Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00877

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 05 өдөр

         Дугаар 142/ШШ2017/00877

                         Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Жаргалант сум, Жаргалант багийн 14-11 тоотод оршин суух, Галийбат овогт Д.М /регистрийн дугаар ТГ64082930/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/414 тоот Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Иргэн Д.М миний бие нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ын авто тээврийн байгууллагад хүнд даацын белазын жолоочоор 19 дэхь жилдээ ажиллаж байна. 2017.03.31-ний өдрийн Б/414 тоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалж, ажлаас халсан. Миний бие нь энэхүү тушаалыг гардаж аваад эс зөвшөөрч ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Намайг хөдөлмөрийн гэрээний 4.2.3, 4.2.6 дахь заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.5, 8.9.16 дахь заалт, хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандснаас компанид хохирол учруулан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Д.М миний бие нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил буюу хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохирсон сахилгын ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Иймд 2017.03.31-ний өдрийн Б/414 тоот “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн тушаалыг хүчингүй болгож, Д.М намайг урьд ажиллаж байсан ажил болох даацын белазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Д.М-ын гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн Б/414 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Авто тээврийн байгууллагын Уулын тээврийн хэсгийн хүнд даацын машины жолооч /Белаз-75131 ачааны даац 100,1 тн-оос их/ ажилтай байсан Д.М нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2 дугаар ээлжинд ажиллахдаа хүнд даацын Белаз-75131 маркийн 055 гараашийн дугаартай өөрөө буулгагч автомашинаар Ил уурхайн Liebherr-9350 маркийн 16 дугаартай экскаватораас 9 дүгээр овоолго руу уулын цул тээвэрлэж, 12 цаг 40 минутад 9 дүгээр овоолго дээр уулын цулыг 6 дахь удаагаа буулгаж дуусаад, авто машины тэвшээ бүрэн буулгалгүй байрнаасаа хөдөлж замын хөдөлгөөнд оролцон Ил уурхайн 21 дүгээр фидерийн 6,0 кВ болон 0,4 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тастсан зөрчил гарган, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.5, 8.9.16 дахь заалтуудыг үндэслэн ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.5-д “Ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан”, 8.9.16-д "Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” бол сахилгын ноцтой тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж заасан. Д.М-т авто тээврийн байгууллагын даргын “2016 оны 04 сарын 29-ний өдрийн А/62 дугаар тушаалаар Белаз-75131 авто өөрөө буулгагч машиныг хараа хяналтгүй, хөдөлгүүрийг асаалттай орхиж жолоочгүйгээр үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ аваагүй тул Хөдөлмөрийн аюулгүй байдлын дэвтрийн 1 тоот тасалбарыг таслан 2016 оны 4 дүгээр сарын цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл”, “2016 оны 06 сарын 17-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас хоцорсон тул 2016 оны 3 дугаар сараас эхлэн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах сахилгьн шийтгэл”, 2017 оны 01 .арын 20-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас хоцорч хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын үндсэн алинг 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл” тус тус ногдуулсан нь 1 жилийн дотор сахилгын зөрчлийг давтан гаргасан нь нотлогдож байна.

Мөн Д.М нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2 дугаар ээлжид ажиллахдаа хүнд даацын Белаз-75131 маркийн 055 гараашийн дугаартай өөрөө буулгагч автомашинаар Ил уурхайн Liebherr-9350 маркийн 16 дугаартай экскаватораас 9 дүгээр овоолго руу уулын цул тээвэрлэж, 12 цаг 40 минутад 9 дүгээр овоолго дээр уулын цулыг 6 дахь удаагаа буулгаж дуусаад, автомашины тэвшээ бүрэн буулгалгүй байрнаасаа хөдөлж замын хөдөлгөөнд оролцон Ил уурхайн 21 дүгээр фидерийн 6,0 кВ болон 0,4 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тастаж Liebherr-9350 маркийн 16 дугаартай экскаватор, ЭКГ-10 маркийн 12 дугаартай экскаваторуудын цахилгаан тэжээл тасарч 1 цаг 39 минут сул зогсолт хийж компанид хохирол учруулсан. Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү зөрчил нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Белаз автомашины жолооч нарын хөдөлмөрийн аюулгүй байдлын зааврын 4.2 дахь заалт “автомашины тэвш өргөөтэй үед байрнаасаа хөдлөх, явахыг хориглоно”, 4.28.3 дахь заалт “овоолго ачаагаа буулгах үед жолоочид хориглох нь: ачаа буулгасны газраас тэвшээ бүрэн буулгахгүйгээр хөдлөх”, 4.39 дахь заалт "ачаа буулгасны дараа тэвшээ бүрэн буулгаад дуут дохиог урьдчилан өгч анхааруулсны дараа хөдөлнө'', Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрмийн 284.а дахь заалт “Ил уурхайд автомашин ажиллах үед хориглох заалт: тэвшийг бүрэн буулгахгүй явах” гэснийг тус тус зөрчсөн байна.

Энэхүү зөрчлүүд нь Д.М-тай 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 44294 дугаар хөдөлмөрийн гэрээнд заасан 4.2.3 дахь заалт “технологийн горим болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчил гаргасан’\ 4.2.6 дахь заалт “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан” зэрэг зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүхий байна.

Д.М нь энэхүү зөрчлүүдийг удаа дараа гаргасан нь Авто тээврийн байгууллагын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 20/205 дугаартай албан бичиг, Авто тээврийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн хурдын тэмдэглэл, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хамтарсан техникийн үзлэгийн тэмдэглэл, аюултай тохиолдлын илтгэх хуудас, Д.М-рын өөрийнх нь тайлбар, Авто тээврийн байгууллагын даргын тушаалууд зэргээр нотлогдож Д.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/414 тоот тушаал үндэслэл бүхий гарсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.М хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д “2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/414 тоот Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Д.М нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ын авто тээврийн байгууллагын  хүнд даацын белазын жолоочоор ажиллаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/414 тоот тушаалаар ажлаас халагджээ.

            Хариуцагч нь түүнийг  хөдөлмөрийн гэрээний 4.2.3, 4.2.6 дахь заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.5, 8.9.16 дахь заалт, хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлан  ажлаас халсан байна.

            Зохигчид 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Белаз-75131 №55 дугаартай өөрөө буулгагч хүнд даацын машинаар хөрс буулгах даалгавартай ажиллаж байгаад 12 цаг 40 минутын орчим 6-р рейсээр 9-р отвал дээр хөрс буулгаад явж байхдаа тэвш өргөөтэй байсны улмаас отвалын гэрэлтүүлгийн болон хүчний шугамыг тасалсан гэдэг үйл баримтан дээр маргахгүй байна.

            Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг хөрс буулгаад хөдлөхдөө тэвшээ буулгалгүй, өргөөтэй чигээр хөдөлж гэрэлтүүлгийн шугам тасалсан үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.3-д  заасан “Технологийн горим болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчил гаргасан,хөдөлмөрийн аюулгүй байдлын дэвтрийн 4-н талоныг таслуулсан” гэсэн заалт, мөн 4.2.6-д заасан “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан” гэсэн сахилгын шийтгэл оногдуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах заалт, тэр дундаа хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах шийтгэл оногдуулахаар хөдөлмөрийн гэрээнд урьдчилан заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байна. 

            Түүнээс гадна хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан энэхүү зөрчил нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  Белаз автомашины жолооч нарын хөдөлмөрийн аюулгүй байдлын зааврын 4.2 дахь заалт “автомашин тэвш өргөөтэй үед байрнаасаа хөдлөх, явахыг хориглоно”,4.28.3 дахь заалт “овоолго ачаагаа буулгах үед ачаа буулгасан газраас тэвшээ бүрэн буулгахгүйгээр хөдлөх” 4.39 дэх заалт “ачаа буулгасны дараа тэвшээ бүрэн буулгаад дуут дохиог урьдчилан өгч анхааруулсаны дараа хөдлөнө”, Ил уурхайн аюулгүй ажиллагааны нийтлэг дүрмийн 28.4а дахь “Ил уурхайд автомашин ажиллах үед тэвшийг бүрэн буулгахгүй явах” зэрэг хориглосон заалтуудыг зөрчсөн нь Технологийн горим болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчил болсон гэж  үзэж байна.

            Нэхэмжлэгч мөн хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтаас гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.5 “Ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан”, 8.9.16 “Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол сахилгын ноцтой зөрчилд тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэсэн заалтуудын дагуу ажлаас халсан гэж хариуцагч тайлбарлаж байна.

            Хэрвээ нэхэмжлэгч нь тухайн буюу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Белаз машинаар овоолго ачаагаа буулгах үед ачаа буулгасан газраас тэвшээ бүрэн буулгахгүйгээр буюу тэвш өргөөтэй үед байрнаасаа явсан бол түүний үйлдэл нь Технологийн горим болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчилд тооцогдох байсан байна. Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч нь ачаа буулгасан газраас тэвшээ бүрэн буулгахгүйгээр явсныг үзсэн харсан гэрч байхгүй, мөн албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандснаас компанид хохирол учруулсан гэх үйлдэл, учирсан хохиролын хэмжээ тогтоогдоогүй байна.

             Нэхэмжлэгчийн үйлдлийг хариуцагч технологийн горим болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчил гэж үзсэнээс гадна хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үйлдэл нь сахилгын ноцтой учраас ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэж байна.

             Хэдийгээр нэхэмжлэгч нь урьд нь хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байсан байх боловч түүний тэвшээ өргөөтэй хөдөлсөн гэх үйлдэл тогтоогдохгүй байгаагаас гадна энэхүү үйлдэл нь технологийн горим болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчил гаргасан эсэх, ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан эсэх асуудлын хүрээнд хамаарч байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа буюу давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Д.М-ыг зөрчил гаргасан даруйд нь үйл явдал болсон газарт нэхэмжлэгчийг байлцуулан үйлвэрийн зүгээс газар дээр нь үзлэг шалгалт хийгээгүй, түүний жолоодож явсан Белаз № 55 дугаарын машин өргөх буулгах төхөөрөмж доголдолтой гэдэг шалтгаанаар 83 цаг зогсож, засвар үйлчилгээ хийгдэж байсан баримт тогтоогдсон байна. Ийнхүү машин явж байх үед жолоочоос хамаарахгүй, техникийн доголдлын улмаас тэвш өргөгдсөн, компанинд учирсан хохирол тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Мөн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/414 тоот Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй, захирамжийг хүчингүй болгоно гэдэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа үндэслэл болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ажилд эгүүлэн тогтоолгох юм. Ажилд эгүүлэн тогтоож байгаа нь захирамжийг хүчингүй болгоно гэсэн хэрэг биш юм. 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/414 тоот Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлага биш байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт оруулах шаардлагагүй гэж үзэв.

            Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Д.М-ыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ын авто тээврийн байгууллагын хүнд даацын белазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН