Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 103

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа, Оорцог овогт Жамбалын Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Хотгойд овогт Нэргүйн Баасанжав Шүүгдэгч Боржигон овогт Н-ийн Ам- Боржигон овог Батчулууны Даш- Бүргэ д овогт Д-ы Да-Тайж овогт Г-ын Ба- Шүүгдэгчийн өмгөөлөгч Гаваа овогт Элээхүүгийн Ганбат Хар гэрүүд овогт Мишигийн Гомборагчаа Хөлөгч овогт Сундуйхүүгийн Энхболд Алаг адуун овогт Эрдэнэбатын Баасандэмбэрэл Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Тайван хан овогт Ням-Осорын Чулуунбат /цахимаар/ Хохирогчийн өмгөөлөгч Жийдээгийхэн овогт Жийдээгийн Жаргалбаяр /цахимаар / Нирун овогт Ванчингийн Содномцэрэн Иргэдийн төлөөлөгч Ачит лам овогт Дэжидийн Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Ам-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ба-, Б.Даш- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Да-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ам-, Б.Даш-, Д.Да-, Г.Ба- нарт холбогдох 201513010089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Асгат сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Асгат сумын Суврага багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бүргэд овогт Д-ы Да- /регистрийн дугаар: ИЧ*******/

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Асгат сумын Суврага багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Г-ын Ба- /регистрийн дугаар: /ИЧ*********/

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Асгат сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Асгат сумын Аргалант багт оршин суух, урьд нь Дархан Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д-ы Даш-, /регистрийн дугаар: /ИВ90121219/

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багт оршин суух, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхээр 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шилтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Н-ийн Ам- /регистрийн дугаар: ИВ93041538/

Шүүгдэгч Н.Ам-, Г.Ба-, Д.Даш-, Д.Да- нар нь бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийг 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Ам- нь иргэн Г.Алтанхуягийг алахад бусдыг хатгасан буюу Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Ба-, Д.Даш- нар нь бүлэглэн иргэн Г.Алтанхуягийг алсан буюу Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлгцэдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны 12 дугаар сарын 10-ны оройн 17 цагийн орчимд Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг “Мараа толгой” гэх газарт шүүгдэгч Н.Ам-, Г.Ба-, Д.Да-, Б.Даш- нар нь архи согтууруулах ундаа ууж улмаар хэрүүл маргаан үүсгэн Г.Ба-, Д.Да- нар хоорондоо зодолдсон, Н.Ам- Г.Ба-ыг ташуураар цохисон, Тухайн зодоон болж байх үед хохирогч Н.Алтанхуяг ирж “ яагаад зодолдоод байгаа юм бэ” гэхэд Н.Ам- түүний урдаас очиж “чи дуугүй бай” гэж хэлэхэд Б.Алтанхуяг нь Н.Ам-г газарт унагаан дээр нь гарч суугаад бороохойгоор толгойн тус газар цохих үед шүүгдэгч Д.Да- гүйж очин хохирогч Б.Алтанхуягийг нуруун тус газар өшиглөж Н.Ам-гийн дээрээс унагаасан ба Б.Да-ийн араас гэрч Э.Бадамцэрэн гүйж очин түүнийг бүснээс нь татаж Б.Алтанхуяг Н.Ам- нараас салгаж холдуулсан. Үүний дараа Н.Ам- “намайг алах гэж байхад та нар зүгээр өнгөрөөх гэж байгаа юм уу алаад өг” гэж хашгирахад Г.Ба-, Б.Даш- нар хүрч ирэн хохирогч Н.Алтанхуягийг түлхэж унагаагаад Г.Ба- түүний толгой руу гараараа цохиж, өшиглөсөн, Б.Даш- хохирогчийн биеийн урд хойд талаас нь буюу ар нуруу цээж орчим өшиглөж зодсон хэргийн үйл баримт нь хэрэг болох тухайн цаг хугацаанд хохирогчтой хэргийн газар хамт байсан, тухайн зодооныг харсан талаараа мэдүүлсэн гэрч Т.Отгонсүрэнгийн “...Д.Да-, Г.Ба-тай зодолдоод байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаж хүч хүрэхгүй байсан тул Б.Даш-, Н.Батхуяг нараас тэр хоёрыг зодолдуулж байхаар салгаач гэж гуйхад Б.Даш- нь зүгээрээ байж байг гэж надад хэлсэн... Д.Да- дээлээ өмсөхгүй байхаар нь би Э.Бадамцэрэн эгчтэй дээлийг өмсүүлээд байж байтал Н.Ам- Г.Ба-ын дээлний ар талаас татаж газар цасан дээр унагаад ташуураар ар нуруунд тус газарт нь 2 удаа цохисон... толгой өгсөөд нэгэн үл таних хүн бидэн рүү чиглээд ирснээ та нар яагаад зодоон хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн, тэгтэл Н.Ам- нь нөгөө үл таних хүний урдаас “томоо чи дуугуй” байж бай гэж хэлээд түүний хажууд явж очоод түлхээд унагаасан, тэгсэн нөгөөх нь босож ирээд Н.Ам-г чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэнээ нэгэн зүйлээр жирс хийх дуу гарахад Н.Ам- эвхрээд цасан дээр уначихсан юм. Тэгтэл нөгөө үл таних хүн Н.Ам- дээр гарч суугаад нэгэн гэрэл нь асаатай зүйлээр Н.Ам-н толгойн тус газарт нь цохиж байгаа харагдсан... тэгтэл манай нөхөр тэдний зүг гүйж очоод нөгөө үл таних хүний нуруун тус газар нь 1 удаа өшиглөөд автал нөгөө хүн Н.Ам-н дээрээс цаашаа өнхрөөд уначихсанаа босоод сөхрөөд суучихсан... Н.Ам- цасан дээрээс босож ирээд намайг цус нөжтэй минь хутгасан байхад та нар зүгээр өнгөрөөх гэж байгаа юм уу, наадахаа алаач гээд хашгираад байсан. Тэгтэл Б.Даш-, Г.Ба- нар сууж байсан газраасаа босоод нөгөө үл таних хүний дэргэд хүрч очоод Г.Ба- нөгөө үл таних хүн буюу талийгаачийн мөрөн тус газарт нь гараараа түлхээд газар цасан дээр унагаагаад түүний толгой руу гараараа цохиод, дараа нь толгой руу нь өшиглөөд байсан. Мөн Б.Даш- талийгаачийн биеийн урд тал руу нь өшиглөөд байсан тэгтэл Н.Ам- наанаас нь явж очоод талийгаачийн хажууд өвдөгөө нугалан суугаад талийгаачийг гараараа цохиж байгаа харагдсан... тэр хажуу айлын хашааны гаднаас нэгэн эмэгтэй хүн цагдаа дуудахуу гээд байж байтал Н.Ам- талийгаачийн хажуугаас босоод морио Н.Батхуяг гэх залуугаас аваад яваад өгсөн. Түүнийг явах үед Б.Даш- Г.Ба- нар талийгаачийг үргэлжлүүлээд цохиж, зодож байгаа харагдсан тэгтэл Э.Бадамцэрэн эгч манай нөхөр Д.Да-ийг түлхэж унагаачихаад хүн зодож байгаа зүг рүү гүйж очоод та нар хүн аллаа, наад хүн чинь үхчихлээ шүү дээ гээд Г.Ба- Б.Даш- хоёрыг хувцаснаас нь татаад түлхээд унагаасан юм. Тэгснээ Э.Бадамцэрэн эгч талийгаачийг газар цасан дээрээс нь хувцаснаас нь татаж босгох гэтэл талийгаач буцаад газар уначихаад байсан юм ...талийгаач газраас босож ирээгүй.. Г.Ба- талийгаачийг түлхэж унагаагаад толгойн тус газарт нь гараараа болон хөлөөрөө өшиглөөд байхад Б.Даш- мөн талийгаачийн биеийн урд, хойд талаас нь буюу ар нуруу, цээж орчим руу нь өшиглөөд байсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Бадамцэрэнгийн “ ...Т.Отгонсүрэн намайг гараараа даллан дуудаад байхаар нь очтол... Н.Батхуяг, Д.Да-, Т.Отгонсүрэн нар хамт зогсож байсан. Мөн тэднээс доод талд Б.Даш- Г.Ба- нар хүзүүгээрээ тэврэлдчихсэн толгой уруудаад явж харагдсан ба Н.Ам-, талийгаач 2 бие биенээ түлхэлцээд хоорондоо хэрэлдээд байгаа юмуу гэмээр уруудаад явж харагдсан... Н.Ам- газар цасан дээр уначихсан талийгаач түүний дээр гарчихсан нэгэн зүйлээр цохиж байгаа харагдсан юм. Д.Да- талийгаач болон Н.Ам- нар луу гүйж очих үед нь би түүнтэй зэрэг араас нь гүйж очин Д.Да-ийн бүснээс нь татах үед талийгаач Н.Ам-н дээрээс цааш өнхрөөд унаж харагдсан, Д.Да-ийн хөл дээшээ болон ар тийшээгээ саваад уначихсан... Б.Даш-, Г.Ба- нар Н.Ам- болон талийгаач нарын зүг хүрч очоод Г.Ба- нь миний ахыг зоддог хэн бэ гээд талийгаачийг нэг удаа өшиглөөд авсан. Би Д.Да-ийг хойш нь түлхээд зодоон руу дөхүүлээгүй... эргээд хартал Н.Ам- газар цасан дээр хэвтээ байдалтай цусан нь гоожоод байж байтал, Б.Даш-, Г.Ба- нар талийгаачийг хөөгөөд, талийгаач ухраад явж байсан. Тухайн үед талийгаачийг Б.Даш-, Г.Ба- нар гар хөлөөрөө өшиглөж цохиод зодоод байгаа харагдсан. Тэгтэл Н.Ам- босоод тонгойгоод нүүрээ даган урсаад байгаа цусаа гараараа арчаад зогсож байснаа цааш гүйж очин талийгаачийн хөл рүү хөлөөрөө өшиглөх үед талийгаач нь хөл алдаж унаад босоод ирсэн тэр үед Д.Да- зодоон руу явах гээд байж байтал Б.Даш-, Г.Ба- нар талийгаачийн наад талд, Н.Ам- нь талийгаачийн баруун гар талд зогсож харагдсан юм. Тэгээд би эргээд харахад талийгаач газар цасан дээр зүүн гар талаараа хажуулдан атиралдаад уначихсан Б.Даш- талийгаачийн гэдсэн тал руу нь Г.Ба- талийгаачийн ар нуруун тал буюу толгойн, хүзүүний, зүүн хэсэг, зүүн дал, сээр, мөрөн хэсэгт өшиглөж байсан... Д.Да-ийг түлхэж унагаад, тэдний зүг рүү гүйж очоод, болиоч та нар хүн аллаа шүү дээ гээд Б.Даш-ын бүснээс хойш нь татчихаад Г.Ба-ын урд энгэр орчимоос хойш нь түлхтэл талийгаач хагас өндийж ирснээ амаа гараараа оролдож байгаад хэл нь цухуйж, хэл нь цус болсон харагдсан. Тэгснээ талийгаач нэг өндийж ирэх гэснээ болиод баруун гараа толгойн тус газраа барьснаа нүүрээрээ цас руу өвдөглөсөн чигтээ тонгойгоод уначихаар нь би талийгаачийн хоёр мөрнөөс нь татаад өндийлгөж ирээд тавих гэтэл эргээд гулжига гээд цас руу унасан юм. Тэгэхээр нь би дахин талийгаачийг хувцаснаас нь татаад хажуулдуулан хэвтүүлээд орхисон юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Батхуягийн “...Г.Ба- нь Д.Да-, Б.Даш- нарыг явган явуулсан гээд маргаад, хоорондоо зодолдсон... талийгаач болон Н.Ам- нар хоорондоо бие биенээ түлхэлцээд толгой уруудаад явж байгаа харагдсан. Тэгтэл Н.Ам- талийгаачийн хүзүүнийх нь зүүн тал руу баруун гараараа эхлээд нэг удаа цохиод авсан юм... бие биентэйгээ давхралдаад газар цасан дээр унаад өгсөн, Н.Ам-н нүүрэн тал нь дээш харсан байдалтай, талийгаач түүний дээр нь хэвтээгээрээ харагдсан Н.Ам-гийн толгой нь цус болсон байсан. Тэгтэл Д.Да-, Г.Ба-, Б.Даш- 3 тэдний зүг гүйж очоод Д.Да- талийгаачийн зүүн шанаан тус газар нь цохиод авах шиг болоход талийгаач нь Н.Ам-н баруун гар тал буюу ертөнцийн зүгээр баруун зүг рүү унасан мөн Д.Да- давхралдаад унаж байгаа харагдсан... Г.Ба- талийгаачийн зүүн шанаан тус газар нь баруун гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгтэл Д.Да-ийн бэр эгч, Д.Да-ийн эхнэр нар гүйж очиж Д.Да-, Б.Даш-, Г.Ба-, Н.Ам- нарыг салгах гээд тэдэнтэй бөөнөөрөө шавааралдаад байсан. Тэр үеэр тэдний цаанаас Шөнхөө эгч хүүе та нар больцгоо гээд тэдэн рүү ирж харагдсан... Тэд нарыг гэнэтхэн тараад явах үед Шөнхөө эгч тэдэн рүү очилгүй буцаад яваад өгсөн. Тэр үеэр талийгаач баруун хажуу талаараа хэвтсэн байталтай тэндээ хэвтээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг Хэргийн үйл баримтыг ойролцоогоос харсан гэрчүүд болох З.Баатархүүгийн “…17цагийн үед гэр лүүгээ явж байтал сумын төвөөс Мараа толгойн орой дээр 3 морь, 5-6 хүн харагдсан. Тэр хүмүүс хоорондоо зодоон хийгээд салахгүй болохоор нь уг хүмүүсийн зүг очих гээд явж байхад зодоон хийж байсан хүмүүс салаад тал тал тийшээгээ тараад явцгаасан. Би нэгнийх нь араас нь хөөгөөд барьж авсан тэр хүн Ногдоо байсан.. би очоод талийгаачийг анх харахад газар цасан дээр ертөнцийн зүгээр толгой хэсэг нь зүүн хойд зүг рүү, хөл хэсэг нь барууд урд зүг рүү түрүүлгээ харсан байдалтай, нүүрэн тал нь доошоо газар цас руу харсан байдалтай, ямар ч хөдөлгөөнгүй харагдсан.. гэсэн мэдүүлэг, гэрч М.Наранцэцэгийн “...манай хүргэний хашааны ар талын толгой дээр хүмүүс хоорондоо зодолдож байгаа харагдсан юм. ..Миний харсанаар тэр толгой дээр хоёр хэсэг хэсэг хүмүүс байсан ба цаана байгаа хүмүүс нь бие биенээ зуураад байгаа харагдсан, харин наад талд нь таван тооны хүмүүс байгаа харагдсан, нэгийгээ зодоод байгаа байдалтай байсан.Тэгтэл уг хүмүүсийн нэг нь нүүрэн талаараа газар цас руу уначих шиг болсон. Уг хүнийг унахад гадуурх куртикны зах орчмоор нэг эмэгтэй хүн татаж байгаа харагдсан...’ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Н.Ам-, Б.Даш-, Г.Ба- нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Алтанхуягийн амь нас хохирсон нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №140 дугаартай “...Талийгаач Д.Алтанхуягийн цогцост гавал тархины битүү гэмтэл, тархины 2 тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хажуу ховдлуудын цус харвалт, бамбай булчирхай орчмын зөөлөн эдийн цус харвалт, дух, зүүн хацрын урд доод хэсэг, зүүн шуу, зүүн сарвуу, баруун бугуй, дух, зүүн эгэмний цус хуралт бүхий гэмтэл учирсан. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Д.Алтанхуяг нь их тархины 2 тал бөмбөлөгийн чамархай дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Д.Алтанхуягийг биед учирсан бамбай булчирхай орчмын зөөлөн эдийн цус харвалт, дух, зүүн хацрын урд доод хэсэг, зүүн шуу, зүүн сарвуу, баруун бугуй, дух, зүүн эгэмний цус харвалт гэмтлүүд нь бүрдлээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх их тархины 2 тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хажуу ховдлын цус харвал, тархины хажуу ховдлын цус харвалт гэмтлийн үед өндийх хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаач Д.Алтанхуягийн үхэлд хүргэсэн гэмтэл нь толгой, хүзүүнд цохих, өшиглөх зэрэг олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Шүүгдэгч, хохирогч нартай хамааралгүй, хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтүүд, дүгнэлтүүдээ тодруулсан тэдний мэдүүлгүүдээр хохирогч Д.Алтанхуягийг үхэлд хүргэсэн “их тархины 2 тал бөмбөлөгийн чамархай дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хажуугийн ховдлын цус харвалт” гэмтэл нь толгой хүзүүнд цохих, өшиглөх үед үүсэх боломжтой бөгөөд уг гэмтлийн үед босох, суух, зэрэг идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй гэдэг нь тогтоогджээ. Д.Да- нь Н.Ам-гийн дээрээс хохирогч Б.Алтанхуягийг өшиглөж унагаасны дараа Б.Алтанхуяг босч идэвхитэй хөдөлгөөн хийж байсан, Д.Да- үүнээс өөр ямар нэгэн байдлаар Б.Алтанхуягийг цохиж зодоогүй болох нь түүнийг уг зодооноос салгаж холдуулсан талаар мэдүүлсэн гэрч Э.Бадамцэрэнгийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Д.Да-ийн үйлдлийн улмаас Б.Алтанхуягийн амь нас хохирсон гэж үзэх боломжгүй байна. Харин Н.Ам-, Г.Ба-, Б.Даш- нартай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан өөр хоорондоо зодолдож танхайрсан байна. Шүүгдэгч Н.Ам- нь хохирогч Б.Алтанхуягтай зодолдож байх явцдаа цаана байсан, Б.Даш-, Г.Ба- нарыг уриалан дуудаж авчран шүүгдэгч Б.Даш-, Г.Ба- нартай үйлдлээрээ нэгдэж хохирогч Н.Алтанхуягийг бүлэглэн зодсон ийнхүү зодох явцад хохирогч амь насаа алдсан нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Шүүгдэгч Д.Да-ийн Б.Даш-, Н.Ам- Г.Ба- нартай бүлэглэн олон нийтийг илтэд үл хүндэтгэн бусдыг зодож танхайрсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч Н.Ам-гийн танхайрах явцдаа Г.Ба-, Б.Даш- нарыг уриалан дуудаж Г.Ба-, Б.Даш- нартай бүлэглэн хүний амьд явах эрхэд халдаж Н.Алтанхуягийг зодож алсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Шүүгдэгч Г.Ба-, Б.Даш- нарын Н.Ам-г өмөөрч бүлэглэн танхайрах явцдаа хүний амьд явах эрхэд халдаж хүнийг санаатай алсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч Б.Да-ийн үйлдсэн гэмт хэрэг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан бүлэглэн танхайрах гэмт хэргийн “бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн” үндсэн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, ... хүний халдашгүй, чөлөөтэй байх ... эрхийг зөрчиж, ... олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэсэн шинжтэй дүйцэж байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд “гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял сонгох боломжтой болгосноос гадна хорих ялын доод хэмжээ багассан байх тул энэ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтын дагуу прокуророос Д.Да-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна. Н.Ам-, Г.Ба-, Б.Даш- нарын танхайрах явцдаа хүнийг санаатай алсан үйлдэл буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-т заасан “бүлэглэн танхайрч хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бусдыг бүлэглэн алах” гэсэн шинжтэй дүйцэж энэ зүйлд шилжиж байна. Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд “арван таваас дээш хорих таван жил хүртэл хугацаагаар эсхүл цаазар авах ял шийтгэхээр заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж хорих ялын доод хэмжээ багассан цаазаар авах ялыг халсан байх тул энэ хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ам-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар, Б.Даш-, Г.Ба- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар зүйлчилсэн нь зөв байна. Харин Н.Ам-, Г.Ба-, Б.Даш- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж давхар зүйлчилсэн нь буруу байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан “хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх” гэсэн ойлголт нь 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй болсон ба 2015 оны Эрүүгийн хуулиар тэдний үйлдлийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн, мөн хүнийг санаатай алах гэмт үйлдсэн гэж тус тусад нь зүйлчлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд Н.Ам-, Г.Ба-, Б.Даш- нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийг журамлан 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Дээр дурдсан байдлыг тус бүрээр үнэлж дүгнэн шүүгдэгч Д.Да-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Ба-, Н.Ам-, Б.Даш- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Н.Ам-г 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэн хүнийг алах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Даш-, шүүгдэгч Г.Ба- нарыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцох нь зүйтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгчээс талийгаачийг оршуулахтай холбогдон гарсан зардал, болон бусад зардал нийт 22000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байгаа дараах зардлуудыг шүүгдэгч Н.Ам-, Г.Ба-, Б.Даш- нараас гаргуулж хохирогч Н.Чулуунбатад олгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 1. Хэргийн 3 дугаар хавтасны 132-134, 141-154, 156 хуудсанд авагдсан баримтаар нотлогдсон 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш авсан шатахууны зардлууд буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 548000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 50000 төгрөгийн, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 100000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 100000 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 129000 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 30000 төгрөгийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 100000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 60000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 40000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 50000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 41000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 50000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 70000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 50000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 70000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 200000 төгрөгийн шатахуун авсан зардал 1788000 төгрөгийг, 2. Хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардлууд буюу хэргийн 3 дугаар хавтасны 158-166, 168, 171-174, 177-179 дүгээр хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдсон хүнсний бүтээгдэхүүн, болон бусад эд зүйл авсан зардал буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 99100 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 117000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1212750 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2340000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2203000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20400 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 223700 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 258500 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 240500 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 24- ний өдөр 401500 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 149250 төгрөгийн, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 220000 төгрөгийн, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 797500 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 23500 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 34000 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 29500 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 11000 төгрөгийн, 2015 оны 12 сарын 11-ний өдөр 45000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, бусад эд зүйл авсан, ном хуруулсан зардал 8425700 төгрөгийг, 3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан бусад зардлууд буюу хэргийн 4 дүгээр хавтасны 201-209, 211 дүгээр хуудсанд авагдсан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Анхбаяр, өмгөөлөгч В.Содномцэрэн, Ж.Жаргалбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Улиастай сумд ирсэн буцсан, зочид буудалд байрласан зардлууд 723600 төгрөг нийт 10937300 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас Б.Алтанхуягийн ХААН банктай байгуулсан цалингийн төлөгдөөгүй зээлийн гэрээний үлдэгдэл 4160990 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2500000 төгрөг, нотлох баримтын шаардлага хангаагүй баримттай нотлох баримтгүй 4401710 төгрөгийн зардлуудыг тус тус хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн гэрээний төлбөрийг нь гэмт хэргийн улмаас гарсан шууд хохирол гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй. Хохирогч нь Завхан аймгийн ХААН банкны салбартай 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5500000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 4700000 төгрөгийн, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 3000000 төгрөгийн нэмэлт зээл авч зээлийн гэрээг сунгасан нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч шаардах эрхтэй ба амь хохирогчийн зээлийн гэрээний үүрэг нь хуульд заасан дээрх гэм хор учруулсны төлбөрт хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэргийн 3 дугаар хавтасны 135-140, 4 дүгээр хавтасны 212,-214 215, 216, 227-228 дугаар хуудсанд авагдсан шатахуун худалдан авсан баримтууд нь хэн хаанаас ямар зориулалтаар авсан нь ойлгомжгүй байна. Мөн 3 дугаар хавтасны 167 хуудсанд авагдсан Сант бөмбөн хоршооноос 608430 төгрөгийн хүнс бараа худалдан авсан баримт нь он сарын хувьд засвартай, ямар барааг ямар зориулалтаар худалдан авсан нь ойлгомжгүй , 181-183 хуудсанд авагдсан хувь хүнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан талаар тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй учир дээр зардлуудыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн нэхэмжилж буй 22000000 төгрөг нэхэмжилснээс 11062700 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Чулуунбат нь охин А.Шүр, А.Сувд, хүү А.Уртнасан нарт 2015 оны 12 сараас 2019 оны 06 сар хүртэл гэм хор учруулсны төлбөрийг нөхөн тогтоолгох 2019 оны 12 сараас 18 нас хүртэлх хугацааны гэм хор учруулсны төлбөрийг сар бүр шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилжээ. Амь хохирогч Д.Алтанхуяг нь хэрэг болох үед Завхан аймгийн Асгат сумын бүрэн дунд сургуульд багшаар ажиллаж байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэр, цалин хөлсний тодорхойлолтоор тогтоогдож байна. Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4-д зааснаар гэм хор учруулсан этгээдээс гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна энэхүү төлбөрийг тооцохдоо нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн цалин хөлсний дундажаар тогтоож үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч тооцохоор заажээ. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлийн 7,а-д зааснаар нас барагчийн цалин хөлсийн дунджийг сүүлийн 3 сарын цалин хөлснөөс тооцоход 702347 төгрөг болж байна. Үүнээс нас барагчид өөрт нь болон тэтгэвэр авах эрхгүй этгээд болох Н.Чулуунбатад оногдох хэсгийг буюу 280938 төгрөгийг хасахад охин А.Шүр, А.Сувд, хүү А.Уртнасан нарт 421408 төгрөг оногдохоор байна. Охин А.Шүр, А.Сувд, хүү А.Уртнасан нар нь 2016 оны 03 сар хүртэл сар бүр 230000 төгрөгийн, 2016 оны 04 сараас эхлэн сар бүр 270064 төгрөгийн, 2018 онд сар бүр 318064 төгрөгийн, 2019 онд сар бүр 340000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг авсан нь хэргийн 3 дугаар хавтасны 27 дугаарт авагдсан баримтаар болон тэтгэврийн дэвтрийн бичилтээр тогтоогдож байна. Үүнээс тооцоолоход тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүнд 2016 оны 01 сарын 01-нээс 2019 оны 11 дүгээр сарын 30-ныг дуустал нийт 6459215 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч Н.Ам-, Г.Ба-, Б.Даш- нараас нөхөн гаргуулж, 2019 оны 06 дугаар сарын 01-нээс Н.Ам-, Г.Ба-, Б.Даш- нараас сар бүр 81400 төгрөг гаргаж охин А.Шүр, А.Сувд, хүү А.Уртнасан нарт тус бүр сард 27133 төгрөгийн гэм хор учруулсны төлбөрийг тогтоож, тэднийг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр олгохоор шийдвэрлэлээ. Хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан болон бусад зардал 10937300 төгрөг, нөхөн гаргуулсан гэм хор учруулсны төлбөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны төлбөр 6459215 төгрөг нийт 17396515 төгрөг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас тус бүр 5798838 төгрөгийг гаргуулах үндэстэй байна. Үүнээс тогтоол гарахын өмнө шүүгдэгч Ц.Ба-ын төлсөн 2000000 төгрөгийг, шүүгдэгч Б.Даш-ын төлсөн 3000000 төгрөгийг Н.Ам-гийн төлсөн 500000 төгрөгийг тус тус хасч Г.Ба-аас 3798838 төгрөгийг, Н.Ам-гаас 5298838 төгрөгийг, Б.Даш-аас 2798838 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.Чулуунбатад олгож шийдвэрлэв. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Даш- хар өнгийн түрийтэй хос гутлыг буцаан авах хүсэлтийг шүүхэд гаргасан учир хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Даш-ад буцаан олгож хугархай ташуур, улаан өнгийн судалтай хар малгай, sport гэсэн бичигтэй саравчтай хар өнгийн малгай архины шилний хагархай, цахилгаан бороохойг цаашид ашиглах боломжгүй тул устгах нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 1.8, 1.9-д, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н.Ам-, Б.Даш-, Г.Ба- нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Н-ийн Ам-г 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэн хүнийг алах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Батчулууны Даш-, шүүгдэгч Тайж овогт Г-ын Ба- нарыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бүргэд овогт Д-ы Да-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Да-ид 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Н.Ам-д Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Ба-, Б.Даш- нарт Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийг 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ба-д оногдуулсан 12 жилийн хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Б.Даш-ад оногдуулсан 12 жилийн хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Н.Ам-д оногдуулсан 12 жил 1 сарын хугацаатай хорих ялыг тус бүр хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Да-ид оногдуулсан 3 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ам-гийн цагдан хоригдсон 584 хоног, Б.Даш-ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 722 хоног, Г.Ба-ын цагдан хоригдсон 741 хоног, Д.Да-ийн цагдан хоригдсон 445 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас нь хассугай.

6. Шүүгдэгч Н.Ам-, Д.Да- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Даш-, Г.Ба- нарт өмнө авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож , шүүгдэгч Н.Ам-, Д.Да-, Б.Даш-, Г.Ба- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ба-, Б.Даш- нарын барьцаа тус бүр 1000000 төгрөгийг шүүгдэгч нарт буцаан олгож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй хос гутлыг Б.Даш-ад буцаан олгож, хугархай ташуур, улаан өнгийн судалтай хар малгай, sport гэсэн бичигтэй саравчтай хар саарал өнгийн малгай, хар өнгийн цахилгаан бороохой, Ерөөл гэсэн бичигтэй архины шилний хагархайг тус тус устгасугай.

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ба-аас 3798838 төгрөгийг, Н.Ам-гаас 5298838 төгрөгийг, Б.Даш-аас 2798838 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чулуунбатад олгож, 2019 оны 12 дугаар сараас эхлэн Н.Ам-, Б.Даш-, Г.Ба- нараас сар бүр 81400 төгрөгийн төлбөр гаргуулж амь хохирогч Б.Алтанхуягийн хүү А.Уртнасан, охин А.Сувд, А.Шүр нарт тус бүр сард 27133 төгрөгийн төлбөр тогтоож, тэднийг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр олгосугай.

9. Шүүгдэгч Г.Ба-ын өмчлөлийн хөрөнгөнөөс 2540000 /хоёр сая таван зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 21 толгой буюу 2 бод, 19 бог мал, шүүгдэгч Н.Ам-гийн өмчлөлийн 8530000 /найман сая таван зуун гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий 44 толгой буюу 11 бод, 33 бог мал, шүүгдэгч Б.Даш-ын өмчлөлийн хөрөнгөнөөс 2090000 /хоёр сая ерин мянга/ төгрөгийн үнэ бүхий 30 толгой бог малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, Д.Да-ийн өмчлөлийн хөрөнгөнөөс 5835000 /таван сая найман зуун гучин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий 42 толгой буюу 7 бод, 35 бог мал битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

Ж.ОТГОНХИШИГ