| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 137/2017/0025/э |
| Дугаар | 2017/ДШМ/36 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Т.Оюнжаргал |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2017/ДШМ/36
С.Гансүхэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмааг оролцуулан,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Гансүхэд холбогдох, эрүүгийн 201510010196 дугаартай, 4 хавтас, 985 хуудас эрүүгийн хэргийг хохирогч Д.Шинэтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тээврийн Прокурорын газраас;
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 2 дугаар хэсэг, 6 дугаар байр 12 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Санжмятавын Гансүх /МЬ 67022111/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч С.Гансүх нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний орой 16-17 цагийн хооронд Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэр Хөлгүй усны сайр гэх гүүрний хойд замд Тоёота Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Энхбатын жолоодож явсан Тоёота Марк-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Г.Тэмүүлэнгийн бие махбодид хөнгөн, С.Энхчимэг, Д.Шинэтуяа, Ж.Саранбат нарын бие махбодид хүндэвтэр, Д.Баттунгалаг, Э.Тэмүүлэн, Б.Ууганбаяр нарын бие махбодид хүнд гэмтэл, Л.Батзоригийн эзэмшлийн Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд 6310000 төгрөгийн шууд, 6960800 төгрөгийн нийт, С.Энхчимэгийн эзэмшлийн Т.Марк-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6335000 төгрөгийн шууд, 7211000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Гансүхийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гансүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сарын баривчлах ялаар шийтгэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гансүхийн цагдан хоригдсон 67 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гансүх, иргэний хариуцагч Л.Батзориг нараас хувь тэнцүүлэн 21955.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Шинэтуяад, 10414.000 төгрөг гаргуулж хохирогч С.Энхчимэгт, 3586.696 төгрөг гаргуулж хохирогч Д.Баттунгалагт, шүүгдэгч С.Гансүхээс 6960.800 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Батзоригт тус тус олгож,
хохирогч Ж.Саранбат, насанд хүрээгүй хохирогч Г.Тэмүүлэнгийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг, хохирогч Б.Ууганбаярт 10400.000 төгрөг, хохирогч Д.Баттунгалагт 70.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Оргилмаад 650.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж,
хохирогчийн өмгөөлөгч Л.Баярсайхан өмгөөллийн хөлс 2500.000 төгрөг, ирэх буцах зардлаа нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Ууганбаяр нь цаашид эмчилгээ хийлгэх зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, ... шүүгдэгч С.Гансүхэд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, … тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Шинэтуяа давж заалдсан гомдолдоо: Ялтан Гансүхэд холбогдох гэмт хэргийн улмаас хохирогч Д.Шинэтуяа би бие махбодидоо хүндэвтэр гэмтэл авч, эрүүл мэндийн хувьд болон сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирол амссан юм. Энэ хэрэг жил гаруй хугацаанд мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж 2016 оны 12 дугаар сард Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал хянан шийдвэрлэж С.Гансүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн атлаа бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлүүлэхгүйгэр шийдвэрлэсэн. Улмаар давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болж, хэрэг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэж шийдвэрлэгдэхээр буцсан. Дахин анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж мөн тус шүүхийн шүүгч Л.Батжаргал шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 551.1-д заасныг дурдан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна, харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэн, хохирогч миний зүгээс ялтан С.Гансүхээс гэм хорын хохирлоо барагдуулах байр суурьтайгаа илэрхийлсээр байтал гэм хорын хохирлыг иргэний хариуцагч Батзоригтой хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэн Гансүхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж шийдвэрлэжээ.
Тэгтэл шүүгч Батжаргал нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарын эрх зүйн байдлыг харгалзан үзэлгүй зөвхөн шүүгдэгчийн эрх зүйн байдалд анхаарал хандуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Гансүхийн хувьд хохирогч Д.Шинэтуяа надад учирсан гэм хорын хохирлыг барагдуулах талаар ямар ч санаачлага гаргаагүй ба гэм хорын хохирлоо барагдуулаагүй байхад ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн шударга бус шийдвэрт үнэхээр гомдолтой байна. ...Ялтан Гансүхийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэний шийдвэрээр өөрчилсөн нь тодорхойгүйгээр гадуур байхдаа ажил дээр ирж уулзан “би хоригдчихвол та нарын хохирлын мөнгийг төлж чадахгүй шүү” гэж хийсэн хэрэгтээ гэмших нь байтугай дарамтлах байдал үзүүлж байсан. Шүүгч Батжаргал нь 2016.12.02-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолдоо хохирогч нарын өмгөөлөгчийн хөлсийг гэм хорын хохиролд оруулан тооцож шийдвэрлэсэн атлаа 2017.04.17-ны өдрийн шийтгэх тогтоолдоо хохирогч Д.Шинэтуяа миний өмгөөлөгч Баярсайханд төлсөн өмгөөллийн хөлсийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр, өөр шүүгчээр дахин хэлэлцүүлж шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
Улсын яллагч Н.Оюунжаргал давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Гансүх нь Тоёота приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгал сөрж явсан болох нь хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Д.Батдэлгэрийн мэдүүлэг, хохирогч М.Энхбатын мэдүүлэг, ШШҮХ-ийн автотехникийн лабораторийн техникийн шинжээчийн 3298 дугаар дүгнэлтээр тус тус нотлогдсон. Түүнчлэн хэргийн газрын анхны үзлэгээр А цэг нь зам тээврийн ослын улмаас үүссэн ул мөр бусад байдлуудыг үндэслэн тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд харин ШШҮХ-ийн 3298 дугаартай дүгнэлтүүдээр автомашинуудын анх мөргөлдсөн гэх А цэгийг тогтоох боломжгүй байдал нь дүгнэлтийн 3 дахь хэсэгт дурдагдсанаар хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд нь зам тээврийн осол гарсан орчин болон мөргөлдөлтөөс үүссэн ул мөрийг бүрэн харуулж чадахгүй байдлаас болсон болохыг тайлбарласан байна. Ялтан С.Гансүх нь хохирогч Б.Ууганбаярт 10400000 төгрөг, хохирогч Д.Баттунгалагт 70000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Оргилмаад 650000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн байдлыг харгалзан шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, гэм хорыг өмчлөгч, эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй учраас иргэний хариуцагч Л.Батзориг, ялтан С.Гансүх нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогч Д.Шинэтуяагийн өмгөөллийн хөлс 2500000 төгрөг, ирэх буцах замын зардал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 7 дахь заалтад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх хэсэгт зааснаар нөхөн төлүүлэхээр өөрчлөлт оруулах, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар харъяалах шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Майбаяр, Д..Тунгалаг нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... С.Гансүх нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хэдийгээр эхнэр, өндөр настай эхийн хамт амьдардаг, төлбөрийн чадваргүй боловч бусдад учруулсан хохирлоос өөрийн чадлын хэрээр нөхөн төлсөн, үлдэх төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлдэг. Мөн ослын улмаас өөрийнх нь биед гэмтэл учирсан, яс нөхөх хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай байгаа болно. Анхан шатны шүүхээс С.Гансүхэд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, С.Гансүхийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Гансүхэд холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Гансүх нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг буюу 2015 оны 10 дугаар сарын 29-ний орой 16-17 цагийн хооронд Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэр Хөлгүй усны сайр гэх гүүрний хойд замд Тоёота Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Энхбатын жолоодож явсан Тоёота Марк-2 маркийн 34-41 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Г.Тэмүүлэнгийн биемахбодид хөнгөн, С.Энхчимэг, Д.Шинэтуяа, Ж.Саранбат нарын биемахбодид хүндэвтэр, Д.Баттунгалаг, Э.Тэмүүлэн, Б.Ууганбаяр нарын бие махбодид хүнд гэмтэл, Л.Батзоригийн эзэмшлийн Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл 6310000 төгрөгийн шууд, нийт 6960800 төгргөгийн, С.Энхчимэгийн эзэмшлийн Тоёота Марк-2 маркийн 34-41 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6335000 төгрөгийн шууд, нийт 7211000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-6-8/, хэргийн газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-12-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-17-18, 21-22/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-19-20, 23-24//, хохирогч Д.Шинэтуяа /1хх-27-30/, С.Энхчимэг /1хх-33/, Ж.Саранбат /1хх-39-41/, М.Энхбат /1хх-47-48/, Д.Баттунгалаг /1хх-51-53/, гэрч Д.Батдэлгэр /1хх-57-59/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хохирогч Д.Баттунгалаг/ 2015.11.27 №217 /1хх-67/, нэмэлт 2015.12.16 №217 /1хх-77/, шинжээчийн дүгнэлт /хохирогч Д.Шинэтуяа/ 2015.11.27 №218 /1хх-79/, нэмэлт 2015.12.16 №218 /1хх-90/, шинжээчийн дүгнэлт /Ж.Саранбат/ 2015.11.27 №212 /1хх-100/, нэмэлт 2015.12.16 №212 /1хх-108/, шинжээчийн дүгнэлт /хохирогч Э.Тэмүүлэн/ 2015.11.27 №213 /1хх-117/, нэмэлт 2015.12.16 №213 /1хх-131/, шинжээчийн дүгнэлт /хохирогч С.Энхчимэг/ 2015.11.27 №232 /1хх-140/, нэмэлт 2015.12.16 №232 /1хх-150/, шинжээчийн дүгнэлт /хохирогч Г.Тэмүүлэн/ 2015.11.27 №215 /1хх-157/, шинжээчийн дүгнэлт /хохирогч Б.Ууганбаяр/ 2015.11.27 №214 /1хх-175/, нэмэлт 2015.12.16 № 214 /1хх-218/, 2016.07.07 №921 /3хх-93/, шинжээчийн дүгнэлт 2015.11.17 № 16 /1хх-237/, хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх-241-248/, шинжээчийн дүгнэлт 2016.03.21 №150 /2хх-174/, шинжээчийн дүгнэлт 2016.05.18 №3298 /2хх-245/ зэргээр тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Гансүхийн биеийн эрүүл мэндийн байдал, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд зарим хэсгийг буюу хохирогч Б.Ууганбаярт 10400000 төгрөг, хохирогч Д.Баттунгалагт 70000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Оргилмаад 650000 төгрөг тус тус төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас сонгож хорихоос өөр төрлийн буюу баривчлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчимд нийцээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэсэн байх бөгөөд хохирогч Д.Шинэтуяагийн эрүүл мэндэд учирсан хохиролд нийт нэхэмжилсэн 25062614 төгрөгийн нэхэмжлэлээс баримтаар нотлогдсон зардалд нийт 21955000 төгрөгийг шүүгдэгч С.Гансүх болон иргэний хариуцагч Л.Батзориг нараас хувь тэнцүүлэн гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус нийцжээ.
Иймд хохирогч Д.Шинэтуяагийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Шинэтуяагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Н.БАТЧИМЭГ