Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 737

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Ц.Мөнхзул, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: “С ” ХХК

Хариуцагч: Нийслэлийн өмчийн харилцааны газар

Гуравдагч этгээд: “Х ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн өмчийн 198 м.кв талбайн түрээслэгчийг шалгаруулах дахин зарласан сонгон шалгаруулалтаар “Х ” ХХК-ийг шалгаруулсан захиргааны акт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С  ХХК-ийн захирал Д.Б , түүний өмгөөлөгч М.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагчийн өмгөөлөгч А.Н*******, гуравдагч этгээд “Х ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“С ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С ” ХХК-ийн захирал Д.Б  миний бие Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 65 дугаар тогтоолоор батлагдсан журмын хэд хэдэн заалтыг зөрчсөн тул танайд гомдол гаргасан юм.

Тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 254 дүгээр шийдвэрээр 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зарлагдсан Нийслэлийн өмчит байгууллагуудын илүүдэлтэй байр талбайн түрээслэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтаар “Х ” ХХК-ийг нийслэлийн өмчийн 198 м.кв талбайд ялагчаар шалгаруулсан сонгон шалгаруулалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон.

Нийслэлийн өмчийн харилцааны газар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч дахин сонгон шалгаруулалт зарлана гэсэн хариуг манайд өгсөн ч чимээгүй байснаа 3 сарын дараа сонгуулийн үр дүн гарангуут буюу 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баяр наадмын өмнөх амралтын хоногуудыг дайруулан дахин сонгон шалгаруулалт зарлахдаа Сонгон шалгаруулалт явуулах журмын 2.1 болон сонгон шалгаруулалтын урилгадаа “одоогийн түрээслэгч компанийн тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалт болох 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх санхүүгийн чадавхитай болохоо дараах бичиг баримтаар нотлох” гэсэн заалт оруулж нэг компанид илт давуу байдал бий болгож хууль журмыг зөрчсөн. Урилгад заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 40 минутад сонгон шалгаруулалтад орох материалаа битүүмжлэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын 10 тоот өрөөнд авч очиход мэргэжилтэн Д.Н******* хүлээн авсан бөгөөд 10 цаг 00 минут болоход “Х ” ХХК болон манай компаниас өөр компани материал ирүүлээгүй байсан. 

Б.Н*******аас урилгад заасны дагуу 10 цаг 30 минутад нээх эсэхийг асуухад “тэгнэ та 10 цаг 30 минутад ирээрэй” гэсэн боловч уг цагт нь очиход шалгаруулалт явуулах комисс нь томилогдоогүй хэн задлах нь тодорхойгүй байна гэсэн хариу хэлсэн бөгөөд комисс томилогдож материалыг нээх үедээ мэдэгдэх талаар асуухад “тэгэлгүй яахав” гээд үлдсэн хэрнээ хариу өгч, мэдэгдэхгүйгээр шалгаруулалтыг явуулж 08 дугаар сарын 24-нд өөрийн цахим хуудсандаа сонгон шалгаруулалтыг 2016 оны 07 дугаар сарын 22-нд /сонгон шалгаруулалтын урилгад зааснаас 12 хоногийн өмнө/ явуулж “Х*******” ХХК-ийг ялснаар мэдээлсэн байх юм.

Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны А/435 дугаар тушаалаар сонгон шалгаруулалт явуулах комиссыг биш ажлын хэсгийг томилж /сонгон шалгаруулалтын ялагчийг тодруулж зарласнаас 12 хоногийн дараа/ шалгаруулалтыг явуулахаар болжээ.

Иймэрхүү цаг хугацааны илт зөрүүтэй бичиг баримтуудыг хуурамчаар нөхөн гаргасан хууль журмаа бүдүүлгээр зөрчин шүүхийн шийдвэрийг үл тоон “Х ” ХХК-ийг дахин ялагчаар шалгаруулж байгаагийн цаана ашиг сонирхлын зөрчил эсвэл авилга хээл хахууль байна гэсэн хардах сэтгэхүйг төрүүлж байна.

2008 оноос хойш тасралтгүй 7 жил гаруй уг байрыг түрээсэлж 86178300 төгрөгийн хөрөнгө оруулалтыг дүрэм журмын дагуу хийж баталгаажуулан үйл ажиллагаа явуулж байсан манай компаниас хүчээр буюу албан тушаалаа ашиглан хууль бусаар булаан авч өөр компанид өгөхдөө сонгон шалгаруулалт нэрийн доор явуулсан хоёр дахь удаагийн энэхүү будлиантай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, манай компаний түрээсийн гэрээг сэргээх шийдвэр гаргаж өгнө үү

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн өмчит байгууллагуудын илүүдэлтэй байр талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтыг тус шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг биелүүлэх зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Сонгон шалгаруулалтын урилга”-аар нийтэд ил тод нээлттэй зарласан болно.

Дээрх уралдаант шалгаруулалтад материалаа ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн сонгон шалгаруулах, түрээсийн гэрээг байгуулан ажиллах ажлын хэсгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаар тушаалаар байгуулж, тус ажлын хэсэг уралдаант шалгаруулалтын ажлыг зохион байгуулсан.

Тус шалгаруулалтад “С " ХХК, “Х ” ХХК зэрэг компаниуд тус байрны түрээслэгчийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлснээс “Х " ХХК-ийг шаардлага хангасан гэж үзэн шалгаруулж гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Өмчийн эд хөрөнгийг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг баримтлан сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулж ялагчийг шалгаруулсан тул “С ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Х ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай компани анх 2015 онд Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороололд байрлах хуучнаар шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан байрны түрээслэгчээр шалгарсан. Гэвч тухайн үед “С ” ХХК тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тухайн үед сонгон шалгаруулалтад оролцогч компаниудын ирүүлсэн баримтууд усгагдсан байсан шалтгаанаар 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн сонгон шалгаруулалтыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр гарсан.

Үүнээс хойш буюу 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас НӨХГ-2016-07-06-02 дугаар “Нийслэлийн өмчийн мэдлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хороолол хуучнаар шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан /одоо “К*******” хоолны газар ажиллаж байгаа/ 198 м.кв талбай бүхий байрны түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” сонгон шалгаруулалтыг зарласан.

Манай компани уг сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацааны дотор уг урилгад заасан шаардлага болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журамд заасан шаардлага хангасан материалыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

“Х ” ХХК 2015 онд зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцож түрээслэгч болсныхоо дараа дээрх үл хөдлөх хөрөнгөд 160 гаруй сая төгрөгийн засвар, тохижилтын ажил хийсэн бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарласан 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн сонгон шалгаруулалтын урилгад "...одоогийн түрээслэгч компанийн тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх” шаардлага тавьсан нь нэг компанид илт давуу байдал бий болгосон, хууль зөрчсөн гэж нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй юм. Учир нь Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын 2.3-т “Түрээслэх байр талбайн ашиглалтын байдал, онцлогоос хамааруулан Өмчийн харилцааны газар нэмэлт шаардлага тавьж болох бөгөөд энэ талаар зар мэдээнд заавал тусгана” гэж, мөн журмын 3.2-т “Санхүүгийн чадавхийн шаардлагыг шалгаруулалтын тухай зар мэдээнд тусгаж болно” гэж заасантай нийцсэн гэж үзэж байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын 5.1, 5.1.2-т сонгон шалгаруулах комиссыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар томилохоор заасны дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаар тушаалаар сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийг томилж, 08 дугаар сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж дүнгээ гарган энэ тухай мэдээллийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр www.umch.ub.gov.mn цахим хуудсанд байршуулсан байна. Иймд сонгон шалгаруулалтыг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр явуулж, ялагчийг зарласан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд манай компанийг ялагчаар зарласан мэдээлэл нь 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр дээрх цахим хуудсанд байршиж, уг мэдээлэлд “огноо 2016 оны 07 дугаар сарын 22” гэж бичигдсэнийг техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын 7.1-д “энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан оролцогчдоос түрээслэх хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулна” гэж заасны дагуу манай компани нэхэмжлэгч компаниас илүү өндөр үнийн санал өгсөн, сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч “С ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гарсан  тайлбарыг дүгнээд хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, хуучнаар шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан 198 м.кв талбай бүхий байрны түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахин зарлаж, “Х ” ХХК-ийг шалгаруулсан байх ба нэхэмжлэгч “С ” ХХК нь энэхүү сонгон шалгаруулалт хууль бус явагдсан гэж үзэж “Х ” ХХК-ийг шалгаруулсан захиргааны акт хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, түрээсийн гэрээг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх хоёр шаардлагаас “түрээсийн гэрээг сэргээх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул татгалзсан шаардлагыг баталж, үлдэх шаардлагын хүрээнд хэргийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцлээ. 

Нэхэмжлэгч “....одоогийн түрээлэгч компанийн тухай барилгад оруулсан хөрөнгө оруулалт болох 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх санхүүгийн чадвахитай болохоо дараах бичиг баримтаар нотлох” гэсэн заалт оруулж нэг компанид илт давуу байдал бий болгож хууль журам зөрчсөн. Урилганд заасны дагуу сонгон шалгаруулалтыг нээгээгүй үүний улмаас “Х ” ХХК-ийг хамгийн өндөр үнийн санал өгсөн гэдгийг тогтоох боломжгүй, сонгон шалгаруулалт явуулах комисс томилогдоогүй хэн задлах нь тодорхойгүй, надад мэдэгдэлгүй сонгон шалгаруулалтыг явуулсан, цаг хугацааны хувьд илт зөрүүтэй бичиг баримтыг хуурамчаар нөхөн гаргасан,  хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын сонингийн рейтингээрээ эхний 5 байранд орсон 3-аас доошгүй сонингийн 3 дугаар нүүрт сонгон шалгаруулалтыг зарлан мэдээлнэ гэж заасан байхад ганцхан “Өдрийн сонин”-д зарласан...хууль зүйн яаманд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус журмаар сонгон шалгаруулалтыг явуулсан, иймд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу дахин зарласан сонгон шалгаруулалтаар “Х ” ХХК-ийг шалгаруулсан захиргааны акт хууль бус гэж тайлбарлан маргажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь хэсгийн г/, 19 дүгээр зүйлийн 19.1., 20 дугаар зүйлийн 20.1., Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан эрхийнхээ хүрээнд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолоор “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам” болон “Нийслэлийн өмчийн байр, талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг баталжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн байр, талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах /цаашид журмын гэх/ журмын дагуу 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн өмчийн мэдлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, хуучнаар шуудангийн 24 дүгээр салбар байсан 198 м.кв талбай бүхий байрны түрээслэгчийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтыг 2 дахь удаагаа зарласан байна.

Журмын 2.1-д түрээслэгч сонгон шалгаруулах зар мэдээг сонгон шалгаруулалт явагдахаас ажлын 14-өөс доошгүй өдрийн өмнө Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан өдөр тутмын рейтингэд 5 байранд орсон 3-аас доошгүй сонингийн 3 дугаар нүүрэнд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн харилцааны газрын цахим хуудсанд зарласан өдрөөс шалгаруулах өдөр хүртэл байршуулан мэдээлэхээр зохицуулсан бөгөөд Нийслэлийн өмчийн мэдлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хороолол хуучнаар шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан 198 м.кв талбай бүхий байрны түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай урилгыг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр цахим хуудас болон өдөр тутмын нэг сонинд зарласан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Дээрх сонинд зарлагдсан урилгын дагуу сонгон шалгаруулалтад оролцохоор нэхэмжлэгч “С*******” ХХК, гуравдагч этгээд “Х ” ХХК-иуд материалаа ирүүлсэн тул 3-аас доошгүй сонингийн 3 дугаар нүүрэнд зар мэдээ мэдээлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Захиргааны хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн магадлалд 198 м.кв талбай бүхий барилгад гуравдагч этгээд “Х ” ХХК 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн эсэх, өөрөөр хэлбэл, ямар хэрэгцээ шаардлагын улмаас ямар байсан байранд, ямар засвар, тохижилтын ажил хийсэн болох, үүнд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан эсэх талаарх нотлох баримтыг цуглуулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд анхан шатны шүүхээс магадлалд дурьдсны дагуу 160 сая төгрөгтэй холбоотой баримтыг гуравдагч этгээд болох “Х ” ХХК-аас шаардахад сонгон шалгаруулалтанд түшлэлийн гэрээгээр хамт оролцсон “БЭТЦ” ХХК-ийн 2014-2016 оны санхүүгийн жилийн эцсийн тайланг ирүүлсэн, тус шүүхээс Чингэлтэй дүүргийн төрийн сангаас “БЭТЦ” ХХК-ийн цахим санхүүгийн жилийн эцсийн тайлан,  өмчийн өөрчлөлтийн тайлан, санхүүгийн орлогын дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудыг ирүүлсэнээс өмчийн өөрчлөлтийн тайланд өмчийн өөрчлөлт 160 сая гэж тэмдэглэгдсэн байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “өмнөх хоолны газар нь бүх тоног төхөөрөмжөө авч гарсан хоосон байсаныг нь бид үйлчилгээний зориулалтаар ашгилахын тулд 2015 оны сонгон шалгаруулалтын дараа нийслэлийн өмчийн харилцааны газартай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 160 сая төгрөгийн  засвар тохижилтын ажил хийсэн мөн барилгын гадна талын эскизийг өөрчилж засаагүй ч гэсэн тухайн барилгад засварын ажил хийсэн ингэж байж бид үйл ажиллгаагаа явуулах боломжтой болсноор Кимчи экспересс хоолны газрыг ажиллуулах болсон энэ талаарх нотлох баримтыг бид баталгаажуулах үүднээс өнгөтөөр фото зураг авсан, энэ баримт нь өмнөх захиргааны хэрэгт авагдсан түүнийг үзэх боломжтой” гэж тайлбарласныг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч үгүйсгээгүй байна.

Нэхэмжлэгчийн нэг үндэслэл болох урилганд 160 сая төгрөгийг тусгаснаар бусад оролцогчдыг шударга өрсөлдөх боломжийг хааж хязгаарласан, илт нэг талд давуу байдал бий болгосон гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч тухайн үед энэ талаар гомдол гаргаагүй, шүүх хуралдаан дээр хэрэв манай компани энэ сонгон шалгаруулалтанд ялсан бол 160 сая төгрөгийг төлөх бүрэн боломжтой гэж тайлбарлаж байгаагаас үзвэл дээрх үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө үгүйсгэсэн, урилганд 160 сая төгрөгийн санхүүгийн чадавхтай байх гэж тусгаснаас болж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхолыг хөндсөн гэж үзэхээргүй, хариуцагч   бусад оролцогчдыг хязгаарлаж, илт давуу байдал олгосон, сонгон шалгаруулалтын журам зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч сонгон шалгаруулалт явуулах журмыг Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй, хүчингүй болсон журмаар сонгон шалгаруулалтыг явуулсан гэж тайлбарладаг боловч хариуцагчаас Хууль зүйн яаманд бүртгүүлэх үндэслэлгүй, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 65 дугаар тогтоолоор Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг 1 дүгээр хавсралтаар, Нийслэлийн өмчийн байр, талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг 2 дугаар хавсралтаар, Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг 3 дугаар хавсралтаар, Нийслэлийн өмчил хуулийн этгээдийг ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбайн, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталснаас үзвэл зөвхөн Нийслэлийн өмчийг түрээслэхээр зохицуулагдсан төдийгүй хүчин төгөлдөр бус журам гэж үзэхээргүй байна.

Журмын 5.1.2-т зааснаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хуралдан “С*******” ХХК, “Х ” ХХК-ийн ирүүлсэн материалыг үнэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Харин сонгон шалгаруулалтын урилгад сонгон шалгаруулалтын материалыг 10 цаг 30 минутад нээнэ гэж тусгасан хэрнээ бодит байдал дээр сонгон шалгаруулалтыг нээгээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бид урилгад заасны дагуу сонгон шалгаруулалтын дүнг нээгээгүй гэх тайлбараар нотлогдож байх тул гуравдагч этгээд “Х ” ХХК-ийг илүү үнийн санал авсан гэж үзэх боломжгүй байна. 

Түүнчлэн ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээний хуудсаар үнэлгээ өгснөөс үзвэл “С ” ХХК 259 оноо, “Х ” ХХК 325 оноо авсан бөгөөд 1 м.кв талбайг 18000 төгрөгөөр түрээслэх үнийн санал хүргүүлсэн “Х ” ХХК-ийг шалгаруулсан нь журмын 7.1-д “Энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан оролцогчдоос түрээслэх хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулна. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнээс өндөр байна” гэж заасантай болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар тогтоолтой нийцсэн гэж үзэхэд эргэлзээтэй, гишүүд дээрх оноог ямар зүйлд үндэслэн гаргасан зэрэг нь тодорхойгүй байх тул дээрх сонгон шалгаруулалтыг журманд заасны дагуу явуулсан эсэхээ хариуцагч тодруулах шаардлагатай гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн өмчийн 198 м.кв талбайн түрээслэгчийг шалгаруулах дахин зарласан сонгон шалгаруулалтаар “Х ” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3. дахь хэсгийн г/, 19 дүгээр зүйлийн 19.1., 20 дугаар зүйлийн 20.1., Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг баримтлан Нийслэлийн өмчийн харилцааны газраас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн өмчийн 198 м.кв талбайн түрээслэгчийг шалгаруулах дахин зарласан сонгон шалгаруулалтаар “Х ” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актыг хүчингүй болохыг мэдэгдсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь “түрээсийн гэрээг сэргээх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ОЮУНГЭРЭЛ

                     ШҮҮГЧИД                                              Ц.МӨНХЗУЛ

                                                                                    Г.МӨНХТУЛГА