| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баттөр |
| Хэргийн индекс | 142/2015/01468/И |
| Дугаар | 207/ма2026/00053 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 207/ма2026/00053
| 2026 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 207/МА2026/00053 |
2026 04 23 207/МА2026/00053
Ч.********ын нэхэмжлэлтэй,
хариуцагч С.********, Н.******** нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/01045 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.********ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.********, Н.******** нарт холбогдох,
“Хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч Н.********өөс 694.112.088 төгрөг, С.********өөс 897.319.877 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.******** нь нэхэмжлэгч Ч.********оос 547.310.003 төгрөг, хариуцагч С.******** нь нэхэмжлэгч Ч.********оос 350.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн хариуцагч Н.********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, хариуцагч С.********, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... Хариуцагч Н.********өөс 694,112,088 төгрөг, С.********өөс 897,319,877 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Н.********өөс 1,333,334 төгрөг, С.********өөс 545,473,334 төгрөгийг нэхэмжилж шаардлагын үндэслэлээ “...Талууд аман байдлаар хамтран ажиллах гэрээ байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********гэх 44 айлын орон сууцыг өөрсдийн хөрөнгөөр барьж, борлуулах хамтын ажиллагаанд орсон. 2014 онд уг барилгыг улсын комисс хүлээн авсан тул борлуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Тухайн орон сууцыг худалдан борлуулахтай холбоотой талуудын хооронд оруулсан хөрөнгө мөнгө, борлуулалтаас авсан ашгийг хуваах тал дээр маргаан үүссэн. Барилга барихын тулд эхлээд газар хэрэгтэй байсан ба иргэн Г.******** Н.******** 100,000,000 төгрөг, С.********т 20,000,000 төгрөг гаргаад нийт 120,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрөө орон сууц ашиглалтад орж 09 тоот байрыг 55,000,000 төгрөгт тооцож өгсөн. 09 тоот байр бол талуудын оруулсан хөрөнгө оруулалтад тооцогдож байгаа бөгөөд хүндээ хуваахаар нэг хүнд 18,333,333 төгрөг болж байна. Оруулсан хөрөнгийн хувьд Н.********ын хувьд төрөл садны холбоотой ********гаас С.******** Н.******** нарын хамт очиж 250,000,000 төгрөг зээлж барилгын ажлыг эхлүүлсэн, үеэл ********оос 536,600,000 төгрөг гээд 866,600,000 төгрөгийн хөрөнгө оруулсан боловч дахин мөнгө хэрэгтэй болж Н.********ын нэрээр Капитал банкнаас 600,000,000 төгрөг зээлж авсан. Уг зээлийг Н.******** дангаараа хариуцаж төлсөн. Далайван аудит талуудын оруулсан хөрөнгийг дүгнээд Н.********ыг 1,303,271,000 төгрөг оруулсан гэдэг. С.******** 436,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, Н.******** мөн С.******** нь 436,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан миний данс руу 98 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн гэдэг боловч Далайван аудитын дүгнэлтээр 117,380,000 төгрөг гэдэг үүн дээр газар авсан 20,000,000 төгрөг, 09 тоот орон сууцны ногдох 18,300,000 төгрөгийг нэмэхэд нийт 155,713,333 төгрөгийг, Н.********ийн хувьд анх газар авахад 100,000,000 төгрөг Г.******** шилжүүлсэн, 09 тоот байрнаас 18,300,000 төгрөг нийт 118,333,333 төгрөгийг, Н.********ын хувьд 866,600,000 төгрөг, 600,000,000 төгрөгийн зээл нэмээд өөртөө зарцуулсан 145,100,000 төгрөгийг хасаад 09 тоот орон сууцны ногдох 18,300,000 төгрөгийг нэмэхэд нийт 1,339,264,933 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан нь тогтоогдож байна. Далайван аудит компани 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар уг барилгыг 1,442,905,500 төгрөгөөр барьсан гэж дүгнэсэн, шүүхээс ********гэж шинжээчийг томилж барилгын зургаас үндэслэж, барилгын норм дүрмээр тооцож, энэ барилгын өртгийг гаргуулсан. Үүнээс харвал шууд зардал нь 1,330,265,283 төгрөг гэж гарсан. Энэ хоёр албан ёсны тоог нэмээд дунджийг нь гаргахаар 1,442,585,392 төгрөг гэж гарч байгаа ба Далайван аудит ХХК-ийн дүгнэлтээс хэдхэн зуун мянган төгрөгийн зөрүүтэй л гарч байна. Бесге гэдэг компаниар зогсоолыг 84,159,900 төгрөгөөр үнэлсэн. Орон сууцны борлуулалтын орлогоос подвалын 84,159,900 төгрөгийг тооцоод Н.******** 2,122,959,600 төгрөг, С.******** 856,000,000 төгрөг, Н.******** 238,000,000 төгрөг авсан. Бүгд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулсан тул оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр мөнгөө нугалж авахаар тохирсон. Барилгад оруулсан мөнгийг хувилаад үзвэл Н.******** 83 хувийг, С.******** 9.6 хувийг, Н.******** 7.4 хувийг гаргасан. Борлуулалтын орлогыг тэнцүү хуваагаад хүнд тус бүр оруулсан хөрөнгөө 100 хувь гэж тооцох юм бол Н.******** 66.7 хувийн алдагдал, Н.******** 92.6 хувийн ашиг, С.******** 90.7 хувийн ашиг авах нөхцөл байдал бий болж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.******** шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Хариуцагч С.******** “...435,500,000 төгрөгийн хөрөнгө оруулсан ба 818,000,000 төгрөг авсан гэдэг борлуулалтын орлогоос талуудын оруулсан хөрөнгийг хасвал 1,600,000,000 төгрөгийн цэвэр ашгийг энэ барилгаас олсон, ашгаа 3 хуваахад 533,000,000 төгрөг, өөрийн оруулсан хөрөнгө болон борлуулалтын орлогоос авах ашгаа нэмэхээр нийт 968,000,000 төгрөг авах ёстой, үүнээс 818,000,000 төгрөгөө хасвал 150,000,000 төгрөг аваагүй үлдсэн байна. 818,000,000 төгрөгийг аваагүй 200,000,000 төгрөг дутуу авсан. 150,000,000 төгрөг дээр Ч.********ын өгөөгүй үлдээсэн 200,000,000 төгрөгийг нэмээд нийт 350,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Н.******** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Хамтран ажиллах гэрээ хийгдсэн. 2013 оны 02 дугаар сард Н.******** байшин барих нь ашигтай байдаг талаар Ч.********, С.******** нарт хэлж хамтран ажиллах санаагаа гаргасан. Ашгаа 3 хувааж авахаар тохиролцсон. Газрыг Н.******** нь Г.******** гэж хүнтэй тохиролцож 160,000,000 төгрөгөөр газар худалдаж авахаар гэрээ хийсэн. Тухайн газрын урьдчилгаа төлбөрт С.******** 20,000,000 төгрөг, Н.******** 100,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 40,000,000 төгрөгөд нь нэг өрөө байр өгөхөөр тохиролцож Ч.********, С.******** нарын нэр дээр газрыг шилжүүлэн авсан. Н.******** тухайн барилгыг гардаж барьж, ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр болсон. С.******** 435,508,000 төгрөгийн, Ч.********оос нийт 866,666,000 төгрөг, сүүлд 600,000,000 төгрөгийн зээл авснаас 325,000,000 төгрөгийг барилгад оруулсан, үлдэгдэл мөнгийг хувьдаа зарцуулсан. Ч.********оос нийт 1,191,666,000 төгрөг орж ирсэн. Тухайн орон сууц 1,750,768,000 төгрөгөөр баригдсан, нийт 3,392,698,100 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс Ч.******** 2,376,198,100 төгрөгийг, С.******** 818,000,000 төгрөгийг, Н.******** 158,500,000 төгрөгийг авсан. Ашгаа 3 хувааж авъя гэх тохиролцоотой байсан боловч Ч.******** би 1,200,000,000 төгрөг гаргасан учир 2,000,000,000 төгрөг авна гэдэг байдлаар маргасан. 2014 онд ашиглалтад орсон цагаас хойш Ч.******** гаражийг ашиглаж байгаа. Н.********ийн хувьд 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан хэр нь 150,000,000 төгрөгийг авсан ба 10 сарын хугацаанд өөрөө барилгаа бариад 50,000,000 төгрөгийн л ашиг авсан. Ч.******** 1,200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулаад 2,300,000,000 төгрөг авсан буюу 1,100,000,000 төгрөгийн ашиг авсан. Мөн С.********ийн хувьд оруулсан хөрөнгөө нэг нугалж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Хөрөнгө оруулсан бараа материал болон мөнгийг он сар өдөртэй нь нэг бүрчлэн Н.******** бичиж байсан. Хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан бэ гэдэг нь энэ баримтаар нотлогдох ёстой ба бид 3 мөнгө өгсөн өдрөө бичээд гарын үсгээ зураад явъя гэж тохироход Ч.******** бид 3 бие биедээ итгэхгүй юм бол яах юм бэ? гарын үсэг зураад яах вэ чи бичээд яв гэж Н.********д хэлж байсан. Тухайн үед намайг зээл аваад бүгдийг нь барилгад оруулсан үйл явдлыг Ч.******** мэдэж байсан учраас байрны гэрчилгээ болон газрын хамтран өмчлөгчөөр би байгаа юм. Гэрчилгээнээс харвал бид 2 тухайн барилгын 50, 50 хувийн эзэмшигч. Миний хувьд 435,500,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Бид нар байрнуудаа хуваарилчихсан байсан. Мөн оруулсан мөнгөө нэг нугалж гаргаж авна гэдгээ би хэлж байсан. Ч.******** оруулсан мөнгөө нэг нугалаад авчихсан. Ч.******** банкнаас 600,000,000 төгрөгийн зээл аваад барилга руу оруулсан гээд байгаа дансны хуулгаа өгчих хаашаа хэдэн төгрөг шилжүүлсэн талаар харъя гэхэд дансны хуулгаа гаргаж өгдөггүй. Барилга руу 325,000,000 төгрөг оруулаад бусдыг нь өөрийнхөө өр зээлд өгсөн. Н.********д мөнгийг бэлнээр, дансаар өгч байсан. Миний зүгээс 10 гаруй жилийн хугацаанд тухайн орон сууцнаас нэг ч байрыг дур мэдэж зараагүй. Барилга 1,750,768,000 төгрөгөнд баригдсан, би 818,000,000 төгрөгийг аваагүй, 780,300,000 төгрөгийг авсан байна. Далайван аудитын дүгнэлт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дүгнэлт мөн эсэх нь эргэлзээтэй. Н.********ийн талбай дээр ажиллаж байх явцдаа тэмдэглэсэн баримт дээр тулгуурлаж гаргасан мөртлөө бусад хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалтыг орхигдуулж гаргасан байна. Далайван аудитын дүгнэлтийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй” гэжээ.
Хариуцагч Н.******** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“Барилга 1,750,768,000 төгрөгөөр боссон. Барилгаас Н.******** 2,376,198,100 төгрөгийг, С.******** 818,000,000 төгрөгийг, Н.******** 158,500,000 төгрөгийг авсан, нийт мөнгө 3,392,698,100 төгрөг болж байна. Энэ 3,392,698,100 төгрөгөөс барилга барихад гарсан зардал болох 1,750,768,000 төгрөгийг хасахаар 1,641,930,100 төгрөгийг ашиг гарч ирсэн. Энэ ашгийг 3 хуваахаар нэг хүнд 547,000,000 төгрөг болно. Үүнээс 100,000,000 төгрөгийг Н.******** 10 сарын хугацаанд барилга барьсан ажлын хөлсөнд, үлдсэн 447,000,000 төгрөгийг өөрийн барилгад оруулсан хөрөнгөөс авах цэвэр ашиг гэж нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч С.******** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“2012 оны 12 дугаар сард орон сууц барих зорилгоор хөрөнгө оруулалт оруулан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах. Хамтран ажиллах гэрээний дагуу авах ёстой ашиг болох 350,000,000 төгрөгийг иргэн Ч.********оос гаргуулж өгнө үү...Намайг Ч.******** 856,000,000 төгрөгийг, Н.******** 818,000,000 төгрөгийг авсан гэх боловч би ийм мөнгө аваагүй. 435,500,000 төгрөгөө авсан гэж тооцоод аваагүй үлдсэн 350,000,000 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан...” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.******** нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
“Барилга бол 1,613,000,000 төгрөгөөр баригдсан бөгөөд талуудын оруулсан хөрөнгө бүгд энэ дотор шингэсэн. Барилга баригдаж дууссаны дараагаар нийт борлуулалтын орлогод 3,217,900,000 төгрөг болсон. Талууд анх оруулсан хөрөнгөө нугалж аваад үлдсэн ашгаа хуваана гэж тохирсон боловч ашиг гараагүй” гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/01045 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар нэхэмжлэгч Ч.********ын хариуцагч С.********өөс 545,473,334 төгрөг, Н.********өөс 1,333,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.********ийн Ч.********оос 350,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Н.********ийн Ч.********оос 547,310,003 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Ч.********ын 7,755,110 төгрөгийг, С.********ийн 1,907,950 төгрөгийг, Н.********ийн 2,894,500.2 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 595 дугаар, 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 2938 дугаартай шүүгчийн захирамжуудаар нэхэмжлэгч Ч.********, хариуцагч С.********, Н.******** нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, 69.1.3, 69.1.5-д зааснаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээнүүд нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг тус тус дурдаж, хэрэгт авагдсан 3 ширхэг дэвтэр, шинжээч Б.******** төсөв 1 ширхэг, хөрөнгийн үнэлгээний тайлан 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Хэргийг шийдвэрлэхдээ маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэх хуулийг зөв баримталсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх, маргааныг үйл байдлыг дүгнэх, түүнд хууль зүйн дүгнэлт өгөхөд учир дутагдалтай хандаж, хуулийн зарим заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй үндэслэл муутай шийдвэр гаргасан байна. Үүнд: Шүүхийн хийсэн үндсэн дүгнэлт, түүнийг няцааж байгаа үндэслэл, нотлох баримтуудыг харьцуулан анхан шатны шүүхийн алдааг залруулж маргааныг үндэслэлтэй зөв шийдвэрлүүлэхээр энэ гомдлыг гаргаж байна. Шүүхийн дүгнэлт Барилга барих газарт Н.******** 100,0 сая төгрөг, С.******** 20,0 сая төгрөг, баригдсан орон сууцнаас Г.******** 55,0 сая төгрөгт 1 өрөө орон сууц өгсөн дээр талууд маргаагүй. Гомдлын үндэслэл: Давж заалдагч тал энэхүү дүгнэлт дээр маргах зүйлгүй. Шүүхийн дүгнэлт: Хамтран ажиллах гэрээний дагуу Н.******** 100,0 сая, С.******** 20,0 сая, Ч.******** 866,6 сая төгрөгийн хураамж төлсөн, талууд 44 айлын орон сууцыг худалдан борлуулахтай холбоотой оруулсан хураамж, авсан ашгийг хуваах тал дээр маргаан үүссэн гэжээ. Гомдлын үндэслэл: Талуудын хамтран ажиллах гэрээний хураамжийн талаарх шүүхийн дүгнэлт учир дутагдалтай. Үүнд: а.С.********, Н.******** нарын барилга барих газрын эрх олж авахад гаргасан урьдчилгаа зардлыг хураамжид тооцсон, Ч.********ын барилга барихад оруулсан нийт хөрөнгө оруулалтын явцын дундах тооцоо буюу 866,6 сая төгрөгийг хураамжид тооцсон үндэслэлээ заагаагүй, б.Талууд хамтран ажиллах гэрээнд хураамжийг хэрхэн бий болгох, хэдийнээр тасалбар болгон яаж тооцох талаар тохиролцсон зүйлгүй тохиолдолд тэдний оруулсан хөрөнгө нь хүн тус бүрээр нотлогдож байгаа хэмжээг үндэслэн хүн тус бүрийн оруулсан бүх хөрөнгө буюу гаргасан зардлыг хураамжид тооцох ёстой. Шүүхийн дүгнэлт: Барилгад Ч.******** өөрийгөө 1,339,264,933 төгрөгийн, С.******** 155,713,333 төгрөгийн хөрөнгө оруулсан гэдэг нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлүүд зэргээс үзэхэд эргэлзээтэй. “Далайван аудит”, “Бэсгэ” ХХК, шинжээч Б.******** төсөв зөрүүтэй тул шүүх үнэлээгүй. Гомдлын үндэслэл: Шүүx дээрх дүгнэлтийг хийхдээ хэрэгт байгаа нотлох баримтыг харьцуулан зөв үнэлж чадаагүй байна. Үүнд: а.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь талуудын оруулсан хөрөнгийн хэмжээг тогтоох үндэслэл, нотлох баримт биш юм. Газрын анх Г.******** 120,0 сая төгрөг урьдчилан өгч Ч.********, С.******** нарын нэр дээр Засаг даргын захирамжаар шилжүүлэн авч, улмаар энэхүү газар эзэмших гэрчилгээг үндэслэн дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч, түүнийгээ үндэслэн Ч.******** 600,0 сая төгрөгийн зээлийг Капитал банкнаас авч барилгыг барьж дуусгасан баримтууд 1-р хавтас хэргийн 93-95 дахь тал, 122-132 дахь тал, 3-р хавтас хэргийн 104 дэх талд авагдсан байгаа. б.Орон сууц худалдан авсан хүмүүст өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд хууль журамд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ч.********, С.******** нарын нэр дээр 2019 оны 10 дугаар сарын 09-нд 22-р байраар нь Ү-2101016608 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг авсан бөгөөд энэ нь талуудын оруулсан хөрөнгө, хураамжийг нотлох баримт биш юм. в."Далайван аудит” ХХК-ийн дүгнэлт нь энэ хэрэгт байгаа талуудын гаргаж өгсөн бүх баримт, дансны хуулгыг үндэслэн хуульд заасан журмаар гаргасан дүгнэлт бөгөөд энэ дүгнэлтийг иргэний хэрэг үүсгэснээс хойш талуудын гаргаж өгсөн нэхэмжлэл, татгалзлаа баталж байгаа нотлох баримттай харьцуулан үнэлж дүгнэх бүрэн боломжтой. г.“Бэсгэ” ХХК-ийн үнэлгээ нь тухайн 22-р байрны подваль 6 машины зогсоолоор төлөвлөгдсөн хэсгийг барилгын зураг /2-р хх150 тал/, 6 машины зогсоолын зураг /2-р хх 142-143, 118-119 тал/-ийг үндэслэн барилга ашиглалтад өгөх үеийн байдлаар 84,159,900 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ бөгөөд үүн дээр талууд маргаагүй, энэ нь Ч.********ын 22-р байрны барилгаас авсан орлогод тооцогдсон байгаа. д. Б.******** зохиосон төсөв нь 6-22 орон сууцны барилгын иж бүрэн зураг, одоо байгаа хэмжээг үндэслэн шинжээч шүүгчийн захирамжийн дагуу хийсэн барилгын норм, дүрмээр тооцон программаар хийсэн төсөв юм. Энэ төсвийн талаар Б.Оюунсанг асууж авсан тайлбар /4-р хавтас хэргийн 67-68 тал/ хэрэг авагдсан ба энэхүү төсөв нь бодит зардлыг нотлохгүй бөгөөд БНбД-ээр зургийг үндэслэн тооцож гаргасан тооцоолол гэдэг нь тодорхой илт зүйл юм. Дээрх байдал баримтаас үзэхэд шүүх Ч.********. С.******** нарын оруулсан хөрөнгө, газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ. “Далайван аудит”, “Бэсгэ” ХХК-ийн дүгнэлт, үнэлгээ, Б.******** төсвийг харьцуулан, утга агуулга, хоорондын уялдаа, хэрэгт ямар хамаарал ач холбогдлыг нь дүгнэж бусад нотлох баримтуудтай харьцуулан ИХШХШТ хуулийн 40.2-т зааснаар үнэлэх бүрэн боломжтой байна. Шүүхийн дүгнэлт: 44 айлын орон сууц 3,245,780,000 төгрөг болсон болох нь 2-р хавтас хэргийн 104 дэх талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалтаар тогтоогдсон. Ч.********ын гаргаж өгсөн 4-р хавтас хэргийн 103-104 талд авагдсан баримт, Н.********ийн гаргаж өгсөн 3-р хавтас хэргийн 66 хуудсанд авагдсан баримтыг тулгаж мэтгэлцүүлсэн боловч орон сууц борлуулсны орлогоос хэн нь хэдэн төгрөг авсан болох нь тогтоогдоогүй маргасан, Ч.********, С.******** нар барилга барихад хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан болохоо, барилга хэдэн төгрөгөнд баригдсан талаар хэн аль нь нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Гомдлын үндэслэл: Шүүхийн энэ дүгнэлт нь хэрэгт байгаа зохигчдын нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотолж гаргасан баримтыг үнэлээгүй хүснэгтлэн гаргасан товчоо, нэгтгэлийг шууд үнэлж хялбарчилснаас үндэслэл бүхий болж чадаагүй байна. Үүнд: а. Энд 44 айлын орон сууц хэдэн төгрөгийн өртгөөр баригдсан болохыг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тогтоох бүрэн боломжтой. Үүнд талуудын гаргаж өгсөн бүхий л баримтыг үндэслэн “Далайван аудит” ХХК нь барилгыг 1,442,942,500 төгрөгөөр баригдсан гэж, шинжээч Б.********барилга баригдах үеийн БНбД-ээр тооцоход 1,330,265,238 төгрөгийн шууд зардлаар баригдах боломжтой гэж, хэрэгт авагдсан талуудын барилга барихад оруулсан хөрөнгө оруулалт, зардлыг нотлох баримтаар тооцоход нийт зардал 1,613,311,599 төгрөг болж байгааг нэхэмжлэгч 4-р хавтас хэргийн 78-80 дахь талд нотлох баримт зааж, 106 дахь талд түүнийг нэгтгэн товчоолж гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх 1,613,311,599 төгрөг нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэсэн, “Далайван аудит” ХХК-ын нотлох баримтад үндэслэсэн, Б.********х БНбД-ээр тооцсон тоо хэмжээ байх ба шүүх эдгээрийг харьцуулан үнэлэх үүрэгтэй ба бүрэн боломжтой. б. Шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон 2-р хавтас хэргийн 104 дэх талд авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хавсралт болгосон 44 айлын сууцны борлуулалтын орлогын тооцоо 3,245,780,000 төгрөгөөс 9 тоот газрын үнэд өгсөн хөрөнгө оруулалтын зардалд тооцогдох 55,0 сая төгрөгийг хасвал нийт борлуулалтын орлого 3,190,780,000 төгрөг болно. Энэ тооцоог С.********, Ч.******** нар зөвшөөрч үйлдсэн байгаа. в. Ч.********ын гаргаж өгсөн 4-р хавтас хэргийн 103-104 дэх талд байгаа барилгын бүх орон сууц 3,216,959,600 төгрөгөөр борлуулагдсан тооцоо нь түүний урд байгаа 74-77 дахь тал дахь хэргийн хавтас, хуудас заасан нотлох баримтууд, 86- 98 дахь талд сууц бүрээр нотлох баримт заасан тайлбар, тэдгээр нотлох баримтаар батлагдаж байгааг шүүх дутуу үнэлж, буруу дүгнэсэн байна. г. Н.********ийн 3-р хавтас хэргийн 66 дахь талд авагдсан барилгын бүх орон сууц 3,317,700,000 төгрөгөөр борлогдсон гэх тооцоо нь: Нотлох баримтад үндэслээгүй, хөрөнгө оруулалт, зардалд тооцох 9 тоот сууцны 55,0 саяыг орлогод тооцсон, барилга ашиглалтад өгөх үеийн үнэлгээгээр 84,159,900 төгрөг гэж үнэлэгдсэн 6 машины зогсоол, подваль хэсгийг 210,0 сая гэж авсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Н.********ийн тооцоог 55,0 саяыг хасаж 210,0 саяыг 84,159,900 гэж зөвтгөвөл борлуулсан дүн 3,136,859,900 төгрөг болно. Нэхэмжлэлийг эсэргүүцэж байгаа хариуцагчийн нотлох баримтад үндэслээгүй, өөрийнх нь үйлдсэн энэ тооцоог шүүх үнэлэх боломжгүй. д. Орон сууцны барилгаас хэн хэдэн төгрөгийн орлого авсан нь дээр дурдсан Ч.********ын гаргаж өгсөн 4-р хавтас хэргийн 103-104 дэх талд байгаа барилгын бүх орон сууц 3,216,959,600 төгрөгөөр борлуулагдсан тооцоо нь түүний урд байгаа 74-77 дахь тал дахь хэргийн хавтас, хуудас заасан нотлох баримтууд, 86-98 дахь талд сууц худалдан авсан хүн бүр, хэдэн төгрөгөөр худалдан авсан, мөнгөө хэн хэнд хэдэн төгрөг өгснөө тайлбарласан нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа. Харин хариуцагч нар үүнийг няцаасан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт гаргаагүй болно. е.Хэрэгт цугларсан баримтаар Н.******** 2023.03.22-нд Ч.********од холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ “Ч.******** эхлээд 866,6 сая төгрөг оруулаад хөрөнгө дутаж Капитал банкнаас 600,0 саяын зээл авсны 325,0 саяар материал авсан/ 866,6 + 325,0/ буюу өрөөр хэлбэл 1 тэрбум, 191 сая 600 мянган төгрөгийн хөрөнгө оруулсан гэж, 2019-05-21-ний давж заалдах хуралд дээр /2-р хх 9-20 дахь тал, тэмдэглэлийн 4 дэх нүүр/ Ч.******** 1 тэрбум 92 сая төгрөг оруулсан гэж, Н.******** 2017 оны 11 дүгээр сарын 07-нд, С.******** 2017 оны 11 дугаар сарын 08-нд мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө/ 4-р хавтас хэрэг 5-10 дахь тал/ “Ч.******** эхэлж 866,6 сая төгрөгийн хөрөнгө оруулаад хөрөнгө дутаж Капитал банкнаас 600,0 сая төгрөгийн зээл авч барилгыг барьж дуусгасан” мэдүүлсэн баримтууд, Капитал банкны 600 сая төгрөгийн зээлийн өрийг Ч.******** дангаар хариуцсан /1-р хавтас хэрэг 122, 89-92, 140-141,170-174 дэх тал, 4-р хавтас хэрэг 4 дэх тал/, барилга барихад Ч.******** нь ********гаас 250,0 сая төгрөгийг зээлснийг гурвуулаа хамт очиж бэлэн мөнгөөр аваад материал авч ажил эхэлсэн гэдгийг хариуцагч нар зөвшөөрдөг. Ч.******** нь В.********оос 2013 оны 6 сард 536,6 сая төрөг зээлж барилгад оруулсан/ шүүх хурлын тэмдэглэл, 3-р хавтас хэрэг 250-252 дахь тал, 4-р хавтас хэрэг шүүгчийн 2023.06.25-ны 03637 тоот захирамж/ гэсэн үнэлж болох баримт байгаа ба тэдгээрийг тооцоод Капитал банкны зээлээс Ч.******** 145,0 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулсан гэж “Далайван аудит” ХХК-д тогтоосныг хасаж эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлэхэд Ч.******** барилгад 1,339,264,933 төгрөг оруулсан нь тогтоогддог. Хариуцагч нарын оруулсан хөрөнгийн хувьд дүгнэлт хийж болохуйц нотлох баримт нь газар авахад гаргасан Н.********ийн 100,0 сая, С.********ийн 20,0 сая дээр С.********ийн Кингдом инвест ББСБ-аас 150,0 сая төгрөг зээлж барилгад оруулсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа баримт/3-рхх 151-153,192-202,217, 249 тал/, Н.********ийн данс руу 100 сая төгрөгийг нь хийсэн гэсэн тайлбар/ 2024.04.11-ний шүүх хурлын тэмдэглэл /хэрэгт авагдсан ба Н.********ийн тухайн цаг хугацааны дансны хуулгаар С.********өөс ийм орлого ороогүй болох нь батлагдаж, түүний тайлбар үгүйсгэгдсэн, С.******** 2018 оны 01 дүгээр сарын 30-нд Далай ван аудитын дүгнэлт танилцаад “Миний хувьд ********д шаардлагатай үед шууд бэлэн мөнгө өгч байсан учраас өгөх нарийн баримт байхгүй байсан” гэж тайлбарлаж байсан/2-p хавтас хэрэг 67,68, 3-р хавтас хэрэг 177,178/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.******** орон сууцны барилгад хөрөнгө 436,0 сая төгрөг оруулсан гэж тайлбар хэлдэг боловч тийнхүү хөрөнгө оруулсан гэх нэг ч нотлох баримт гаргаагүй зэрэг үйл баримтад шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ нотлоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй илтэд худал байна. Шүүх ийнхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий маргааны үйл байдал түүнийг нотолж байгаа нотлох баримтыг бүрэн гүйцэд харьцуулан үнэлж чадаагүйгээсээ болж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд давж заалдагч тал маргааныг шийдвэрлэх, нэхэмжлэлийг хангах үндэслэл бүхий байдлыг нэмж тодруулах шаардлагатай болж байна. Үүнд: а. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ нотолсон, нотлох баримтаа заасан үндэслэл бүхий тайлбар гаргаж, түүнийгээ бичгийн хэлбэрээр өгсний шүүхийн шийдвэрт тусгаагүй, дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6,107 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна. Энэ гомдлын дээрх хэсгүүдэд нотлох баримт үндэслэл зааж дурдсанаар орон сууцны барилга талуудын оруулсан 1,613,311,599 төгрөгийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон болох нь, орон сууц худалдан авсан бүх хүний мөрдөгчид гэрчээр өгсөн мэдүүлэг, С.********, Ч.******** нарын улсын бүртгэлд гаргаж өгсөн баримтаар барилгыг 3,216,959,600 төгрөгөөр борлуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож батлагдаж байгаа. в.Энэ тохиолдолд барилгын борлуулсан орлогоос гарсан зардлыг хасахад /3,216,959,600- 1,613,311,599/ 1,603,648,001 төгрөгийн борлуулалтын ашиг гарсан байгаа. Энэхүү ашгийг хэрхэн хуваах талаар хэрэгт авагдсан баримт, байдал: Нэхэмжлэгч Ч.******** орон сууцыг борлуулаад орлого хуваана гээгүй, ашиг хуваана гэсэн/ зардлаа төлж түүнийгээ нугалж аваад үлдсэн ашгаа хуваах/ талаар бүх шатанд тайлбар мэдүүлэг гаргасан нь мөрдөгчид өгсөн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гомдол зэргээр хэрэгт авагдсан. Хариуцагч С.******** 2015.3.21-нд мөрдөгчид өгсөн тайлбарт “Анх барилга баригдаж эхлэхэд ********, ******** бид гурав оруулсан мөнгөө нэг нугалж авна шүү гэж ярилцаж аман гэрээ хийсэн юм” гэж /3-р хавтас хэрэг 248 дахь тал/-д авагдсан байна. Хариуцагч Н.******** 2015.04.06-нд мөрдөгчид өгсөн тайлбарт “Бид гурвын хооронд аман гэрээ хийгээд явж байснаас бичгээр хийсэн гэрээ огт байхгүй. Хөрөнгө босгоод оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр оруулсан мөнгөө нугалж авахаар тохирсон. Миний оруулсан 125,000,000 төгрөгөөс нугалж тооцоод 250,000,000 төгрөг авах болж байгаа юм /3-р хавтас хэрэг 190 дэх тал/-д авагдсан байна. Энэ бол талуудын хооронд дөнгөж маргаан үүсэж эхэлж байх үед өгсөн хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан баримт. Мэдээж барилгын хөрөнгө оруулалтын 83 хувийг гаргасан Ч.******** нь 9,6 хувийг гаргасан С.********, 7.4 хувийг гаргасан Н.******** нартай бүх борлуулалтын орлогыг тэнцүү буюу 33,3 хувиар хуваагаад 3 хүн тус бүр өөр өөрийн оруулсан хөрөнгөө 100 хувь гэж тооцоход Ч.******** өөрөө 66,7 хувийн алдагдал хүлээх, С.******** 90.4 хувийн ашиг авах, H.******** 92.6 хувийн ашиг авахаар тохирох тийм эрүүл саруул ухааны боломжгүй. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн туслалцаа авч маргааны баримт байдлыг үнэлэн, анхны тохиролцоогоо баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа багасган, нотлох баримт тохиролцоогоо үндэслэн 4-р хавтас хэргийн 107 дахь талд хийсэн тооцооллоор гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна. г.Нэгэнт тодорхой болсон 1,603,648,001 төгрөгийн ашгийг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар хураамжид хувь тэнцүүлэн буюу хөрөнгө оруулалтын 83 хувийг гаргасан Ч.********, 9,6 хувийг гаргасан С.********, 7.4 хувийг гаргасан. Н.******** нарт хуваарилаад Ч.********од /1,603,648,001х83/:100=1,331,027,840 төгрөг, С.********т/1,603,648,001 х 9,6/=153,950,208 төгрөг, H.********д /1,603,648,001 х7,4/=118,669,952 төгрөг ноогдоно. Гэтэл Ч.******** гаргасан зардал хураамж буюу оруулсан хөрөнгө 1,339,264,933 төгрөг дээр оногдох 1,331,027,840 төгрөг нэмэгдээд 2,670,292,773 төгрөг болох ба үүнээс борлуулалтаас авсан 2,122,959,600 төгрөгийг хасахад 547,333,173 төгрөг дутуу авсан нь С.******** гаргасан зардал хураамж буюу оруулсан хөрөнгө 155,713,333 төгрөг дээр оногдох 153,950,208 төгрөг нэмэгдээд 309,663,541 төгрөг болох ба үүнээс борлуулалтаас авсан 856,900,000 төгрөгийг хасахад 547,236,459 төгрөг илүү авсан нь, Н.******** гаргасан зардал хураамж буюу оруулсан хөрөнгө 118,333,333 төгрөг дээр оногдох 118,669,952 төгрөг нэмэгдээд 237,003,285 төгрөг болох ба үүнээс борлуулалтаас авсан 238,000,000 төгрөгийг хасахад 996,715 төгрөг илүү авсан тооцоо гарна. Хууль, түүнд нийцүүлэн математик тооцоолол хийж үзэхэд ч нэхэмжлэлийн үнийн дүнтэй, маргааны талуудын ашиг хуваах анхны тохиролцоотой маш бага зөрүүтэй. үндсэндээ тохирч байна.Энэ бол тоо болон баримт худлаа хэлдэггүй, харин хүн худлаа хэлдгийг харуулж байгаа баримт ба иймэрхүү юмны учрыг эрх зүйчид бид формал логик гэдэг судлагдахуунаар үздэг. Энэ хэрэгт хариуцагч тал нотлох баримтаар няцаагдсан Кингдом инвест ББСБ-аас 150 сая төгрөгийн зээл авсан гэсэн хуурамч баримтаас өөр нэг ч нотлох баримт гаргаагүй ба 2023 онд энэ хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл ашиг тэнцүү хуваах анхны хамтран ажиллах гэрээний үүрэг зөрчигдөж олон зуун сая төгрөгөөр хохирсон, түүнийг Ч.******** завшсан талаар мөрдөгч, шүүхэд нэг ч тайлбар мэдүүлэг гаргаж байгаагүй болохыг тэмдэглэж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн талын гаргасан нотлох баримт, удаа дараагийн үндэслэл бүхий тайлбар, тооцооллыг сайтар нягтлан үзнэ гэдэгт итгэж байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 05-ны 312/ШШ2025/01045 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж С.********өөс 545,473,334 төгрөг, Н.********өөс 1,333,334 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ч.******** нь хариуцагч С.********, Н.******** нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт хариуцагч Н.********өөс 694.112.088 төгрөг, С.********өөс 897.319.877 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.******** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Н.********өөс 1.333.334 төгрөг , С.********өөс 545.473.334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.******** нь нэхэмжлэгч Ч.********оос 547.310.003 төгрөг, хариуцагч С.******** нь нэхэмжлэгч Ч.********оос 350.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч Ч.********, хариуцагч С.********, Н.******** нар нь 2013 онд хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6 дугаар хороололд орон сууцны зориулалттай барилга өөрсдийн хөрөнгөөр барих, улмаар тус орон сууцыг бусдад худалдан борлуулж, тодорхой ашиг хуваахаар тус тус тохиролцсоны дагуу доороо гаражтай, 44 айлын орон сууцны барилга баригдсан, барилгыг 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр улсын комисс хүлээн авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц бүгд худалдан борлуулагдсан, тухайн үед барилга барих газрыг худалдан авахад хариуцагч Н.******** 100.000.000 төгрөг , С.******** 20.000.000 төгрөг тус тус төлсөн, барилга баригдаж дууссаны дараа 1 өрөө байр газрын үнэд нэмж өгсөн, нэхэмжлэгч Ч.********оос анх барилгад 866.600.000 төгрөг, нэмж Капитал банкнаас 600.000.000 төгрөгийн зээл авсанаас 325.000,000 төгрөгийг барилгад тус тус оруулсан, нэхэмжлэгч Ч.********, хариуцагч С.******** нар нь мөнгөн хөрөнгө оруулах, хариуцагч Н.******** дээр дурдсан газрын үнэд өгсөн 100.000.000 төгрөгөөс гадна барилгын ажлыг хариуцан бариулах, барилгын ажилд оруулсан хөрөнгийн дүн болон зарцуулалтыг тухай бүр бүртгэх, барилгын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг хүлээхээр тохиролцсон гэх үйл баримтын тухайд зохигчид маргаангүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба эрх зүйн харилцааг анхан шатны шүүх зөв тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д “...Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ...”, 477 дугаар зүйлийн 477.1.-д “...Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна...”, 477.2.-т “...Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно...” гэж тус тус заасан болно .
Нэхэмжлэгч Ч.******** шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ 1.372.500.000 төгрөгийн хөрөнгө оруулсан, хариуцагч нарын оруулсан хөрөнгө тодорхойгүй гэсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхэд гаргасан тайлбартаа оруулсан хөрөнгийн хэмжээ, буцаан авсан үнийн дүнг өөр өөрөөр тодорхойлж байсан байх бөгөөд борлуулалтын орлогоос Н.******** 217.900.000 төгрөг, С.******** 549.700.000 төгрөг, өөрөө 1.074.880.000 төгрөгийг тус тус авсан гэжээ.
Хариуцагч Н.********, С.******** нар нь нэхэмжлэгч Ч.********ыг нийт 2.270.200.000 төгрөгийн эд хөрөнгийг эзэмшиж, түүний мэдэлд шилжээд байгаа талаар ижил агуулга бүхий тайлбар шүүхэд гаргаж байсан боловч 2019 оны 04 сарын 09-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч Н.******** “нэхэмжлэгч Ч.******** барилгад нийт 1.192.000.000 төгрөг оруулж, 2.356.600.000 төгрөг авсан, би барилгыг хариуцаж барьсан” гэж, хариуцагч С.******** “Ч.******** 1.192.000.000 төгрөгийн хөрөнгө оруулж, 2.325.000.000 төгрөгийг авсан, би 436.000 төгрөг оруулаад мөнгө аваагүй” гэж тус тус тайлбар гаргаж байсан, мөн хариуцагч Н.******** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ барилга ашиглалтанд орсноос хойш Ч.******** 2.376.198.100 төгрөг, С.******** 818.000.000 төгрөг, би 158.500.000 төгрөг тус тус авсан, барилгын нийт зардал 1.750.768.000 төгрөг болсон гэж тайлбарласан байхад хариуцагч С.******** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ нийт 522.000.000 төгрөгийг өөрөө авсан талаар бичсэн байна.
Нэхэмжлэгч Ч.******** сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа Н.********ийг 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн атлаа орон сууцны борлуулалтаас 238.400.000 төгрөг авсан гэж, мөн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн нь Ч.******** 83 хувь, С.******** 9.6 хувь, Н.******** 7.4 хувийн хөрөнгө оруулалт хийж, Ч.******** 2.122.000.000 төгрөг, С.******** 856.000.000 төгрөг, Н.******** 238.000.000 төгрөг тус тус авсан гэх тайлбар гаргасан бол хариуцагч талаас Ч.********ыг 2.376.198.100 төгрөг, С.******** 818.000.000 төгрөг, Н.******** 158.500.000 төгрөг тус тус авсан гэх байдлаар зохигчид барилгад оруулсан хураамжийн хэмжээ, барилга баригдсанаас хойш авсан мөнгөн дүн, барилга барихад зарцуулсан зардлын талаар өөр өөрөөр тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан Прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/59 дугаар тогтоолоор “Далай ван аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн барилга 1.442.904.500 төгрөгөөр баригдсан, барилгад нийт 1.520.651.600 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс Ч.******** 1.303.271.600 төгрөг, С.******** 117.380.000 төгрөг, Н.******** 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, борлуулалт хийснээс хойш Ч.******** 1.725.082.000 төгрөг, Н.******** 196.600.000 төгрөг, С.******** 142.950.000 төгрөгийг тус тус авсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гаргасан болно. Шинжээчийн дүгнэлт гарах үед 3 айлын орон сууц борлуулагдаагүй, бусдаас орон сууцны үнийн авлагатай байжээ.
Анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11 ний өдрийн 1153 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын шүүхэд гаргасан “....шинжээч томилуулах тухай...” хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гомдлоор 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар шүүхийн тогтоолоор
хянан хэлэлцээд дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх байдлаас дүгнэж үзэхэд зохигчдын маргаантай зүйл нь барилгыг барих явцад нэмэлтээр нэхэмжлэгч Ч.********, хариуцагч С.******** нар хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, барилга барихад нийт хэдэн төгрөг зарцуулсан зардал, оруулсан хураамжийн хэмжээ тодорхойгүй, барилгын нийт борлуулалтын орлогоос хэн хэн хэдэн төгрөг хэрхэн тооцож авсан талаар зохигчид зөрүүтэй тайлбарлаж байгаагаас хамтран ажиллах гэрээний үр дүнд олсон ашгаа хуваах асуудал нь маргааны зүйл болжээ.
Анхан шатны шүүх 44 айлын орон сууц нь нийт 3.245.780.000 төгрөг болсон болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтаар тогтоогдсон гэж дүгнэсэн байна.
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8.-д “...Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна...”, 478.11.-т “...Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна...”, 478.12.-т “...Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна...” гэж тус тус заажээ.
Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтуудад дурдсан үйл баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар зэргийг үзэхэд энэхүү хуульд зааснаар зохигчид барилга барихад хүн тус бүрийн оруулсан хураамжийн хэмжээ, тухайн барилгын ажлыг өдөр тутамд хариуцан ажиллах үүргийг гүйцэтгэсэн хариуцагч Н.********ийн ажил үүргийг хураамжийн хэмжээнд хэрхэн тооцох эсэх талаар тохиролцоогүй байгаа боловч талуудын мөнгөн дүнгээр оруулсан хураамж харилцан адилгүй, нэхэмжлэгч Ч.********ын оруулсан хураамжийн хэмжээ хариуцагч нараас илүү болох талаар талууд маргаагүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Ч.******** нь ашиг хуваарилах асуудал дээр оруулсан хөрөнгөө хүн тус бүр нугалж авсны дараа үлдсэн хэсгийг 3 тэнцүү хуваахаар тохирсон гэж, хариуцагч нар нь борлуулалтын орлогоос хүн тус бүр оруулсан хөрөнгийн хэмжээгээр авч, үлдэх хэсгийг 3 тэнцүү хуваахаар тохирсон гэж тус тус маргажээ.
Зохигчид хамтран ажиллаж барилга барихдаа бичгээр гэрээ байгуулаагүй амаар харилцан тохиролцсон, олсон ашиг авах талаар талууд зөрүүтэй тайлбарлаж байгаа тохиолдолд ашгийг төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8.-д заасантай нийцэхээр байна.
Хамтран ажиллах гэрээнээс олсон нийт ашгийг тооцохын тулд тухайн барилгын борлуулалтаас орсон нийт орлогоос барилгыг барихад зориулсан өртгийг хасаад үлдэх дүн нь нийт ашиг бөгөөд үүнээс орлогын албан татварыг хасаад үлдэх хэсэг нь цэвэр ашиг болох юм.
Гэтэл тухайн барилгад оруулсан талуудын хураамжийн хэмжээ, барилгын борлуулалтын нийт орлого, зардал зэрэг нь зөрүүтэй, эрх бүхий байгууллагаас гаргаж өгсөн баримт буюу “Далай ван аудит” ХХК-ийн дүгнэлт гарах үед орон сууцнаас худалдан борлуулагдаагүй байрны үлдэгдэлтэй, бусдаас авах авлагатай, мөн хариуцагч талаас баримт гаргаагүй гэх үндэслэлээр тухайн үед байсан санхүүгийн баримтын хүрээнд дүгнэлт гаргасныг талууд маргаж байгаа тохиолдолд бодитой тогтоосон хэмжээ гэж үзэх боломжгүй болно.
Харин шинжээч Б.******** гаргасан төсвийн хэмжээгээр тухайн барилгын өртгийг тооцох нь үндэслэлтэй гэж үзээд хэрэгт авагдсан барилгын ажлыг хариуцан барьсан хариуцагч Н.********ийн гаргаж өгсөн хэн, ямар үнэ бүхий хэдэн орон сууцыг авсан талаарх өнгөөр ялгасан тооцоог үндэслэн зохигчдын авсан дүнг тогтоох үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл шинжээч Б.********нь барилгад орох төсвийн дүнг 1.963.956.691 төгрөг гэж тогтоосон, хариуцагч Н.********ийн гаргасан орон сууцыг хуваарилж зургаар ялгасан тооцоогоор нийт 3.247.459.900 төгрөгийн борлуулалтын орлого орсон гэж үзэхээр байна. Иймд борлуулалтын нийт дүнгээс барилгад орох байсан нийт төсвийг хасаж тооцоход 1.283.503.209 төгрөгийн нийт ашиг тооцогдож байгаа бөгөөд үүнээс нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тус бүр зохих хэмжээний мөнгөн дүн авчээ.
Анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгчийн өөрийн оруулсан хөрөнгөө 2 нугалж авах байсан гэж хариуцагч нараас шаардаж байгаа шаардлага, үүнтэй холбоотойгоор хариуцагч нарын нийт ашгийг 3 тэнцүү хувааж авах ёстой гэх үндэслэлээр дутуу үнийн дүнг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон шийдэл үндэслэлтэй, хэрэгт авагдсан баримтанд шүүх зөв дүгнэлт хийсэн байх ба шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн нь “...Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 05-ны 312/ШШ2025/01045 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж С.********өөс 545.473.334 төгрөг, Н.********өөс 1.333.334 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.892.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/01045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.892.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР