Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00140

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 335 дугаар шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Г-т холбогдох,

2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Найдангийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Н.Найдан, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Ч.Г- нь Б.Д-ийн гурван тооны хээлтэй үнээг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хулгайлж 2 500 000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас 6 сарын хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Камерийн бичлэгийг CD-нд буулган хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Камерийн бичлэгт гурван үхэр тууж яваа хүнийг би мөн гэж Ганбаатар мэдүүлсэн.

Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд хариуцагч Ч.Г-ыг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн учраас гурван үхрийн үнэ 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Би төрөлхийн сэтгэцийн өвчтэй, бичиг, үсэг мэдэхгүй, бие дааж амьдрах чадваргүй, төрсөн дүүгийнхээ асрамжид байдаг. Булган аймгийн Прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.Д-ийн 3 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гээд нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Булган аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5/161 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон, Б.Д-ийн 3 тооны үхрийг хулгайлсан үйлдэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 335 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ч.Г-аас 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын төлөөлөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54 950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээхээр дурдаж шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалаар Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 335 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.Г-аас 2 250 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Д-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 

...Хариуцагч Ч.Г- нь төрөлхийн сэтгэцийн өвчтэй, өөрөө бие даан амьдрах чадамжгүй бусдын асрамж шаардлагатай учир 59 жил амьдрахдаа төрсөн эмэгтэй дүүгийнхээ асрамжинд байгаа юм. Булган аймгийн Прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд улмаар анхан шатны шүүх хянан хэлэлцээд нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гээд хэргийн нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Уг хэргийг прокурор хянаад Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5/161 тоот тогтоолоор Ч.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан СД-нд үхэр алдагдсан гэх цаг хугацаанд тухайн 3 тооны үхрийн урд нэг хүн явж байгаа нь харагдаж байгаа боловч хэн бэ гэдгийг ялгаж таних боломжгүй, өөрөөр хэлбэл бичлэгт харагдаж буй улаан малгайтай хүн Ч.Г- мөн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Ч.Г- нь үхэр тууж явснаа хүлээсэн гэсэн нь үндэслэлгүй, ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй юм. ...Мөн шүүх эмгэг судлалын 2017 оны 06 дугаар сарын 12-ны 640 тоот дүгнэлтэд Ч.Г- нь өөрийн оюун ухааны түвшинд үйл ажиллагааныхаа учир холбогдлыг ойлгохгүй байна. Иймд түүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэснийг давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэл болгосон нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг зөрчсөн байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 15 тоот магадлалтай иргэний хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Д- хариуцагч Ч.Г-т холбогдуулан хулгайд алдсан гурван үхрийн үнэд 2 500 000 төгрөг шаарджээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Б.Д- нь өөрийн 3 үхрийг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хулгайд алдсан байх ба түүний өргөдлөөр эрх бүхий байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Ч.Г-т холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорыг Ч.Г- хариуцах ёстой гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Ч.Г- нь төрөлхийн оюуны хомсдол өвчтэй, бичиг үсэг мэдэхгүй, халамжийн группэд байдаг хүн байна.

Анхан шатны шүүх хариуцагч Ч.Г-ыг нэхэмжлэгчид гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх Ч.Г-ыг бусдын эд хөрөнгө хулгайлсан нь тогтоогдсон гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангажээ.

Хариуцагч Ч.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5\161 дүгээр тогтоолд “эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, алдагдсан эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлт, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Ч.Г- нь 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг, 2\Б хэсгийн 11-04 тоотод оршин суух Б.Д-ийн 3 тооны үхэр алдагдаж, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1. дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна” гэж заасан боловч хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, эрүүгийн хариуцлагад татах хугацаа дууссан, цаашид байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар гэм буруутай нь хуулийн  дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.  

Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд Ч.Г-ыг хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж заасныг шүүхийн тогтоолоор гэм буруутайн нотлогдсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх прокурорын тогтоолын дүгнэлтийг хариуцагч Ч.Г-ыг нэхэмжлэгч Б.Д-ид учирсан гэм хорыг хариуцах эрх зүйн үндэслэл болгоогүй нь  Үндсэн хуулийн дээрх зарчимд нийцсэн байна.

Камерын бичлэгт харагдах хүн Ч.Г- мөн гэх, тэрээр үхэр тууж яваа гэж үзэх байдал хангалттай тогтоогдоогүй, эрх зүйн чадамжгүйд тооцогдоогүй боловч өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгож, ухамсарлах чадвар хомс хүний өгсөн тайлбар, мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс гадна маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 54 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.          

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН