Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 48

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч               Б.Батзориг

    Шүүгчид                         Ц.Амаржаргал                                       

                                                                        Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                    Хохирогчийн хууль

                                                ёсны төлөөлөгч             А.Саруул

                                                    Түүний өмгөөлөгч          Н.Төгсбаяр

    Ялтны өмгөөлөгч          С.Сувдаа

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 04 дүгээр сарын       11-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Саруулын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харнууд овогт Батжаргалын Чимэддамбад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718020003 дугаартай, 149/2017/00049/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1981  оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт,  Төв аймгийн Борнуур сумын Нарт баг, Шар чулуут гэдэг газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй,

-2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар,

-2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03

2.

 

жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харнууд овогт Батжаргалын Чимэддамба /Регистрийн дугаар: НЙ81021713/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Б.Чимэддамба нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянцогтын өвөр гэх газар Дарханаас Улаанбаатар чиглэлийн төв зам дээр Хонда Сивик 17-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журам буюу Замын хөдөлгөөний дүрмийн 8, Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөний улмаас Сэргэлэнгийн биед хүндэвтэр, Г.Хүрэлсүх, Алтанзул нарын биед хөнгөн гэмтэл учруулж, А.Цацралын амь насыг хохироосон, бусдад 17.433.000 төгрөгний хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Чимэддамбад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 47 дугаартай шийтгэх тогтоолоор:

 -Шүүгдэгч Харнууд овогт Батжаргалын Чимэддамбыг бусдын эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон, бусдын бие махбодид хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасныг баримтлан Б.Чиэмддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбыг 03 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт оногдуулсан 03 жил 03 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгайн ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 жил 06 сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад энэ тогтоолоор оногдуулсан 03 жил 06 сарын хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №249 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 06 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 04 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад оногдуулсан 04 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 03 хоногийг эдлэх ялд нь

3.

оруулан тооцож,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж,

-Иргэний хэргийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбаас 12.332.306 төгрөгийг гаргуулж Дархан-уул аймаг Дархан сумын 5 дугаар баг, 20-3-74 тоотод оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Чонос овогт Аръяабазарын Саруулд, 35.850 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймаг Дархан суманд оршин суух, Жанчивын Ганцэцэгт, 6.270.000 төгрөгийг гаргуулж Төв аймаг Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг, 4-2 тоотод оршин суух, хохирогч, иргэний нэхэмжлэгч Урианхай овогт Норовын Наянтайд 1.864.000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хайрхан хороолол, 46-44 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Амаржаргалын Гантөмөрт, 2.880.000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Сайхан сумын 2 дугаар баг, Дөмбөн гудамж 3-1 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Баясгаланд, 228.690 төгрөгийг гаргуулж Увс аймаг Улаангом сумын 7 дугаар баг, 20-09 тоотод оршин суух, хохирогч Булдагар овогт Батсуурийн Сэргэлэнд тус тус олгож,

-Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбаас сар бүр 246.490 төгрөгийг гаргуулж 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Гэрэлт-Одын Хүрэлсүхэд 16 нас /суралцаж буй бол 18нас/ хүртэл олгож,

-Хохирогч Б.Сэргэлэн нь зам тээврийн ослын улмаас учирсан энэ гэмтлээ цаашид эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3 дах хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгаж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чимэддамбад өмнө авсан бусдын даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Хохирогч А.Саруул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Тус шүүхийн 2017 оны 04 сарын 11-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Чимэддамбад 4 жилийн хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг түүний үйлдсэн гэмт хэрэгт учруулсан гэм хорд нийцээгүй хэтэрхий бага ял шийтгэл оногдуулсан гэж хохирогч талаас үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.3-т заасан 5 жилийн хорих ял дотор шүүх өөрсдийн үзэмжээр ял шийтгэл оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шүүх шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж тохирсон шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.            Учир нь:

Б.Чимэддамбын үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял хүндрүүлэх 3 нөхцөл байдал байна. Үүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56.1.4-т зааснаар хүнд хор уршиг учирсан, 56.1.10-т заасан согтуурсан буюу мансуурсан

4.

 

үедээ гэмт хэрэг үйлдсэн, мөн 56.1.12-т заасан тэнсэж харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн. Мөн хохирол төлбөр төлөх боломжтой байтал хохирол төлбөр барагдуулаагүй. Хохирол төлбөр төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй байдлыг шүүх харгалзан үзээгүй байна. Шүүх Б.Чимэддамбад 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хохирогчийн бүтэн өнчирч хохирсон хүүхэд болон тэдний гэр бүл ах дүүсийн хувьд хүнд цохилт боллоо. Энэхүү шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч тал туйлын сэтгэл дундуур үлдлээ.

Мөн шийтгэх тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүд байна. Шүүгч Б.Хэрлэн нь шийтгэх тогтоолын 9 дүгээр заалтыг уншихдаа Б.Чимэддамбаас сар бүр 250.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр гаргахдаа 246.940 төгрөгийг гаргуулахаар тогтоолдоо тусгасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол хэрэгт авагдсан байхад үүнээс хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлээгүй нь хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад битүүмжилсэн эд зүйлгүй гэж дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэхүү хуралдаанд 2 байр сууринаас оролцож байна.

1. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. Учир нь хавтаст хэрэгт хохирогч н.Сэргэлэн гэж байгаа. Сэргэлэн нь Б.Чимэддамбатай ээлжлэн машинаа жолоодож байсан нь машинд явж байсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222-р зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, мансуурсан үедээ жолоогоо бусдад шилжүүлэх гэсэн бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байна. н.Сэргэлэнг машин барьж байсныг гурван найз нь бас өөрөө гэрчилж буй нь дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан учир н.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 222-р зүйлд зааснаар яллагдагчаар татах хэрэгтэй учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.

2. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. 1. Чимэддамбын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн. /хавтаст хэргийн 172-р хуудас/ Эд хөрөнгийг битүүмжилсэн учир холбогдол нь хохирогчийн хохирлыг барагдуулахын тулд битүүмжилсэн гэж үзэж байгаа. Гэтэл прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ битүүмжилсэн эд хөрөнгийг дурьдаагүй. Энэ битүүмжилсэн эд хөрөнгөнөөс хохирлыг барагдуулах боломжтой. Шийтгэх тогтоолд энэ талаар тусгаагүй нь хууль бус үндэслэлгүй гэж үзсэн. Мөн хүүхдийн тэтгэмж тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүх хурлаас амаар уншихдаа 250.000 төгрөг гэж хэлсэн боловч шийтгэх тогтоол дээр 246.490 төгрөг гэж бичигдсэн байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. Би шүүхийн шийтгэх тогтоолыг нэг үг цэг, таслалын зөрөөгүй гарах ёстой гэж бодож байна.

3.Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл үнэхээр хөнгөдөж байна. Өмнөх шийтгэх тогтоолоор тэнсэн харгалзах ялтай байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215-р зүйл 215.3-д заасан гэмт хэрэг нь 3-5 хүртэл жилийн хорих ялтай

5.

 

байтал хорих ялын хамгийн доод хэмжээг өгсөн нь хохирогчийн эрхийг зөрчиж байна. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал хохирол төлбөрөө барагдуулаагүй, урьд өмнө ял шийтгүүлж байсан зэрэг хүндрүүлэх нөхцөл байхад 3-5 жилээс хамгийн доогуур ял оногдуулсан нь учруулсан гэмт хэрэгт нь таарсан ял шийтгэл биш юм. Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалт буцааж өгнө үү эсвэл  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Ялтны өмгөөлөгч С.Сувдаа давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч Б.Чимэддамбын өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсэний үндсэн дээр Шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх зарчмыг хангасан гэж үзэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Саруул нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дэх хэсэгт заасан 5 жил хүртлэх ялтай байхад энэ ялыг оногдуулаагүй ял шийтгэл тохироогүй гэж үзжээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дэх хэсэг нь гурваас дээш таван жил хүртлэх хорих ялтай. Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүх эрх хэмжээндээ ял шийтгэлийг  оногдуулсан байхад шүүхийн эрх хэмжээнд хэт халдсан гомдол байна гэж дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Саруул шийтгэх тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүд байна гэж үзээд шүүгч Б.Хэрлэн шийтгэх тогтоолын 9 дүгээр заалтыг уншихдаа Б.Чимэддамбаас сар бүр 250.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр гаргахдаа 246.940 төгрөгийг гаргуулахаар тогтоолдоо тусгасан гэжээ. Шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан 246.940 төгрөг нь хохирогчийн төрсөн хүү Г.Хүрэлсүхэд сар бүр олгох хууль ёсны төлбөр юм. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчсөн гэж үзэж үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч Б.Чимэддамбын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол хэрэгт авагдсан байхад үүнээс хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлээгүй хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн шийтгэх тогтоолын 7 дугаар заалтад хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй гэж дурдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзжээ.

Шүүгдэгч Б.Чимэддамбын хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Б.Чимэддамбын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа хийгдээгүй тул мөрдөн байцаагчийн тогтоол хавтаст хэрэгт үгүй байгаа. Харин Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Чимэддамбын нэр дээр хувийн сууц, үл хөдлөхийн бүртгэлтэй байна гэсэн тодорхойлолт байгаа. /Хавтаст хэргийн 170 дугаар хуудсанд/

  Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байгаа тул gнхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 47 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

 

6.

 

Тодорхойлох нь:

 

Б.Чимэддамба нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянцогтын өвөр гэх газар Дарханаас Улаанбаатар чиглэлийн төв зам дээр Хонда Сивик 17-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журам буюу Замын хөдөлгөөний дүрмийн 8, Тээврийн хэрэгсэл байрлан явах 8.2, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөний улмаас Б.Сэргэлэнгийн биед хүндэвтэр, Г.Хүрэлсүх, Э.Алтанзул нарын биед хөнгөн гэмтэл учруулж, А.Цацралын амь насыг хохироосон, бусдад 17.433.000 төгрөгний хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 47 дугаартай шийтгэх тогтоолоор Харнууд овогт Батжаргалын Чимэддамбыг бусдын эзэмшлийн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын амь нас хохирсон, бусдын бие махбодид хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дах хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 03 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбыг 03 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт оногдуулсан 03 жил 03 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгайн ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 03 жил 06 сарын хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад энэ тогтоолоор оногдуулсан 03 жил 06 сарын хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №249 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 06 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 04 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбад оногдуулсан 04 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 03 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

7.

 

…-Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1 дэх хэсэгт заасныг

баримтлан Б.Чимэддамбаас сар бүр 246.490 төгрөгийг гаргуулж 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Гэрэлт-Одын Хүрэлсүхэд 16 нас /суралцаж буй бол 18нас/ хүртэл олгож,…шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Саруул, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Чимэддамбад холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо Тодорхойлох хэсэгт “…Г.Хүрэлсүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 253.510 төгрөгөөр тооцож олгож байгаа тул түүнд оногдох цалин хөлс, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгөний зөрүүнд шүүгдэгч Б.Чимэддамбаас сар бүр 246.490 төгрөг гаргуулж хүү Г.Хүрэлсүхэд олгох  үндэслэлтэй байна… гэсэн дүгнэлт хийж, улмаар “Тогтоох” хэсгийн 9 дүгээр заалтанд “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Чимэддамбаас сар бүр 246.490 төгрөгийг гаргуулж 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Гэрэлт-Одын Хүрэлсүхэд 16 нас /суралцаж буй бол 18нас/ хүртэл олгосугай…” гэж заасан боловч шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо “…Б.Чимэддамбаас сар бүр 250.000 төгрөг гаргуулж Г.Хүрэлсүхэд олгосугай…” гэж танилцуулсан болох нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2 дахь хэсэгт заасан “…тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй…” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт  …хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Саруулын сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн хорин сая төгрөгийг хангах хууль зүйн үндэслэл болон нотлох баримт байхгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх…гэсэн дүгнэлт хийсэн боловч шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан зөрчил гаргасныг цаашид анхаарах шаардлагатай байна.

Иймд   Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325  дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол  Б.Чимэддамбад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах,эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.  

 

 

                                                     ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

                                                     ШҮҮГЧИД                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                               Д.БУЯНЖАРГАЛ