Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2017/0329/З |
Дугаар | 611 |
Огноо | 2017-08-14 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 611
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Б-А,
Нэхэмжлэгч: Д.Ц нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг даргыг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлан явуулахыг 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б-А , Д.Ц , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.А , хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , гуравдагч этгээд Д.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л , гэрч Д.А, Б.У , Я.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Х.Б-А , Д.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга О.И , Тэргүүлэгчид болох Ц.А , С.Б , Г.Д нар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэж, тогтоол гарган, хорооны иргэдэд зар хүргүүлсэн.
Уг хуралдааны зарыг хорооны иргэдэд 19 дүгээр хорооны байранд зарлал тавих, хорооны нутаг дэвсгэр дээр байрлах орон сууцнуудын орцны үүдэнд зарлал байрлуулж, хорооны ажлын албаар дамжуулан иргэдэд мэдэгдсэн. Гэтэл хорооны иргэдийн нийтийн хурлаас 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан мэтээр хуурамч тогтоол, хурлын тэмдэглэл үйлдэн, хурлын 3 тэргүүлэгчдийн эзгүйд, хуульд заасан ирц хүрээгүй байхад тогтоол гарган, 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр товлож, иргэдэд зар тараалгүйгээр хуралдсан байна.
2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ч С дээд сургуулийн оюутны дотуур байрны хурлын зааланд МАН-ын үүрийн гишүүдийг цуглуулж, хуралдсан хурлаараа хорооны иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид болон хорооны Засаг даргыг сонгосон байдаг.
Тус хорооны иргэд бид дээрх хуралд хуралдаж байгаа талаар сонсоод хурал болж байгаа газар очиход гаднаа 3 цагдаагаар хамгаалуулаад, хаалгаа дотроосоо түгжсэн байсан бөгөөд бид үүдэнд хүлээж байгаад хурал дуусах үеэр нь дотогш ороход дотор нь 67 хүн байсан.
Энэ хуралд суусан намын гишүүд нь үүрийн хурал гэж цуглан суутал хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг дарга нарыг сонгох болсон нь хууль бус гэж үзээд зарим хүмүүс нь хурлыг орхин явсан байдаг бөгөөд мөн энэ хуралдаа хорооны иргэн биш, насанд хүрээгүй хүүхдийг оролцуулсан байсан.
Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр болсон хурлаасаа гаргасан тогтоол, шийдвэрүүдээ үндэслээд шинэ Засаг даргыг томилуулж, хуучин 19 дүгээр хорооны Засаг даргаас ажлыг нь хүлээн авсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхдугаар хуралдааныг товлосон тогтоолын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэж зарласны дагуу 19 дүгээр хорооны иргэд ирж хуралдаад 01 дүгээр сарын 14-ний хурал хууль бус болсныг бүгд хүлээн зөвшөөрч, хурал товлосны дагуу хурлаа эхэлж явуулсан.
Уг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны ирцийг авахад 248 иргэн хүрэлцэн ирсэн бөгөөд иргэд үргэлжлэн нэмэгдэж ирсээр байсан. Түүнчлэн хурлаа хуулийн дагуу хурлын дэг, журам, даргалагч зэргийг баталж, журмынхаа дагуу явуулан иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргаа сонгосон боловч хурлаас гарсан бүх тогтоолууд албан ёсны тамга тэмдгээр баталгаажаагүй тус хуулийн дагуу дахин хурал хуралдах нь зүйтэй гэж үзэж байна.
Мөн ийнхүү хууль зөрчиж явуулсан 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хууль бус тогтоолуудыг үндэслэн хорооны Засаг даргыг батламжилсан дүүргийн Засаг даргын шийдвэрийг мөн хууль бус гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны зарыг хорооны иргэдэд огт мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч бид ч хорооны иргэнийхээ хувьд болон өмнөх 4 жилд хорооны Засаг даргаар ажиллаж байсны хувьд хуралд оролцож, сонгох сонгогдох эрхээ эдлэх боломжоор хангаагүйн зэрэгцээ хуралд оролцож, санал бодлоо хэлж хуралд оролцох эрхийг маань ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг даргыг сонгосон тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 26 дугаар зүйлийн 26.2-т тус тус заасныг зөрчсөн, тус хорооны иргэдийн эрхийг ноцтой зөрчсөн тул хүчингүй болгож, дахин хуралдаан зарлан явуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 09:00 цагт 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч С сургуулийн оюутны дотуур байрны зааланд хуралдсан ба хуралд манай хорооны 110 иргэн оролцсон.
Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах тухай иргэдийн Нийтийн Хурлын тогтоол 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зарлагдсан ба хуралдааны зарыг байрнуудын орцонд наан байрлуулсан байсан.
Үүний дагуу бид бэлтгэл ажлаа ханган хуралдаанд оролцсон. Хурал эхлээд 1 цаг болж байхад хаалганы гадаа Х.Б-А хэсэг бүлэг иргэдийн хамт ирж хуралд орохыг завдан хаалга чангаар нүдэж хурлын үйл ажиллагааг тасалдуулахыг оролдсон.
Хуралд оролцогчдыг 08:50 минутаас 09:00 минут хүртэл бүртгэж мандат олгосон ба хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд хаалга хаасан. Хуралд А намаас нэлээдгүй иргэд оролцсон ба хорооны Засаг даргад А намаас иргэн н.Ц , МАН-аас Д.О нар нэр дэвшсэн.
12:30 минутын орчимд Х.Б-А хэсэг бүлэг иргэдийн хамт хаалга эвдэн хурлын үйл ажиллагаанд орж ирсэн ба хэл амаар дайрч доромжлон хурлын үйл ажиллагааг тасалдуулахыг оролдсон. Хурал даргалагч шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээж аваагүй.
Мөн гар утсаараа бичлэг хийж саналын хуудастай хайрцгыг булаахыг завдсан ба зарим иргэдийг цохиж танхайран ширээ сандлыг нурааж зүй бус үйлдэл гаргасан. Зарим иргэд Х.Б-А та өчигдөр хуралтай намайг маргааш дэмжээрэй гээд явж байсан биздээ гэж хэлсэн. Ингээд хурал даргалагч тэднийг оролцуулан хурлын үйл ажиллагааг үргэлжлүүлэн саналын дүнг танилцуулан батлуулж хурлыг хаасан.
2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Засаг дарга Х.Б-А болон Иргэдийн Нийтийн Хурлын дарга О.И нар ажлаа шинээр сонгогдсон иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Г , Засаг дарга Д.О нарт тамга тэмдгээ хүлээлгэн өгсөн. Ингээд шинэ удирдлагууд ажилдаа орсон. Харин Х.Б-А болон түүний хэсэг бүлэг А намын гэх иргэд иргэдийн Нийтийн Хурал дээр яригдаж байсан мэдээлэлд тулгуурлан өөрсдөө дур мэдэн ИНХ-ын тамгагүй тогтоол гарган Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны өдрийг /улс төрийн шалтгаанаар/ 2017 оны 01 дүгээр сар 21-ний өдөр хуралдуулна хэмээн хууль бус ашиг сонирхол бүхий мэдээлэл хэвлэн тарааж иргэдийг төөрөгдүүлэн хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж хууль бус хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын 2 давхарт А намын хэсэг бүлэг иргэдийг цуглуулан хурал хийсэн ба хуралд 23 дугаар хорооноос хүмүүс ачиж авчран суулгасан байсан. Үүнийгээ 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хэмээн нэрлэж хуралдуулсан явдал нь /Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйл. 2. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно / гэх заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан хэмээн үзэж байна. Тиймээс 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдсан хуралдаан нь хүчин төгөлдөр бус хуралдаан хэмээн үзэж байна” гэжээ.
Гурав. Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Д.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 09:00 цагт тус хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч С сургуулийн оюутны дотуур байранд /зааланд/ хуралдсан ба хуралд 110 гаруй иргэн оролцсон болно.
Хорооны иргэдийн Нийтийн Хурал хуралдах тухай тогтоол 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зарлагдсан бөгөөд хуралдааны зарыг өдөр байрнуудын орцны үүдэнд наан иргэдэд хүргэсэн. Хурал эхлээд цаг орчмын дараагаас Х.Б-А хэсэг бүлэг иргэдтэй ирж хурлыг үймүүлж тасалдуулах оролдлогыг хийсэн.
Уг хуралд А намын гишүүдээс оролцсон, иргэд дундаас иргэн н.Ц нэрээ дэвшүүлж хамтран оролцсон. 12:30 цагийн орчимд Х.Б-А хэсэг бүлэг иргэдийн хамт тухайн заалны хаалга, ширээ, сандлыг эвдэн нурааж, хурал даргалагч болон иргэдийг хэл амаар доромжлон, настанг түлхэн унагаж танхайрсан.
Энэ үед хуралд сууж байсан иргэд “өчигдөр орой Х.Б-А намайг дэмжээрэй гээд явж байсан биз дээ гээд маргаан үүсгэж байсан. Тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдуулна гэж зар тараасан нь мөн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэдийг хууран, 23 дугаар хорооноос олон хүмүүсийг машинаар ачин ирж уг хууль бус хуралдаа хамруулсан гэх мэт байдлаас нь үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.
Дөрөв. Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 09:00 цагт тус хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч С сургуулийн оюутны дотуур байранд хуралдсан ба хуралд 110 гаруй иргэн оролцсон болно.
Хорооны иргэдийн нийтийн анхдугаар хурал хуралдах тухай тогтоол 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зарлагдсан ба хуралдааны зарыг өдөр байрнуудын орцонд наасан байсан. Хурал хуулийн дагуу явагдсан. Энэ өдөр иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгосон. Засаг дарга Д.О , н.Ц нар нэр дэвшиж Д.О олонхийн саналыг авсан, Тэргүүлэгч нарыг сонгосон. Тооллогын комисс иргэдийн саналыг тоолж дуусаад байтал 19 дүгээр хорооны Засаг дарга байсан Х.Б-А нь хэсэг бүлэг хүмүүсийн хамт хүч хэрэглэж орж ирсэн ба хурал үймүүлэн, саналын хайрцгыг булаан авч үймээн самуун дэгдээсэн. Хуралд суусан ард иргэдийн санал асуулгаар баталгаажуулснаар хурал өндөрлөсөн. Хуралд суусан иргэдийн хувьд үнэн байдлыг тодорхойлж бичив” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б-А , Д.Ц нар нь шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” 16 дугаар тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, тус хорооны иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлан явуулахыг 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд даалгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэг. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нар “...иргэдийн Нийтийн Хурлын дарга О.И , Тэргүүлэгчид болох Ц.А , С.Б , Г.Д нар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж, 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэж, тогтоол гарган, хорооны иргэдэд зар хүргүүлсэн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүд “...Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан хуралдах тухай иргэдийн Нийтийн Хурлын тогтоол 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зарлагдсан ба хуралдааны зарыг байрнуудын орцонд наасан” гэж маргаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” 16 дугаар тогтоолыг Хурлын дарга О.И , Тэргүүлэгч С.Б , Г.Д нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан тэмдэглэл, 2016 оны “Тогтоол, тушаал, захирамжийн бүртгэл”-ийн дэвтрийн 16 дугаар хамгийн сүүлийн хүснэгтэд дугаар авсан бүртгэл байх боловч хурлын тэргүүлэгч байсан гэрч С.Б ийн “... 12 дугаар сарын 30-ны өдөр ямар нэгэн хуралд оролцоогүй, харин 1 дүгээр сарын 6-нд хуралдаж, анхдугаар хуралдааныг 21-нд хийхээр товлосон” гэх мэдүүлгээр хууль бус бүрэлдэхүүнтэй хуралдсан болох нь тогтоогдож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар “...хорооны Хурлын Тэргүүлэгчид 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байна. ...Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хурал хүчинтэйд тооцогдоно” гэсэн хуралдааны ерөнхий зохицуулалтыг зөрчсөн байна.
Мөн хариуцагчаас хуралдааны зарын фото зурагнуудыг нотлох баримтаар өгсөн нь маргаан бүхий 16 дугаар тогтоолыг наасан байдлыг харуулсан ба хэсгийн ахлагч нар “бидний наасан зар биш”, түүнчлэн гэрч Н.Д гийн “хуралдааны тэмдэглэлийг нөхөн бичсэн” гэх зэргээр гэрчилж байгаа, хурлын дарга байсан О.И гийн нэхэмжлэгч нараас өгсөн аудио бичлэгт “хуралдааныг 21-нд хийхээр товлосон нь л доо, гэхдээ...” гэх яриагаар 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаагүй болох нь тогтоогдож байна.
Хоёр. Тус хорооны 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргыг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид нэгэнт 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Анхдугаар хуралдааныг хуралдуулахаар товлоогүй болох нь дээрх нөхцөл байдлуудаар тогтоогдож байх тул 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Хорооны нийтийн хурал, хурлаас гарсан тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэснийг зөрчжээ.
Хуульд 15 хоногоос доошгүй гэж тодорхой заасан нь тохиолдлын зүйл биш бөгөөд хорооны иргэдэд Анхдугаар хуралдааны зарыг хүргэх хангалттай хугацааг олгох, иргэн бүрийн оролцоог хангах, тэдний сонгох сонгогдох эрхийг хэрэгжүүлэх зорилготой.
Иймд хууль бус бүрэлдэхүүний баталсан тогтоолын дагуу хуульд заасан хугацаанаас өмнө хуралдсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр болох 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 02 дугаар, “иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 03 дугаар, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоолууд нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй байна.
Гурав. Тус хорооны иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлан явуулахыг 19 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хуралд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Өмнөх хурлын Тэргүүлэгчид 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Анхдугаар хуралдааныг 01 дүгээр сарын 21-ний өдөр 62 дугаар сургуулийн зааланд хуралдахаар товлосон гэж мэдүүлж байгаа ч хуралдааны тэмдэглэл үйлдэгдээгүй, бичгээр гарсан тогтоол байхгүй, дугаарын бүртгэл хөтлөгдөөгүй нь хариуцагчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэвч хэсгийн ахлагч нар хуралдааны зарыг 7-ны өдөр хүлээн авч, СӨХ-ны самбар, байрны орцны хаалга үүдэнд наасан гэж мэдүүлж байгаа, нэхэмжлэгч нар шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын ирцийн бүртгэл, хуралдааны бичлэг, баталгаажуулж авсан фото зургуудыг шүүхэд ирүүлжээ.
Тус дүүргийн 19 дүгээр хороо нь нийт 2740 өрхтэй бөгөөд хуульд заасан хорооны 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирвэл тухайн нийтийн хурлыг хүчинтэйд тооцно гэсэн заалтыг 1 дүгээр сарын 14-ний хуралд нийт 110 хүн, 21-ний өдрийн хуралд нийт 282 хүн ирснээр хангаж байгаа, талууд хурлын ирцтэй маргаагүй хэдий ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр ... үйл ажиллагаандаа А ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална” гэснийг зөрчсөн, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцох бололцоог хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл, “нэг намын хурал хуралдах гэж байна”, “хүний тоо гүйцээх зорилгоор насанд хүрээгүй хорооны иргэн биш хүнийг оролцуулсан”, “хорооны Тэргүүлэгчид нэр дэвших хүсэлтэй байсан боловч хуралдаанд оролцуулаагүй”, “хуралдаан больсон учир 21-ний хурлын зарыг тараах хэрэггүй” гэх зэрэг гэрч Э.Ц , Ц.А , Р.Т , С.Б , Д.А , Я.Э , Б.У нарын мэдүүлгээр тогтоогдож, иргэдийг төөрөгдүүлэх байдалд оруулсан, хуралдаанд оролцох сонирхол бүхий иргэдийг оролцох боломжоор хангаагүй хууль бус хуралдаан болсон, нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг хангаагүй учир дахин тус хорооны иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулах нь зүйтэй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” 16 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 02 дугаар, “Иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 03 дугаар, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, тус хорооны иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлан, хуульд заасны дагуу явуулахыг иргэдийн Нийтийн Хурлын дарга /О.И /, Тэргүүлэгчдэд /Г.Д , Э.А , Ц.А , С.Б / даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.7, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-А , Д.Ц нарын гаргасан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай” 16 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгон батлах тухай” 02 дугаар, “Иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 03 дугаар, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, тус хорооны Иргэдийн Нийтийн хурлыг дахин зарлан явуулахыг 19 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА