Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00275

 

“К Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 751 дүгээр шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 138 дугаар магадлалтай,

К Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н К-ХХК, Т.М- нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч “Н К-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булганы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч “Н К-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.М- В.Б- нар нь К Б-тай 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3006/2013/156 тоот зээлийн гэрээ байгуулж, 80.000.000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаа болгож өөрийн өмчлөлийн Ү-2003006888 тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан сум, 16-р баг, 1-р хороолол, 13-65 тоот, 42,1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Тухайн орон сууцыг барьцаалахад Улсын бүртгэлийн хэлтсээс барьцаанд байхгүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн. Гэтэл Т.М- нь 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Н К-” ХХК-д тухайн байрыг барьцаалж зээл авсан. Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь 3 өмчлөгчтэй байсан. Гэтэл Т.М- нь “Н К-” ХХК-тай гэрээ байгуулахдаа В.Б-гаас зөвшөөрөл аваагүй бөгөөд В.Б-н гарын үсгийг хуурамчаар зурсан. Энэ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасныг зөрчсөн гэрээ учир мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.1-д заасан үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн 2011 оны 11 сарын 05-ны өдрийн 22 тоот худалдааны хамтран ажиллах гэрээ нь “Н К-” ХХК болон “Бурхантын хот” ХХК-ийн хооронд байгуулагдсан байхад тус өдрийн 22 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь иргэн Ш.Жаргал болон иргэн Т.М- нарын хооронд байгуулагдсан. Иймд тус гэрээг Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Н К-ХХК, Т.М- нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н К-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булганы гаргасан тайлбарт: Хариуцагч К Б- нь 2013 онд В.Б-, Т.М- нартай зээлийн гэрээ байгуулсан, харин “Н К-” ХХК нь Т.М-тай 2011 онд барьцааны гэрээ байгуулсан. Банкны эрх ашиг нь хөндөгдөөгүй байсан тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан сонирхогч этгээд биш юм. Мөн Т.М- нь манай компанийг хууран мэхэлж байрыг нэг хүний өмчлөлийнх гэж ойлгуулсан бөгөөд хууран мэхлэгдсэн этгээд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар 59.4-т зааснаар мэдсэнээс хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй тул К Б- нь шаардлага гаргах эрхгүй. Мөн барьцааны гэрээ байгуулах үед Т.М- нь ганцаараа барьцааны орон сууцыг өмчлөх эрхтэй байсан тул В.Б-гаас зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Гэрээг байгуулахдаа хуулийн хориглох заалтыг зөрчөөгүй, Т.М- тухайн үед Дархан сум, 16-р баг 1-р хороолол 13-65 тоот, 42.1 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр ганцаараа байсан гэдэг нь Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон гэрчилгээний хуулбар, эрхийн бүртгэлийн товчоонд тэмдэглэсэн тэмдэглэл, нотариатч Д.Гантулгын мэдүүлэг, нотариатч Ш.Алтанцэцэгийн хамтран өмчлөгч бүртгэгдээгүй гэсэн тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа. Хамтран өмчлөгчөөр Б.Мишээл гэж сүүлд орж ирсэн. Төрсний гэрчилгээ иргэний үнэмлэхний хуулбарыг авахдаа 2005 оны 06 сарын 20-ны өдрөөр нотариатаар батлуулж маргааш өдрөөр нь хуулбар хийсэн харагдаж байсан. Жаргалд итгэмжлэл олгож Т.М-тай барьцааны гэрээ хийсэн байсан. Хууль бус гэж үзэх үндэслэлгүй, К Б-ыг шаардах эрх гаргахгүй этгээд гэж үзэж байна. Гэтэл 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдааны болон барьцааны гэрээ байгуулсан. 2013 оны 11 дүгээр сард К Б- иргэн Т.М-тай барьцааны гэрээ сүүлд хийсэн байсан. Т.М- К Б-ыг хууран мэхэлснээс эрх ашиг нь зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргах эрхтэй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа тус байрны гэрчилгээг авахдаа В.Б-, Т.М-, Б.М гэсэн 3 хүний нэр дээр авсан. Ганцхан миний нэр дээрх гэрчилгээ гэж байгаагүй, би хараагүй. Харин сүүлд хэргийн материалтай танилцахдаа хуулбарыг нь харсан. 2011 онд “Н К-” ХХК-тай би барьцааны гэрээ байгуулахад барьцааны байр бид 3-ын нэр дээр л байсан. Тэгээд гэрээнд би В.Б- гэж нэрийг нь бичсэн нь үнэн. К Б-ны зээл, “Н К-” ХХК-ийн барааны төлбөрийг төлж чадахгүй хүнд байдалд орсон, дээрх хоёр байгууллагад өр төлбөртэй нь үнэн. Би өөрөө 2 байгууллагад төлбөрөө бүрэн төлж барагдуулах ёстой тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Б-гийн гаргасан тайлбарт: Тус барьцааны гэрээнд зурагдсан хамтран өмчлөгчийн гарын үсэг бол миний гарын үсэг биш. Тухайн байрыг 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдөр худалдан авч, 3 хүний нэр дээр бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээг нь авсан. Татварт төлдөг 2 хувиас болоод бэлэглэлийн гэрээ байгуулсан. Энэ бол манай гэр бүлийн өмч мөн. К Б-инд зээл авахдаа барьцаанд тавихад би Т.М-д итгэмжлэл өгөөд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. “Н К-” ХХК-тай гэрээ хийхээс өмнө бид Ариг банкнаас зээл авахдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гурвуулаа батлуулж зээл авч байсан. К Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 751 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус заасныг баримтлан “Н К-” ХХК болон Т.М- нарын хооронд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 22 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н К-ХХК, Т.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К Б-инд олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 138 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 751 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Н К-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “Н К-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Н К-ХХК нь иргэн Т.М-тай худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дархан-уул аймаг Дархан сум 16-р баг 1-р хорооллын 13-р байрны 65 тоот байрыг барьцаалсан бөгөөд энэ үед уг байр нь ганцхан Т.М- гэсэн эзэмшигчтэй байсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Анх 2005.06.20-ны өдөр уг орон сууцыг Т.М- Л.Цэндсүрэнгээс бэлэглэлийн гэрээгээр ганцхан өөрийн нэр дээр бүртгүүлсэн нь хавтаст хэргийн 151-р хуудаст авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчооны түүхээс харагдаж байна. Энэхүү түүх дээр тухайн байрны өмчлөгчдийг өөрчлөгдсөн тохиолдол бүрийг бичиж тусгадаг гол эх үүсвэр нь болдог. Тухайн байр хэний өмчлөлд байна вэ гэдгийг энэ товчооноос харж л лавлагаа өгдөг, гэрчилгээ үрэгдсэн тохиолдолд түүнээс л харж нөхөж олгодог байна. Хавтаст хэргийн 163-р хуудаст Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас Т.М- гэсэн нэг өмчлөгчтэй гэрчилгээний хуулбар ирүүлсэн. Энэ хуулбарын ар талд нь улсын бүртгэлийн ахлах байцаагч Ш.Цэндсүрэн 2005.06.20-ны өдрөөс хойш өмчлөх эрхийн гэрчилгээн дээр нэмэлт өөрчлөлт ороогүй гэж 2017.04.11-ний өдөр гараар бичиж хувийн тэмдэг дарсан нотлох баримт байна. Хавтаст хэргийн 157-р хуудаст Т.М- 2005.06.20-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн мэдүүлэг гаргахдаа хамтран өмчлөгч гэсэн хүснэгтэнд өөр хэн нэгэн өмчлөгчийг бичээгүй байна. Хэрвээ хамтран өмчлөгч тухайн үед байсан бол энэ хүснэгтэнд бичих байсан. Хавтаст хэргийн 160-р хуудаст хамтран өмчлөгч В.Б-гийн иргэний үнэмлэх, Б.Мишээлийн төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатч Алтанцэцэг 2005.06.21-ний өдөр гэрчилсэн байдаг. Гэтэл түүнээс 1 хоногийн өмнө 2005.06.20-ны өдөр уг орон сууцны гэрчилгээ хэвлэгдэн гарсан байна. Үүгээр 2005.06.20-ны өдөр В.Б-, Б.Мишээл нар хамтран өмчлөгч байгаагүй гэдэг нь нотлогдож байна. Б.Хавтаст хэргийн 133-р хуудаст нотариатч Д.Гантулга тухайн үед уг байр зөвхөн М.Мөнхжаргал гэсэн нэг л өмчлөгчтэй байсан, өөр хамтран эзэмшигч байгаагүй учраас нөхөр Баярмагнайгаас нь зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Шүүх Эрхийн улсын бүртгэлийн 2010.10.08-ны өдрийн лавлагааг үндэслэн Т.М-, В.Б-, Б.Мишээл нар тухайн орон сууцны өмчлөлд бүртгэлтэй байсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай ба Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн архивч Н.Оюунбилэг 2017.06.14-нд 59 тоотоор 2010.10.08-ны өдрийн гэрээг шүүж үзэхэд Т.М-д холбогдох баримт байхгүй байна гэсэн албан бичиг шүүхэд ирүүлжээ. Дээрх бичгийн нотлох баримтуудаар 2011.11.05-ны өдрийн 22 тоот барьцааны гэрээ байгуулахад Дархан-Уул аймгийн Дархан сум 16-р багийн 13-р байрны 65 тоот орон сууц нь ганцхан Т.М- гэсэн өмчлөгчтэй байсан нь нотлогдож байх тул иргэн В.Б-гаас зөвшөөрөл авах шаардлагагүй байсан ба энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8 дахь заалтыг зөрчөөгүй байхад хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

К Б- ХХК нь Н К-ХХК, Т.М- нарт холбогдуулан, тэдний хооронд 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан 22 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж, хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан тайлбарласныг хариуцагч Т.М- хүлээн зөвшөөрч, хариуцагч Н К-ХХК эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл Н К-ХХК болон Т.М- нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “худалдааны хамтран ажиллах гэрээ” байгуулагдсан ба мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 13 байрны  65 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Т.М-, В.Б- нар К Б- ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж дээрх орон сууцыг барьцаалсан буюу нэг үл хөдлөх эд хөрөнгийг 2 этгээд барьцаалсан нь нотлогдсон байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.3, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатчаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэжээ.

К Б- ХХК нь Т.М-, В.Б- нартай  байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 3 хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нөхцөл нь Н К-ХХК болон Т.М- нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмнө нь байгуулсан барьцааны гэрээг гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргах сонирхогч этгээд болж чадахгүй.

Барьцааны зүйлийн нэг өмчлөгч В.Б-н хувьд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр барьцаалсан гэх шаардлагыг бусад өмчлөгч болон Н К-ХХК-д хандаж гаргаагүй, 5 жил өнгөрсөн байхад дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэж К Б- өмнөх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардлага гаргах эрхгүй.

К Б- ХХК-ийн Т.М-тай барьцааны гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгө Н К-ХХК барьцаалсныг улсын бүртгэлд бүртгэгдсэн, энэ бүртгэл хүчин төгөлдөр бөгөөд К Б- ХХК-ийн барьцааны бүртгэл энэ хугацаанаас хойш хийгдсэн  нь тогтоогджээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй” гэж заасан байна.

Түүнчлэн хэргийн баримтад Н К-ХХК-ийн нэхэмжлэлээр К Б- ХХК болон Т.М- нарын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгуулах тухай Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2016/02271 дугаар магадлал хэрэгт авагджээ.

Тус магадлалд К Б- ХХК-ийн барьцааны гэрээ байгуулахаас өмнө хийгдэж бүртгэгдсэн Н К-ХХК-ийн барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, барьцаалуулагч барьцааны зүйлийг давхар барьцаалж болох талаар заасан байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэх бөгөөд энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 751 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 138 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н К-ХХК, Мөнхжаргал нарт холбогдох 2011 оны дугаар сарын өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох К Б- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

              

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                                    Г.АЛТАНЧИМЭГ