Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 15

 

 

Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

С.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай                                                                                 

Хэргийн индекс 132/2016/00674/И

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 335 дугаартай шийдвэртэй,

Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-ын нэхэмжлэлтэй, Ч.Г-т холбогдох 2500000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А 

Хариуцагч Ч.Г

Нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурван үхрийн үнэ 2500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Г болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 335 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ч.Г-аас 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А-ын төлөөлөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээхээр дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч Б.Д-ийн 3 хээлтэй үнээ нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө алга болсон бөгөөд уг хэрэгт Ч.Г-ыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Хэргийг шалгах явцад яллагдагч Ч.Г нь камерийн бичлэгийг хүлээн зөвшөөрч “3 үхэр тууж яваа хүн бол би мөн байна, замд таарахаар нь туугаад явсан байна” гэх зэргээр мэдүүлсэн байх тул энэ хүнийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан билээ. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаас энэ хэргийг дутуу шалгасан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн шатанд буцаасан бөгөөд тухайн үеийн шүүх хурал дээр өмгөөлөгч М.Н гуай өөрөө Г буруутай учраас хохиролыг арилгах нь зөв хэмээн хэлж байсан атлаа иргэний шүүх хурал дээр өмгөөлүүлэгчээ “мэдэхгүй” гэж хэл гэж хажуугаас нь зааж зааварлаж хэргийг зориудаар буруу шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Хариуцагч Ч.Г нь төрөлхийн оюуны хомсдолтой гэх боловч эрүүгийн хэрэг дээр хэрэг хариуцах чадвартай гэж гарсан төдийгүй иргэний хэрэг дээр ч гэсэн хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай гэж дүгнэлт гарсан. Аймгийн Прокурорын газраас Ч.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хөнгөн гэмт хэргийг шалгах 6 сарын хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн хувийн байдлыг харгалзаж шууд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Ч.Г нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар байцаагдахдаа хэргийг хүлээн зөвшөөрсөн нь одоогийн хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний албаны дүгнэлттэй шалтгаант холбоотой буюу хийсэн үйлдлийнхээ учир холбогдлыг өөрөө ойлгож мэдүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүрэгтэй атал анхан шатны шүүх эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар яллагдагч нь мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл Ч.Г нь хэргээ хүлээгээд мэдүүлэг өгчихсөн байгаа шүү дээ.

Мөн Ч.Г нь анхан шатны шүүх хурал дээр ганц ч үг дуугараагүй бөгөөд мэдэхгүй гэдэг үгийг 3-4 удаа л хэлсэн, үүнийг өмгөөлөгч нь зааж өгч хэлүүлсэн байх талтай. Хариуцагч Ч.Г нь үхэр тууснаа хүлээж, дүү нь хүртэл манай ах танай үхрийг авчихжээ, шоронд явах гээд байна гэсэн гээд байсан, өмгөөлөгч М.Н нь эрүүгийн хурал хойшлоход Ч.Г-ын ар гэрийнхэнд танай буруу учраас 3 үхрийг төлж, хохиролгүй болгох ёстой шүү гэж хэлж байсан зэргийг харгалзан үзсэнгүй. Гэтэл иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр М.Н өмгөөлөгч нь хариуцагч Ч.Г-ыг тохойгоороо нударч байгаад “мэдэхгүй” гэж хэлүүлсэн.

Гэтэл шүүхийн шийдвэр дээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, сэтгэцийн өвчтэй, бичиг үсэг мэдэхгүй, бие дааж амьдрах чадваргүй дүүгийнхээ асрамжинд байдаг гэх мэтээр мэдүүлэг, тайлбар өгсөн болгож бичсэн байна. Ч.Г нь өөрөө гадуур айлд мод, түлээ хагалж өгөөд явдаг ба гэрээ ганцаараа олоод очдог, ус аваад гэртээ харьж чаддаг. Төдийгүй эмнэлэгийн угаалгын газарт очиж тусалдаг хүн шүү дээ. Энэ байдлыг нь 6 дугаар хорооны ард иргэд бүгд мэднэ.

Шүүхийн шинжилгээний үндэсний төв нь хариуцагч Ч.Г-ыг хийсэн үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадвартай гэж дүгнэсэн нь хэрэг хариуцах чадвартай гэсэн үг гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.”  гэжээ.

                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйрийн 116.2-т заасан шаардлагыг хангаж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А нь Ч.Г-т холбогдуулан хулгайд алдагдсан 3 тооны үхрийн үнэ 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас  үзэхэд 2016 оны 1 дүгээр  сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух Б.Д-ийн 3-н үхэр хулгайд алдагдсан байна. Энэ хэрэгт Ч.Г-ыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр Булган аймгийн прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 5/161 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ.

Булган аймгийн прокурорын 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 5/161 дугаартай тогтоолоор “...эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, алдагдсан эд зүйлийн үнэлгээний комиссийн дүгнэлт, шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар яллагдагч Ч.Г нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүлийн 145.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.” гэж дүгнэсэн нь Ч.Г-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлж гэм хорын хохирол учруулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин Булган аймгийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Ч.Г-ыг бусдын эд хөрөнгөнд учруулсан хохиролыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. /х.х-ийн 25/   2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 640 дүгээр дүгнэлтээр “...өөрийн оюун ухааны түвшинд үйл ажиллагааныхаа учир холбогдлыг ойлгож чадаж байна, өөрийгөө удирдаж чадаж байна.” гэсэн дүгнэлтээс үзэхэд Ч.Г-ыг эрх зүйн хувьд бүрэн чадамжтай гэж үзэх боломжтой. /х.х-ийн 35/ 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн, холбогдох хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул   нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөн залруулах нь зүйтэй байна.

Ч.Г-аас бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролыг гаргуулахдаа 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №Б/16/37  дугаар шинжээчийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн 3 тооны үхрийг 2.250.000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын “20”-ны өдөр 5/161 дүгээр тогтоол гарсныг “10” гэж ташаа бичсэн байгааг дурьдах нь зүйтэй.    

 Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 335 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.Г-аас 2.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч Б.Д-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                           С.УРАНЧИМЭГ

                                                                                М.ХҮРЭЛБААТАР