Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00065

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01526 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/01890 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ц” ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 45 375 000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болорцэцэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э” ХХК 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “Ц” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж өөрийн өмчлөл, эзэмшлийн Баянгол дүүргийн 20 хороо, Үйлдвэрийн баруун бүсд байрлалтай 984 мкв ажлын байрнаас 594 мкв талбайг агуулахын зориулалтаар түрээслүүлсэн. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд түрээсийн төлбөр сарын 2 750 000 төгрөгийг тухайн сарын 05-ны дотор багтаан төлөхөөр зааж, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эхний 3 дугаар сард сар сараар төлж, 2016 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн улирлаар хийхээр тохиролцсон бөгөөд гэрээний 6.1-д алданги төлөхөөр заасан. Түрээслэгч “Ц” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх төлбөр төлөөгүй.

Манай компаниас удаа дараа түрээсийн төлбөр төлөх талаар сануулж албан бичиг, нэхэмжлэх өгч байснаас гадна тухай бүр түрээсийн төлбөрийн асуудлаар тооцоо нийлсэн акт үйлдэж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актаар түрээслэгч “Ц” ХХК нь түрээсийн төлбөр 24 750 000 төгрөг, алданги 17 242 500 төгрөг, нийт 41 992 500 төгрөгийг үл маргах журмаар төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч “Ц” ХХК нь төлбөрийг төлөх талаар ямар нэг арга хэмжээ авсангүй.

Иймд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөр 30 250 000 төгрөг, алданги 15 125 000 төгрөг нийт 45 375 000 төгрөг гаргуулж, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Э” ХХК-тай БГ/04 тоот түрээсийн гэрээг үйлдвэрлэлийн зориулалтаар, /дүнзэн байшингийн торх токордон засах/ үйл ажиллагаа явуулахаар байгуулсан боловч “Э” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тог цахилгааны шит засварлаж байгаа гэсээр хийх хугацаа хойшлуулсан. Ингээд түрээсийн гэрээг улирлаар төлөх хугацаа болмогц 2016 оны 09 дүгээр сараас гэрэл цахилгаан тасалж ажил хийх боломжгүй болгосон.

Иймд “Ц” ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Идэвхитэй үйл ажиллагаа явуулсан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны хоорондох хугацаа, гэрээ байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны хооронд цахилгаан тавьж өгөхгүй шит засаж байгаа нэрээр ажил эхлэх боломж олгоогүй. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс түрээсийн төлбөр төлөөгүй нэрээр цахилгаан тасалж ажилд саад учруулсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01526 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-иас /РД:5949769/ гэрээний үүрэгт 36 862 500 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 512 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Ц” ХХК-ийн эзэмшлээс Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, 24/6 тоот 594 м2 талбай буюу түрээсийн байрыг албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 384 825 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 342 263 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/01890 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие “Ц” ХХК-ийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэргийн материалд өгсөөр байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материалыг шүүх хуралдааны дундуур танилцуулан гарын үсэг зуруулсан гэх мэт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 107 дугаар зүйлийн 107.3-т заасан заалтуудыг зөрчин хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул мөн хуулийн 178 дугаар зүйлийн 178.1.6-д зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангасан байна. Хэргийн оролцогч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх, үүргээ биелүүлэх явдал өөрийнх нь ажлын зохион байгуулалт, хариуцлагаас шууд хамааралтай ба шүүхийн үйл ажиллагаанаас шалтгаалсан зөрчил тогтоогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны дүгнэлт үндэслэлтэй болжээ.   

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 45 375 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч “Ц” ХХК нь түрээсийн зүйлийг ашиглах боломжоор хангаагүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигчид 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч “Ц” ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай  984 мкв талбай бүхий ажлын байрнаас 594 мкв талбайг агуулахын зориулалтаар түрээсэлж, түрээсийн төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эхний 3 сард сар бүр, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс улирал бүрт төлөх үүрэг хүлээжээ.

Гэрээний агуулга, хэлбэр нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 318.3.-т заасан шаардлагад нийцсэн байх ба шүүх энэ талаар зөв дүгнэсэн байна.

Дээрх гэрээнд түрээслэгч түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй, хугацаа хожимдуулсан бол алданги тооцохоор талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Хариуцагч “Ц” ХХК нь нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Тухайлбал, түрээслүүлэгч цахилгааны щит засварлаж байгаа шалтгаанаар түрээсийн зүйлийг бүрэн ашиглах боломжоор хангаагүй гэх хариуцагчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдоогүй ба шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан тайлбар, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01526 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2017/01890 дүгээр магадлалыг тус ус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН