Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2017/01526

 

2017 оны 06 сарын 27 өдөр                   Дугаар 183/ШШ2017/01526                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, Залуучуудын өргөн чөлөө-21, ТЦ плаза, 201 тоот, “Эмдаблви холдинг” ХХК-ийн /РД:5269229/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 хороо, Вива сити, “Цахархүү” ХХК-д /РД:5949769/ холбогдох,

 

гэрээний үүрэгт 45.375.000 /дөчин таван сая гурван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулах, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэл, өмгөөлөгч Г.Болорцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золзаяа, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эмдаблви холдинг” ХХК нь 2016 оны 3 сарын 24-ны өдөр “Цахархүү” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж өөрийн өмчлөл, эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/-нд байрлалтай 984 м2 ажлын байрнаас 594 м2 талбайг агуулахын зориулалтаар түрээслүүлсэн.Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд түрээсийн төлбөр сарын 2.750.000 төгрөгийн тухайн сарын 05-ны дотор багтаан төлөхөөр зааж, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн төлбөрийг 2016.05.01-с эхлэн эхний 3 сард сар сараар төлж, 2016.08.01-с эхлэн улирлаар хийхээр тохирлцсон. Гэрээний 6.1-д “түрээслэгч нь төлбөрийг энэ гэрээний 2.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой төлбөрийн 0.5%-тай тэнцэх алдангийг төлөх үүрэгтэй” гэж заасан. Түрээслэгч “Цахархүү” ХХК нь түрээсийн гэрээний 2.2 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөх байсан ч 2016.05.01-2017.03.31 хүртэлх төлбөрийг төлөөгүй. Манай компанийн зүгээс удаа дараа түрээсийн төлбөрөө төлөх талаар сануулж албан бичиг, нэхэмжлэхийг өгч байснаас гадна тухай бүр түрээсийн төлбөрийн асуудлаар тооцоо нийлсэн акт үйлдэж байсан. 2016 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн тооцоо нийлсэн актаар түрээслэгч “Цахархүү” ХХК нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 24.750.000 төгрөг, алданги 17.242.500 төгрөг, нийт 41.992.500 төгрөгийг үл маргах журмаар төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч “Цахархүү” ХХК нь төлбөрийг төлөх талаар ямар нэг арга хэмжээ авсангүй. Иймд 2016.05.01-2017.03.31 өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөр 30.250.000 төгрөг, гэрээний 6.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алданги 15.125.000 төгрөг, нийт 45.375.000 төгрөгийг “Цахархүү” ХХК-иас гаргуулж, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2016 оны 5 дугаар сарын 01-ны өдөр “Эмдаблви холдинг” ХХК-тай БГ/04 тоот түрээсийн гэрээг үйлдвэрлэлийн зориулалтаар, /дүнзэн байшингийн торх токордон засах/ үйл ажиллагаа явуулахаар байгуулсан боловч , “Эмдаблви холдинг” ХХК-ийн зүгээс 2016 оны 6 сарын 19-ны өдөр хүртэл тог цахилгааны шит засварлаж байгаа гэсээр хийх хугацаа хойшлуулсан. Ингээд түрээсийн гэрээг улирлаар төлөх хугацаа болмогц 2016 оны 9 сараас гэрэл цахилгаан таслаж ажил хийх боломжгүй болгосон. Иймд “Цахархүү” ХХК нь дээрх нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Идэвхитэй үйл ажиллагаа явуулсан 2016 оны 6 сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 сарын 20-ны хоорондох хугацаа, гэрээ байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 24-ны өдрөөс 2016 оны 6 сарын 20-ны хооронд тог цахилгаан тавьж өгөхгүй шит засаж байгаа нэрээр ажил эхлэх боломж олгоогүй. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс түрээсийн төлбөр төлөөгүй нэрээр тог цахилгаан тасалж ажилд саад учруулсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Эмдаблви холдинг” ХХК нь “Цахархүү” ХХК-д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт 30.250.000 төгрөг, алдангид 15.125.000 төгрөг гаргуулж, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь дүнзэн байшингийн торх токарьдан засах үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь цахилгааны шит засварлаж байгаа гэсээр хугацаа хойшлуулсан, 2016 оны 9 сараас гэрэл цахилгаан таслаж ажил хийх боломжгүй болгосон гэж маргалаа.

 

“Эмдаблви холдинг” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр "Цахархүү” ХХК-д Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс, 24/6 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 594 м2 талбайг агуулахын зориулалтаар түрээслүүлэхээр тохиролцон, гэрээ байгуулжээ.

 

Түрээсийн гэрээгээр түрээсийн төлбөрт 1 сарын 2.750.000 төгрөгийг  "Цахархүү” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхний 3 сарын төлбөрийг сар сараар төлөх, 2016 оны 8 дугаар сарын 01ний өдрөөс улирлаар тухайн сарын 05-ны дотор багтаан төлөхөөр тохиролцон, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн түрээсийн байрыг ашиглахаар хүлээн авч, түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн эд хөрөнгийн элэгдэл, хорогдол, бүрэн бүтэн байдлын барьцаанд 1.000.000 төгрөгийг гэрээ байгуулахдаа авчээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахун үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргийг, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан байна.

 

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, гэрээнд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон, талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 8.2.5-д зааснаар түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар тохиролцсоны дагуу гэрээг цуцалж, 11 сарын түрээсийн төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлснээр “Цахархүү” ХХК нь хуваарь гарган төлөх талаар хариу мэдэгдэж байсан ба 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 06/17 тоот албан бичгээр үүргээ гүйцэтгэж, түрээсийн байрыг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэнийг гэрээг цуцлах талаар урьдчилан сануулах хугацааг тогтоосон гэж үзэв.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байгаа ч гэрээгээр хүлээсэн төлбөрийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлохдоо барьцааг тооцоогүй байх тул түрээсийн гэрээний 6.3-т зааснаар хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа 1 сая төгрөгийг түрээсийн төлбөрт суутган авах эрхтэй гэж зааснаар эхний 1 сарын төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд гэрээний 4.1.2-т заасны дагуу “Цахархүү” ХХК нь эхний 3 сарын хугацааны төлбөрт 7.250.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 8.250.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 8.250.000 төгрөг, гэрээг цуцлах буюу 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 9 хоногийн түрээсийн төлбөрт /2.750.000:30х9/ 825.000 төгрөг буюу нийт 24.575.000 төгрөгийг “Цахархүү” ХХК нь “Эмдаблви холдинг” ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Талууд гэрээний 6.1-д “түрээслэгч нь төлбөрийг энэ гэрээний 2.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой төлбөрийн 0.5%-тай тэнцэх алдангийг төлөх үүрэгтэй” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцжээ.

 

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн дүнг тооцоход эхний 1 сарын төлбөрөөс барьцааг хасч, үлдэх 1.750.000 төгрөгийн 0.5 хувийн алданги 30 хоногт /8.750х30/ 262.500 төгрөг, 8 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд төлөх 4.500.000 төгрөгийн 0.5 хувийн алданги /22.500х30/ 675.000 төгрөг, 9 сарын 01-н хүртэл 7.250.00 төгрөг төлөх үүрэгт тооцох алданги /36.250х30/ 1.087.500 төгрөг, 10 сарын 01-нд төлөөгүй 10 сая төгрөгийн алданги /50.000х30/ 1.500.00 төгрөг, 11 сарын 01 хүртэлх 12.750.000 төгрөгийн алданги /63.750х30/ 1.912.000 төгрөг, 12 сарын 01 хүртэлх 15.500.000 төгрөгийн үүрэгт 2.325.000 төгрөг, 2017 оны 1 сарын 01 хүртэлх 18.250.000 төгрөгийн алданги /91.950х30/ 2.737.500 төгрөг, 2 сарын 01 хүртэл 21 сая төгрөгийн алданги /105.000х30/ 3.150.000 төгрөг, үлдэх 9 хоногийн алданги 945.000 төгрөг буюу нийт 14.594.500 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан ба “Цахархүү” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 24.575.000 төгрөгийн тал хувиас алдангийн нийт хэмжээ хэтэрч байгааг дээрх хуулийн зохицуулалтад нийцүүлэн, алдангид 12.287.500 төгрөгийн хариуцлага тооцох үндэслэлтэй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Цахархүү” ХХК-иас гэрээний үүрэгт нийт  36.862.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эмдаблви холдинг” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.512.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Түрээсийн гэрээг цуцалсантай холбоотойгоор “Цахархүү” ХХК-ийн эзэмшлээс Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, 24/6 тоот 594 м2 талбай буюу түрээсийн байрыг албадан чөлөөлөх шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 384.825 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 342.263 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Цахархүү” ХХК-иас /РД:5949769/ гэрээний үүрэгт  36.862.500 /гучин зургаан сая найман зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Эмдаблви холдинг” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.512.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Цахархүү” ХХК-ийн эзэмшлээс Баянгол дүүрэг, 20 хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, 24/6 тоот 594 м2 талбай буюу түрээсийн байрыг албадан чөлөөлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 384.825 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 342.263 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ