Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2020/0541

 

У о у д с-ийн гомдолтой зөрчлийн хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, өмгөөлөгч Н.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 330 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Улаанбаатар дахь олон улсын дунд сургуулийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагчид холбогдох зөрчлийн хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 330 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0067082 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “У о у д с” НҮТББ-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Олон улсын дунд сургуулийн эрх зүйн байдал нь 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулагддаг. Олон улсын дунд сургууль нь Монгол улсын үндэсний сургалтын хөтөлбөрөөр (ЦӨМ хөтөлбөр) хичээллэдэг төрийн болон хувийн өмчийн бусад ерөнхий боловсролын сургуулиас тусдаа, өөрийн сонгосон сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхийг нь тодорхойлж өгсөн. Тус хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд Олон улсын дунд сургуулийн “...эрх хэмжээ, ажиллах арга барилыг уг сургуулийг үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно...” гэж заасны дагуу Олон улсын дунд сургууль нь өөрийн үүсгэн байгуулах баримт бичиг буюу Дүрэмдээ тус сургуулийн зорилго бол Олон улсын баклавриатын хөтөлбөрөөр, англи хэл дээр боловсрол олгох юм гэдгийг ч баталгаажуулж заасан. Олон улсын баклавриатын хөтөлбөрийн агуулга, хичээлийн хуваарийг Швейцарь улсын Женев хотод байрлах Олон улсын баклавриатын байгууллагаас баталдаг мөн хичээлийн жилийн бүтэц бол сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг тул Олон улсын дунд сургууль нь зөвхөн батлагдаж ирсэн хөтөлбөрийн агуулга, хуваарьт нийцүүлж хичээлийн жилийн бүтцээ баталдаг. Ийм учраас, сургалтын олон улсын баклавриатын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургууль нь үндэсний ЦӨМ хөтөлбөрт зориулж баталсан хичээлийн жилийн бүтцийг өөрчилсөн Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 тоот тушаалыг дагаж мөрдөх үүрэг анхнаасаа байгаагүй. Сайдын уг тушаал үндэсний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ЦӨМ хөтөлбөртэй сургуулиудад зориулж батлагдсан учир уг тушаалыг дагаж мөрдөхийг шаардах, дагаж мөрдөөгүй гэх үндэслэлээр олон улсын дунд сургуульд шийтгэл оногдуулах үндэслэл байгаагүй. Мөн шүүхээс А/03 тоот тушаалыг ЦӨМ хөтөлбөрт үндэслэж батлагдсаныг хүлээн зөвшөөрсөн боловч сургуулийн хичээлийн жилийн бүтэц бол сургалтын хөтөлбөртэй хамааралгүй мэтээр тайлбарлаж, Засгийн газар хоорондын хэлэлцээр, Олон улсын дунд сургуулийн дүрэмд өөрөөр заагаагүй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль нь “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0067082 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Олон улсын дунд сургуулийн эрх зүйн байдал нь 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулагддаг, Монгол улсын үндэсний сургалтын хөтөлбөрөөр (Цөм хөтөлбөр) хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиас тусдаа, өөрийн сонгосон сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлдэг тул үндэсний “Цөм” хөтөлбөрт зориулж баталсан хичээлийн жилийн бүтцийг өөрчилсөн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар тушаалыг дагаж мөрдөх үүрэг байхгүй” гэж маргасан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн боловсролын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0067082 дугаар шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч Улаанбаатар дахь олон улсын дунд сургуулийг “суралцагчдын амралтын хугацааг мөрдөж ажиллаагүй” зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар “Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжлэх хугацаа сунгах тухай” тушаалын 1 дэх заалтаар “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын үргэлжлэх хугацааг 7 хоногоор сунгаж, гуравдугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлэх”-ээр, 3.1 дэх заалтаар “...хугацаа сунгасантай холбогдуулан сургалтын хөтөлбөр хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд бүрэн хэрэгжсэн байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг ...ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгож” шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3  “Нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, Нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно” гэж заасанд нийцсэн, анхан шатны шүүхийн “нийслэлийн нутаг дэвсгэрт томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаагаас нийт суралцагчдын эрүүл мэндэд эрсдэл учрахаас сэргийлж, өвчний дэгдэлтийг хязгаарлах зорилгоор гаргасан нутаг дэвсгэрийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа зохион байгуулалтын арга хэмжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн, дээрх тушаалыг “Олон улсын хөтөлбөр”-т өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй, 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр соёрхон баталсан Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд “Улаанбаатар хот дахь Олон улсын сургуулийн эрх хэмжээ, ажиллах арга барилыг уг сургуулийг үүсгэн байгуулах тухай баримт бичгээр тодорхойлно...”, “Энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй тохиолдолд Сургуулийн үйл ажиллагаа нь  Монгол Улсын хууль, тогтоомжоор зохицуулагдана” гэж заасан, тус сургуулийн дүрэм болон дээрх хэлэлцээрт хичээлийн жилийн бүтцийн талаар тусгайлан заагаагүй тул Монгол Улсын хууль тогтоомж үйлчлэх талаар шүүхийн хийсэн дүгнэлт хууль зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн”, 12.3-т “Ерөнхий боловсролын сургууль нь ердийн, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөрийн сургалттай гэсэн хэв шинжтэй байна” гэж зааснаар Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль нь “олон улсын хөтөлбөр” бүхий сургалтын хэв шинжтэй ерөнхий боловсролын сургууль бөгөөд гадаад улс орны салбар сургууль бус, харин Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Боловсролын тухай хуульд заасан журмаар тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд учраас олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлага, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулдаг Боловсролын тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй.

          Иймд нэхэмжлэгч Улаанбаатар дахь олон улсын дунд сургуулийн “суралцагчдын амралтын хугацааг мөрдөж ажиллаагүй” зөрчилд  Зөрчлийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2-т “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах, эсхүл суралцагчдын амралтын хугацааг Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр өөрчилсөн, эсхүл хичээлийг түр хугацаагаар хаасан бол хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сургалтын олон улсын баклавриатын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургууль нь үндэсний ЦӨМ хөтөлбөрт зориулж баталсан хичээлийн жилийн бүтцийг өөрчилсөн тушаалыг дагаж мөрдөх үүрэг анхнаасаа байгаагүй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ      

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН