Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 530

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мягмарсүрэн, Б.Пүрэвзул нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаатар,

ялтан Б.Мягмарсүрэн, Б.Пүрэвзул, тэдний өмгөөлөгч С.Батдэлгэр,

хохирогч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Мягмарсүрэн, Б.Пүрэвзул нарын өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Мягмарсүрэн, Б.Пүрэвзул нарт холбогдох 201725010640 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Номхон овгийн Болдбаатарын Мягмарсүрэн, 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Дэвших-Эрдэнэ” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол 904-37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: НО91121102/,

2. Мандал овгийн Бат-Очирын Пүрэвзул, 1969 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группд байдаг, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол 904-37 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: НО69122568/,

1. Б.Мягмарсүрэн нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бусадтай бүлэглэн түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн УНО 30-95 улсын дугаартай У.Батцэцэгийн эзэмшлийн автомашины толийг санаатай устгаж 472.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Б.Пүрэвзул нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Батцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бусадтай бүлэглэн зодож түүний бие махбодид санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Пүрэвзулд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар, Б.Мягмарсүрэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Мандал овогт Бат-Очирын Пүрэвзулын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Болдбаатарын Мягмарсүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Номхон овогт Болдбаатарын Мягмарсүрэнг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, Мандал овогт Бат-Очирын Пүрэвзулыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Бат-Очирын Пүрэвзулыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Болдбаатарын Мягмарсүрэнг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мягмарсүрэнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэвзул нь торгуулийн ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Пүрэвзул, Б.Мягмарсүрэн нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Мягмарсүрэнд 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж,

Б.Пүрэвзул, Б.Мягмарсүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Мягмарсүрэн, Б.Пүрэвзул нарын өмгөөлөгч С.Батдэлгэр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс Б.Пүрэвзулын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус харилцаа, үйлдэл нөлөөлсөн. 2-3 жилийн өмнөөс хохирогч Б.Пүрэвзулын нөхөр Болдбаатартай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Энэ хооронд гар утсаар Б.Пүрэвзулыг дарамталдаг, түүний өвчнийх нь байдлыг далимдуулж “чи үхэх болоогүй юу, хэзээ үхэх гэж байна, чамайг үхэхээр би нөхөртэй чинь сууж жаргана” гэх зэргээр сэтгэл зүйн хувьд дарамталдаг байсан. Энэ байдлууд нь даамжирсаар байгаад 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ ороход нь Болдбаатар, У.Батцэцэгтэй хамт нэг оронд байж байсан байдаг. Хохирогч нь Б.Пүрэвзулын бага охинтой нас чацуу гэсэн атлаа түүн рүү “нөхөртэй чинь сууна” гэж дарамталдаг. Ийм нөхцөл байдалд Б.Пүрэвзулыг өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, санаатайгаар У.Батцэцэгийн биед гэмтэл учруулсан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн үед санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдах гэж үзэх боломжтой. Гэхдээ Эрүүгийн хуульд санаа сэтгэл хүчтэй цочирдон давчидсаны улмаас хөнгөн гэмтэл учруулах гэсэн зохицуулалт байхгүй. Түүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал үгүйсгэгдэж байна. Давж заалдах гомдол гаргасны дараагаас шинэ Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн. Ял шийтгэл, санкцийн тухайд хөнгөрч байгаа учраас шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Б.Пүрэвзулын үйлдлийг хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэсэн саналтай байна. Харин Б.Мягмарсүрэнгийн хувьд шинэ Эрүүгийн хуулийн үндэслэлүүдийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх боломж байгаа. Эдгээр хүмүүсийн ар гэр, хувийн байдлын тухайд Б.Пүрэвзул нь хорт хавдартай, эмнэлгийн байнгын хяналтад байгаа. Анхан шатны шүүх хуралдааны дараа хагалгаанд орсон. Хөдөлмөрийн чадвар нь 71 хувийн алдалттай. Б.Мягмарсүрэн нь ажил хийж эхийнхээ эмчилгээний төлбөрийг олдог. Эдгээр байдлуудыг харгалзаж үзээд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Пүрэвзулын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Б.Мягмарсүрэнгийн үйлдлийг шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж ялаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Ялтан Б.Пүрэвзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

Ялтан Б.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

Хохирогч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлын гол утга санааг ойлгоогүй. Би Б.Пүрэвзулын бага хүүхэдтэй нас чацуу биш. Би энэ хүнд өвчин халдаагаагүй. Энэ өвчин нь хүний биед хортой эд үүсээд 10-15 жилийн дараа илэрдэг. 90 хувь нь бэлгийн замбараагүй харилцаанаас болж үүсдэг. Тухайн үед намайг зодож байхдаа бах тав нь ханаад санамсаргүйгээр биш, санаатайгаар зодсон. Мөн намайг үсдэж, сэтгэл санааны хувьд дарамттай байсан. Гэхдээ энэ хүмүүсийг уучлаад, өршөөгөөд гар утас өгөхгүй байх хүртэл нь гомдолгүй, хохиролгүй гээд дуусгая гэж бодсон. Тухайн үед “чи жирэмсэн гэл үү” гээд миний гэдэс рүү модоор цохисон. Тэр үед би жирэмсэн байсан. Хүний аминд санаатай халдахаар үйлдэл хийсэн.” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Пүрэвзул нь У.Батцэцэгийн биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан болох нь Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хувийн таарамжгүй харилцаа, эр эмийн хардлага зэргээс бусдын бие махбодид гэмтэл учруулбал хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр зүйлчилнэ гэсэн тайлбар байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Пүрэвзул нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зоорийн 8 тоот буюу “Азийн бамбар” ХХК-ийн аж ахуйн зориулалттай байранд хохирогч У.Батцэцэгтэй “Өөрийн нөхөр Г.Болдбаатартай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн” асуудлаас болж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож түүний бие махбодид зүүн суганы ар хэсэг, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн гуя, зүүн гуяны гадна зүүн хэсэг, баруун шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Б.Мягмарсүрэн нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зоорийн 8 тоот буюу “Азийн бамбар” ХХК-ийн аж ахуйн зориулалттай байрны грашид байсан хохирогч У.Батцэцэгийн эзэмшлийн УНО30-95 улсын дугаартай автомашины толийг “Өөрийн эцэг Г.Болдбаатартай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн” асуудлаас болж харилцан маргалдах явцдаа санаатай устгаж 472.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

ялтан Б.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын сүүлээр өдрийг санахгүй байна, миний төрсөн аав Г.Болдбаатар нь У.Батцэцэг гэх эмэгтэйтэй хамт байгаг мэдээд ээж Б.Пүрэвзулд хэлж хамт 22 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байх өөрийн хувийн барилга дээр очиход аав дотроосоо өрөөгөө цоожлоод онгойлгож өгөхгүй цохиж байгаад тайлуулж ороход аав Г.Болдбаатар, У.Батцэцэгтэй нүцгэн байж байсан. Тэгээд ээж уурлаж У.Батцэцэг рүү дайрч маргалдаад үсдэж харилцан зууралдахаар нь би салгах гээд дийлэхгүй нэг юм салгасан. Улмаар тэр 2 хэрэлдээд байсан, манай ээжийг эр хүнд тоогдож чадахгүй хавдартай байж үхээч, ааваас салахгүй, хөгшин болсон ч асарч тэжээж, үхэхийг чинь хүлээж жаргаж байна гэх зэргээр доромжилсон. Тэгэхээр нь би уур хүрээд гарч агуулахад байсан У.Батцэцэгийн улаан өнгийн суудлын автомашин байхаар нь гадна 2 ширхэг толийг нь хагалчихсан юм. Тэгээд буцаж ороход тэр хоёр нилээд маргалдаж байхад аав хувцасаа өмсөөд салгасан. Улмаар тэр эмэгтэй хувцасаа өмсөөд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /х50/,

ялтан Б.Пүрэвзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 22 цагийн үед байх миний нөхөр Г.Болдбаатар нь У.Батцэцэг гэх эмэгтэйтэй хамт байгааг охин Б.Мягмарсүрэн мэдээд надтай хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байх өөрийн хувийн барилга дээр очиход нөхөр Г.Болдбаатар дотроосоо өрөөгөө цоожлоод онгойлгож өгөхгүй, агуулахад У.Батцэцэгийн улаан өнгийн автомашин байсныг охин надад хэлсэн. Улмаар хаалгыг нь цохиж байгаад тайлуулж ороход нөхөр Г.Болдбаатар, У.Батцэцэгтэй нүцгэн байсан. Тэгээд миний уур хүрээд У.Батцэцэг рүү дайрч маргалдаад, үсдэж харилцан зууралдаад би гар, гуя, хөл рүү гараараа цохиж, хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн, харин У.Батцэцэг намайг үсдэж зуураад өшиглөөд байсан боловч ноцтой гэмтэл учруулахаар цохиогүй. Улмаар манай охин Б.Мягмарсүрэн бид хоёрыг салгасан. Тэгээд гараад хэсэг алга болоод орж ирэхдээ агуулахад байсан У.Батцэцэгийн улаан өнгийн суудлын автомашин гадна 2 ширхэг толийг хагалчихсан байсныг би сүүлд мэдсэн. Тухайн үед цагдаагаас асуугаад байхаар нь охиноо хамгаалж би хагалсан гэж худал мэдүүлсэн юм. Тэгээд маргалдаж байгаад дахин зууралдахад сүүлд нь нөхөр Г.Болдбаатар хувцасаа өмсөөд биднийг салгасан. Улмаар тэр У.Батцэцэг хувцасаа өмсөөд автомашинаа унаад яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг /х52/,

хохирогч У.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр Болдбаатарын ажлын том барилга дотор өөрийн автомашинаа хэд хоног тавиулсан юм. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Болдбаатар орой 20 цагийн үед миний автомашинтай ирээд намайг авч би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ажил дээр нь хүргэж өгсөн юм. Улмаар бид хоёр Болдбаатарын ажилчдын амьдардаг өрөөнд дотно харилцаанд орсон юм. Тэгээд байж байхад 22 цагийн үед байх Болдбаатарын эхнэр Б.Пүрэвзул нь охин Б.Мягмарсүрэнтэй хаалга цохиж орж ирсэн юм. Тэгээд бид хоёрын дотно харилцаанд орсон асуудлаас хардаж Б.Пүрэвзул нь намайг үсдэж, толгой, нүүр, хөл, гар, биеийн бүх хэсэг рүү цохиж зодсон. Б.Пүрэвзул нь намайг зодож байх үед охин Б.Мягмарсүрэн ууртай гарч яваад удалгүй орж ирсэн. Тэгэхэд Болдбаатар нүцгэн биднийг салгаж чадахгүй “боль” гэхээс өөр юу ч хийлгүй байж байгаад сүүлд нь намайг эхнэрээсээ салгасан. Б.Пүрэвзулд өрөөнд зодуулж байхад охин Б.Мягмарсүрэн нь гарахдаа барилга дотор байсан миний автомашиныг мэдээд 2 толийг эвдсэн байсан. Тэгээд би явах гэхэд намайг явуулахгүй, гэр бүл үймүүлсэн гээд маргалдаад миний гэр бүл болон ажлынханд хэлнэ гээд Б.Пүрэвзул нь цүнх булааж аваад ухаад байсан. Тэгэхэд миний гар утсыг авчихсан байсан. Би гар утас авсныг мэдээгүй. Улмаар тэд нараас уучлалт гуйж, дахин ийм асуудал гаргахгүй гээд тэднээс салаад нэг юм автомашинаа унаад явсан. Улмаар би 5 хоногийн дараа Б.Пүрэвзулаас утсаа авах гэхэд өгөхгүй доромжлоод байсан болохоор цагдаад хандсан.” гэх мэдүүлэг /х25-26/,

гэрч Г.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Азийн Бамбар” ХХК-ийн үйлдвэрийн байранд 22-23 цагийн үед У.Батцэцэгтэй байж байхад манай эхнэр Б.Пүрэвзул, охин Б.Мягмарсүрэн нар хүрч ирээд бид хоёрыг дотно харилцаанд орсныг мэдээд хаалга цохисоор байгаад орж ирсэн. Тэгэхэд У.Батцэцэг хагас нүцгэн, би шалдан байхыг хараад эхнэр уурлаад У.Батцэцэгийг үсдээд харилцан зууралдаад зодолдсон. Би араар тавьсан, мөн шалдан байсан болохоор ичиж айсандаа тэр хоёрыг салгаж чадаагүй юм. Тэгэхэд охин маань тэр хоёрыг салгаж байх шиг байсан. Тэгээд тэр хоёр маргалдаж байхад нь охин Б.Мягмарсүрэн маань биднийг тэвчихгүй, уурандаа гарч У.Батцэцэгийн улаан өнгийн автомашины гадна 2 ширхэг толийг хагалсан байсныг сүүлд мэдсэн. Тэгээд Б.Пүрэвзул нь У.Батцэцэгтэй маргалдаад байхаар нь би хувцасаа өмсөөд дундуур нь орж салгасан. Тэгээд У.Батцэцэг салаад автомашинтайгаа яваад өгсөн.” гэх мэдүүлэг /х32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...У.Батцэцэгийн биед зүүн суганы ар хэсэг, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн гуя, баруун гуя, зүүн гуяны гадна дунд хэсэг, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2447 тоот шинжээчийн дүгнэлт /х36/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /х9/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /х10-13/,

Ашид Билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээ /х18/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Ялтан Б.Мягмарсүрэн, Б.Пүрэвзул нарын өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан “...Б.Пүрэвзул энэхүү үйлдлийг цочрон давчидсаны улмаас хийсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Мягмарсүрэн, Б.Пүрэвзул нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Б.Мягмарсүрэн, Б.Пүрэвзул нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, .... ял шийтгэхээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, .... ял шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Харин хэргийн 111, 120 дахь талд авагдсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Болдбаатарыг оролцуулж мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т заасан “...гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг сануулж, тайлбарлахгүйгээр Эрүүгийн хууль сануулж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-д заасныг зөрчсөн байх тул түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Номхон овогт Болдбаатарын Мягмарсүрэнг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, Мандал овогт Бат-Очирын Пүрэвзулыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Номхон овогт Болдбаатарын Мягмарсүрэнг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, Мандал овогт Бат-Очирын Пүрэвзулыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Бат-Очирын Пүрэвзулыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Болдбаатарын Мягмарсүрэнг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Болдбаатарын Мягмарсүрэнг дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бат-Очирын Пүрэвзулыг дөрвөн зуун жаран нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Мягмарсүрэн, Б.Пүрэвзул нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Ялтан Б.Мягмарсүрэн, Б.Пүрэвзул нарын өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан “...Б.Пүрэвзулын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 294 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                Ц.ОЧ