Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1890

 

 “Э х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01526 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Э х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ц” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 45 375 000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э х” ХХК 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Ц” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж өөрийн өмчлөл, эзэмшлийн Баянгол дүүргийн 20 хороо, Үйлдвэрийн баруун бүсд байрлалтай 984 м.кв ажлын байрнаас 594 м.кв талбайг агуулахын зориулалтаар түрээслүүлсэн. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд түрээсийн төлбөр сарын 2 750 000 төгрөгийн тухайн сарын 05-ны дотор багтаан төлөхөөр зааж, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эхний 3 дугаар сард сар сараар төлж, 2016 оны 8 дугаар сарын 01-нээс эхлэн улирлаар хийхээр тохиролцсон бөгөөд гэрээний 6.1-д алданги төлөхөөр заасан. Түрээслэгч “Ц” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 01-нээс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх төлбөр төлөөгүй. Манай компаниас удаа дараа түрээсийн төлбөр төлөх талаар сануулж албан бичиг, нэхэмжлэх өгч байснаас гадна тухай бүр түрээсийн төлбөрийн асуудлаар тооцоо нийлсэн акт үйлдэж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актаар түрээслэгч “Ц” ХХК нь түрээсийн төлбөр 24 750 000 төгрөг, алданги 17 242 500 төгрөг, нийт 41 992 500 төгрөгийг үл маргах журмаар төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч “Ц” ХХК нь төлбөрийг төлөх талаар ямар нэг арга хэмжээ авсангүй. Иймд 2016 оны 5 дугаар сарын 01-нээс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөр 30 250 000 төгрөг, алданги 15 125 000 төгрөг нийт 45 375 000 төгрөг гаргуулж, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Э х” ХХК-тай БГ/04 тоот түрээсийн гэрээг үйлдвэрлэлийн зориулалтаар, /дүнзэн байшингийн торх токордон засах/ үйл ажиллагаа явуулахаар байгуулсан боловч “Э х” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл тог цахилгааны шит засварлаж байгаа гэсээр хийх хугацаа хойшлуулсан. Ингээд түрээсийн гэрээг улирлаар төлөх хугацаа болмогц 2016 оны 9 дүгээр сараас гэрэл цахилгаан тасалж ажил хийх боломжгүй болгосон. Иймд “Ц” ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Идэвхитэй үйл ажиллагаа явуулсан 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны хоорондох хугацаа, гэрээ байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 20-ны хооронд цахилгаан тавьж өгөхгүй шит засаж байгаа нэрээр ажил эхлэх боломж олгоогүй. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс түрээсийн төлбөр төлөөгүй нэрээр цахилгаан тасалж ажилд саад учруулсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-иас /РД:5949769/ гэрээний үүрэгт 36 862 500 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Э х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 512 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Цахархүү” ХХК-ийн эзэмшлээс Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16101/, 24/6 тоот 594 м2 талбай буюу түрээсийн байрыг албадан чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 384 825 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 342 263 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдааны товыг хариуцагчид 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгон шүүх хуралд оролцуулах итгэмжлэлээ гарган шүүх хуралд оролцуулахад шүүх хуралдааныг тасалдуулж хэргийг шүүх явц дунд хэргийн материалтай танилцуулж гарын үсэг зуруулан, өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасаар байхад шүүх хуралдаан хийж шийдвэр гаргасан. Хариуцагчийн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэргийн материалд байхад өмгөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаас хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэх заалтыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан мэтгэлцэх боломжийг хангаагүй хэргийн оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Э х” ХХК хариуцагч “Ц” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 45 375 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч цахилгаан шитэнд засвар хийснээс болж, ажлаа хийх боломжгүй болсон гэж маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, түрээслэгч нь Баянгол дүүрэг 20 дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 984 м.кв талбай бүхий ажлын байрнаас 594 м.кв талбайг агуулахын зориулалтаар түрээслэж,  түрээсийн  төлбөрийг  2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эхний 3 сард сар сараар, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс улирлаар төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Дээрх түрээсийн гэрээг бичгээр байгуулах Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан бөгөөд үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус зарим хэсгийг нь түрээсэлсэн байх тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм.

         Талууд түрээсийн төлбөрийг гэрээний 2.3-т заасны дагуу тооцсоныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

Түрээсийн гэрээний 3.6-д “Түрээсийн төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой төлбөрийн 0.5 % алданги тооцох”-оор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн. Уг гэрээний дагуу алданги төлөхгүй талаар талууд тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй тул шүүх гэрээнд зааснаар алданги тооцсон нь үндэслэлтэй.

Дээрх гэрээнд түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 24 575 000 төгрөгийн 50 хувиар буюу 12 287 500 төгрөгөөр тооцож нийт 36 852 500 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон нь зөв болжээ.

          Хариуцагч “Нэхэмжлэгч цахилгааны шит засварлаж байгаа гэсээр үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон” гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ гаргасан байхад мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг нь хангаж ноцтой зөрчсөн гэж гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэл /хх-57, 62/-ээр тогтоогдож байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.  

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ц” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА