Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 00165

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Д.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00877 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний Ерөнхий захирлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/414 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай  хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Мөнхбаатар миний бие нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн авто тээврийн байгууллагад хүнд даацын белазын жолоочоор 19 дэхь жилдээ ажиллаж байна. 2017.03.31-ний өдрийн Б/414 тоот Эрдэнэт үйлдвэр ХХК-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцалж, ажлаас халсан. Намайг хөдөлмөрийн гэрээний 4.2.3, 4.2.6 дахь заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.5, 8.9.16 дахь заалт, хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандснаас компанид хохирол учруулан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Д.Мөнхбаатар миний бие нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил буюу хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохирсон сахилгын ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Иймд 2017.03.31-ний өдрийн Б/414 тоот Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн тушаалыг хүчингүй болгож, Д.Мөнхбаатар намайг урьд ажиллаж байсан ажил болох даацын белазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын Уулын тээврийн хэсгийн хүнд даацын машины жолооч /Белаз-75131 ачааны даац 100,1 тн-оос их/ ажилтай байсан Дамбуугийн Мөнхбаатар нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2 дугаар ээлжинд ажиллахдаа хүнд даацын Белаз-75131 маркийн 055 гараашийн дугаартай өөрөө буулгагч автомашинаар Ил уурхайн Liebherr-9350 маркийн 16 дугаартай экскаватораас 9 дүгээр овоолго руу уулын цул тээвэрлэж, 12 цаг 40 минутад 9 дүгээр овоолго дээр уулын цулыг 6 дахь удаагаа буулгаж дуусаад, авто машины тэвшээ бүрэн буулгалгүй байрнаасаа хөдөлж замын хөдөлгөөнд оролцон Ил уурхайн 21 дүгээр фидерийн 6,0 кВ болон 0,4 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тастсан зөрчил гарган, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.5, 8.9.16 дахь заалтуудыг үндэслэн ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.5-д Ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан, 8.9.16-д "Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол сахилгын ноцтой тооцон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Д.Мөнхбаатарт авто тээврийн байгууллагын даргын 2016 оны 04 сарын 29-ний өдрийн А/62 дугаар тушаалаар Белаз-75131 авто өөрөө буулгагч машиныг хараа хяналтгүй, хөдөлгүүрийг асаалттай орхиж жолоочгүйгээр үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ аваагүй тул Хөдөлмөрийн аюулгүй байдлын дэвтрийн 1 тоот тасалбарыг таслан 2016 оны 4 дүгээр сарын цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2016 оны 06 сарын 17-ны өдрийн Б/137 дугаар тушаалаар 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажлаас хоцорсон тул 2016 оны 3 дугаар сараас эхлэн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах сахилгьн шийтгэл, 2017 оны 01 .арын 20-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас хоцорч хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын үндсэн цалинг 19 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан нь 1 жилийн дотор сахилгын зөрчлийг давтан гаргасан нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00877 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Д.Мөнхбаатарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ын авто тээврийн байгууллагын хүнд даацын белазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож,

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь давж заалдсан гомдолдоо:

2017 оны 09 сарын 05-ны өдрийн 09:00 цагаас эхэлсэн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн гөлөөлөгчөөс нэхэмжлэгч Д.Мөнхбаатарт байгаа замын хуудсыг гаргуулж авах, мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан Авто тээврийн байгууллагын инженер Баяндалайг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж, үүнийгээ бичгээр өгсөн боловч шүүгч хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Энэхүү хүсэлтийг шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хангах эсэх талаар захирамж гаргаагүй /2017 оны 09 сарын 26-ны өдөр хэргийн материалтай танилцахад захирамж хэрэгт авагдаагүй/ шүүхийн шийдвэр дээр дурдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид ИХШХШТХ/105 дугаар зүйл, мөн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь, заалгуудыг тус тус зөрчсөн.

Нэхэмжлэгч Д.Мөнхбаатараас замын хуудас гаргуулснаар өмнөх жолоочоос Белаз автомашиныг бүрэн бүтэн эвдрээгүй хүлээж авсныг нотлох бөгөөд энэхүү замын хуудсыг нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага дээр удаа дараа очиж хайсан боловч олдоогүй учир өөрөөс нь гаргуулахаар шүүх хуралдаан дээр хүсэлт гаргасан. Мөн шүүх хуралдаан дээр Авто тээврийн байгууллагын инженер Баяндалайг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд Баяндалай нь хэрэг маргааны бодиг байдлыг тогтоох, түүнтэй холбоотой үйл баримтыг мэдэх  автомашины засвар үйлчилгээний талаар техникийн мэргэжлийн хүн учраас мэдүүлэг тайлбар өгөх байсан.

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьсан. Хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн Хамтарсан техникийн үзлэгийн тэмдэглэл, аюултай тохиолдлын илтгэх хуудас, Авто тээврийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл зэргийг нотлох баримтаар үнэлсэнгүй.

Д.Мөнхбаатар шүүх хуралдаан дээр болон өөрийн бичсэн тайлбар зэрэг дээр тэвш өргөөтэй байсны улмаас отвалын гэрэлтүүлгийн болон хүчний шугамыг тасалсан гэдэг үйл баримтан дээр маргадаггүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт Д.Мөнхбаатарын үйлдэл нь Технологийн горим болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчилд тооцогдох байсан байна гэж дурдсан нь Д.Мөнхбаатарын гаргасан үйлдэл зөрчил болох нь тогтоогдож байна.

Хариуцсан ажил үүрэгтээ хайнга хандаж удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан Д.Мөнхбаатарыг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний Ерөнхий захирлын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/414 тоот тушаалыг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн авто тээврийн байгууллагын хүнд даацын белазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч сахилгын зөрчил давтан гаргасан тул жолоочийн ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэсэн үндэслэлээр маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Д.Мөнхбаатарыг тус үйлдвэрийн хүнд даацын белазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг хүчингүй болгож хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхбаатарыг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажил албан үүрэгтэй хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан, хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргаж, хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохирсон сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталж ажил олгогчийн санаачлагаар  тус үйлдвэрийн хүнд даацын белазын жолоочийн ажлаас чөлөөлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2 дугаар ээлжинд ажиллахдаа хүнд даацын Белаз-75131 маркийн 055 гараашийн дугаартай өөрөө буулгагч автомашинаар Ил уурхайн Liebherr-9350 маркийн 16 дугаартай экскаватораас 9 дүгээр овоолго руу уулын цул тээвэрлэж, 12 цаг 40 минутад 9 дүгээр овоолго дээр уулын цулыг 6 дахь удаагаа буулгаж дуусаад, авто машины тэвшээ бүрэн буулгалгүй байрнаасаа хөдөлж замын хөдөлгөөнд оролцон Ил уурхайн 21 дүгээр фидерийн 6,0 кВ болон 0,4 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тастсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон  ба уг зөрчлийг ажил олгогч ажлаас чөлөөлж буй  тушаалын үндэслэл болгоогүй байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь тус байгууллагад жолоочоор ажиллаж байх хугацаандаа сүүлийн нэг жилийн дотор ажил үүрэгтэй хариуцлагагүй хайнга  хандсан, ажил тасалсан, хоцорсон гэсэн сахилгын зөрчил гаргасан тул ажил олгогчоос удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан байх ба тухайн өдөр Ил уурхайн цахилгаан дамжуулах агаарын шугам тасалсан тус компанид хохирол учруулсан болохыг хариуцагч нотолж чадаагүй тул сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Ажил олгогч ажилтанд хариуцлага тооцох эрх зүйн үндэслэл буюу тушаалын үндэслэл тодорхой байх өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчил тушаалын үндэслэлтэй тохирсон байх ёстой.

Тухайлбал Ажил олгогчийн Б/414 тоот тушаалын үндэслэл болсон цахилгаан дамжуулах агаарын шугам тасалснаар компанид ямар хэмжээний хохирол учруулсан болохыг хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч анхан шатны шүүх хэрэгт авагдсан Хамтарсан техникийн үзлэгийн тэмдэглэл, аюултай тохиолдлын илтгэх хуудас, Авто тээврийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үнэлсэнгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгаа боловч дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгч Д.Мөнхбаатарыг “цахилгаан дамжуулах агаарын утсыг тасалсан” гэдгийг нотлож байгаа болохоос биш компанид хохирол учруулсан сахилгын зөрчил гаргасан болохыг нотолж чадахгүй ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан “Д.Мөнхбаатар нь хариуцсан ажил үүрэгтээ хайнга хандаж удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан Д.Мөнхбаатарыг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                            Б.БАТТӨР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ