Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2017/0500/З |
Дугаар | 638 |
Огноо | 2017-08-28 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 638
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, .. дугаар хороо, ЭӨЧ-186, Ажилчдын гудамж S төв .... тоот хаягтай “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга /Тамгын газар/,
Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/*******, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06******* дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах,
гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалгах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/******* дугаартай “Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , хариуцагч Нийслэлийн Засаг дарга /Тамгын газар/, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , Д.Б , Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...
“М ” ХХК нь Нийслэлийн Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын НГХДБГ-02/2016 дугаартай ажлыг 2,603,206,900 төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн санал хүргүүлж, тус тендерт хамгийн сайн тендерээр үнэлэгдсэний дагуу Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2/70-1 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрхийг манайд олгосон.
Уг албан бичигт шаардлага хангасан гүйцэтгэлийн баталгааг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө ирүүлэх талаар дурдсан байсан ба манай компани шаардлага хангасан “К банкны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 337 дугаар “Гүйцэтгэлийн баталгааг”-г хүргүүлсэн билээ. Гүйцэтгэлийн баталгааг хүргүүлсэн мөн өдрөө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт компанийн гүйцэтгэх захирал Б.Б өөрийн биеэр очиж тус газрын мэргэжилтнүүдийн хэвлэж өгсөн 2 хувь гэрээнд гарын үсэг зурж, компанийн тамгаа дарж баталгаажуулсан ба захиргааны байгууллагаас эрх бүхий албан тушаалтнаараа гарын үсгээ зуруулж, тамгаа дарж хариу нэг хувийг ирүүлнэ хэмээн хүлээж байсан. Хариу гэрээний нэг хувь ирүүлэлгүй удаад байгаа шалтгааныг асуухад “... арай гарын үсэг зурагдаж, тамга дарагдаагүй байна, хүлээж бай, удахгүй зурагдана хүлээж бай” гэдэг.
Ингээд бид тендерт шалгарсантай холбогдуулан холбогдох тоног төхөөрөмж, эд материалыг гаднаас оруулж ирэх, цаашлаад төсөвт өртөг, ажиллах хүч, гүйцэтгэлийн баталгааг банкинд гаргах гэх мэт бүхий л зүйлсийг бэлтгэн, гэрээ байгуулагдмагц ажил эхлэхэд бэлэн хүлээгдэж байсан.
Гэтэл Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/******* тоот албан бичгээр “... холбогдох захирамжуудыг зөрчин үнэлгээний хороо байгуулсан тул гэрээг баталгаажуулах боломжгүй” гэх үндэслэлээр тус газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2/70-1 тоот албан бичгийг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь манай компанийн тендерт оролцож хамгийн сайн тендерээр үнэлэгдсэний дагуу олж авсан “гэрээ байгуулах эрх”, цаашлаад холбогдох ажлыг гүйцэтгэх, ажлын хөлсийг олж авах эрхийг маань хууль бусаар үндэслэлгүйгээр зөрчсөн хэрэг болсон гэж үзэж байна.
Учир нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ Худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсний дагуу гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох зохицуулалттай байхад үнэлгээний хороо хэрхэн яаж байгуулагдсан нь хожим тендер явагдаж дууссаны дараа гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн захиргааны байгууллага зөвхөн хуулиар зохицуулсан, хуулиар олгогдсон бүрэн эрх, зохицуулалтын хүрээнд, эрх нь зөрчигдөж буй иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэж, сонсох ажиллагааг явуулах буюу Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан шийдвэр гаргах ажиллагааны дагуу манай компанид гэрээ байгуулах эрхийг олгосон захиргааны актыг хүчингүй болгох, гэрээ байгуулахаас татгалзах ёстой атал огт тухайн ажиллагаануудыг хийлгүй, хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 48, 49 дүгээр зүйлд эерэг болон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох, цуцлах хууль зүйн үндэслэл, шаардлага, тохиолдлыг зохицуулж өгснөөс харахад “...холбогдох захирамжуудыг зөрчин үнэлгээний хороо байгуулсан тул гэрээг баталгаажуулах боломжгүй” гэх үндэслэл нь алинд нь ч хамаарахгүй байгаа болно.
Иймд хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, эрх нь зөрчигдөж буй манай компанийн оролцоог хангалгүйгээр гарсан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/******* тоот шийдвэрийг хүчингүй болгож, мөн гэрээг байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Хоёр. Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...
“Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А******* дүгээр захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 14 дүгээр хурлын “Үүрэг өгөх тухай” тэмдэглэлийн дагуу Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажилд шаардлагатай 2,631,533,719 төгрөгийг нийслэлийн 2016 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам, сүлжээ, авто замын зураг, төсөл угсралтын ажлын хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгасан.
Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас байгуулагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжөөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь “М ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээг баталгаажуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн хэлтэст хүрүүлсэн боловч захиалагч буюу Нийслэлийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/616 дугаар захирамжаар “2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй, гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зохих журмын дагуу зогсоох, гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл гараагүй, удаашралтай байгаа барилга байгууламжийн санхүүжилтийг зохих журмын дагуу хойшлуулж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгасан” гэсэн үндэслэлээр гэрээг баталгаажуулахаас татгалзаж, гэрээг буцаасан.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээг байгуулан баталгаажуулахаар хүргүүлсэн боловч дээрх шалтгаанаар гэрээ байгуулагдаагүй болно. Нэгэнт захиалагч гэрээг баталгаажуулахаас татгалзсан тул Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “М ” ХХК-д явуулсан гэрээ байгуулах мэдэгдэл нь хэрэгжих боломжгүй болсон талаар 2/******* тоот албан бичгээр мэдэгдсэн.
Иймд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тус газрын эрх хэмжээнд хамааралгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэрийг гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гурав. Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “... Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас тус шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбарын хамт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06******* тоот албан бичгийг гарган өгчээ. Уг баримт болон хариуцагчийн хариу тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, хамтран хариуцагч татаж байгаа болно.
... Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/******* тоот албан бичгээр “... холбогдох захирамжуудыг зөрчин үнэлгээний хороо байгуулсан тул гэрээг баталгаажуулах боломжгүй” гэдэг. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06******* тоот албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/616 дугаар захирамжаар эдийн засгийн хүндрэлтэй байдлаас үүдэн 2016 оны төсвийн тодотгол батлагдах хүртэл нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг зогсоосон гэх үндэслэлээр манай гэрээг баталгаажуулахаас татгалзаж буцаажээ.
Үнэн хэрэгтээ манай гэрээ байгуулахаар шалгарсан ажлын санхүүжилт 2016, 2017 оны Нийслэлийн төсөвт тусгагдаж түүний дагуу 2017 оны 11 сард үнэлгээний хороо байгуулагдан, мөн оны 12 дугаар сард тендер зарлан 2017 оны 1 дүгээр сард гэрээ байгуулах эрхийг олгосон ба үйлчлэл нь дууссан 2016 оны төсвийн зохицуулалтын талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийг урдаа барьж төсөвт санхүүжилт нь тусгагдсанаар тендер зарлагдаж, гэрээ байгуулах эрх олгосны дагуу байгуулагдаж байгаа гэрээг батлахаас татгалзаж буцааж буй нь үндэслэлгүй байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн тус үндэслэлгүй албан бичиг хариуны дагуу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гэрээ байгуулах эрх олгосон 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2/70-1 тоот албан бичгийг хүчингүй болгож буй нь дээрх хоёр байгууллагын хамтарсан үйл ажиллагаа, албан бичиг, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас “М ” ХХК-ийн тендерт оролцож хамгийн сайн тендерээр үнэлэгдсэний дагуу олж авсан “гэрээ байгуулах эрх”, цаашлаад холбогдох ажлыг гүйцэтгэх, ажлын хөлсийг олж авах эрхийг маань хууль бусаар үндэслэлгүйгээр зөрчсөн хэрэг болсон гэж үзэж байна.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсний дагуу гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгох зохицуулалттай байхад, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс үйлчлэл нь дууссан хамаарахгүй Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/616 дугаар захирамжийг буруугаар тайлбарлаж, үнэлгээний хороо захирамж зөрчиж байгуулагдсан гэх шалтаг заан тендер шалгаруулалт явагдаж дууссаны дараа гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, гэрээ байгуулахаас татгалзаж буй нь хууль бус ба ийм эрх хуулиар олгогдоогүй болно.
Түүнчлэн захиргааны байгууллага зөвхөн хуулиар зохицуулсан, хуулиар олгогдсон бүрэн эрх, зохицуулалтын хүрээнд, эрх нь зөрчигдөж буй иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулах буюу Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан шийдвэр гаргах ажиллагааны дагуу манай компанид гэрээ байгуулах эрхийг олгосон захиргааны актыг хүчингүй болгох, гэрээ байгуулахаас татгалзах ёстой атал огт тухайн ажиллагаануудыг хийлгүй, хууль зүйн үндэслэлгүйгээр гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгосон.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06******* тоот албан бичиг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/******* тоот албан бичгүүдээр гэрээ байгуулах эрхийг цуцалснаас манайд тодорхой хэмжээний хохирол учруулж бидний баталгаажсан эрхийг зөрчин тус ажил дээр 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас НХААГ/******* дугаартай тендер зарлаж, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нээсэн нь манай компани төдийгүй, шинээр зарлагдсан тендерт оролцогч компаниудад их хэмжээний хохирол учрахаар байна.
Урьд хүчин төгөлдөр тендерийн үйл ажиллагаагаар “М ” ХХК-д тус ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгосон атлаа ийнхүү дахин шинээр зарлаж буй нь манай эрхийг зөрчиж буй тул тус шинээр зарлагдсан тендер шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Иймд хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, эрх нь зөрчигдөж буй манай компанийн оролцоог хангалгүйгээр гарсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар арын 15-ны өдрийн 06******* тоот албан бичиг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/******* тоот албан бичгүүдийг хүчингүй болгож, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулахыг даалгаж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/******* дугаартай “Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын тендер шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/******* дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/36 тоот тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь “Нийслэлийн Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “М ” ХХК-ийг шалгаруулсан бөгөөд энэхүү ажлын анхны тендер шалгаруулалтыг манай газар зохион байгуулаагүй, ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй болно.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлыг зохион байгуулах тухай” А/233 тоот захирамжийн 3 дугаар хавсралтад заасан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг манай газарт даалгасан. Уг захирамжийн дагуу Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А******* тоот тушаалаар үнэлгээний хороо байгуулагдан ажиллаж байна.
Үнэлгээний хороо 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр НХААГ-17/0115 дугаартай “Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн ажлын эхний ээлжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерийг зарлаж, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт нээсэн.
Уг тендерт нийт 8 аж ахуйн нэгж материалаа ирүүлснээс нэхэмжлэгч “М ” ХХК тендер шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч “М ” ХХК нь өмнөх гэрээ байгуулах мэдэгдлийг хүчингүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрч дараагийн тендер шалгаруулалтанд оролцсон байна.
“М ” ХХК нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол тендер шалгаруулалтыг зохион байгуулахаас өмнө холбогдох газарт гомдлыг гаргаж шийдвэрлүүлэх ёстой байсан.
Манай газар төсвийн ерөнхийлөн захирагчаас эрх шилжүүлэн ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүргийг хүлээж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулж явуулдаг. “М ” ХХК-ийн хохирсон гэх энэхүү нэхэмжлэлийн шаардлагад манай газар хариуцагчаар татагдах хууль эрх зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын манай газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Тав. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А******* дүгээр захирамжид Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг зохион байгуулж, уг ажилд шаардлагатай 2.631.533,719 /хоёр тэрбум зургаан зуун гучин нэгэн сая таван зуун гучин гурван мянга долоон зуун арван ес/ төгрөгийг нийслэлийн 2016 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, Хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус даалгасан.
Гэр хорооллын хөгжлийн газар дээрх тендер шалгаруулалтыг зарлаагүй байхад буюу 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гарсан Засгийн газрын 38 дугаар тогтоолоор “Монгол Улсын 2016 оны төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд авах зарим арга хэмжээний талаар эдийн засаг хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 /тухайн жилийн төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд дараах хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилтийг түр зогсоож болно/, 34.3.2 /тухайн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа гэрээ байгуулагдаагүй/-т заасныг тус тус үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй байх, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зохих журмын дагуу зогсоох, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гэрээ нь байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэл гараагүй, удаашралтай байгаа барилга байгууламжийн санхүүжилтийг зохих журмын дагуу хойшлуулахыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан.
Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6 дахь заалтын а/-д заасан “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах” чиг үүргийнхээ хүрээнд дээрх тогтоолыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр А/616 дугаар захирамжаар “Монгол Улсын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байдал, нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдалттай уялдуулан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй, гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зохих журмын дагуу зогсоосон” бөгөөд улмаар дээрх Засгийн газрын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гэрээг баталгаажуулах боломжгүй болсон.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан, хүчин төгөлдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэн ажиллах үүргээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн “гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ” ХХК нь шүүхэд:
- Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/*******,
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06******* дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгуулах,
- гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалгах,
- Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/******* дугаартай “Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг ирүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А******* дугаар захирамжаар Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, Шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгаж, Зохион байгуулалтын ажлыг Гэр хорооллын хөгжлийн газарт, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/616 дугаар захирамжаар улс, нийслэлийн эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор 2016 оны төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлахгүй, гэрээ байгуулахгүй, гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зохих журмын дагуу зогсоох”-оор шийдвэрлэсэн байна.
Харин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/09 дугаар тогтоолоор Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, холбогдох санхүүжилтийг нээсний дунд “Гэр хороолол дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажилд 2016 онд 2,958.2 мян/төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, 2016-2017 онуудад уг ажил хэрэгжихээр заажээ.
Ийнхүү 2016 оны төсвийн тодотголоор санхүүжилт шийдвэрлэгдсэн учир Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А******* дугаар захирамжаар эрх олгогдсоны дагуу Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/36 дугаар тушаалаар “Үнэлгээний хороо” байгуулагдаж, Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу зохион байгуулсан байна.
Тус Үнэлгээний хороо 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, “М ” ХХК-ийг “Хамгийн сайн” үнэлгээтэй тендерт оролцогч гэж шалгаруулан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлснээр захиалагчийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2/70-1 тоот албан бичгээр “М ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон.
Нэхэмжлэгч “М ” ХХК нь мэдэгдэлд заасан хугацаанд К банкны 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 337 дугаар гүйцэтгэлийн баталгааг хүргүүлж, мөн гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж, захиалагч талаас баталгаажуулахаар 2 хувь гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үлдээсэн байна.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06******* тоот албан бичгээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт дээрх гэрээг буцаан хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2/******* тоот албан бичгээр “...танай байгууллагатай гэрээ байгуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст батлуулахаар хүргүүлсэн боловч холбогдох захирамжуудыг зөрчин Үнэлгээний хороо байгуулсан тул гэрээг баталгаажуулах боломжгүй гэсэн үндэслэлээр баталгаажуулаагүй” гээд гэрээ байгуулах эрх олгосон албан бичгийг хүчингүй болгосныг нэхэмжлэгчид мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн 3 дугаар хавсралтын 3-д Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахыг Худалдан авах ажиллагааны газарт даалгаснаар Үнэлгээний хороо байгуулагдаж, НХААГ/******* дугаар тендер сонгон шалгаруулалтын урилгыг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нийтэд зарласан байна.
Тухайн ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах 2017 оны тендерийн үйл ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж, Үнэлгээний хорооны 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны дүгнэлтээр уг тендер сонгон шалгаруулалтад “О э” ХХК “хамгийн сайн” оролцогч гэж дүгнэгдсэн боловч тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар 28-ны өдрийн 4******* дугаар захирамжаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба захиалагчид гэрээ байгуулах зөвлөмж хүргэгдээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид бусад этгээдийг гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргаагүй учир шүүх өмнөх тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргаанд “О*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй гэж үзлээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын болон Хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд “...нэхэмжлэгчийг “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер сонгон шалгаруулалт хүчингүй болсон захирамжийг үндэслэсэн, санхүүгийн эх үүсвэр байхгүй учир гэрээг баталгаажуулах боломжгүй байсан...” гэх тайлбарыг ирүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А******* дугаар захирамжийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд ямар нэгэн эрх зүйн актаар хүчингүй болгоогүй, энэ захирамжийн дагуу Гэр хорооллын хөгжлийн дэд бүтцийн газраас тендер сонгон шалгаруулалтыг зарласан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/616 дугаар захирамжийн үйлчлэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4/09 дугаар тогтоолоор Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж, тодотгол хийж, холбогдох санхүүжилтийг нээснээр дуусгавар болсон нь хэрэг цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-д худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах, 46 дугаар зүйлийн 46.1.5-д тухайн бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх гэсэн заалтуудтай нийцсэн гэж үзэхээр байна.
Энэ нь Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02/875 тоот албан бичигт “Нийслэлийн Засаг даргын А******* ... дугаар захирамжийн дагуу ... Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар гэрээ байгуулан ажиллаж байна. ...2016 онд шаардлагатай 2,958,200,000 төгрөгийг байршуулахыг хүсч...” Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн, 2016 оны төсвийн тодотгол хийсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын нэгдүгээр хавсралтад “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажилд 2,958,200,000 төгрөгийн санхүүжилтийг он дамжуулан шийдвэрлэж, 2017 оны төсөвт 11,413,100,000 төгрөгийн санхүүжүүлэхээр тусгаснаар нотлогдож байна.
Нэгэнт төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зарласан ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулалтад зүй ёсоор шалгарч, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогч “М ” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгогдсон байхад захиалагч болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хууль бусаар гэрээ байгуулахаас татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 46 дугаар зүйлийн 46.1.3-д “захиалагч нь үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах эрхтэй”, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэлгүйгээр зөрчжээ.
Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д «Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгохоор заасан ба үүнээс өөр тохиолдолд гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй юм.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг төрийн захиргааны эрх бүхий байгууллагууд тодруулбал Нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газар тус тус хэрэгжүүлэлгүй, хоорондын ажил үүргийн уялдаа холбоогүй байдлын улмаас хууль ёсоор шалгарсан ажил гүйцэтгэгч компани байсаар байхад дахин тендер сонгон шалгаруулалтыг явуулсан нь дээрх зарчмыг алдагдуулсан хууль бус үйлдэл болсны зэрэгцээ нэхэмжлэгчийн болон хамтран ажил гүйцэтгэгчээр оролцсон компаний гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх боломжийг хаасан, цаг хугацааны болон эдийн засгийн хохирол учруулсан буруутай үйлдэл болжээ.
Иймд нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/*******, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06******* дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгож, “М ” ХХК-тай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалгаж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/******* дугаартай “Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр А хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.3, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “М ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2/*******, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06******* дугаар албан бичгүүд болон Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ/******* дугаартай “Б******* дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “А” хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажил”-ын тендер сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгосугай.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.3-д тус тус заасныг баримтлан “Хамгийн сайн” гэж үнэлэгдэж, гэрээ байгуулах эрх олгогдсон “М ” ХХК-тай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч “М ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА