Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 555

 

Б.Нямдашид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранцэцэг /томилолтоор/,

ялтан Б.Нямдашийн өмгөөлөгч Д.Буянхишиг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Нямдашийн өмгөөлөгч Д.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Нямдашид холбогдох 201726010160 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Айргийнхан овгийн Баатарын Нямдаш, 1985 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Сайншанд” ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 21 дүгээр гудамжны 52 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ПК85021518/,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 28 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан.

Б.Нямдаш нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн Н.Цэрэнпүрэвийн 22-14УБЯ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинд сууж улмаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын арын зам дээр хүргүүлэн таксины үйлчилгээний мөнгөө төлөлгүй, автомашинаас буухгүй гэж маргалдан “Намайг цагдаагийн хэлтэст аваачиж өгөх гэлээ” гэж автомашины жолооны хүрдийг булаацалдан замын хажуугийн хашлага мөргүүлэн автомашины урд гуперын сетка, хуванцар хамгаалалтыг хагалан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн,

мөн Н.Цэрэнпүрэвийн автомашиныг хашлага мөргүүлсэний дараа автомашины хаалгыг онгойлгон зугтаж байгаад Н.Цэрэнпүрэвт баригдан, үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүрэн тус газарт нь цохиж зодон, цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөж бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Нямдашид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нямдашид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Айргийнхан овгийн Баатарын Нямдашийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Баатарын Нямдашийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямдашид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, шүүгдэгч Б.Нямдаш нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямдашаас 88.950 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Цэрэнпүрэвт олгож, хохирогчийн нэхэмжлэлээс 575.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н.Цэрэнпүрэв нь цаашид гарах гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

шүүгдэгч Б.Нямдашид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Нямдашийн өмгөөлөгч Д.Буянхишиг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нямдашийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн зүйлчлэлтэй тохирч байгааг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал Б.Нямдашийн хувьд байгаа. Б.Нямдаш нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшдэг. Хохирогчийн зүй бус харьцаа уг гэмт хэрэгт нөлөөлсөн. Энэ талаар хохирогч анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. 1 дүгээр хорооллын арын замд очоод үргэлжлүүлээд “Баянхошуунд намайг хүргээд өгөөч” гэсэн санал тавихад “чи буу” гээд автомашины баруун талаас отвертка, бахь бариад тойрч ирээд хаалгыг нээн зүүн шанаанд нь цохьсон гэж мэдүүлснээс гадна хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдсан. 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Б.Нямдашийг саатуулах байранд авч ирсэн үед түүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд Б.Нямдашийн зүүн шанаанд шинэхэн шалбарал үүссэн байгааг тэмдэглэсэн. Энэ талаар хэрэг бүртгэлтийн явцад өмгөөлөгч Н.Одонтуяа “Б.Нямдашийн биед үзлэг хийж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан ч сарын дараа үзлэгийг хийсэн. Энэ нь тухайн шалбарал эдгэрсэн байх боломжтой. Б.Нямдаш учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Нотлох баримтын хүрээнд 520.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна, цаашид гарах хохирлыг нөхөн төлье гээд хохирогчтой уулзахад хохирогч 5.000.000 төгрөгийг нэхэмжилдэг. Нотлох баримтын хэмжээнд 520.000 төгрөгийн хохирол учирсан байна гээд анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирогчид өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны дараа 88.900 төгрөг буюу 89.000 төгрөгийг хүлээлгэж өгье гэхэд хохирогч “энэ мөнгө чинь юу юм бэ. 5.000.000 төгрөг өгчихөөд залга” гээд утсаа салгаад өнөөдрийг хүртэл авдаггүй. Энэ талаар цаашид гарах зардлаа хохирогч болон өмгөөлөгчид нь удаа дараа хэлсэн. Шүүгдэгч Б.Нямдаш нь өндөр настай, хүнд өвчтэй эхийн хамт хоёулаа амьдардаг бөгөөд ахуй амьдралын хувьд хүнд нөхцөл байдалд байдаг. Эрүүгийн хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Нямдашийн үйлдсэн гэмт хэрэг бүрэн нотлогдсон гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа нөхцөл байдлаас үзэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн учраас хөнгөрүүлж шийдвэрлэх талаар саналтай байна гэж ойлголоо. Хохирогч энэ талаар хэрэгт тодорхой мэдүүлсэн. “Түгжрээд зогсож байтал автомашины зүүн талын урд хаалгыг согтуу залуу онгойлгож суусан. Би “хөөе буу” гэж хэлэхэд таг дуугүй суугаад байсан. Намайг “чамаар заавал 1 дүгээр хорооллын арын зам руу хүргүүлнэ гээд байсан” гэж хохирогч мэдүүлдэг. Тэгэхээр шүүгдэгч өөрөө эхэлж зүй бус харьцаа үүсгэсний улмаас энэ хэрэг маргаан гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шинэ Эрүүгийн хуулиар Б.Нямдашийн үйлдлийг танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх үндэслэлгүй байгаа учраас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлоор зүйлчлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Нямдаш нь согтуугаар 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байсан иргэн Н.Цэрэнпүрэвийн 22-14 УБЯ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын автомашинд сууж улмаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын арын зам дээр хүргүүлэн таксины үйлчилгээний мөнгөө төлөлгүй, автомашинаас буухгүй гэж маргалдан автомашины жолооны хүрдийг булаацалдан замын хажуугийн хашлага мөргүүлэн автомашины урд гуперын сетка, хуванцар хамгаалалтыг хагалан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, мөн түүний нүүрэн тус газарт нь цохиж зодон, цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөж бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

ялтан Б.Нямдашийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Найз Ганболдтой уулзаад 33 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун өнцөгт байдаг буудалд хоёулаа 0.75 литрийн шилтэй архи нэгийг уусан. Тэндээс гараад 34-ийн гүүрний арын гэр хороолол руу Ганболдын гэрт очиж дахин 0.75 литрийн шилтэй архи уусан. Тэндээ би согтоод Ганболдын гэрээс хэрхэн, яаж гарсанаа санахгүй байна. Нэг мэдэхэд хохирогчийн “Тоёота Приус 20” загварын автомашинд суучихсан байсан. Би “та километрийн заалтаа нойлолчих, надад мөнгө байгаа, 1 дүгээр хороололд хүргээд өгчих” гээд Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн баруун талд ирсэн. ...Автомашинаасаа чирч буулгах гэхээр нь би буугаагүй. ...Нүүрэнд нь атгасан гараараа 2 удаа цохиход хохирогч газарт унасан. Тэгээд надаас зуураад байхаар нь би шууд зугтаасан.” гэх мэдүүлэг /х31/,

“...би жолоочийг заамдаж барьж байгаад баруун шанаа руу нь гараараа 2 удаа цохиод зугтаасан. Тэр жолоочоос нилээн цус гарсан.” гэх мэдүүлэг /х33/,

хохирогч Н.Цэрэнпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би нэгдүгээр хорооллын арын гэр хороолол дунд засмал замаар явсан. Тухайн үед зам түгжрээтэй байсан. Гудамжны үзүүрт байх худгийн урд нэг согтуу залуу хоёр гараа куртикныхээ халаасанд хийчихсэн, хөлдөх шинжтэй зогсож байсан. Тэгээд түгжрээнд зогсож байтал гэнэт автомашины зөв талын урд хаалга онгойж нөгөө согтуу залуу автомашинд суучихсан. Би “хүүе буу” гэж хэлэхэд таг дуугүй суугаад байсан. Тэгээд “Баянхошуу явна” гэхэд нь би “чи замын нөгөө талаас автомашин бариад суу, би явахгүй” гэж зөндөө хэлсэн боловч миний үгэнд ороогүй. ...би автомашинаасаа буугаад тэр залууг хоёр удаа татаж буулгасан боловч эргээд автомашинд орж суугаад байсан. ...намайг “банди минь би чамаар заавал нэгдүгээр хорооллын арын зам руу хүргүүлнэ, тэнд миний автомашин байгаа” гэхээр нь нэгдүгээр хорооллын арын зам хүргэж өгсөн. Тэнд ирэхэд “Баянхошуу яв” гэсэн. Би “явахгүй” гэж хэлэхэд автомашинаас буухгүй байсан. ...Замд явж байхад 24 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн өнцөг дээр цагдаагийн эргүүлийн автомашин зогсож байсан. ...Би автомашиныхаа цонхоороо “энэ согтуу хүнийг аваач, автомашинаас буухгүй намайг дарамтлаад байна” гэж хэлэхэд “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр оч” гэж хэлээд явчихсан. Тэгээд хөдөлтөл согтуу залуу автомашины жолоог өөр рүүгээ дараад замын хашлага мөргөөд зогссон. Би зууралдаад автомашинаа эргүүлээд ямар ч байсан цагдаагийн хэлтэст аваачна гэж бодоод явсан. Тэгтэл зам дээр автомашины хаалга онгойлгоод буугаад зугтаасан. Би автомашинаа зогсоогоод араас нь явган хөөж барьж автал миний энгэрээс хоёр гараараа заамдаж бариад газарт унагааж, нүүрэнд 2 удаа, цээжинд 2 удаа өшиглөөд зугтсан. Үүнээс болж миний хамар гэмтэж цус гарч, хувцас нил цус болсон. ...зам дээр такси барих гээд гар өргөж байсан залуугаас гуйж байгаад хамжиж барьж замын цагдаагийн тасагт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /х10-11/,

гэрч Л.Бүдсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас “Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасагт зодуулсан хүн байна” гэсэн дуудлага өгсөний дагуу шуурхай очиход 50 орчим насны эрэгтэй нүүр хэсэг нь цус болж, хамрын төвгөр язарсан шархтай, нөгөө нь 30 орчим насны согтууруулах ундаа үнэртүүлсэн, ухаан мэдрэлээ алдатлаа согтоогүй хүний хэлсэнийг ойлгож байсан. Зодуулсан гэх хүн “энэ залуу намайг зодчихлоо” гэж, харин зодсон гэх хүн “хоёрын хооронд юман дээрээс шоронд орох гэж, нэг мөсөн зодчих байж” гэж хэлж байсан. Тэгээд зодсон гэх залууг цагдаагийн хэлтэс дээр авчирч шалгахад Баатарын Нямдаш гэдэг хүн байсан. “Би таксины жолоочийг дагуулаад автомашин дээрээ хүргүүлэх гэж байсан чинь явахгүй гэхээр нь зодъё гэж зодсон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /х12/,

гэрч Ц.Гомбожавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...16-17 цагийн үед байх гаднаас зодуулсан гэх 40 гаруй насны нүүр, хамар нь цус болсон эрэгтэй, зодсон гэх 30 гаруй насны залуу, хөөж барьж авсан гэх 20 гаруй насны залуу орж ирсэн. Зодуулсан гэх ах такси бариад таксиныхаа мөнгийг өгөхгүй зодчихоод зугтахаар нь хөөж барьж авсан залууг бариад ав гэж байгаад барьж ирлээ гэсэн.” гэх мэдүүлэг /х13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Н.Цэрэнпүрэвийн биед эрүү яс болон хоншоор яс /гайморын хөндийн дотор хана, мөн гадна хажуу хана/, хамар ясны хугарал, хамрын шуунд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, дээд уруул зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 1098  тоот шинжээчийн дүгнэлт /х19/,

Дуудлага мэдээллийн бүртгэлийн хуудас /х49/,

Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /х57/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Б.Нямдашийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Мөн Б.Нямдашийг танхайрах явцдаа бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдэлд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилснийг “танхайрах явцдаа бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсныг тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх үндэслэлгүй” гэж хуулийн хувьд зөв дүгнэж уг зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Б.Нямдашид холбогдох 201726010160 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах буюу танхайрах үйлдлийг гэмт хэрэгт тооцоход “нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчих” үйлдэл энэ гэмт хэргийн заавал байх шинжид хамаарч байхаар өөрчлөгдсөн тул Б.Нямдашийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэм буруутай гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна. Харин тэрээр хохирогч Н.Цэрэнпүрэвийг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх замаар түүний эрх зүйн байддыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол ...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх... ял шийтгэнэ гэж ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Ялтан Б.Нямдашийн өмгөөлөгч Д.Буянхишигийн гаргасан “...оногдуулсан хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ. Гэтэл Б.Нямдаш нь мөрдөн байцаалтын шатанд “...хохирогч Н.Цэрэнпүрэвийн автомашиныг би гэмтээгээгүй, араас хөөж байхдаа автомашинаа мөргүүлж гэмтээсэн. Тэр хүн эхэлж бахьтай гараараа цохиогүй бол би зодохгүй байсан.” гэж гэм буруугийн талаар маргаж байсан учраас Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Айргийнхан овгийн Баатарын Нямдашийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Айргийнхан овгийн Баатарын Нямдашийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Шүүгдэгч Баатарын Нямдашийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баатарын Нямдашийг 456 /дөрвөн зуун тавин зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэж,

мөн шийтгэх тогтоолд: “Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Нямдашийн цагдан хоригдсон 57 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 456 цагаар тооцож түүний эдлэх ялаас хассугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт тус тус оруулсугай.

2. Баатарын Нямдашийг нэн даруй сулласугай.

3. Ялтан Б.Нямдашийн өмгөөлөгч Д.Буянхишигийн “...оногдуулсан хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ