МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Б.Д- ын нэхэмжлэлтэй Хариуцагч: Г.Г-т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 4,040,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д-, хэлмэрч С.Бямбадэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгч Б.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн спорт хороонд хамт ажилладаг Г.Г-т 2004 оны 11 сарын 11-нд хадгаламжийн **дугаартай данснаас 3,000,000 төгрөг авч өгсөн. Би Ганбаатар багштай уулзаад мөнгө авмаар байна хэзээ өгөх юм бэ гэхэд өгнө, өгнө мөнгөний боломжгүй, мөнгөтэй болохоор өгнө санаа зоволтгүй гэсэн. Ганбаатар эхнэр Наранцэцэг нарыг багш, дээд боловсролтой хүмүүс учраас итгээд зээл өгсөн. Би 2006 онд ажлаасаа гараад заалны зохион байгуулагч болоод гадагш гарах завгүй учраас утсаар ярихад өгнө, өгнө гэсэн хариу өгдөг байсан. Сүүлдээ өгөхгүй болохоор нь үлдэгдэл 800,000 төгрөгтөө унаагаараа элс хайрга хүргээд өгчих тэгээд 800,000 төгрөг суутгаад төлчих гэж хэлэхэд доромжлоод байсан. Би 2010 оны 9 сард Улсын Клиникийн 1-р эмнэлэгт 2 удаа хагалгаанд ороод онош нь тогтоогдохгүй, тэндээсээ шууд хавдар судлалын үндэсний төвд хагалгаанд ороод төвөнхийн хорт хавдар авахуулж хэлгүй дүлий болсон. Тэгээд эгч, дүү хоёроор яриулахад бас өгнө гэж худлаа хэлсэн. Миний бие улам муудаад 2013 оны 5 сарын 23, 2015 оны 10 сарын 15, 2016 оны 02 сарын 08, 2016 оны 03 сарын 15-нд тус тус хагалгаанд орж одоо эм уугаад өдөр хоногийг өнгөрүүлж байна. Г.Г-аас 2004 оны 11 сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Үндсэн зээлээс 2,200,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 195,000 төгрөг буцаан авсан. 2004 оны 11 сарын 11-ний өдрөөс 2004 оны 12 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны 3,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 800,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 800,000 төгрөгийг 11 жил 3 сарын хүүгийн төлбөрт 3,240,00 төгрөг нийт 4,040,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Г.Г- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа; Б.Д-тай хамт нэг газар буюу БТС-ын хороонд ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байхдаа нэхэмжлэгч Б.Д-ын гуйлтаар Төв аймгийн сумдаар явж 53 хурга нэг бүрийг 50,000 төгрөгөөр тооцон авчирч өгсөн бөгөөд хурганы мөнгө нийт 2,650,000 төгрөг болсон. Тэрээр надад тухайн үед хонь авчруулах зорилгоор мөнгө өгч явуулсан бөгөөд хонио бүгдийг авсан. Тэр үед ачиж ирсэн ачааны мөнгө төгрөгийг ашиг олохоороо нэмж өгнө гэсэн боловч ашиг олоогүй гээд өгөөгүй. Миний бие өөрийн нэг шавийг дагуулаад хэд хэдэн сумдаар явж Б.Д-ын хэлснээр хурга цуглуулсан бөгөөд бензин, тосны мөнгө гэж 200,000 төгрөг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч 2006 онд миний цалингаас 70,000 төгрөгөөр 2 удаа, 50,000 төгрөгөөр 1 удаа, 20,000 төгрөгөөр 1 удаа нийт 210,000 төгрөгийг суутган авсан байсан бөгөөд яагаад мөнгө авч байгааг асуухад зардлын мөнгөнөөс гадна хурга аваад үлдсэн мөнгө гэж хэлсэн, түүнээс хойш ямар нэг мөнгө төгрөгний асуудал бид огт ярилцаж байгаагүй. Хэн нэгэн эгч дүү огт яриагүй, надад энэ хүнээс мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй, мөнгө зээлж байгаагүй бөгөөд зээлтэй холбоотой бичгээр байтугай амаар ч ярьж байсан зүйлгүй болно. Миний бие Б.Д-ыг ийм хүнд өвчин туссан талаар огт мэдээгүй, миний зүгээс хүн хуурч мэхлэж, худлаа ярьж байгаагүй, үнэхээр мөнгө зээлж авсан бол өвчтэй хүн байтугай эрүүл хүнд ч заавал өгөх зарчимтай. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ: Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй. Нэхэмжлэгч Б.Д- хариуцагч Г.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,040,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Г.Г- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэг үүсээгүй, 3,000,000 төгрөгөөр 53 хурга нэг бүрийг 50,000 төгрөгөөр тооцон авчирч өгсөн бөгөөд хурганы мөнгө нийт 2,650,000 төгрөг болж үлдсэн мөнгийг цалингаас суутгаж аваад тооцоо дууссан гэж маргажээ. Нэхэмжлэгч Б.Д- хариуцагч Г.Г-т 2004 оны 11 сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлж үндсэн зээлээс 2,200,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 195,000 төгрөг буцаан авсан. 2004 оны 11 сарын 11-ний өдрөөс 2004 оны 12 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны 3,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 800,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 800,000 төгрөгийг 11 жил 3 сарын хүүгийн төлбөрт 3,240,00 төгрөг нийт 4,040,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Нэхэмжлэгч Б.Д- нь Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын хороонд нягтлан бодогчоор, хариуцагч Г.Г- дасгалжуулагч багшаар ажиллаж байх үедээ хөдөө орон нутгаас хурга худалдан авч ашгийг хуваан авахаар тохирч 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Талуудад зээлийн гэрээг байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү төлөхөөр тохироогүй байх ба Б.Д- нь зээл, зээлийн хүүгийн төлбөрөө 2004 оноос хойш шаардаж байсан талаарх нотлох баримтаа ирүүлээгүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч нь 2013 оны 5 сарын 23-ны өдөр, 2015 оны 10 сарын 15-ны өдөр, 2016 оны 2 сарын 08-ны өдөр, 2016 оны 3 сарын 15-ны өдөр тус тус хагалгаанд орж байсан гэж тайлбарлаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагч Г.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 4,040,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. Нэхэмжлэгч Б.Д-ын хүсэлтээр 2016 оны 6 сарын 20-ны өдрийн 00556 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан боловч төлөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 79,590 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгох үндэстэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 4,040,000 төгрөгийг гаргуулах тухай Б.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 79,590 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсөвийн орлого болгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ | |