Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 00335

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Одончимэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Б.Дамдиндоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1969 онд төрсөн, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 15 дугаар байрны 18 тоотод оршин суух, Халбин овогт Сүрэнхорын Амар /РД: СЮ69040210/-ын төлөөлөн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1958 онд төрсөн, боловсролгүй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6д-12-4 тоотод оршин суух, Боржигон овогт Чимэдрэгзэнгийн Ганбаатар /РД: МФ58090911/-т холбогдох, 2500000 төгрөг гаргуулах тухай 132/2016/00674/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар, хариуцагч Ч.Ганбаатар, түүний өмгөөлөгч М.Найдан, иргэдийн төлөөлөгч Б.Баттуяа, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.Ганбаатар нь Б.Дамдиндоржийн гурван тооны хээлтэй үнээг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хулгайлж 2500000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа учраас 6 сарын хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Камерийн бичлэгийг CD-нд буулган хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Камерийн бичлэгт гурван үхэр тууж яваа хүнийг би мөн гэж Ганбаатар мэдүүлсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд хариуцагч Ч.Ганбаатарыг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн учраас гурван үхрийн үнэ 2500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Ганбаатар болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төрөлхийн сэтгэцийн өвчтэй, бичиг, үсэг мэдэхгүй, бие дааж амьдрах чадваргүй, төрсөн дүүгийнхээ асрамжид байдаг. Булган аймгийн Прокурорын газраас 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б.Дамдиндоржийн 3 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гээд нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Булган аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5/161 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон, Б.Дамдиндоржийн 3 тооны үхрийг хулгайлсан үйлдэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Б.Дамдиндоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар нь Ч.Ганбаатарт холбогдуулан хулгайд алдагдсан гурван үхрийн үнэ 2500000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч болон түүний өмгөөлөгч нь хариуцагчийг үхэр хулгайлсан гэх хангалттай нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.[1]

2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт оршин суух Б.Дамдиндоржийн гурван үхэр хулгайд алдагдсан байх бөгөөд энэ хэрэгт Ч.Ганбаатарыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр Булган аймгийн Прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 5/161 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдож байна.[2]

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь CD-нд буулгасан камерийн бичлэгт гурван үхэр тууж яваа хүн харагдаж байгаа бөгөөд Ч.Ганбаатар нь яллдагдагчаар мэдүүлэг өгөхдөө тэр хүнийг өөрийгөө гэж хүлээн зөвшөөрсөн тул түүнийг гурван үхэр хулгайлсан гэм буруутай гэж үзсэн боловч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд гэм буруутай этгээдээс иргэний журмаар хохирлоо нэхэмжилж байгаа гэж тайлбар гаргаж байгаа хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокрорын тогтоолыг хариуцагчийн гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр гэж үзэх боломжгүй юм.

Хэрэгт эд мөрийн баримтаар гаргаж өгсөн CD-ний бичлэгт Б.Дамдиндоржийн үхэр алдагдсан цаг хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр сарын 30-ны орой 3 үхрийн ард нэг хүн явж байгаа нь харагдаж байгаа боловч хэн гэдгийг нь тодорхой ялгаж харах боломжгүй байна. Түүнчлэн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн камерийн бичлэгт байгаа улаан малгайтай хүн, 2016 оны 01 дүгээр сарын 30-ны орой 3 үхэр туусан улаан малгайтай хүн нэг хүн байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2464 дугаар шинжээчийн дүгнэлт нь ойлгомжгүй байна.[3] Өөрөөр хэлбэл 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн камерийн бичлэгт харагдаж байгаа улаан малгайтай хүн Ч.Ганбаатар гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч Ч.Ганбаатарын эрүүгийн хэрэгт яллагдагчаар өгсөн ... 2016 оны 01 сарын 30-ны өдрийн үхэр туугаад явж байгаа хүн би мөн байсан. Намайг явж байхад л замд тааралдсан байх, би үхэр тууж яваагүй... гэх мэдүүлгийг үндэслэн түүнийг Б.Дамдиндоржийн гурван тооны үхрийг хулгайлсан, гэм буруутай байна гэж үзэн 2500000 төгрөгийн хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна.

Эрүүгий байцаан шийтгэх хуульд зааснаар яллагдагч нь мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.

Иймд нэхэмжлэлиийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ч.Ганбаатараас 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай Б.Дамдиндоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын төлөөлөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД О.ОДОНЧИМЭГ

Р.ҮҮРИЙНТУЯА

 

 

[1] хх 1, 15-16 тал

[2] хх 25 тал

[3] хх 29-30 тал