Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00175

 

Н.Д, Ч.Инарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01339 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2041 дүгээр магадлалтай,

Н.Д, Ч.Инарын нэхэмжлэлтэй

ЦХХК, Ц.Бнарт холбогдох

Нэхэмжлэгч АНУ-ын иргэн Н.Д, Ч.Инарын, хариуцагч ЦХХК, Ц.Бнарт холбогдуулан гаргасан амины орон сууц захиалгаар барих гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл 92 583 750 төгрөг, гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийн торгууль 8 129 187 төгрөг, нийт 100 712 937 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлж буюу ЦХХК-иас 50 356 468.5 төгрөг, Ц.Баасандоржоос 50 356 468.5 төгрөгийг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, захиалагчийн буруугаас болж гэрээ цуцлагдсаны хохирол нийт 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлж буюу АНУ-ын иргэн Н.Д-ээс 12 500 000 төгрөг Ч.Ижилмөрөнгөөс 12 500 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай ЦХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч ЦХХК-тай 14/35 тоот амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр хариуцагч буюу гүйцэтгэгч тал Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороонд барьж буй Хадат Вилла хотхонд 2 автомашины зогсоол, террасыг хамруулсан нийт 184 м.кв талбай бүхий амины орон сууцыг барьж захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч буюу нэхэмжлэгч тал нийт 273 250 000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Дээрх гэрээгээр ажил гүйцэтгэж дуусах буюу захиалагчийн өмчлөлд гэрээний зүйлийг шилжүүлэн өгөх эцсийн хугацааг 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байхаар харилцан тохиролцсон ба захиалагч нь гэрээний 2.3-т заасны дагуу 81 975 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, 49 185 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 31 423 750 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, нийт 162 583 750 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн. Гэвч гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ цаг хугацаа, чанарын хувьд зохих ёсоор биелүүлээгүй нь захиалагч тал ажил гүйцэтгэх хугацаа хэтэрч байгаа талаар нийт 6 удаа бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч гэрээнд заасан ажлын үр дүн, гүйцэтгэлд өөрчлөлт гараагүй бөгөөд гүйцэтгэгч тал өөрийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн төлбөр гүйцэтгэх тухай хэлцлээр нотлогдоно. Талууд дээрх гэрээгээр гүйцэтгэгч тал захиалагчийн урьдчилан төлсөн нийт 162 583 750 төгрөгийн 50 хувийг 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, үлдсэн 50 хувийг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор буцаан төлөх, хугацаандаа бүрэн төлсөн тохиолдолд хугацаа хэтрүүлсний торгууль, алдангиас чөлөөлөгдөхөөр тохиролцсон ба хугацаандаа төлөөгүй тохиолдолд анхны байгуулсан 14/65 тоот гэрээг хүчинтэйд тооцохоор тохиролцсон. Гүйцэтгэгч тал нийт 70 000 000 төгрөгийг тус тус захиалагч талд буцаан төлсөн ба үлдэгдэл 92 583 750 төгрөгийг төлж барагдуулаагүй учир захиалагч тал 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 14/65 тоот Амины орон сууц захиалгаар барих гэрээний 5-д заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиар тооцож торгууль шаардах эрхтэй юм. Уг хэрэгт хамтран хариуцагчаар Ц.Бнь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хамтран хариуцлага хүлээх үүрэг бүхий этгээд өөрөөр хэлбэл 14/65 тоот Амины орон сууц захиалгаар барих гэрээний 2.4-т заасан гүйцэтгэгч талын төлбөр хүлээн авах данс, захиалагч талд ирүүлж байсан ЦХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхүүд, түүний дагуу төлбөр төлсөн анхан шатны баримтууд нь Ц.Баасандоржийн нэр дээр байна. Ц.Баасандоржийн Голомт банкны дансны хуулгаас харвал ЦХХК-ийн Хадат вилла хотхоны төслийн санхүүгийн үйл ажиллагааны ихэнхи төлбөрийг хүлээн авах, мөнгөн гүйлгээ хийх, санхүүжилт хийх, зээл гаргах, төлөх, ажилчдын цалин хөлс олгох зэрэг гүйлгээг ЦХХК-ийн өмнөөс гүйцэтгэн, захиалагчийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэсэн байна. Иймд Амины орон сууц захиалгаар барих болон үүргийн талаар харилцан тохиролцох гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн нийт төлбөрийн үлдэгдэл буюу өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байгаа 92 583 750 төгрөг, гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийн торгууль болох 8 129 187 төгрөг, нийт 100 712 937 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлж буюу ЦХХК-иас 50 356 468.5 төгрөг, Ц.Баасандоржоос 50 356 468.5 төгрөгийг тус тус гаргуулж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: ЦХХК нь Сүхбаатар дүүргийн Бэлхийн аманд болох Н.Дтэй 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 14/65 тоот Амины орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан. Ийнхүү гэрээний гол нөхцөл буюу төлбөрийн нөхцлийг талууд гэрээний 2.3-т тодорхой заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 81 975 000 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурагдсан өдөр буюу 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн гэх бөгөөд гүйцэтгэгчийн хувьд уг гэрээний 2.3-т заасан бүх ажлыг 2015 оны 10 дугаар сарын 22-ны байдлаар хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэгч талын зүгээс нэхэмжлэхийг явуулж, ажил дууссаныг захиалагч талд мэдэгдсэн боловч ажлын гүйцэтгэл дутуу гэж үзэн асуудал үүсгэж эхэлсэн. Гэтэл гүйцэтгэж буй ажлаас зөвхөн хаалга, гаражны хаалга хийгдээгүй байсан ба энэ нь өмнөх ажлууд хийж дууссаны дараа хийгддэг ажлууд юм. Ийнхүү бид захиалагч гомдол гаргасан тул ажлаа хурдлуулах зорилгоор ажлын төлбөрийн 60 хувиар захиалагч талтай тохиролцсоноор хүлээж авсан бөгөөд гэрээний 2.5-т 14 хоногийн дотор үлдэгдэл 40 хувийг төлнө гэж заасны дагуу захиалагч талд төлөх ёстой байсан боловч захиалагч тал уг хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир гүйцэтгэгч тал гэрээний хугацаанд ажлыг дуусгахын тулд өөрсдөөсөө зардал гарган ажлын 90 хувийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны дотор хийж гүйцэтгэсэн. Бид 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар гэрээний 2.3-т заасан төлбөр 2-ын ажлыг 100 хувь болон төлбөр 3-ын ажлыг 90 хувьтай хийж гүйцэтгээд байсан бөгөөд энэ байдлаараа 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр буюу гэрээний хугацаанд хангалттай ажлыг дуусгах боломжтой байсан боловч гэрээний 3.8-д заасны дагуу Захиалагч тал гэрээгээр тогтоосон шатлалын дагуу амины орон сууцны захиалгын үнийг гүйцэтгээгүйн улмаас орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон гэж үзэх үндэслэлтэй юм. Иймээс хугацаа хэтрэлтийн анхдагч шалтгаан нь захиалагч тал өөрөө бөгөөд гэрээний 4.4-т захиалагч талын буруугаас шалтгаалсан аливаа хугацаа хоцорсон асуудлыг захиалагч тал өөрөө хариуцна гэж заасны дагуу гүйцэтгэгч тал хариуцлага хүлээхгүй. Захиалагчийн хувьд тасралтгүй олон үндэслэлгүй мэдэгдлүүд хүргүүлж, улмаар тэр нь даамжран алданги, торгууль, валютын зөрүү гэх зэрэг шаардлагуудыг дураараа гаргаж гүйцэтгэгч талын өдөр тутмын ажилд саад болж эхэлсэн тул гүйцэтгэгч тал 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэрээг цуцлахдаа захиалагчид албан ёсоор мэдэгдсэн. Шалтгаангүй гэрээ цуцлалт биш учир гэрээний 5.5-д заасан гүйцэтгэгчийн 5 хувийн торгуулийг төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ЦХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нар захиалсан байшингийнхаа төлбөрийг гэрээнд заасан нөхцлийг зөрчиж төлсөн, төлбөрийг шилжүүлээгүй зэргээс болж байшингийн гүйцэтгэлийн ажиллагаа удааширснаас талуудын хооронд үл ойлголцол гарч эхэлсэн. Захиалагч тал байшинг авахгүй, гэрээг цуцлах саналыг эхлэн гаргасан бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Үүргийн талаар харилцан тохиролцох гэрээгээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл тус гэрээгээр захиалагч тал төлсөн төлбөрөө хэрхэн буцааж шилжүүлэн авах тухайгаа тусган тодорхой график гаргасан. Захиалагчийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүйгээс болж уг гэрээ цуцлагдсан бөгөөд уг захиалсан байшин нь хэт их стандартын өөрчлөлттэй байснаас өөр худалдан авагч олдохгүй байсан боловч Д.Одгэрэл, түүний нөхөр Х.Бүрэн-Эрдэнэ нар тус байшинг худалдан авахаар болсон. Худалдан авагч нарт уг байшингийн дотор засал бүхэлдээ таалагдахгүй байсан тул бүх дотор заслыг гүйцэтгэгч тал өөрсдийн зардлаар өөрчлөх шаардлагыг бидэнд тавьсан. Ийнхүү бид нэхэмжлэгч нарын олон шаардлага тавьж өөрчлүүлсэн бүх зүйлийг эхнээс нь буцаан стандарт загвар руу нь шилжүүлэн өөрсдийн зардлаар зассан. Иймд гэрээ цуцлагдсны хохиролд 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлж буюу АНУ-ын иргэн Н.Дээс 12 500 000 төгрөг, Ч.Ижилмөрөнгөөс 12 500 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гүйцэтгэгч тал гэрээ байгуулагдснаас хойш 4 сарын хугацаанд гэрээний зүйлийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч гүйцэтгэгч тал энэхүү үүргээ цаг хугацаа, чанарын хувьд зохих ёсоор биелүүлээгүй нь нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтаар хангалттай тогтоогдоно. Мөн бүх дотор заслын ажлыг гүйцэтгэгч өөрөө хийж дуусгасан гэж сөрөг нэхэмжлэлд дурдсан байх ба энэхүү хийсэн ажил нь гуравдагч этгээдэд таалагдахгүй байх нь харин өөрсдийнх нь алдаатай үйл ажиллагаатай холбоотой болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн зохих засварт өөрчлөлт хийхийг хариуцагч талаас шаардаагүй, ийм хүсэлт гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдох тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01339 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЦХХК-иас 50 356 468 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Н.Д /Detert Neal Christian/, Ч.Инарт олгож, Ц.Б-д холбогдох 50 356 468 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Н.Д /Detert Neal Christian/, Ч.Инараас 25 000 000 төгрөг гаргуулах тухай ЦХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 661 515 төгрөг болон 388 570 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЦХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 409 732 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Н.Д /Detert Neal Christian/, Ч.Инарт буцаан олгож, хариуцагч ЦХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 105 620 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хариуцагч ЦХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2041 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01339 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЦХХК-иас 100 712 937 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ижилмөрөн, АНУ-ын иргэн Н.Д нарт олгож, хариуцагч Ц.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ЦХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 409 732 гэснийг 661 515 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа хяналтын гомдолдоо: Хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа миний бие 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 2041 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хариуцагч нараас гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн агуулга, хүсэл зоригийг тодруулалгүйгээр хариуцагч ЦХХК-иас 50 356 468 төгрөг гаргуулж, хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна” гэж үзэн, хамтран хариуцагчаар татан оролцуулсан хэдий ч гэрээгээр шилжүүлсэн мөнгөн төлбөрийн үлдэгдлийг хариуцагч компаниас гаргуулах хүсэлтэй байгаагаа давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Ц ХХК-иас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 100 712 937 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн үйлдэл болсон юм. Учир нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус түүнийг сайн дураар хэтрүүлж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлох эрхтэй ч, хэрэг зөвхөн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж байх үед л шаардлагын хэмжээг ихэсгэж, багасгаж болох бөгөөд анхан шатны шүүхээр шийдвэрлэсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах замаар ихэсгэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй юм. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлээ хэрэгт бичгээр болон анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгчээс удаа дараа тодруулахад хариуцагч нараас хувь тэнцүүлж, тус бүрээс 50 356 468 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаа хангалттай илэрхийлсэн байдаг бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Торгуулийн тухайд: Давж заалдах шатны шүүх талуудын байгуулсан “Үүргийн талаар харилцан тохиролцох гэрээ”-нд зохигчид тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй бол ...гүйцэтгэгч талын захиалагч талд төлөх хугацаа хэтрүүлсэн торгуулийг гэрээний дагуу хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээг дуусах өдөр хүртэл нэхэмжлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232.4, 232.5 дахь заалтад нийцсэн байна” гэж үндэслэлгүй дүгнэжээ. Давж заалдах шатны шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг гэрээнээс татгалзсан буюу үүрэг хангагдах боломжгүй нөхцөлд хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 01339 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 2041 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид маргааны талаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Д, Ч.Инар Ц ХХК, Ц.Бнарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул гэрээний дагуу шилжүүлсэн 92 583 750 төгрөг, ...торгууль 8 129 187 төгрөг, нийт 100 712 937 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлж гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч ЦХХК гэрээ цуцлагдсны хохирол 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлж гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан ба магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасны дараа дараах нөхцлөөр эвлэрсэн байна.

Үүнд: нэхэмжлэгч нар нь торгуулийн 50 хувь болох 4 064 593,5 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 96 648 343,5 төгрөгийг хариуцагч Ц ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов. Хугацаанд төлөөгүй тохиолдолд албадан гаргуулахад татгалзах зүйлгүй гэсэн нөхцлөөр “эвлэрлийн гэрээ” гэрээ байгуулж, эвлэрлийг баталгаажуулахыг хүссэн байна.

Талууд эвлэрсэнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Д, Ч.Инарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхбаяр, хариуцагч ЦХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа нарын байгуулсан эвлэрлийн гэрээ гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нь өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3.-т заасан эвлэрэх эрхийг олгосон байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Ц.Бнь хариуцагч биш тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01339 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2041 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нар нэхэмжлэлээс “торгуулийн 50 хувь болох 4 064 593,5 төгрөг” -өөс татгалзаж, үлдэх 96 648 343,5 төгрөгийг хариуцагч Ц ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрснийг баталж, Н.Д, Ч.Инарын нэхэмжлэлтэй, Ц ХХК, Ц.Бнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 430 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ     

 ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА