Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 241

 

С.Өлзийбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Бурмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж, П.Сарантуяа,

Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 500 дугаар магадлалтай 2014250004731 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж, П.Сарантуяа, А.Ариунаа нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1977 онд төрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй Боржигин овогт Самдандовжидийн Өлзийбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан “Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар С.Өлзийбаярт прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, С.Өлзийбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 01 сарын хорих ял шийтгэж, эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Өлзийбаяраас 91.665.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Нарангэрэлд олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар С.Өлзийбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж найруулан, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Өлзийбаяр түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж, А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч Н.Жамъяндорж, П.Сарантуяа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Өлзийбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анх казино тоглохыг Ц.Нарангэрэл 2012 оны 05 сараас зааж өгсөн. Казино тоглож байгаад өөрийн эргэлтийн мөнгөө алдсан. Тухайн үед Ц.Нарангэрэл “Чи эргэлтийн мөнгөгүй болчихлоо, эргэлтийн мөнгөө олох хэрэгтэй” гээд надад 10.000 доллар өгч надад тоглуулсан. Ц.Нарангэрэл “чиний эргэлтийн мөнгө өнгөрсөн, миний эргэлтийн мөнгийг олъё” гээд хамт тоглож хэдэн сая төгрөг алдсан. Ц.Нарангэрэлээс Монгол улсад хүнээр дамжуулж ямар ч мөнгө аваагүй, мөнгө төгрөг өгсөн гэх баримт байхгүй. Намайг хэрэгт унагаах гэж өөрийн ажилтан болох нөхөр, хүүхдүүдээрээ худал мэдүүлэг өгүүлсэн. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан Сиди-ний бичлэгийг нотлох баримт гэж үзэж байгаад гайхаж байна. Бичлэгийг хууль бусаар хийсэн тул нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Би ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдээгүй, тоглож алдсан мөнгөө иргэний журмаар төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...С.Өлзийбаярыг Ц.Нарангэрэлээс 2011 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20.000 доллар залилан мэхэлж авсан нь хохирогч Ц.Нарангэрэл, гэрч Т.Батцэцэг нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж шүүх дүгнэсэн ба Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын лавлагаагаар 2011 оны 09 дүгээр сарын 26-нд ялтан С.Өлзийбаяр, хохирогч Ц.Нарангэрэл нар БНСУлс руу цуг явсан байдаг. Цуг явж байсан хүмүүс урд өдөр нь мөнгө хүнээр дамжуулж өгөх шаардлагатай байсан эсэх нь эргэлзээтэй юм. С.Өлзийбаярыг хохирогч Ц.Нарангэрэлээс мөнгө авч байхыг харсан нэг ч гэрч байхгүй мөнгө авсан болохыг нотолсон нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй байх ба хохирогч Ц.Нарангэрэлийн нөхөр болох гэрч Ц.Батхуяг, хүү болох гэрч Б.Чагнаадорж, найз болох гэрч Т.Лхасүрэн, Ё.Эрдэнэчимэг, Ц.Алтангэрэл нарын “Ц.Нарангэрэл С.Өлзийбаярт мөнгө өгсөн байх, өгч авч байхыг хараагүй, тэр 2 мөнгөний маргаантай байсан” гэх таамаглалд үндэслэсэн мэдүүлгүүдийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсгийг зөрчиж байна. Ц.Нарангэрэлийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдоогүй мэдүүлгийг үнэн зөвд тооцсон атлаа ялтан С.Өлзийбаярын гэм буруутай нь эргэлзээтэй эсэхийг нотолсон гэрч Г.Мөнхтүвшин, Ш.Наранцэцэг, Г.Бат-Эрдэнэ, А.Батбаяр, М.Ардак нарын мэдүүлэг, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын лавлагаа зэрэг нотлох баримтыг үнэлээгүй нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Ялтан С.Өлзийбаярын хохирогч Ц.Нарангэрэлийг хуурч мэхэлж итгэлийг нь эвдсэн субьектив санаа зорилго нь мөн ямар үйлдлээр нотлогдож байгааг мөрдөн байцаалтын шатанд шалгаж, нотолж чадаагүй шүүх дүгнэж чадаагүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан гэрч Г.Мөнхтүвшин, Ш.Наранцэцэг, Г.Бат-Эрдэнэ, А.Батбаяр, М.Ардак нарын мэдүүлэг, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар ялтан С.Өлзийбаяр, хохирогч Ц.Нарангэрэл нар нь хамтран бизнес эрхэлж байсан, нууц амрагийн харьцаатай байсан, БНСУлсын казинод байнга хамт тоглодог байсан нь нотлогддог бөгөөд хохирогч Ц.Нарангэрэл нь ялтан С.Өлзийбаяртай хамт казино тоглож их хэмжээний мөнгө алдсан нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм. Хэрэв үнэхээр ялтан С.Өлзийбаярыг мөнгө зээлж аваад өгөөгүй гэж дүгнэж байгаа бол хэдэн төгрөг хаана өгч авсан болох мөнгөө өгөхгүй гэсэн субьектив санаа зорилго ямар үйлдлээр илэрч байгаа талаар хохирогч Нарангэрэлийн мэдүүлгээр бус бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлох шаардлагатай юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлэлгүй хэрэгт цугларсан нотлох баримтаас нэг талыг баримтлан үнэлж, гэм буруугүй гэсэн шүүгдэгч талын хүсэлт, гомдол, гаргасан нотолгоог шүүхийн, хэлэлцүүлэгт бүрэн хамруулалгүй орхигдуулсан. Ц.Нарангэрэлийг залилсан гэх үйлдэлд хохирогч эх сурвалжаа зааж чадаагүй. Ц.Нарангэрэлийн өөрийн болон нөхөр хүүхэд, найз нөхөд, түүний удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлгийг шууд нотлох баримт болгосон. Эдгээр хүмүүсийн мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг болгон үнэлж дүгнэн С.Өлзийбаярыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрж байгаагаар зогсохгүй худал мэдүүлэг өгсөн нь хавтас хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдож байна. Мөн залилан мэхлэх гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг тогтоогоогүй. Тухайлбал гэмт хэргийн сэдэлт гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хангалттай нотлогдоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “...Хэрэгт цугларсан нотлох баримт, түүнд түшиглэсэн шүүхийн дүгнэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүн болох обьект, субьек, обьектив, субьектив талаас нь ангилан тогтоож чадаагүй, хохирогчтой эрх, ашиг сонирхол нэгтэй гэрчүүдийн шууд бус мэдүүлэгт тулгуурласан, яллах болон цагаатгах талын баримтыг тэгш байдал, мэтгэлцэх зарчимд тулгуурлан тогтоогдоогүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзнэ. С.Өлзийбаяр Ц.Нарангэрэлийн мөнгийг өөртөө авахын тулд зорилготойгоор бодит байдлыг гуйвуулсан, нуун дарагдуулах арга хэрэглэсэн, зохиомол үйл баримтыг бий болгосон арга хэрэглээгүй байна. Энэ нөхцөлүүдийг нотолсон баримт ч хэрэгт авагдаагүйгээс үзэхэд хэргийн обьектив байдал тогтоогдоогүй. Залилангийн гэмт хэргийн бүрэлдэхүүн, түүнийг зохицуулж байгаа хуулийг хэрэглэх, агуулгын мөн чанарт тохирсон, эргэлзээгүй дүгнэлтийг хоёр шатны шүүх хийж чадаагүй гэж үзэж байна. Мөн хохирогчийн итгэл эвдэх ямар аргыг шүүгдэгч хэрэглэснээр залилангийн гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдсан талаар шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдаагүй нь шүүгдэгчийн гэм бурууг тодорхойлсон шууд нотлох баримт байхгүйтэй холбоотой гэж үзнэ. С.Өлзийбаярт холбогдох хэргийг прокурорын хяналтын шатанд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргаж байсан. Хохирогч Ц.Нарангэрэл хэргийг шударгаар шийдвэрлэсэн прокурорын бүрэн эрхэд халдаж, хууль бус шийдвэрлэлээ хэмээн элдэв байдлаар гүтгэдэг, зохиомол гэрчүүдийг татан оролцуулдаг, бусадтай гэр бүлийн харьцаатай, мөрийтэй тоглож мөнгө алдсанаа гэр бүлийн гишүүдийнхээ өмнө нуух зорилгоор С.Өлзийбаярыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн, түүнийг гэр бүл болж амьдраагүйд нь хорсож, шүүгдэгчийн амьдралыг үрэн таран хийсэн, мөрийтэй тоглоомд алдсан мөнгөө олж авахын тулд бүхий л аргыг хэрэглэж ирсэн нь эрүүгийн хэргээс харагддаг. Ер нь энэ асуудалд хохирогчийн шууд буруутай байдал нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон үйл баримтаар түүний гэм бурууг шууд бус нотлох баримтаар нотлох гэж оролдсон, зохиомол хэрэг байх магадлалтайг шүүх бүрэлдэхүүн онцгойлон анхаарч, нягталж үзэхийг хүсье. Эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүний аль нэг нь байхгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үйлдсэнд тооцдоггүй, хэргийн нөхцөл байдлын шинж чанараас шалтгаалан хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэр гаргах зарчмыг шүүх хэрэглэсэнгүй. Шүүх нэг талын гэрчүүдийн мэдүүлгийг нотолгоо болгон яллах, таамаглан буруутгах замаар хуулийн агуулгаас зөрүүтэй байдлаар хэргийг шийдвэрлэснээрээ шүүхийн шийдвэр хуульд нийцсэн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Гэрч Т.Батцэцэг, түүний төрсөн эх Т.Тунгалагсайхан нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, хохирогч их хэмжээний мөнгийг бусдад өгөхдөө заавал хүнээр дамжуулж тойрог хэлбэрт оруулдаг, тэгсэн хирнээ маргааш өглөө нь онгоцоор хамт нисдэг, шүүгдэгчийг танихгүй шахам хүн их хэмжээний хүний мөнгийг ямар ч баримт үйлдэлгүй шууд өгсөн гэх мэдүүлгүүд нь хохирогчийн зүгээс мөнгө өгснөө нотлох зорилгоор явуулж буй үйл баримт гэж үзэж байна. Насанд хүрээгүй гэрч Т.Номуныг асуухдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл энэ хэргийн гол санаачилгыг гаргаж байгаа, гэрч Б.Чагнаадоржийг байлцуулан мэдүүлэг авсан нь байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа болжээ. Түүний мэдүүлэг ч насанд хүрээгүй хүүхдийн мэдүүлэг гэж үзэхээргүй тэмдэглэгдсэн байна. Энэ мэтээр гэрч бүрийн мэдүүлэгт анализ хийж үзвэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, 318 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Хохирогчийн хань хамсаатан болох гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгчийг залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон гэж хоёр шатны шүүх дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. С.Өлзийбаярын эхнэр Б.Оюунгэрэлийн гэрчийн мэдүүлэг өгөхдөө хохирогч Ц.Нарангэрэл нөхөртэй нь олон жил явалдаж, гэр бүл салж, сарнихдаа хүрсэн, түүнтэй утсаар холбогдож, хэрүүл маргаан хийж байсан талаар мэдүүлэг өгснийг яллах дүгнэлтээс хасаад зөвхөн мөрдөн байцаагчаас хөтөлсөн асуулт болох 2012 онд С.Өлзийбаярын нэр дээр байр, машин байсан эсэх асуултын хариуг шүүгдэгчийн эсрэг мэдүүлэг болгосон нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчсөн алдаа гэж үзнэ. С.Өлзийбаярыг гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон гэж үзсэн тохиолдолд хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах, давхар нотлогдож байгаа эсэхийг шалгах, хохирогч гэх Ц.Нарангэрэл нь С.Өлзийбаярт 10.000 ам.доллар, 26.030.000 воныг Солонгос улсад байхдаа өгсөн талаар нотлох баримт огт байдаггүй. Энэ талаар гаалийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тодруулах зэрэг олон асуудлыг нэг зүгт оруулж байж хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай юм. Хэрэгт нотлох баримтаар авагдсан CD нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй баримт юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, С.Өлзийбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь гэрчүүд болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон. Их хэмжээний буюу 15.000-20.000 долларыг танихгүй хүнтэй гудамжинд таараад “шүүгдэгчид өгөөрэй” гээд өгдөг асуудал амьдрал дээр байх боломжгүй. Мэдээж таньдаг хүмүүсээр нь дамжуулж их хэмжээний мөнгө өгнө. Гэрчүүд шүүгдэгч, хохирогч нарыг дотно харилцаатай байсан, казино тоглодог байсан гэдгийг мэдүүлдэг. Тухайн үед ямар ч баримтгүйгээр 100.000.000 төгрөгтэй тэнцэх валют өгсөн байдаг. Энэ хувийн дотно харилцаа нь хохирогчийг төөрөгдүүлэх, итгэлийг эвдэх, хуурч мэхлэх арга болжээ гэж үзэх үндэслэлтэй. Хэрэгт авагдсан CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэгээг үзэхэд хохирогч нь баримтгүй өгсөн мөнгөө баримттай болгохын тулд асуулт асуугаад, авсан мөнгөнийх нь тоог хэлүүлээд байсан. Нотлох баримтуудад үндэслэн шүүх дүгнэлт гаргасан, хэргийн бүрдэл хангагдсан. Хэргийн зүйлчлэл тохирсон,  шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

С.Өлзийбаяр нь хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Ц.Нарангэрэлээс 2011 оны 09 дүгээр сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд  олон удаагийн үйлдлээр 100.288.900 төгрөгтэй тэмцэх америк доллар болон БНСУ-ын воныг залилан мэхэлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн хохирогч нь гэм буруутай этгээдэд итгэж буюу хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө болон түүнийг эзэмших эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байхыг ойлгох ба хохирогчийн итгэлийг эвдэх замаар залилан мэхлэх гэмт хэргийг гэмт хэрэгтэн хохирогчийн итгэлийг олж авсан тэдгээрийн хоорондын харилцааг урьдаас төлөвлөн үүсгэж, итгэл үнэмшлийн үндсэн дээр буй болсон өөрийн үүргээ гэмт хэрэгтэн үл биелүүлэх аргаар үйлддэг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.Өлзийбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч С.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж, А.Ариунаа нарын “хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 500 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч С.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж, П.Сарантуяа, А.Ариунаа нарын хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Т.УРАНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧ                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН