Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 131/2016/00748/И |
Дугаар | 001/ХТ2018/00370 |
Огноо | 2018-03-06 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2018/00370
Н.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2017/00523 дугаар шийдвэртэй,
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар магадлалтай,
Н.М-ийн нэхэмжлэлтэй,
Г.А-, Ч.Б- нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 56.000.000 төгрөг гаргуулах үндсэн, илүү төлсөн 21.040.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч Г.А-гийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Г.А-, өмгөөлөгч Х.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Н.М-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Г.А- түүний хүү Ч.Б- нарт 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд 87.000.000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн хүүд 43.000.000 төгрөгийг үндсэн зээл 87.000.000 төгрөгийн хамт төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч нар нь хүү 43.000.000 төгрөг, үндсэн зээл 31.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 56.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөлөгүй байна. Сум дундын 3 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 106 дугаартай эвлэрлийн гэрээг Г.А-тай байгуулж, шүүгчийн 634 дугаар захирамжаар баталгаажуулсан. Гэтэл төлбөр төлөгч Г.А- нь хүү Ч.Б-ийн нэр дээр өөрийн хөрөнгөө шилжүүлсэн бөгөөд хамт мөнгө зээлсэн Ч.Б-ийн эд хөрөнгөөс мөнгөө гаргуулъя гэхэд эвлэрлийн гэрээнд Г.А- л хариуцагч байна гэсэн. Тиймээс эвлэрлийн гэрээг баталгаажуулсан 634 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1087 дугаартай захирамжаар хүчингүй болгуулаад дахин эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Г.А- нь эвлэрүүлэн зуучлагчийн дуудсан хугацаанд ирээгүй бөгөөд эвлэрүүлэх ажиллагаа явагдах боломжгүй болж өргөдлийг буцаасан.
Хариуцагч Г.А-, Ч.Б- нарт өөрийн бүх хөрөнгөө зээлдүүлснээс болж бизнес хийх эргэлтийн хөрөнгөгүй болчихоод байна. Иймд Ч.Б-, Г.А- нараас үндсэн зээлийн үлдэгдэл 56.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.А-, Ч.Б- нарын шүүхэд гаргасан тайлбарт: Н.М-өөс 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 3.000.000 төгрөг Г.А-гийн дансаар, Ч.Б- 17.000.000 төгрөг бэлнээр, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2.000.000 төгрөг Г.А-гийн дансаар, Ч.Б- 18.000.000 төгрөг бэлнээр авч нийт 60.000.000 төгрөгийг зээлсэн. Тухайн үед Н.М-т банкны зээл гарахаар авсан мөнгөө өгье гэж хэлсэн. Н.М- 10 хувийн хүүтэй шүү гэж хэлсэн. Тухай бүртээ амаар ярилцаж хэлээд зээл авдаг байсан. Н.М- цагдаагийн байгууллагад өргөдөл гарган залилан мэхэлсэн мэтээр бичиж өгсөн ба тэр өргөдлийнхөө нэг хувийг Хас банкинд аваачин өгч, үүний улмаас банк надад олгох зээлийн дансыг хаасан.
Н.М- нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бид хоёрыг гэрээ байгуулъя гээд дуудахаар нь чи өөрөө гэрээгээ бичээд ир, би зээлсэн мөнгөө өгөх нь үнэн учраас татгалзах юм алга гэж хэлсэн. Түүний дагуу Н.М-ийн бичиж ирсэн гэрээг үзтэл 87.000.000 төгрөг зээлдүүлсэн, хүү нь 43.000.000 төгрөг гэж бичсэн байхаар нь яагаад ийм өндөр болчихсон байгааг асуутал хуулийн дагуу зээлдүүлсэн мөнгөний хүү нь ингэж гарч байна, дангаараа хүүний мөнгө нэхэж болдоггүй гэсэн утгатай зүйл ярьсан. Түүнээс биш бид мөнгөн дүн дээр хоёр талаас тооцоо нийлж тохиролцсон зүйл байхгүй. Н.М-өөс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийнх нь дагуу намайг асууж шалган иргэн хоорондын маргаан гэдгийг тогтоосон. Түүний дагуу прокуророос гарсан албан бичгийг надад өгдөггүй, Н.М-т л өгдөг гэж ойлгоод тэр бичгийг Н.М-өөр банкинд өгүүлэхийн тулд түүний бичсэн өндөр хүүтэй, аваагүй 87 сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан. Учир нь банкнаас залилан гэх мэт хэрэгт холбогдоогүй гэдэг албан бичиг аваад ирвэл таны зээл гарна гэж хэлсэн. Ингээд Н.М-өөс прокурорын тогтоолыг авч банкинд өгсөн. Үүний дараа миний зээл гарч Н.М-т 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 27.000.000 төгрөг, 01 дүгээр сарын 16-ны өдөр 29.500.000 төгрөг, 01 дүгээр сарын 20-ны өдөр 15.000.000 төгрөг, 02 дугаар сарын 13-ны өдөр 2.500.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн өгсөн. Мөн манай нөхөр Н.М-т 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, 08 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг бэлнээр өгсөн байсан. Мөн дэлгүүрийн кассын орлогоос 1.800.000 төгрөг өөрөө ирж авсан. Түүний дараа аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас намайг дуудаж миний цүнхэнд байсан 1.000.000 төгрөгийг, дараа нь 200.000 төгрөгийг Н.М-т шилжүүлнэ гэж тус тус хураасан. Ингээд Н.М-т нийт 81.000.000 төгрөг өгсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Н.М-тэй байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зээлсэн 60.000.000 төгрөгийн хүүд төлсөн 21.040.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Учир нь нэхэмжлэгчид дансаар болон бэлнээр нийт 81.040.000 төгрөгийг буцаан төлсөн байх тул зээлсэн 60.000.000 төгрөгийн зөрүү болох 21.040.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.М-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Бид сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Гэрээг ямар нэгэн албан шахалтаар гарын үсэг зуруулсан хүчээр зур гэж тулгасан зүйл байхгүй тул 87.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2017/00523 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэг 14.760.000 төгрөгийг хариуцагч Г.А-, Ч.Б- нараас гаргуулж нэхэмжлэгч Н.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 41.240.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Г.А-, Ч.Б- нарын Н.М-өөс зээлсэн 60.000.000 төгрөгийн хүүд төлсөн 21.040.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.М-ийн төлсөн 437.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.А-, Ч.Б- нараас улсын тэмдэгтийн хураамж 231.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.М-т, хариуцагч Г.А-, Ч.Б- нарын төлсөн 592.950 төгрөгийн 329.800 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Г.А-, Ч.Б- нарт олгож шийдвэрлэжээ.
Архайнгай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2017/00523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 14.760.000 гэснийг 11.762.000 гэж, 41.240.000 гэснийг 44.238.000 гэж, 2 дахь заалтын 231.750 гэснийг 203.142 гэж, нэхэмжлэгч Г.А-, Ч.Б- гэснийг хариуцагч Г.А-, Ч.Б- гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 231.750 төгрөгөөс 203.142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 28.608 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Г.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд нөхөж байгуулсан зээлийн гэрээг 87.000.000 төгрөг хүлээж авснаа зөвшөөрсөн нотлох баримт гэж үнэлж уг гэрээг нь нөхөж байгуулсан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь 87.000.000 төгрөгийг хариуцагч нар хүлээн авсан гэсэн үйлдлийг нотлохгүй. Энэ иргэний хэрэгт зохигчид зээлээр авсан мөнгөн дүн болон буцааж төлсөн мөнгөн дүн дээр маргалдаж байна. Хариуцагч 60.000.000 төгрөг хүлээж авснаа зөвшөөрдөг харин нэхэмжлэгч 87.000.000 төгрөгийг шилжүүлэн өгснөө нотолж чаддаггүй. Хэрэв давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн хэлцэл хийгдсэн гэхдээ хуульд заасан хэлбэрээр хийгдээгүй учраас нэхэмжлэгч тал хүү авах эрхээ алдсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тал 87 сая төгрөг шилжүүлэн өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй. Үүнээс зөвхөн 60 сая төгрөг шилжүүлэн өгсөн гэдгээ нотолдог. Үүнээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх гэрээний үүрэг байхгүй бөгөөд харин 81.040.000 төлсөн нь илүү төлөлтэй илүү төлсөн 21.040.000 төгрөгийн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй гэж үзэхээр байна. Учир нь зохигчдын хооронд бичгээр нөхөж байгуулсан зээлийн гэрээнд зээлийн хүү 10 хувь, 43.000.000 төгрөг гэж заасан нь ойлгомжгүй учир нийт төлбөл зохих дүн нь тодорхойгүй байхад хариуцагч үүрэг гүйцэтгэхдээ үүрэг дуусгавар болсныг мэдээгүй байхдаа илүү төлөлт хийсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр буцаан нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх уг хэргийг шийдэхдээ зохигчдын хооронд 60.000.000 төгрөг зээлийн гэрээ байгуулагдсан гэхдээ хүүг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй хариуцагчид илт хохиролтой байгаа учир хүүг нь шүүх бууруулан тооцохдоо 60.000.000 төгрөгийн зээлийн дүнгийн 50 хувиар тооцон 30.000.000 төгрөг болгосон нь үндэслэлгүй алдаатай байна. Хэрэв хүүг бууруулж байгаа бол гэрээнд заасан 43.000.000 төгрөг эсвэл 10 хувийн хүүг бууруулж тооцох ёстой байсан.
Иймд дээрх магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байх тул хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н.М- хариуцагч Г.А-, Ч.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.
Хариуцагч Г.А-, Ч.Б- нар 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нэхэмжлэгч Н.М-өөс мөнгө зээлж зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зохигч маргаагүй боловч нэхэмжлэгч хариуцагчид 87.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, нийт 130.000.000 төгрөг буцаан авахаар тохирсноос 74.000.000 төгрөг төлсөн, үлдэх 56.000.000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч амаар тохирч 60.000.000 төгрөг зээлж, буцааж 81.000.000 төгрөг өгсөн, банкнаас зээл авахын тулд хожим нь бичгийн гэрээнд гарын үсэг зурсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж, илүү төлсөн гэх 21.040.000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх, зохигч хожим нь буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 87.000.000 төгрөг зээлж, 43.000.000 төгрөгийн хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч анх 87.000.000 төгрөг бус 60.000.000 төгрөг зээлсэн нь тогтоогдсон гэж үзэж, хүүг 30.000.000 төгрөгөөр тогтоож, нийт 90.000.000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 75.240.000 төгрөгийг хасч, зөрүү 14.760.000 төгрөг гаргуулсныг давж заалдах шатны шүүх өөрчилж дүгнэжээ.
Хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь зохигч зээлийн гэрээгээр хүү тохиролцоогүй, гэрээг бичгээр байгуулаагүй, хожим хийсэн гэрээний нөхцлөөр хүү шаардах эрхгүй гэх нөхцөл хэргийн баримтаар үгүйсгэгдсэн байна.
Харин дараахь үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
1.Зохигчдын хооронд эхлээд амаар, дараа нь тухайн гэрээг бичгэн хэлбэрт оруулж нөхцөл тохирч зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болох талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасан нь гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч хэзээ, хэрхэн биелүүлснийг тодорхойлох нөхцөл бөгөөд хариуцагч нар 60.000.000 төгрөг шилжүүлэн авсан гэж маргасан тул нэхэмжлэгч 87.000.000 төгрөг зээлснээ нотлох үүрэгтэй ба үндэслэлээ нотолж чадаагүй байна.
Зохигч өмнө нь амаар байгуулсан гэрээгээ хожим нь бичгэн хэлбэрт оруулахдаа гэрээнд 87.000.000 төгрөг зээлснээр бичсэн боловч бодит байдалд 60.000.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.
Зохигч амаар гэрээ байгуулахдаа зээлийг сарын 10 хувийн хүүтэй буцаан өгөхөөр тохирсныг үгүйсгээгүй бөгөөд энэ нөхцлөө 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн бичгийн хэлцэлд заасан, хариуцагч зээлийн төлбөрт нийт 75.238.000 төгрөг буцаан төлснөөс үзвэл талууд хүү төлөхөөр харилцан тохиролцсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх зөвхөн бичгийн гэрээнд тусгаж, уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн нь 87.000.000 төгрөг зээлснийг нотлох хангалттай баримт гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүрэг, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамтай нийцээгүй байна. Иймд давж залдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүх бичгийн гэрээг үнэлж дүгнэсэн атлаа хүү төлөхөөр хэлэлцсэн тохиролцоо Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг зөрчсөн гэж хоорондоо зөрчилтэй дүгнэлтийг хийжээ.
Түүнчлэн бичгийн гэрээнд 2014 оны 7 дугаар сараас 12 сар хүртэл 5 сарын хугацаанд 10 хувийн хүү тооцох, хүүгийн нийт хэмжээ 43.000.000 төгрөг гэж тодорхойлсноос үзвэл хүүг сарын 10 хувь гэж ойлгоно.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг баримтлан хүүг бууруулахаар дүгнэсэн нь гэрээнд хүүгийн хэмжээг 43.000.000 төгрөгөөр тодорхойлсонтой холбоотой боловч талуудын хүүгийн талаар тохиролцсон хувь хэмжээ, хугацаагаар хүүг зээлийн 60.000.000 төгрөгөөс тооцоход нийт 30.000.000 төгрөгийн төлөх үүргийг хариуцагч хүлээж байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, хүүд нийт 90.000.000 төгрөг үүргээс хариуцагч нар 75.238.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул зөрүү 14.760.000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж байгаа учир төлбөрийг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан 11.762.000 төгрөгийн хэмжээгээр хэвээр үлдээх нь зүйтэй.
2.Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн хүүг гэрээгээр тохиролцоогүй тул үндэслэлгүйгээр илүү төлсөн 21.040.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлж хууль хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй нь буруу тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШШ2017/00523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Г.А-, Ч.Б- нараас 11.762.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44.238.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Н.М-өөс 21.040.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Г.А-, Ч.Б- нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дох заалтад “...231.750 төгрөг...” гэснийг “...203.142 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Г.А-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Г.А- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 203.142 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ