан байх бөгөөд хоёр шатны шүүх гэрээг сунгасан гэж үзсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй, хуульд нийцээгүй байна.
Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д “хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасан байна.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээний арын хэсэгт “2017 оны 4 дүгээр сарын 27-ны хүртэл гэрээг сунгав” гэж бичиж талууд гарын үсэг зурсан нь гэрээний хугацаа дууссан үе буюу 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 8 сарын туршид гэрээг сунгахаар талууд хүсэл зориг илэрхийлж, гэрээний нөхцлийг өөрчилсөн гэх боломжгүй байна. Учир нь гэрээг сунгах тохиолдолд хугацаа дуусахаас өмнө тухайн хугацааг үргэлжлүүлэн сунгах хүсэл зориг харилцан илэрхийлэгдэх бөгөөд ийм агуулга уг бичилтэд тусгагдаагүй байна. Иймд гэрээг сунгасан гэж үзэхгүй, улмаар хариуцагчийг олон сарын туршид, өндөр хувийн хүү төлөх үүрэг хүлээсэн гэх боломжгүй тул хоёр шатны шүүх хүүгийн хэмжээг буруулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.
Гэрээгээр тохиролцсон 3 сарын хугацаанд, сард 10 хувийн хүү төлөх үүрэг нь зээлдэгчийн эрх ашигт илт хохиролтой гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч зээл 20.000.000 төгрөг, хүү 6.000.000 төгрөг, нийт 26.000.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд үүнээс 23.660.000 төгрөг төлж, 2.340.000 төгрөг төлөөгүй байна.
Зээлийн гэрээний 4-д зааснаар зээлдэгч хугацаандаа үүргийг гүйцэтгээгүй бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан тул хугацаа хэтрүүлсэн хоногоор алданги тооцох үндэслэлтэй.
Хэтэрсэн хугацаагаар тооцох алдангийн хэмжээ, нэхэмжлэлээр шаардсан 3.332.472 төгрөгийн алдангийн хэмжээнээс их байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагын хэмжээгээр бодож нийт 5.672.472 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4т заасантай нийцнэ гэж үзлээ.
Энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2191 дугаар магадлалын 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2017/01813 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Д.Уранчимэгээс 5.672.472 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6.712.530 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад “...хариуцагчаас 52.134 төгрөг...” гэснийг “...хариуцагчаас 105.710 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У-гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.140 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ