Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
Хэргийн индекс | 106/2016/0067/Э |
Дугаар | 250 |
Огноо | 2016-10-05 |
Зүйл хэсэг | 148.1., |
Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 250
Х.Баяржаргалд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Ц.Бурмаа,
хохирогч Ц.Батсайхан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол,
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 558 дугаар магадлалтай, 201626021424 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Хайчингийн Баяржаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бага бус хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Баяржаргалд холбогдуулж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч Д.Барсүрэн нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Х.Баяржаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Х.Баяржаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 558 дугаар магадлалаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байтал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг зөрчсөн буруу шийдвэр гарлаа гэж үзэж байна.
Иймд хяналтын шатны шүүхээс доорх бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Х.Баяржаргалд холбогдуулан эрүүгийн журмаар шийдвэрлэх явдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргаж өгөхийг хүсье. Үүнд:
Х.Баяржаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргийг үйлдээгүй. Х.Баяржаргал нь Ц.Батсайхантай 10 жилийн найзууд байсан ба үерхэж, нөхөрлөж ирсэн. Мөн түүнтэй эр, эмийн харьцаатай байсан.
Ц.Батсайханы охин Хуланг 1996 онд төрүүлсэн. Ц.Батсайхантай төрсөн охин нь маш адилхан. Энэ хугацаанд Ц.Батсайхан нь төрсөн охиндоо нэг ч удаа дэм өгч туслалцаа үзүүлж байгаагүй. 20 жил Ц.Батсайханы охиныг Х.Баяржаргал өсгөж байгаагийн хувьд 5,000,000 төгрөгийг түүнээс авсан гэсэн. Уг 5,000,000 төгрөгийг Х.Баяржаргал нь Ц.Батсайханд зам тээврийн ажил олж өгнө гэж хэлж аваагүй, хүүхдээ зориулж авсан байна...” гэв.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Х.Баяржаргалд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.
Шүүгдэгч Х.Баяржаргал нь 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Батсайханаас 5,000,000 төгрөгийг “зам тээврийн ажил олж өгнө” гэх нэрээр залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, банкны дансны хуулга зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Х.Баяржаргалд холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.
Шүүхээс Х.Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах 6 сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.Баяржаргал нь “зам тээврийн ажил олж өгнө” гэж хуурч мэхлэн итгэл эвдэх замаар хохирогч Ц.Батсайханаас 5,000,000 төгрөгийг залилж авсан үйл баримтыг тогтоосон байх бөгөөд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон нотлох ажиллагааны журмыг зөрчөөгүй тохиолдолд хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хуулиар олгогдоогүй тул өөрчлөн дүгнэх боломжгүй.
Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 558 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР