Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00110

 

Х.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02126 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2050 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.Ж-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.М-т холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 16 663 590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ж-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр С.М-тай БНСУ-аас автомашины сэлбэг, автомашин, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал зэргийг нийлүүлж, хамтран ажиллахаар харилцан тохиролцож, эхний ээлжийн санхүүжилт болгон 4550 ам.долларыг, 2 000 000 төгрөгийн хамт өгсөн. Гэтэл С.М- үүнээс хойш сураггүй алга болсон тул би Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хандан гомдол гаргахад С.М- хэд хэдэн өр төлбөрийн хэргээр шалгагдаж байгаа нь мэдэгдсэн. Улмаар 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр С.М-, түүний өмгөөлөгч Д.Батсүх нартай уулзахад хариуцагч өөрийн төлбөрөөс 2 000 000 төгрөгийг төлж, үлдэх 4550 ам.долларыг тухайн өдөр байгуулсан батламж гэрээний дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Тус батламж гэрээнд талуудын өмнө үүссэн өр төлбөр 4550 ам.долларын үүргийг С.М- 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө Хьюндай аванте маркийн 2000 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинаар тооцож дуусгавар болгох, энэ хугацаанд автомашиныг нийлүүлээгүй тохиолдолд үндсэн төлбөр 4550 ам.долларыг 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс, хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувь буюу 22.75 ам.долларын хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн. Тохирсон хугацаанд хариуцагч гэрээний автомашин нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй буюу 2014 оны 06 дугаар сард С.М- надтай утсаар холбогдон Соната-5 маркийн автомашин авахыг санал болгосны дагуу өөрийн найз Т.Батхуягаар дамжуулан дээрх автомашиныг үзүүлэхэд өмнө нь таксинд явж байсан, муу тэрэг байна гэсэн тул автомашиныг аваагүй. Үүнээс хойш хариуцагчтай дахин холбоо тасарсан тул шүүхэд хандан хаягийг нь тодруулж холбогдсон бөгөөд таны төлбөрөөс чинь төлнө гээд 100 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. 

Иймд үндсэн төлбөр 4550 ам.доллар буюу өнөөдрийн Монголбанкны ханшаар /1ам.доллар=2468.68 төгрөг/ 11 109 060 төгрөгийг, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 100 хоногийн хугацааны хүү 2250 ам доллар буюу 5 554 530 төгрөг, нийт 16 663 590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2009 онд талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан ч одоо энэ гэрээг олох боломжгүй, гэрээний дагуу хөрөнгө оруулалт гэж 4200 ам.доллар оруулсан боловч тухайн үед эдийн засгийн хямралаас болж ажил бүтэлгүйтсэн. 2010 онд 4200 ам.доллараас 2 000 000 төгрөгийг буцаан өгсөн. Батламж гэрээгээр 4550 ам.доллар төлөх гэрээ байгуулсан боловч Иргэний хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Тэрээр 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Х.Ж-д бензиний мөнгө гэж 100 000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02126 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсгүүдэд зааснаар С.М-аас хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 16 563 590 төгрөгийг гаргуулан, Х.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240 768 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ж-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2050 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02126 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 ...” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1, 222 дугаар зүйлийн 222.5” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн хариуцагч С.М-аас хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 16 563 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч X.Жанцансамбууд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй мөн иргэний хуулийн зөрчсөн гэж үзэж байна. Валютын ханшийг тооцохдоо нэхэмжлэл гаргах үеийн    ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасныг зөрчжээ.

2009 оны 04 дүгээр сарын 01-ний 20935430 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5154 дугаарын албан бичгийн хавсралт, лавлагаа, Хаан банкны Деспозит дансны дэлгэрэнгүй хуулбар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамж, гэрч Лхагважав, Т.Батхуяг нарын мэдүүлэг зэргээр иргэний хуулийн 49 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хаан банкны деспозит дансны хуулга нь үүргээ хүлээн зөвшөөрснийг нотлох хангалттай баримт биш, мөн гэрч нар өр авлагын талаар юу ч мэдэхгүй, С.М- нь хилээр тогтмол орж гарч байсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ гаргахад нөлөөлөхгүй зэргээр нотлогдох юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүйгээс хөөн хэлэлцэх хугацааны талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангахдаа хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Х.Ж- нь хариуцагч С.М-аас хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 4 550 ам.долларыг хүүгийн хамт нийт 16 663 590 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч С.М- шаардлагыг зөвшөөрөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигчид 2009 оны 04 дүгээр сард БНСУ-аас автомашины сэлбэг, автомашин, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал нийлүүлж, зарж борлуулан, ашиг хуваах талаар харилцан тохиролцсон гэх нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй учир талууд дээрх байдлаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д заасан хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан гэж үзэхээр байна.

Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч Х.Ж- хариуцагчид 4 550 ам.доллар, 2 000 000 төгрөг хөрөнгө оруулалт болгон өгсөн, С.М- 2 000 000 төгрөгийг буцаан өгсөн гэх мөн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Зохигчид хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй, хамтран ажиллах гэрээнд хэн нь ямар үүрэгтэй оролцох, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө нь хураамж, эсхүл үйл ажиллагааны хэлбэр болох нь тус тус тодорхойгүй боловч талуудын 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “батламж гэрээ”-ний агуулгаас үзвэл хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй, дуусгавар болсон, харин нэхэмжлэгчийн шилжүүлсэн 4 550 ам.долларт хариуцагч С.М- автомашин өгөх, 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө ийнхүү төлбөрийг барагдуулахгүй бол 4 550 ам.долларт өдрийн 0,5%-иар хүү бодох үүрэг хүлээжээ.

Дээрх төлбөрөөс буюу 4 550 ам.доллараас 2 000 000 төгрөг төлсөн гэх хариуцагч талын тайлбар баримтаар тогтоогдоогүй байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн 2009 оны 09 дүгээр сар, батламж гэрээ байгуулагдсан 2010 оны 06 дугаар сар гэх хоёр хугацааны алинаас нь ч тоолсон гэрээний үүргийн биелэлтийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг. Мөн зүйлийн 79.7.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог байна.  Нэхэмжлэгч Х.Ж- хариуцагч С.М-ыг эрэн сурвалжлуулахаар 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлахаар шийдвэр гаргасан, прокурорын байгууллагаас хариуцагчид холбогдуулан 2009 онд эрүүгийн хэрэг үүсгэж, 2010 онд хэрэгсэхгүй болгосон, хариуцагч 2016 оны 08 дугаар сард нэхэмжлэгчийн дансанд 100 000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримтууд нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх Иргэний хуульд зааснаас өөр үндэслэлийг, эсхүл хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш бий болсон үйл баримтыг хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх нөхцөлд хамааруулах боломжгүй болно. Анхан болон давж заалдах шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт эрх зүйн хувьд алдаатай болжээ.

Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж заасан ба энэ зүйлийн 75.2.-т заасан хөөн хэлэлцэх тусгай буюу богиносгосон хугацаанд хамаарахгүй шаардлагад нэхэмжлэл гаргах ерөнхий хугацаа үйлчлэх учиртай.

Зохигчид хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй, амаар харилцан тохиролцсон байх боловч хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй болох нь зохигчдын тайлбар болон батламж гэрээний нөхцлөөр тогтоогдсон байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Х.Ж- нь хариуцагчаас түүнд шилжүүлсэн 4 550 ам.долларыг буцаан шаардах эрхтэй гэж үзнэ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс хөрөнгө буцаан гаргуулах шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа хуулиар тогтоогоогүй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас батламж гэрээний дагуу алдангийн агуулга бүхий хүү шаардах эрхгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2050 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/02126 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар Сутай овогт Сэрээжавын Мандахбаяраас 11 109 060 төгрөг гаргуулан, Хотгойд овогт Хандын Жанцансамбууд олгож, нэхэмжлэлээс 5 554 530 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагчаас 240 768 төгрөгийг” гэснийг “хариуцагчаас 192 694 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 240 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН