Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00142

 

З.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02065 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2104 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч З.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох,

Гэм хорын хохиролд 20 331 430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанзаяа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

­З.Н- нь 1998-2014 оны 07 дугаар cap хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 1 ба 3 дугаар байрны дунд газар ашиглах актын дагуу 5x8 хэмжээний павилон барьж, ХД/8-01 бүртгэлийн дугаартай “Цагаан шувуут” хүнсний дэлгүүрийг ажиллуулж байсан. Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдэлгүйгээр хувийн өмчид халдаж дэлгүүрийн барилгыг нурааж дотор нь байсан дэлгүүрийн шилэн лангуу болон хөргөгч гэх мэт зүйлийг дахин ашиглах боломжгүй болгосон байсан.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын газар чөлөөлөх талаар гаргасан шийдвэрт гомдол гаргаснаар тус шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 505 тоот шийдвэр гарч Засаг даргын шийдвэр хууль бус болохыг тогтоосон. Хууль бус шийдвэрээр газар чөлөөлөхтэй холбогдон гарсан эд хөрөнгөд учирсан хохирол болох 20 331 430 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлээ багасгаж байна.

Хөргөгчний үнэ 274 984 төгрөг, 4 ширхэг лангуу, тавиур 73 329 төгрөг, павилионы үнэ 19 983 116 төгрөг, нийт 20 296 116 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

З.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч З.Н- нь эрх бүхий этгээдээс олгосон шийдвэргүйгээр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшиж улмаар хүнсний дэлгүүр буюу павилион ажиллуулж байсан байдаг. Газрын тухай хуулийн дагуу газар албадан чөлөөлөх шийдвэр гарч, ажиллагаа хийгдсэн.

Тухайн газарт Засаг даргын 437 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эрх олгогдсон байдаг. Газар чөлөөлөх тухай шаардах хуудсыг З.Н- гуайд өөрт нь гардуулж өгч байсан боловч тухайн үед мэргэжилтнүүд нь олон солигдож байснаас шалтгаалаад захиргаа хийсэн ажлаа баталгаажуулж чадаагүй байдаг. Үүнээс болоод Захиргааны хэргийн шүүхэд захиргааг буруутгасан шийдвэр гарсан. Уг шийдвэрт газар ашиглах эзэмших эрхгүйгээр нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулж байсныг мөн дурдсан. Иймд нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа харагдаж байна.

Мөн нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо үнэлүүлсэн үнэлгээний тайланг, шүүхээс шинжээч томилсон шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээний аргачлалыг төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан байдаг. Гэтэл шинжээчийн үнэлгээний тайланд захиргааны хэм хэмжээ тогтоосон актын бүртгэлд байхгүй, хүчин төгөлдөр бус актаар үнэлгээг хийсэн. Үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу шинж байдлыг дурдсан зүйл байдаггүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02065 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 20 178 116 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 153.314 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 258 840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2104 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчид учирсан хохирол нь хохирогчоос өөрөө санаатай буюу илт болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болох талаар хуулийн зохицуулалтыг тухайн хэрэгт хэрэглэх байсныг хэрэглээгүй. Иргэн З.Н- нь эрх бүхий этгээдээс олгосон шийдвэргүйгээр тус дүүргийн 8 дугаар хороонд байрлах 1, 3 дугаар байрны дунд нийтийн эзэмшлийн зам талбайд газар эзэмшиж, 1999-2014 оны хооронд Цагаан шувуут нэртэй ТҮЦ, хүнсний дэлгүүр ажиллуулж байсан.

Улмаар дүүргийн Засаг даргын Тамгын газар, өмч газрын харилцааны албаны зүгээс газар чөлөөлөх шаардлагыг 2009 оноос хойш удаа дараа хүргүүлсэн ч нэхэмжлэгч биелүүлээгүй тул Газрын тухай хуульд заасны дагуу газар албадан чөлөөлөх захирамж гарч албадан чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь төрийн байгууллагын зүгээс удаа дараа мэдэгдсээр байхаар учирч болох хохирлыг мэдсээр байж санаатайгаар урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй, зөвшөөрөлгүй тухайн газарт үйл ажиллагаа явуулж орлого олж байсан бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн илтэд болгоомжгүй үйлдэл хамааралтай гэсэн хариуцагчийн тайлбарыг харгалзан үзээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны тус маргаан бүхий шүүх хурал анх товлон зар хүргэсэн хугацаандаа болоогүй. Нэхэмжлэгч талын нөлөөллөөр шүүх хурлын товлосон өдөр өөрчлөгдсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “Шүүгч хараат бус байж зөвхөн хуульд захирагдана” гэсэн заалтыг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2104 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-ийг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч З.Н- нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 20 331 430 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзан мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч З.Н- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 1, 3 дугаар байрны зүүн талд газар ашиглах актын дагуу 5х8 хэмжээний павильонд “Цагаан шувуут” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” 210 дугаартай захирамжийн дагуу газар чөлөөлөх ажиллагаа явагдсан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 505 дугаар шийдвэрээр дээрх ажиллагааг хууль зөрчсөн, илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоожээ. Шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр  шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг дахин нотлохгүй тул хариуцагч талын хууль бус ажиллагаа, гэм буруугийн асуудал энэ хэргийн маргааны зүйл болох үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг. Хариуцагчийн хууль бус ажиллагаа болон гэм буруугийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хэмжээг өөрөө тодорхойлсон ба нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээнээс доогуур байх тул шүүх шаардлагын хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан нь буруу биш байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/02065 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2104 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН