Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2016/00483/И |
Дугаар | 181/ШШ2016/01000 |
Огноо | 2016-10-18 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2016/01000
2016 оны 10 сарын 18 өдөр |
Дугаар 181/ШШ2016/01000 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанааар
Нэхэмжлэгч:М.М ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х /РД/-д холбогдох
Х ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/63 дугаартай тушаал, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 7 911 418 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч О.М, Ш.Ч, хариуцагчийн төлөөлөгч И.А, түүний өмгөөлөгч Ж.Э, гэрч Ц.Ш , Ч.Ч , Ж.Д , П.М , Б.Б , нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний̆ бие М.М нь Х ийн захирлын 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрий̆н Б/12 дугаартай̆ тушаалаар Хөгжим бүжгийн коллежийн сургалт эрхэлсэн дэд захирлаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно.
Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлын байрны үндсэн зорилго нь Коллежийн дээд боловсролын болон мэргэжлийн сургалтыг чанарын өндөр түвшинд явуулах, оюутанд өөдөө тасралтгүй хөгжих чадварыг олгоход багш, ажилтныг зохион байгуулах. багш оюутаны уран бүтээлийн тоглолт, тайланг зохион байгуулж мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлуүлэх ажлыг удирдлагаар хангах, сургалтын ажлын чанарыг сайжруулах, тэнхимийн сургалт, арга зүйн ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах, сургалтын орчин, сурах бичиг ном, нот, оюутаны бие даан суралцах материал, аргачилсан заавар гаргаж оюутны мэдлэг чадварыг үнэлэх аргачлалыг боловсруулж мөрдүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ өнөөдрийг хүртэл шударгаар зохих ёсоор биелүүлсэн болно.
Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн Б/68 дутаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хөгжим бүжгийн коллежийн хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үндсэн ажил үүргээ биелүүлээгүй, удаа дараа ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт: ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор зохицуулсан байх бөгөөд дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь хууль бус гэж үзнэ.
Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаартай тогтоолын 15.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох ба гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дэх хэсэгт ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан байх боловч ажилтан М.М гэрээнд заасан аль ноцтой зөрчил гаргасныг хангалттай нотлохгүйгээр тушаал гаргасан нь буруу юм.
Түүнчлэн Х ийн багшийн ёс зүйн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дэх хэсэгт зааснаар Багш мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүнд сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж заасан бөгөөд энэ нь ямар баримтаар нотлогдсон нь туйлын тодорхойгүй байхад сахилгын шийтгэл хүлээлгэж улмаар удаа дараа зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа хууль бус үйлдэл нь ажилтны хуулиар олгогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэхэд хүргэж байна.
Хөдөлмөрийн гэрээ, Багшийн ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журамт заасан ямар ёс зүйн зөрчил гаргасан нь тодорхойгүй, гаргасан гэх зөрчил нь тогтоодоогүй байхад сахилгын арга хэмжээ авч улмаар үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь илт үндэслэл муутай болжээ.
М.М миний бие хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт заасны дагуу хөдөлмөрлөх үүргээ шударгаар биелүүлж ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэж байсан болно.
Иймд Хөгжим бүжгийн kоллежийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаартай М.М тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/63 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж,бичилт хийлгэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйпийн 40.1 4-д зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан М.М тэй̆ байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
М.М нь Захирлын 2016 оны 05 дугаар сарын 09 ний өдрийн Б/63 тоот тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан байсан
М.М нь Х ийн Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ бүрэн хангалттай̆ гүйцэтгэж, идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажиллах" гэсэн заалтыг биелүүлээгүй, Сургалт эрхэлсэн дэд захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан “Сургалт явуулж буй мэргэжлийн чиглэл дээрх бүх шатны сургалт, элсэлтийн өмнөх бэлтгэл сургалт болон төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтыг батлагдсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу зохион байгуулах үүргийн дагуу бакалаврын мэргэжил бүрийн сургалтын төлөвлөгөөг БШУС-ын 2014 оны А/174 тоот Нийтлэг шаардлага батлах тухай тушаал. БШУС- ын 2014 оны А/285 тоот Хичээлийн жагсаалт батлах тухай тушаалуудаар дээд боловсролын сургалтын төлөвлөгөөг нийтлэг шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулах, баталгаажуулах ажлыг удирдан зохион байгуулах” ёстой .
Гэтэл М.М тус сургуульд ажилласан хугацаанд тэнхимүүдтэй̆ баг болж хамтран ажиллаагүй, удирдан зохион байгуулж чадаагүй байсан нь тус сургууль дээр хийгдсэн төлөвлөгөөт бус шалгалтын дүнд буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 02-09-071/660 тоот албан шаардлагаар "батлагдсан сургалтын төлөвлөгөөгүйгээр" сургалт эрхэлж байсан нь тогтоогдсон.
2016 оны 6 дугаар сарын 08 ны өдөр нэр бухий 8 тэнхимийн эрхлэгч, менежер, удирдлагууд БСШУ-ны сайд Л.Гантөмөрт М Мөнгөнсүхийн асуудлыг шийдвэрлэхээр өмнө өгсөн амлалтаа биелүүлэх, эс биелүүлбэл БСШУЯамны өмнө суулт хийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайд таны томилгоогоор ажиллаж байсан хүн хэн болох талаар олон нийтэд цацах болно гэсэн утгатай өргөх бичиг өгсний дараа сайд Л.Гантөмөр тус сургуулийн захирал Г.Эрдэнэбатыг дуудаж уулзан удаа дараа хэл ам татлан дэд захирлын ажлаа хангалттай хийж чадахгүй байгаа тул ажлаас халах арга хэмжээ авах үүрэг өгсөн.
Хөдөлмөрийн гэрээний 4.6-д Хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журмыг хангахад анхаарч ажиллах үүрэгтэй.
Тус сургууль нь нийт 12 тэнхимтэй бөгөөд мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэдэг мэргэжлийн 8 тэнхим /Төгөлдөр хуур, Утсан хөгжим. Цөөхүүл хөгжим, Ардын хөгжим, Үлээвэр цохивор хөгжим, Дуулаач, Цирк, Бүжиг/, тэнхим дундын хичээл ордог 4 тэнхимтэй /Хөгжмийн онолын тэнхим, Ерөнхий эрдэм. Ерөнхий төгөлдөр хуур, Концертмейстр/ сургалтын үйл ажиллагаа явуулдаг.
Эдгээрээс 8 тэнхим /мэргэжлийн 6, тэнхим дундын 2/-ийн удирдлага болон багш нар нь дэд захирал М.М ийн ажлын арга барилыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул удаа дараа өргөх бичгийг захирал болон сайдад явуулж байсан Мөн хувь хүний хувьд удирдах ажилтны ёс зүйд нийцэхгүй авир гаргаж Ес зүйн дүрмийг" удаа дараа зөрчиж байснаас гадна уламжлал дээрээ тулгуурлан шинэчлэлийг хийж ажиллахын оронд хамт олны саналыг үл хүндэтгэн ажиллаж ирсэн.
М.М нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг зөрчиж байсан ба өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч “сургалт эрхэлсэн дэд захирлын ажил болон ёс зүйн хорооны ажлыг хийж чадахгүи” тул ажлаа өгөх тухайгаа сургуулийн удирдлагад 1 бус удаа хэлж байсан.
Багш нар хамт олны хурал хийж, хийсэн ажилтай нь танилцах санал гаргасан боловч 2016 оны 9-р сарын 15-ны 17 цагийн хурлыг ээж өвчтэй, 2016 оны 9-р сарын 21-нд болох хурлыг тоглолттой, 2016 оны 9-р сарын 24-нд болох хурлыг БСШУ-ны сайдтай уулзалттай, 2016 оны 9-р сарын 28-ныхурлыг яам явна гэсэн шалтгаануудаар хойшлуулж, 2016 оны төгсөгчдийн асуудлыг авч хэлэлцэх жилд ганц удаа болдог багш нарын зөвлөгөөнийг удирдах байсан боловч Мэргэжлийн хяналт дуудсан гэх шалтгаанаар ирээгүй болно.
2015 оны 10-р сарын 5-ны өдрийн бүх багш нарын хурал /хурлын бүрэн тэмдэглэл СD нотлох баримтад бий/ дээр М Мөнгөнсүхийн ажлын арга барил, ёс зүйгүй авирладаг зэргийг 31 багш шүүмжлэн үг хэлж, цаашдаа хамтран ажиллах боломжгүй гэсэн санал гаргасан. Энэ саналын дагуу нийт багш нараас санал авахад 95 багш байсны 93,2% нь дэмжсэн. Маргааш нь хурлаас гаргасан шийдвэрийг дэмжиж 140 багш ажилчид хамтран ажиллаж чадахгүй хэмээн гарын үсэг зурж БСШУ-ны сайд Л.Гантөмөрт өргөх бичиг явуулж байсан.
Манай сургуулийн дэд захирлын албан тушаал хашдаг хүн нь албан тушаалаараа ёс зүйн хорооны даргын үүрэгт ажлыг хийдэг юмаа. М.М ёс зүйн хорооны даргын ажлыг хийж чадахгүй гэсэн учраас 2015 оны 12-р сарын 9-ний өдрийн захиргааны хурлын шийдвэрээр ёс зүйн хорооны даргаас чөлөөлсөн М.М ийг ёс зүйн хорооны дарга хийж байх үед түүний ёс зүйтэй холбоотой 13 багшийн 8 өргөдөл ирсэн байсан.
Мөн түүнийг тус сургуулийн тэнхимүүдээс хамтран ажиллаж чадахгүй байгаа талаар тэнхмийн эрхлэгчид 2 удаа, захиралд мөн адил шаардлага тавьсан бөгөөд ямар нэгэн арга хэмжээ авах талаар дахин шаардах бичиг ирүүлсний эцэст өргөдөл ирүүлсэн тэнхимийн эрхлэгчдийг оролцуулан Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хурлаар түүний талаар авч хэлэлцэх үед хурлыг үл хүндэтгэн, захиргааны гишүүдийг хэл амаар доромжлон 2 удаа хаяж гарсан.
2016 оны 3-р сарын 28-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөрЗахиргааны зөвлөлөөр авч хэлэлцэхэд хурлыг үл хүндэтгэн мөн л хаяж явсан, 2016 оны 4-р сарын 29-ний өдөр нэр бүхий мэргэжлийн 8 тэнхмийн эрхлэгчдийн хүсэлтээр Захиргааны зөвлөлийн хурлаар М.М ийн ажиллах арга барилын талаар авч хэлэлцэх үед хурлыг 2 дах удаагаа орхиж гарсан
2015-2016 оны хичээлийн жилийн эцэст багш нартай ганцаарчлан цагийн тооцоо хийж, ээлжийн амралтын тойрох хуудас дээр гарын үсэг зурах үедээ Дэд захиралтай хамтран ажиллахад хүндрэлтэй байсан, Дэд захиралтай хамтран ажилпахад хүндрэлгүй байсан" гэсэн 2 санал асуулгад тулган гарын үсэг зуруулсан нь багш нарт ажлын местээ ашиглан хүчээр өөртөө эерэг санал цуглуулах гэсэн арга хэлбэр бөгөөд энэ нь ажлын байрны дарамтын нэг хэлбэр болсон гэж үзэж байна.
Иймд М.М ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч нь Х ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/63 дугаартай тушаал, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 7 911 418 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Х ийн Сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан М.М ийг “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” үндэслэлээр 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, тус сургуулийн Б/68 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тус сургуулийн дүрэм, дотоод журмаар тогтоогдож байна. /хх-ийн 4,8-16, 50-58-р хуудас/
Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь М.М ийг “хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан” үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.
М.М нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан байна.
Ажил олгогч нь ажилтан М.М тэй харилцан тохиролцож 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 8-11-р хуудас/
Х ийн Сургалт эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан М.М нь албан тушаалаараа ёс зүйн хорооны даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэдэг байх бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр нийт 9 төрлийн үүрэг хүлээснээс 2.3., 4.4., 4.6-т заасан үүргүүдийг биелүүлээгүйгээс ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний 6.2-т заасны дагуу гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8-11, 59-96, 110-144, 201-212-р хуудас/
Хөдөлмөрийн гэрээний 6.2-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7.19., 12.3.-т заасан үндэслэлээр” гэрээ дуусгавар болно гэжээ. /хх-ийн 52, 57 -р хуудас/
Хөдөлмөрийн дотоод журмын 12.3-д дараах тохиолдлыг сахилгын зөрчилд тооцно. Үүнд:
12.3.1.Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй,
12.3.5.Сургалтын технологи зөрчсөн
12.3.7.Хөдөлмөрийн тухай хууль, захиргаанаас баталсан бусад дүрэм, журам, заавар, ажлын байрны тодорхойлолт түүнчлэн хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар сургуулийн онцлогт тохируулан гаргасан захирлын тушаал, шийдвэрийг зөрчсөн бол гэжээ.
Мөн журмын 7.19.4-т Х ийн ёс зүйн хорооны шийдвэрээр ажилтны ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон бол хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцно гэж заажээ.
М.М нь хөдөлмөрийн гэрээнд зааснаар “хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах дэг журмыг хангахад анхаарч ажиллах” үүргээ биелүүлээгүйгээс сургалт арга зүйн зөвлөлөөр 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөг батлуулалгүйгээр Х нь сургалтын ямар ч төлөвлөгөөгүйгээр хичээллэж сургалтын технологи алдагдахад хүрсэн гэж үзэхээр байна.
Технологи гэдэг нь сургах урлаг судлал буюу сургах, сурах арга ажилбар, эрэмбэ тогтолцоог тэмдэглэсэн ухагдахуун юм.
Сургалтын технологи бол сургалтад техник хэрэгсэл, компьютер хэрэглэх төдий бус, боловсролын үр дүнг дээшлүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг шинжлэх, арга барил ба сургалтын материалыг хэрэглэх, хэрэглэсэн аргаа шууд үнэлэх замаар сургалтын үйл явцыг нийгмийн хөгжил, дэвшилтэй уялдуулан оновчтой зохион байгуулах зарчмуудыг илрүүлэх, шинэ арга барилыг боловсруулах ухаан юм.
Х нь 1-5 дугаар ангид бага боловсрол, 6-9 дүгээр ангид дунд боловсрол, 10-11 дүгээр ангид тусгай мэргэжил олгодог бөгөөд бакалаврын сургалтыг 4 жилийн хугацаатай явуулж төгөлдөр хуур, хийл, морин хийл, үндэсний болон үлээвэр хөгжмийн бүх төрөл, сонгодог бүжиг, ардын бүжиг, ардын болон дуурийн дуучин зэрэг хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр Монгол улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг цорын ганц уурхай сургууль юм.
Ийм онцлогтой сургуулийн хувьд сургалтын технологи зөрчин 2015-2016 оны хичээлийн жилд сургалтын төлөвлөгөөгүйгээр сургалт явуулж байсан болох нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 02-09.071/660 дугаартай албан шаардлагаар тогтоогдож байна. /хх-ийн –214-216-р хуудас/
Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 12.4 дэх хэсэгт ”Ажилтны гаргасан сахилгын зөрчлийн талаар эрх бүхий албан тушаалтан зохих тэмдэглэл үйлдэж баталгаажуулах бөгөөд сахилгын зөрчлийг давтан /2 болон түүнээс дээш удаа/ гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцална гэж заасан байна.
М.М нь Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, сургалтын технологи зөрчсөн, хөдөлмөрийн тухай хууль, захиргаанаас баталсан бусад дүрэм, журам, заавар, ажлын байрны тодорхойлолт түүнчлэн хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар сургуулийн онцлогт тохируулан гаргасан захирлын тушаал, шийдвэрийг зөрчсөн, ажилтны ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тус сургуулийн дотоод журам, дүрэм, хамт олны хурлын протоколууд болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн153-190-р хуудас/
Захиргааны зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 06, 5 дугаар сарын 09-ний өдрүүдийн хурлыг дур мэдэн орхин гарч ажил олгогчийн болон хамт олныг илтэд үл хүндэтгэсэн ёс зүйгүй үйлдэл гаргасан үндэслэлээр 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/63 тушаалаар М.М эд сануулах арга хэмжээ,
мөн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Б/68 тушаалаар Х ийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах тухай ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн болон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр М.М тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Дээрх тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамтай нийцэж гарсан байх тул М.М ийг ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгодог боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй тул М.М ийг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна.
Иймд Х ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/63 дугаартай тушаал, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 7 911 418 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч М.М ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Шүүх хуралдаанд гэрч Ц.Ш , Ч.Ч , Ж.Д , П.М , Б.Б нарын мэдүүлгийг сонсов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Х ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/63 дугаартай тушаал, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 7 911 418 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай М.М ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО