Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 527

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Батчулуунд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор С.Болорчулуун,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Батчулуун, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Батчулуунд холбогдох эрүүгийн 201526030852 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Батаагийн Батчулуун, 1969 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 10 дугаар гудамжны 186 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НЛ69030470/,

 

Б.Батчулуун нь 2015 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Буянт-Ухаа 2” хорооллын хойд талд байрлах “Дако” ХХК-ийн эзэмшлийн хашаан доторх гэрт Л.Энхболдыг “Сандлаар цохиж гэмтээлээ” гэж маргалдан улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Батчулууны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Батчулууныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батчулуунд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Батчулууны цагдан хоригдсон 223 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Батчулуун нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Б.Батчулуунд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2017 оны 5 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Батчулуун, түүний өмгөөлөгч А.Дулмаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолд “Б.Батчулуун нь Л.Энхболдыг гэртээ амарч байхад шөнийн 01 цагийн орчим хүн орж ирэхэд Б.Батчулуун болохыг танилгүй “юу хулгай хийх гэж байна вэ” гэж сандлаар цохисны дараа Б.Батчулуун хохирогчийг хутгалсан болох” нь нотлогдож байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Нөгөө талаар Прокурорын яллах дүгнэлтэд “яллагдагч Б.Батчулуун нь хүргэн ах Л.Энхболдыг “сандлаар цохиж гэмтээлээ” гэж маргалдан, хувийн сэдэлтээр түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж ялласан байдаг. Гэтэл мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгээр Б.Батчулуун нь Л.Энхболдыг сандлаар цохисон гэж маргалдсан болох нь тогтоогдоогүй. Хохирогч Л.Энхболд согтуу унтаж байсан, гэрт нь хүн орж ирэх чимээнээр сэрж “юун хүн бэ, хулгай хийх гэж байна уу” гээд хажуудаа байсан сандлыг аваад Б.Батчулууны толгой руу гэнэт цохисон, нэг биш хэд хэдэн удаа цохисон, 3 килограмм 380 грамм жинтэй 30,5 см өндөртөй 37,5 см урттай зузаан модон тавцантай сандлаар толгойн хэсэгтээ гэнэт цохиулсан шүүгдэгч Б.Батчулуун нь өөрийгөө хамгаалахын тулд ийм байдалд хүрсэн, энэ асуудал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн байдаг. Энэ тухай хохирогч Л.Энхболдын удаа, дараагийн мэдүүлэгт маш тодорхой байгаа. Л.Энхболдын хохирогчоор байцаасан мэдүүлэгт “Ямарч байсан Батчулуун намайг өөрийг нь харанхуйд сандлаар цохих үед миний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалчихсан байсан, эхлээд би сандлаар цохисон...” /хх-ийн 36-38/ “...2015 оны 9 дүгээр сарын 21-22 нд шилжих шөнө 01 цагийн орчим тухайн үед гэрт гэрлээ унтраасан байсан ч бүдэг гэрэлтэй байсан, би эхэндээ гэрт Батчулууныг орж ирсэн болохыг мэдээгүй, би шууд “чи юун хүн бэ?, юу хулгай хийх гээд явж байгаа хүн бэ?” гээд сайн харж чадалгүй нойрмог босоод хажуудаа байсан жижиг сандлыг аваад тэр орж ирсэн хүний толгой руу цохисон. Гэтэл Батчулуун миний цээжний зүүн хэсэгт хутгалаад амжсан байсан, яг хутгалуулах үед надад өвдөлт мэдэгдээгүй, учир нь уг үйл явдал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн...” /хх-ийн 82-84/ “...Гаднаас хүн ороод ирэхээр орноосоо босоод “юун хүн бэ“ гэж хэлээд хажуудаа байсан жижиг сандлыг аваад гэрлээ асаахаасаа өмнө гартаа барьж байсан сандлаар Батчулууны толгой руу цохичихсон. Тэгээд гэрлээ асаатал Батчулуун байсан, Батчулуун миний цээжний зүүн хэсэгт хутгалчихсан байсан, энэ үйл явдал тэр дороо маш хурдан болж өнгөрсөн...” гэсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт байдаг ба хохирогч Л Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт энэ мэдүүлгээ өгсөн.

Иймд Б.Батчулууны үйлдэлд Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын байдалд өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалахаар Л.Энхболдын, түүний толгойн хэсэг дух, зулай зовхинд хүнд модон сандлаар гэнэт хэд хэдэн удаа цохисон үйлдлийн эсрэг хийгдсэн аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа ба өөрийн амьд явах болон халдашгүй чөлөөтөй байх эрхийн хүрээнд хийгдсэн, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцад халдагч этгээдийн биед гэмтэл учруулсан гэж үзэж байна. Аргагүй хамгаалалтын нэг үндсэн шинж бол өөрийгөө болон бусдыг аюултай халдлагаас хамгаалах зайлшгүй нөхцөл тохиолдол учирсан байхыг шаарддаг, аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь нийгэмд аюултай довтолгоо халдлага бодитойгоор хийгдсэн, хийгдэх нь тодорхой байгаа нөхцөлд байдалд хэрэгжих боломжтой гэж тайлбарласан байдаг. Л.Энхболд нь “гэрээс хулгай хийх гэлээ” гэж Батчулууны толгой руу модон сандлаар хэдэн удаа цохиж амь биед аюултай халдлага хийсэн. Тухайн довтолгоо эхэлсэн, тодруулбал халдлага бодитой хийгдсэн цаг үед хамгаалалт хийсэн болохыг хохирогч Л.Энхболдын өөрийнх нь удаа дараа, өгсөн уг асуудал маш хурдан хугацаанд болж өнгөрсөн тухай удаа дараагийн мэдүүлэг нотлодог юм. Нөгөө талаар энэ хохирогч шүүгдэгч буюу довтлогч хамгаалагч 2 этгээдийн хүчний харьцаа, харьцуулж харахад Л.Энхболд нь Б.Батчулуунаас биеэр өндөр том, өмнө барилддаг байсан, спортын хүн, довтлогч Л.Энхболд нь гэрт хүн орж ирснийг мэдээд, түүнийг ойртон ирэх үед сандал аваад толгой руу нь цохисон, тодруулж хэлэхэд довтлогчийн бэлтгэсэн байдал, гэнэт түүнд халдсан толгой руу нь цохисон зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.

Хохирогч Л.Энхболд “хулгайч орж ирлээ” гэж түүнийг өөртөө ойртон ирэх үед зориуд сандал авч түүний толгой руу гэнэт хүчтэй цохисон, энэ гэнэтийн довтолгооноос Батчулуун нь өөрийгөө хамгаалахын тулд түүнд халдсан, “Аргагүй хамгаалалт”-ын хүрээнд хийгдсэн үйлдэл гэж үзэж байгаа тул Б.Батчулуунд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэжээ.  

Улсын яллагч С.Болорчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад сандлаар цохисоноос хойш тодорхой хугацаа өнгөрсөн байдаг. Тухайлбал шүүгдэгч унах явцдаа ширээн дээрээс хутга авч хохирогчийг хутгалсан. Мөн хохирогч Энхболдын гэрт Б.Батчулуун зөвшөөрөлгүй, орон байрны халдашгүй эрхийг зөрчиж орж ирэхэд гэрээс нь хулгайч эд зүйл хулгайлах гэж байна гэж бодож аргагүй хамгаалалт хийн, орж ирсэн хүнийг сандалаар цохисон үйлдэл хийхэд нь шүүгдэгч Б.Батчулуун зөрүүлж хутгалсан. Дээрх байдлаас үзвэл хохирогчийн хийсэн аргагүй хамгаалалтын үйлдлийг няцаах зорилгоор Б.Батчулуун нь шууд санаатай үйлдлээр хохирогч Энхболдыг “намайг цохилоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас хутгалж, бие махбодид нь  гэмтэл учруулсан. Аргагүй хамгаалалт нь довтолгоо өрнөж байхад няцаах зорилгоор хийгддэг. Гэтэл довтолгоо өрнөөд дуусчихсан, Б.Батчулуун унахдаа ширээн дээр байсан хутгыг эргэж хараад авч байгаа асуудал нь цаг хугацааны хувьд аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Батчулуун нь 2015 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Буянт-Ухаа 2” хорооллын хойд талд байрлах “Дако” ХХК-ийн эзэмшлийн хашаан доторх гэрт Л.Энхболдыг “Сандлаар цохиж гэмтээлээ” гэж маргалдан улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Б.Батчулуун мөрдөн байцаалтын шатанд “...Би 2015 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө хүргэн ах Л.Энхболдын гэрт нь шөнийн 01-02 цагийн хооронд айраг байвал уух санаатай ортол намайг “чи юу хулгай хийх гэж байгаа юм бэ, хар шөнө гэрт орж ирээд” гэхээр нь “би таниас юугаа авдаг юм” гэж хэлсэн. Энхболд ах намайг сандлаар толгойн тус газар нэг удаа цохихоор нь би ширээн дээр байсан хутгыг аваад цээжнийх нь зүүн хэсэгт нь нэг удаа хажуугаас хутгалсан. Би түүнийг өөрийн эгч Г.Эрдэнэчимэгээс салсан, хамт амьдардаг байх хугацаандаа таарамжгүй байсан зэргээс болж өс хонзон санаж ахыг хутгалаагүй, тийм үйлдэл хийх шаардлага надад байхгүй. Харин Л.Энхболд ах намайг гэрт нь ороход “юун хүн бэ, юу хулгай хийх гээд явж байгаа юм” гээд сандлаар эхлээд цохихоор нь би зөрүүлээд хутгалсан. Мөн миний толгой руу Энхболд ах сандлаар цохиод толгойд хөнгөн гэмтэл учруулсан...” /1-р хх-ийн 77-78/, “...Тэгээд Энхболд ах орноосоо босч ирээд хажуудаа байсан жижиг, намхан, шар өнгийн модон сандлаар миний толгойн тус газар цохисон. Тэгэхээр нь би согтуудаа гарт таарсан хутгыг аваад Энхболд ахын цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би тэндээсээ явсан. Одоо миний хувьд Энхболд ахад гомдол санал байхгүй. Хар иштэй хутган дээр миний хурууны хээ байсан үгүйг мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 142-143/, “...Би Энхболдод цохиулснаас гар гэмтээгүй. Уг асуудлаас өмнө би худаг дээр халтирч унаад зүүн гарынхаа шууг гэмтээж байсан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хүргэн ах Энхболдын гэр гэрэлтэй байсан. Хүргэн ах Энхболд нь хажуу талдаа байсан шар өнгийн модон сандлыг аваад миний толгой руу хоёр удаа цохисон...” /2-р хх-ийн 181-182/,

 

хохирогч Л.Энхболд мөрдөн байцаалтын шатанд “......Манай гэрт Б.Батчулуун шөнө 01-02 цагийн үед ганцаараа согтуу орж ирсэн. Тухайн үед би гэртээ ах Жаргалын хамт байсан ба ах Л.Жаргал баруун талын орон дээр согтуу унтаж байсан. Намайг унтаж байхад гаднаас хүн орж ирэхээр нь орноосоо босоод “юун хүн бэ” гэж хэлээд хажуудаа байсан жижиг сандлыг аваад Б.Батчулууныг гэж танилгүй толгой руу цохичихсон. Тэгээд гэрлээ асаатал Б.Батчулуун зогсож байсан. Харин Б.Батчулуун манай гэрийн хүнсний бүтээгдэхүүн хэрчихэд хэрэглэдэг хар өнгийн хутгаар миний цээжний зүүн хэсэгт нэг удаа зөрүүлээд хутгалчихсан. Тэгээд Б.Батчулууныг “чи яаж байна” гэтэл над руу дахин нэг дайрах гэснээ болиод гэрээс гараад зугтаахаар нь би ах Л.Жаргалыг сэрээгээд түргэн тусламж дуудуулсан. Б.Батчулуун орой манай гэрт орж ирээд архи ууж байхдаа хутгатай байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Сүүлд шөнө орж ирэхдээ гэрээс авсан байх. Би тэр хутгыг гэрийн яг хаана байсныг анзаарч хараагүй...” /1-р хх-ийн 39/, “...Манай тэр хавьд барилга баригдаж байсан тул 2-3 краны том том гэрэлнүүд гэрийн тооноор орой тусдаг. Гэрлээ унтраасан ч гэсэн гэр дотор гэрэлтэй юм шиг харагддаг. Тийм болохоор Б.Батчулуун гэрэлтэй байсан гэж бодож хэлсэн байх. Би тухайн үед гэрлээ асаагаад харахад цус гарч байсан. Тэгээд би түүнд “чи намайг ингэж байхдаа яадаг юм бэ” гэхэд Б.Батчулуун гэрээс гараад гүйсэн. Хутгаа аваад гарсан байх, манай гэрт тэр үед айраг байсан боловч Батчулууныг орж ирэхээс өмнө уугаад дуусгасан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /2-р хх-ийн 157-158/,

 

гэрч А.Цэвэлмаа мөрдөн байцаалтыг шатанд “...2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би ах Энхболдын гэрт ээж Ичинхорлоо, эцэг Жаргал нарын хамт очсон юм. Бид нар 1 шил 0.75 литрийн хэмжээтэй архи авч очсон. Л.Энхболд ахынд хамгаалагчийн эрээн хувцастай, 40 орчим насны хүн орж ирсэн. Тэр залуу өөрийгөө урд талын барилгад хамгаалагчийн ажил хийдэг гэж танилцуулаад бид нарын ууж байсан архинаас уусан. Бид нар авч очсон архи, пиво бүгдээрээ хувааж уусан. Л.Энхболд ахын гэрт ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Бид орой харанхуй болоход явцгаасан. Харин манай аав Жаргал Энхболд ахын гэрт унтана гээд үлдсэн. Ээж бид хоёр сүүлд ирсэн хоёр залуугийн хамт явсан. Нөгөө хамгаалагч залуу ажил руугаа явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэх юм алга, сүүлд Энхболд ахаас сонсоход нөгөө хамгаалагчийн хувцастай залууд хутгалуулсан гэж байсан...” /1-р хх-ийн 48-49/,

 

гэрч Л.Жаргал мөрдөн байцаалтын шатанд “...Гэтэл шөнө унтаж байтал Энхболд намайг татаж сэрээгээд “Батчулуун намайг хутгалчихлаа” гээд цээжээ гараараа дараад зогсож байсан. Би сандарч босоод “Батчулуун хаана байна” гэж асуухад “гараад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд Энхболд бид хоёр түргэн тусламж, цагдаа дуудсан. Удалгүй түргэн тусламж болон цагдаа нар ирээд Батчулууныг гэрийн ойролцоогоос олоод аваад явсан. Энхболдынд хар иштэй хутга байдаг. Түүнийгээ Энхболд хоол хийхдээ байнга хэрэглэдэг. Энхболдыг хутгалуулсны дараа гэрт нь энэ хутга харагдаагүй. Би Батчулууныг ямар шалтгааны улмаас дүү Энхболдыг хутгалсан талаар мэдэхгүй байна. Намайг унтаж байхад болсон асуудал юм. Би ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болсон чимээ сонсоогүй, Энхболд л өөрөө намайг сэрээсэн...” /1-р хх-ийн 130-131/,

 

гэрч Г.Батсүх мөрдөн байцаалтыг шатанд “...Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдаж буй Буянт-Ухаа 2 хорооллын барилгад ажилладаг байсан. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 21-ний орой Батчулуун нь Энхболдын гэр рүү 17 цагийн үед явсан. Би 19 цагийн үед Батчулуун руу залгаж “хаана байна, одоо хүрээд ир” гэхэд тэрээр согтуу хоолойгоор “одоо очлоо” гэж хэлсэн боловч ирэлгүй шөнө 00-01 цагийн хооронд ирэхдээ дух болон зүүн нүднийхээ дээд хэсэгт бага зэрэг язарсан шархтай, нилээн согтуу ирсэн. Биеийнх нь өөр бусад хэсэгт ил харагдах шарх байхгүй байсан. Цагдаа нар ирээд түүнийг явах гэж байхад нь аваад явсан. Батчулуун Энхболд гэх хүнийг хутгалсан хэрэгт холбогдсон байсан. Тэрээр ажилдаа ирэхдээ биедээ ямар нэгэн хутга авч яваагүй байсан...” /1-р хх-ийн 132/,

 

Шинжээч эмч М.Отгонбаатар мөрлөн байцаалтын шатанд “...Энхболдын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр Л.Энхболдын биед хүнд гэмтэл тогтоогдсон. Түүний биед учирсан гэмтэл нь цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хурц ир үзүүртэй зүйл гэдэгт төрөл бүрийн хутга болон бусад ир үзүүртэй зүйл хамаарна. Уг гэмтэл нь учрах үедээ хүний амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." /1-р хх-ийн 65/,

Шинжээч эмч Г.Батцэнгэл мөрдөн байцаалтын шатанд “...Ахмад Г.Гэрэлбатын хамт үзлэгийн явцад хохирогч Энхболдыг хутгалсан гэх хутгыг хэрэг болсон хашаанаас 50 метрийн тойргийн радиуст эрж хайж ажиллахад хашааны буюу хэрэг болсон газраас ертөнцийн зүгээр баруун урд талаас хар өнгийн иштэй нэг ширхэг хутгыг газраас илрүүлсэн. Хутганы иш нь бага зэрэг чийгтэй болчихсон байсан. Уг хутгыг Г.Гэрэлбат мөрдөн байцаагч эд мөрийн баримтаар хураан авсан. Гарын мөр илрүүлэхээр хутганы ишинд “сажа” гэх нунтаг түрхэж үзсэн боловч гарын мөр илрээгүй тул энэ талаар тэмдэглэлд тусгаагүй, уг хутга хар өнгийн иштэй байсан...” /1-р хх-ийн 174-175/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Л.Энхболдын биед “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай, цээжинд цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц, ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болохыг тогтоосон шинжээчийн 13830 тоот дүгнэлт /1-р хх-ийн 53/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “2015 оны 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын хойд талд байрлалтай задгай тоотод Б.Батчулуун нь согтуугаар иргэн Энхболдын цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх хэргийн 1, 2, 3 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 1 дугаартай гарын мөр нь сэжигтэн Б.Батчулууны зүүн гарын долоовор хуруугаар дарагдсан байна. Харин шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд нь сэжигтэн Б.Батчулууны гарын хээний дардас болон санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Харьцуулах загвараар ирүүлсэн Б.Батчулууны гарын хээний дардас нь эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байгаа.” болохыг тогтоосон шинжээчийн 05/012 тоот  дүгнэлт /1-р хх-ийн 136/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Б.Батчулууны биед “дух зулайд няцарсан шарх, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах.” болохыг тогтоосон 13800 тоот дүгнэлт /1-р хх-ийн 56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Батчулууны гэх рентген зургаар зүүн шуу ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн шуу ясны хуучин хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй ба 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэгээр зүүн шуу хэсэгт ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй байна. Урьд гаргасан Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13800 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх шинжээчийн 101 тоот дүгнэлт /1-р хх-ийн 163/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13800 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 101 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Б.Батчулууны биед дух, зулайд няцарсан шарх, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Батчулууны биед зүүн шуу ясанд хугарал гэмтэл тогтоогдоогүй” болохыг тогтоосон 1481 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 172-173/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Б.Батчулууны биед учирсан дух, няцарсан шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.” болохыг тогтоосон шинжээчийн 335 тоот дүгнэлт /3-р хх-ийн 7-8/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “Б.Батчулуун нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан, болсон үйл явдлыг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай, Б.Батчулуун нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй, Б.Батчулуун нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, Б.Батчулуун нь хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоогддоггүй болно. Тухайн үед эмгэг согтолттой байсан гэх шинж баримт үгүй байна. Б.Батчулуун нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж үгүй.” болохыг тогтоосон 1123 тоот шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 116-117/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-16/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

 

Энэ хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Батчулууны гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Б.Батчулуун, түүний өмгөөлөгч өмгөөлөгч А.Дулмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан Б.Батчулуун, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарын “…хохирогч Л.Энхболд “хулгайч орж ирлээ” гэж түүнийг өөртөө ойртон ирэх үед зориуд сандал авч түүний толгой руу гэнэт хүчтэй цохисон, энэ гэнэтийн довтолгооноос Батчулуун нь өөрийгөө хамгаалахын тулд түүнд халдсан, “Аргагүй хамгаалалт”-ын хүрээнд хийгдсэн үйлдэл гэж үзэж байгаа тул Б.Батчулуунд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Батчулууны үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй ажээ.

Б.Батчулуунд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол буюу хүнд гэмтэл санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул ялтан Б.Батчулуун анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэн хорих ялыг хөнгөн ял шийтгэл болох торгох ялаар сольж, анхан шатны шүүхийн шитйгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: