Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00286

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар    

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00877 дугаар шийдвэртэй, 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар магадлалтай,

Д.М-ын нэхэмжлэлтэй,

“Э Ү-” ХХК-д холбогдох,

Э Ү- ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/414 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарт:  Д.М- нь Э Ү- ХХК-ийн авто тээврийн байгууллагад хүнд даацын белазын жолоочоор 19 дэх жилдээ ажиллаж байна. 2017.03.31-ний өдрийн Б/414 тоот Э Ү- ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалж, ажлаас халсан. Намайг хөдөлмөрийн гэрээний 4.2.3, 4.2.6 дахь заалт, Э Ү- ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.5, 8.9.16 дахь заалт, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн 2017 оны 3 сарын 17-ны өдөр ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандснаас компанид хохирол учруулан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж халсан. Д.М- нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил буюу хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохирсон сахилгын ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Иймд 2017.03.31-ний өдрийн Б/414 тоот Э Ү- ХХК-ийн ерөнхий захирлын тушаалыг хүчингүй болгож, Д.М- намайг урьд ажиллаж байсан ажил болох даацын белазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э Ү- ХХК-ийн Авто тээврийн байгууллагын Уулын тээврийн хэсгийн хүнд даацын машины жолооч /Белаз-75131 ачааны даац 100,1 тн-оос их/ ажилтай байсан Д.М- нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2 дугаар ээлжинд ажиллахдаа хүнд даацын Белаз-75131 маркийн 055 гараашийн дугаартай өөрөө буулгагч автомашинаар Ил уурхайн Liebherr-9350 маркийн 16 дугаартай экскаватораас 9 дүгээр овоолго руу уулын цул тээвэрлэж, 12 цаг 40 минутад 9 дүгээр овоолго дээр уулын цулыг 6 дахь удаагаа буулгаж дуусаад, авто машины тэвшээ бүрэн буулгалгүй байрнаасаа хөдөлж замын хөдөлгөөнд оролцон Ил уурхайн 21 дүгээр фидерийн 6,0 кВ болон 0,4 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тастсан зөрчил гарган, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Э Ү- ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.5, 8.9.16 дахь заалтуудыг үндэслэн ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулсан нь дараах байдлаар тогтоогдож байна. Э Ү- ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.5-д Ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан, 8.9.16-д "Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол сахилгын ноцтой тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Д.М-т авто тээврийн байгууллагын даргын 2016 оны 4 сарын 29-ний өдрийн А/62 дугаар тушаалаар Белаз-75131 авто өөрөө буулгагч машиныг хараа хяналтгүй, хөдөлгүүрийг асаалттай орхиж жолоочгүйгээр үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ аваагүй тул Хөдөлмөрийн аюулгүй байдлын дэвтрийн 1 тоот тасалбарыг таслан 2016 оны 4 дүгээр сарын цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2016 оны 6 сарын 17-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар 2016 оны 6 сарын 12-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 2016 оны 4 сарын 14-ний өдөр ажлаас хоцорсон тул 2016 оны 3 дугаар сараас эхлэн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах сахилгьн шийтгэл, 2017 оны 01 сарын 20-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар 2017 оны 01 сарын 15-ны өдөр ажлаас хоцорч хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын үндсэн цалинг 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан нь 1 жилийн дотор сахилгын зөрчлийг давтан гаргасан нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00877 дугаар шийдвэрээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Д.М-ыг Э Ү- ХХК-ийн авто тээврийн байгууллагын хүнд даацын белазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар магадлалаар, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь ачаа буулгасан газраас тэвшээ бүрэн буулгахгүйгээр явсныг үзсэн харсан гэрч байхгүй, мөн албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан гэх үйлдэл, учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй байна” гэжээ. Түүнийг өөрөө буулгагч хүнд даацын машинаар хөрс буулгах даалгавар гүйцэтгэж байгаад хөрс буулгаад хөдлөхдөө тэвшийг өргөөтэй чигээр хөдөлгөөнийг үргэлжлүүлж, гэрэлтүүлгийн болон цахилгааны утас тасалж, экскаватор 12, 24-ийн тэжээлийн шугмыг 1 цаг 40 минут тасалдуулсан болохыг түүний ажиллаж байсан Авто тээврийн байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер М.Чинболд, тухайн өдөр ажиллаж байсан ээлжийн дарга Б.Сайнцогт нарын илтгэх хуудас, мөн нэхэмжлэгчийн өөрийн өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Мөн Авто тээврийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот хурлын тэмдэглэлд түүнийг цахилгаан дамжуулах агаарын шугам тасалснаас үүдэн ...-9350 маркийн 16 дугаартай экскаватор, ЭКГ-10 маркийн 12 дугаартай экскаваторуудын цахилгаан тэжээл тасарч 1 цаг 39 минут сул зогсолт хийж, 8.739.040 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байхад үүнийг 2 шатны шүүх харгалзан үзээгүй нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалттай нийцээгүй, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь буюу тал бүрээс нь бодитойгоор үнэлсэнгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Давж заалдах шүүхийн магадлалын хянах хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.М- нь ... авто машины тэвшээ бүрэн буулгалгүй байрнаасаа хөдөлж замын хөдөлгөөнд оролцон агаарын шугам тастсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон ба...” гэх боловч дараагийн өгүүлбэрт тухайн өдөр ил уурхайн цахилгаан дамжуулах агаарын шугам тасалсан болохыг хариуцагч нотолж чадаагүй” гэж зөрүүтэй, ойлгомжгүй байдлаар бичсэн нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2, 169 дүгээр зүйлийн 169.1-д заасны дагуу шийдвэр, магадлал хууль ёсны, үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Мөн дээрх магадлалын хянах хэсэгт “... дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгч Д.М-ыг “цахилгаан дамжуулах агаарын утсыг тасалсан” гэдгийг нотолж байгаа болохоос компанид хохирол учруулсан сахилгын зөрчил гаргасан болохыг нотолж чадахгүй байх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлсэн байна” гэжээ. Дээрхээс харахад давж заалдах шатны шүүх нь эдгээр нотлох баримтуудыг хэсэгчлэн үнэлж, учруулсан хохирлын талаарх хэсгийг хэрэгсэхгүй орхигдуулж байгаа нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй болох нь харагдаж байна.

Хариуцагчийн зүгээс гаргасан нэхэмжлэгч Д.М-аас замын хуудас гаргуулах болон нэхэмжлэгчийн гаргасан зөрчил, хэрэг маргааны бодит байдлыг тогтоох, шүүхэд эргэлзээ бүхий үйл баримтын талаар тодорхой мэдээлэл өгөх Авто тээврийн байгууллагын Үйлдвэр техникийн албаны инженер Б.Баяндалайг гэрчээр оролцуулах хүсэлт тус тус гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээж авалгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэлээ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Э Ү- ХХК-д холбогдох тус компанийн ерөнхий захирлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/414 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай Д.М-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Д.М- Э Ү- ХХК-ийн автотээврийн байгууллагад хүнд даацын Белазын жолоочоор ажиллаж байгаад тус компанийн ерөнхий захирлын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/414 тоот тушаалаар ажлаас халагдсан ба тушаалд ажилтан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандаж, компанид хохирол учруулан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж, хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохирсон сахилгын ноцтой зөрчил   гаргасан гэх үндэслэл заажээ.

 Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэрлэн тохирсон ноцтойд тооцогдох зөрчлийг ажилтан гаргасан бол ажил олгогчийн  санаачилгаар гэрээг цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан байна.

Ажилтан гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа хэтрээгүй бол ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болно.

Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3-д “технологийн горим болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчил гаргасан” нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарахыг заасан ба тус үйлдвэрийн Белаз автомашины жолооч нарын хөдөлмөрийн аюулгүй байдлын зааврын 4.2, 4.28.3, 4.39 дэх заалтуудад   “автомашины тэвш өргөөтэй үед байрнаасаа хөдлөхийг хориглосон” байна.

Д.М- 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Белазын тэвш өргөөтэй байснаас отвалын гэрэлтүүлгийн болон хүчний шугамыг тасалсан үйлдэл гаргасан нь тогтоогдсон хэдий ч энэ үйлдэлд нэхэмжлэгч гэм буруутай, үүнээс  байгууллагад хохирол учирсан гэх тушаалд заасан үндэслэлээ хариуцагч нотлоогүй талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Тодруулбал, “Белазын тэвш өргөөтэй үед жолооч байрнаасаа хөдөлж явсан”  үйлдлээс отвалын гэрэлтүүлгийн болон хүчний шугамыг таслагдсан нь тогтоогдоогүй байна. Ачаа буулгаад хөдлөх үедээ тэвшээ буулгасан, явцын дунд тэвш өргөгдсөн, энэ нь тухайн техникийн эвдрэл гэмтэлтэй холбоотой гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй, өөрөөр хэлбэл, гаргасан үйлдлийг сахилгын зөрчил гэж үзэхэд нэхэмжлэгч Д.М-ын гэм буруу буюу хөдөлмөрийн сахилгыг санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр зөрчсөн гэх сахилгын зөрчлийн субъектив талын шинж  үгүйсгэгджээ.

Д.М- өмнө нь 3 удаа сахилгын зөрчил гаргаж, тухайн зөрчлүүддээ шийтгэл хүлээсэн нь тогтоогдсон, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зөрчил гаргасан нь нотлогдоогүй тул Хөдөлмөрийн гэрээний 4.2.6, хөдөлмөрийн дотоод журмын 8.9.16-д заасан “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасныг ноцтой зөрчилд тооцох” нөхцөл мөн тогтоогдоогүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчээр Б.Баяндалайг оролцуулах, нэхэмжлэгч Д.М-аас замын хуудас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх тухайн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргах хүндэтгэн үзэх шалтгаантай нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн...” гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00877 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Г.ЦАГААНЦООЖ

                        ШҮҮГЧ                                                                 Г.АЛТАНЧИМЭГ