Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00303

 

Ж.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 538 дугаар шийдвэр,  

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00123 дугаар магадлалтай,

Ж.С-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн С сумын Х Ц-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 465.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьездын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: С сумын Х Ц-ийн эрхлэгчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б\15 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даянгийн 1, 6 дугаар багийн Гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд томилогдсон. Өнгөрсөн хугацаанд хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогч 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг өгнө үү гэхэд одоо хүртэл тушаалыг өгөөгүй. Харин бодит байдалд би одоо ажлаа хийхгүй гэртээ байна.

Иймд урьд эрхэлж байсан гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор 465.000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн С сумын Х Ц-ийн эрхлэгч Ө.Г-шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь эрхлэгч ажлаас чөлөөлсөн тушаалаа өгөхгүй, ажлаас хууль бусаар чөлөөлсөн гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Туслах тогоочийн албан тушаал нь Төрийн үйлчилгээний албан тушаалд хамрагдах бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т зааснаар Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал юм. Түүнчлэн уг албан тушаал нь хүүхдийн тоо хүрэлцээтэй, орон байр нь бэлэн, төсөв төлөвлөгөө нь батлагдсан нөхцөлд зуны улиралд 1-ээс 2 сар гаруй ажилладаг улирлын чанартай ажил учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д зааснаар улирлын болон түр ажлын байранд хөдөлмөрийн гэрээний хугацааг тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар байгуулах ёстой байсан. Гэтэл Ж.С- нь одоо хүртэл цэцэрлэгийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгаа нь хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, улирлын чанартай ажил учраас 2016 оны зуны цэцэрлэгт ажилласан бүх багш, ажилчдыг уг ажлын үргэлжлэх хугацаа дууссан өдрөөс буюу 2016 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн ажлаас нь чөлөөлсөн. Үүнийг Ж.С- мэдэж байгаа. Нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалтад зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заажээ. Гэтэл тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х.Табысханы Ж.С-ийг Ажилд бүр томилох тухай гээд гаргасан 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар тушаал нь өөрөө хууль бус гарсан байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд заасан эрхлэгчийн эрх, үүргийг далимдуулан аль хэдийнээ хүчингүй болсон Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг үндэслэсэн, улирлын чанартай 1-2 сар үргэлжлэх ажилд бүр томилох тухай гээд тушаал гаргасан атлаа Ж.С- нь ямар ч хөдөлмөрийн гэрээгүй жилд 1-2 сар ажиллаад цалинждаг бусад үед ажилладаггүй, цалин хөлс авдаггүй.

Иймд Ж.С-ийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн албан тушаалд эгүүлэн томилуулахаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 538 дугаар шийдвэрээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан Ж.С-ийн Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даянгийн 1, 6-р багийн гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 465000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлд төлөн 14.606 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00123 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 14.606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Нэхэмжлэгч Ж.С- нь Баян-Өлгий аймгийн С сумын Х Ц-ийн эрхлэгчийн 2012 оны 3 сарын 13-ны өдрийн “Ажилд бүр томилох тухай" Б\15 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даянгийн 2, 6 дугаар багийн Гэр цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд томилогдон үүнээс хойш тус гэр цэцэрлэгт 5 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байсан. Ж.С- нь тус байгууллагад ажиллаж байхад эрхэлсэн ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаагүй, арга хэмжээ авахуулаагүй. Гэтэл ажил олгогч түүний туслах тогоочийн ажлыг 2017 оны 6 сарын 21-ны өдөр А.Саят гэдэг хүнд хүлээлгэн өгч түүнийг ажилгүй болгон хохироосон үйлдэл гаргасан. Ажил олгогч нь С сумын Х Ц-ийн эрхлэгчийн 2016 оны 10 сарын 05-ны өдрийн Б\24 дугаартай тушаалаар Ж.Серкигүлийг 2016 оны 10 сарын 01-нээс эхлэн ажлаас чөлөөлсөн үйл баримтыг хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд өгсөн хариу тайлбарт хавсаргасан үед мэдлээ. Энэ тушаал бол хуурамч тушаал. Учир нь Ж.С- нь улирлын чанартай буюу гэр цэцэрлэгт туслах тогоочийн ажлыг хийж байсан нь үнэн боловч нь гүйцэтгэж байсан ажил үүрэг нь 2017 оны 6 сарын 15-наас дахин үргэлжлэн явагдах тул түүнийг үүрэгт ажлаас нь бүрмөсөн чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу улирлын чанартай ажлын үргэлжлэх хугацаа нь дууссан тул ажил олгогч болон ажилтан нарын хоорондын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж хууль зүйн үндэслэлээр чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг ноцтой зөрчиж байна. Ажлын байр нь хэвээр нь хадгалагдаж байгаа, орон тоо нь хасагдаагүй жилтныг ямар ч шалтгаангүй үүрэгт ажлаас чөлөөлж буй ажил олгогчийн үйлдэл нь хууль бус гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Ж.С-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд зөвхөн хариуцагчийн эрх ашгийг илүүд үзэж, нэг талыг барьж, хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг ноцтой зөрчиж байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ж.С- Баян-Өлгий аймгийн Сагсай сумын цэцэрлэгт туслах тогоочийн ажилд тогтоолгох нэхэмжлэлийг тус цэцэрлэгт холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Ж.С-ийг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 5/15 тоот тушаалаар туслах тогоочоор ажиллуулахаар шийдвэрлэснээс хойш тэрээр тус цэцэрлэгт улирлын чанартай ажлыг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон байна. Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх ба 2016 оны 10 дугаар сар хүртэл ажилласан үед цэцэрлэгийн эрхлэгч мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр Б/24 тоот тушаал гаргаж Ж.С-ийг ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.С- 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бус 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс туслах тогоочийн ажлаас чөлөөлөгдсөн гэх боловч уг үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаархи хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 538 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00123 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Съездын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 14.610 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ