Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2017/02305/И |
Дугаар | 001/ХТ2018/00402 |
Огноо | 2018-03-13 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2018/00402
Ш З БХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02601 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2480 дугаар магадлалтай,
Ш З БХХК-ийн нэхэмжлэлтэй,
М П Д ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 209.285.685 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч М.Мөнхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтөр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Ш З БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: М П Д ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Шон суурийн ажлын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 тоот хаягт байрлах газар дээр баригдах Олон Улсын Санхүүгийн Төв /international Finance Centre/-ийн шон суурийн ажлыг нийт 3 540 000 ам.долларын төсөвт өртгөөр гүйцэтгэхээр тохиролцсон.
Энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгч Ш З Б ХХК нь барилгын шон суурийн ажлыг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс гүйцэтгэж эхэлсэн ба ажлыг амжилттай хийж, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бүрэн гүйцэтгэж дууссан. Захиалагч гүйцэтгэгч нар нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр барилгын талбайн ажлыг хүлээлгэж өгөх ажлын акт үйлдэн гүйцэтгэгч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн. Ингэхдээ захиалагчийн хяналтын инженер нь гүйцэтгэсэн ажлын үр дүнд ямар нэгэн доголдол гараагүй болохыг баталсан. Энэ үед М П Д ХХК нь гэрээний нийт төлбөрийн 97.5 хувийг гүйцэтгэгчид шилжүүлсэн ба ажлыг хүлээлгэн өгснөөс хойш 12 сарын дотор ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлээ хариуцах баталгаа болгон гэрээний нийт үнийн дүнгийн 2,5 хувь буюу 88.500 ам.долларыг М П Д ХХК-д үлдээсэн. Ажлыг хүлээлгэж өгснөөс хойш 12 сарын хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд ажлын гүйцэтгэлд ямар нэгэн доголдол, дутагдал гараагүй тул М П Д ХХК нь дээрх баталгааны мөнгийг Ш З БХХК-д олгох үүрэгтэй.
Хариуцагчийн шон суурийн ажлын гэрээний нарийвчилсан зохицуулалт гэж тайлбарлаад байгаа Факс илгээх хуудас гэсэн албан бичиг нь БНХАУ-ын Хонг конгийн хуулийн этгээд Эйч, Эй, Бречин & Ко.ЛТД гэсэн компаниас илгээсэн, захидал харилцаа төдий баримт юм. Энэ баримт бичиг нь шон суурийн ажлын гэрээнд хамааралгүй, Ш З БХХК болон М П Д ХХК гэсэн 2 хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлэнэ.
Эйч Эй Бречин & Ко.ЛТД-иас Ш З БХХК-д хандан илгээсэн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн зурвас буюу захидлыг шон суурийн ажлын гэрээний нарийвчилсан зохицуулалт бүхий салшгүй хэсэг гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Ш З БХХК-д хандан илгээсэн дээрх захидал нь гэрээний хавсралт А-д заасан жагсаалтад хамаарахгүй тул тус захидлыг гэрээний салшгүй хэсэг гэж үзэхгүй. Иймд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан шон суурийн ажлын гэрээний үлдэгдэл төлбөр болох 88.500 ам.доллар буюу 209.285.685 төгрөгийг М П Д ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М П Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөрийн гаргасан тайлбарт: Олон Улсын Санхүүгийн Төв барилгын төслийн шон суурийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад Ш З БХХК шалгарч М П Д ХХК-тай гүйцэтгэх ажил, хугацаа, ажлын хөлс зэрэг үндсэн нөхцөлийг харилцан тохиролцож 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шон суурийн ажлын гэрээг байгуулсан. Шон суурийн ажлын гэрээний 2-д заасны дагуу ажлын гүйцэтгэлийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгчийн гаргасан ажлын ноцтой алдаа, дутагдлыг дахин засварлах зэргээр ажлын хугацаа удаан хугацаагаар сунжирч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл буюу нийт 398 хоногоор хоцорсон. Шон суурийн ажлын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч талын буруугаас ажлын гүйцэтгэл хоцорсон тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам 4.500 ам.долларын торгуулийг нэхэмжлэгч тал төлөхөөр тохиролцсон тул хугацаа хэтрүүлсэн 398 хоногийн торгуулийн хэмжээ 1.791.000 ам.доллар буюу гэрээний баталгаа болох 88.500 ам.долларыг суутгасны дараах дүнгээр 1.702.500 ам.доллар болж байна.
Шон суурийн ажлын гэрээний хавсралтын J хэсэгт нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд Монгол Улсын хуулийг баримтлан БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож арбитрын хэлцэл хийсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь заалтуудыг зөрчин нэхэмжлэл гаргасан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02601 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М П Д ХХК-иас 209 285 685 төгрөгийг гаргуулан Ш З БХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.204.380 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.204.380 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2480 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02601 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш З БХХК-ийн хариуцагч М П Д ХХК-д холбогдох нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1.204.380 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч М.Мөнхжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хариуцагчаас шон суурийн гэрээний хавсралт гэж маргаж буй 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тендерийн асуулгыг тус гэрээний хавсралт А дахь хүснэгтэд заагдсан тендерийн баримт бичиг мөн хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг зөрчсөн байна. Учир нь “Шон суурийн ажлын гэрээ”-нд уг тендерийн асуулгыг нь гэрээний салшгүй хэсэг байхаар заагаагүй бөгөөд хэдийгээр уг асуулгын дугаар нь хавсралт А-ийн хүснэгтийн 3 дахь мөрөнд бичигдсэн 1154/Р20120521Р гэсэн дугаартай давхцаж байх боловч дараахь байдлаар уг тендерийн асуулга нь хүснэгтэд заасан баримт бичиг биш болох нь нотлогддог.
Үүнд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1154/Р20120521Р дугаартай зурвас нь тендерийн асуулга нэртэй байгаа бол гэрээний хавсралт А-ийн хүснэгтийн 3 дахь мөрний сүүлийн баганад зааснаар гэрээний салшгүй хэсэг байх баримт нь тендерийн асуулгын хариу нэртэй байна. 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1154/Р20120521Р дугаартай тендерийн асуулгыг илгээгч тал нь Ноён Нейлсон Лэй, хүлээн авагч нь Ш З БХХК буюу захирал Ноён Рен Зи Юнг байгаа бол гэрээний хавсралт А-ийн хүснэгтийн 3 дахь мөрний эхний хоёр баганад зааснаар гэрээний салшгүй хэсэг байх баримтын илгээгч нь “Шинэ зуун барилга" ХХК, хүлээн авагч нь “Эйч Эй Бречин & Ко.Лтд” байхаар заажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас арбитрын хэлцэл хэмээн тайлбарлаж, үндэслэл болгож буй 1154/Р20120521Р дугаартай зурвас болох тендерийн асуулга нь “талууд Шон суурийн ажлын гэрээтэй холбогдуулан гарсан аливаа маргааныг БНХАУ-ын засаг захиргааны бүс болох Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэх” талаар тохиролцсон хоёр талын харилцан тохиролцоо бус харин “гэрээг Монгол улсын хуулийг баримтлан зохицуулах ба арбитрын ажиллагаа явуулах газар нь Хонг Конг байхыг баталгаажуулах шаардлагатай” гэсэн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн асуулга байгааг анхаарах нь зүйтэй. Тендерийн асуулгын сүүлийн хуудсанд “энэ захидал нь таны тендэрийн саналыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан хариу санал гэж ойлгогдохгүй” гэж зааснаас үзэхэд захидалд дурдагдсан шаардлагыг хүлээн авагч “Шинэ зуун барилга” ХХК заавал зөвшөөрөх албагүй байсан болохыг харуулж байна. Улмаар хариуцагчаас үндэслэж буй 1154/Р20120521Р дугаартай тендерийн асуулга бус харин хүлээн авагчаас уг асуулгад хариу илгээсэн тохиолдолд уг хариу нь Шон суурийн ажлын гэрээний салшгүй хэсэг байхаар хавсралт А-ийн хүснэгтийн 3 дахь мөрөнд заасан байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн энэхүү асуулгыг арбитрын хэлцэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Арбитрын заалттай гэрээний хавсралт гээд байгаа баримт бичигт нэхэмжлэгч гарын үсэг зурсан гэх боловч хариуцагч “М П Д" ХХК буюу тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй. Харин сонгон шалгаруулалтыг хариуцаж явуулсан БНХАУ, Хонг Конгийн хуулийн этгээд Эйч Эй Бречин & Ко.лтд гэсэн компани сонгон шалгаруулалтын үе шатанд зориулж гарын үсэг зурсан. Барилгын ажлын сонгон шалгаруулалтын үе шат болон тендерийг шалгаруулж, гэрээлэгчтэй гэрээ байгуулах үе шатны ялгааг давж заалдах шатны шүүх огт авч үзээгүй. Тендерийн сонгон шалгаруулалтын үед харилцсан захидал харилцаа, албан бичиг, бусад баримт бичгийг захиалагч ба гүйцэтгэгчийн хооронд байгуулсан шууд гэрээ гэж үзэх боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүх ийнхүү үзсэн нь үндэслэлгүй байна.
Давж заалдах шатны шүүх 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1154/F20120521R дугаартай тендерийн асуулгын хариу нэртэй баримт бичиг хэргийн 37-44 талд авагдсаны J-д арбитрын ажиллагаа явуулах газар нь Хонг Конг байхыг баталгаажуулах шаардлагатай гэж заасан. Уг албан бичгийг Шон суурийн ажлын гэрээний хавсралт А-д тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийн, хэргийн 37-44 талд тендерийн асуулга нэртэй баримт авагдсан байхад түүнийг тендерийн асуулгын хариу нэртэй баримт бичиг байна хэмээн алдаатай дүгнэлт хийсэн. Төлбөр хийсэн нөхцөл нь 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1154/F20120521R дугаартай тендерийн асуулгад заасантай давхцаж буй нь тус асуулгын бусад заалтуудыг ч мөн нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, хариу өгсөн гэж үзэх боломжгүй юм. Учир нь дээрх тендерийн асуулгын сүүлийн хуудсанд “энэ захидал нь таны тендэрийн саналыг зөвшөөрсөн, татгалзсан эсхүл хариу санал гэж ойлгогдохгүй” хэмээсэн бөгөөд уг асуулга нь зөвхөн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт бичиг төдийгүй гэрээний салшгүй хэсэг биш байсныг дахин дурдах нь зүйтэй байна. Үүнээс гадна гэрээний төлбөрүүд хариуцагчийн тайлбарладаг шиг хавсралтад заасантай нь давхцдаггүй бөгөөд захиалагч тал гүйцэтгэлээр нь цувуулж төлсөн байдаг.
Ажил гүйцэтгэх гэрээний маргаантай холбоотой гадаадын арбитрын шийдвэрийг Монгол Улсад биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус заасны дагуу гадаадын арбитрын шийдвэрийг Монгол улсад биелүүлэх харилцааг 1958 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нью Йорк хотноо баталсан “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай” конвенцоор зохицуулсан байдаг. Тус Конвенцийн 1.3-т "...Түүнчлэн мэдэгдэл хийгч улс зөвхөн өөрийн үндэсний хууль тогтоомжийн дагуу худалдааны гэж тооцогдох гэрээний эсхүл гэрээний бүс эрх зүйн бусад харилцаанаас үүсэх маргаанд энэхүү конвенцийг дагаж мөрдөхөө мэдэгдэж болно.” гэж заасны дагуу Монгол Улс 1994 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Олон улсын конвенцид нэгдэн орох тухай хууль”-иар нэгдэн орохдоо тус хуулийн 2.2 дахь хэсэгт “2/Монгол Улс нь өөрийн үндэсний хууль тогтоомжийн дагуу үүсэх маргаанд энэхүү конвенцийг хэрэглэнэ." гэж зааснаар Монгол улс гагцхүү худалдааны гэж тооцогдох гэрээний болон эрх зүйн бусад харилцаанаас үүсэх маргааны талаар гарсан арбитрын шийдвэрийг гүйцэтгэхээ мэдэгдэж нэгдэн орсон байдаг. Иймээс Монголын хоёр хуулийн этгээдийн хооронд үүсээд буй энэхүү маргаан нь ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй ба худалдааны шинжтэй маргаан биш байгаа тул талууд маргаанаа БНХАУ, Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлсэн ч, арбитрын шийдвэрийг Монгол улсад гүйцэтгэх боломжгүй болж, арбитрын шийдвэрийн биелэлт хэрэгжих боломжгүй үр дагаварт хүрнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Хонг Конгийн арбитрын шийдвэр гарлаа гэхэд Монгол улсад 1 байгуулагдсан, Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин байрлаж, үйл ажиллагаа явуулдаг хариуцагч “М П Д” ХХК-д холбогдох арбитрын шийдвэрийг зөвхөн Монгол Улсад биелүүлэх бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний төлбөртэй холбоотой Хонг Конгийн арбитрын шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар Монгол улсад албадан гүйцэтгэх боломжгүй болж байна. Ингэснээр арбитрын шийдвэрийн биелэлт хангагдахгүйд хүрч, хохирсон тал болох Монгол Улсын хуулийн этгээд “Шинэ зуун барилга” ХХК нь зөрчигдсөн эрхээ бодитойгоор сэргээн эдэлж чадахгүйд хүрч байна.
Арбитрын тухай хуулийн 2-р зүйлийн 2.1-д “Арбитрын ажиллагааны харьяалал нь Монгол Улс бол энэ хууль үйлчилнэ.” гэж заасны дагуу Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт тус тус заасан арбитр гэдэгт Монгол улсад байрлах байнгын болон түр арбитрын ойлгоно. Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр заалтад заасан арбитрт БНХАУ, Хонг Конгийн арбитрыг хамааруулж шийдвэрлэсэн байгааг шүүх хуулиудын дээрх зүйл, заалтуудыг буруу ойлгож хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно.” гэж зааснаар хариуцагч нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариу тайлбар гаргахаасаа өмнө маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх эсэх хүсэлтийг гаргах байсан. Хариуцагч арбитрын харьяаллын талаарх хүсэлтээ шүүхэд ийнхүү гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2480 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02601 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ш З БХХК М П Д ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 209.285.685 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Шон суурийн ажлын гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний 3.0-д “энэ бичигт өөрөөр заагаагүй бол хавсралт А-д заасны дагуу дахин боловсруулах тендерийн санал болон тендерийн баримт бичгүүд нь гэрээний нөхцлийн хэсгийг бүрдүүлнэ. Бүх ажил нь дахин боловсруулсан тендерийн санал болон тендерийн баримт бичгүүд энэхүү хүлээн зөвшөөрсөн бичиг болон хавсралт А-д заасан тохиролцооны дагуу хийгдэнэ” гэж заасан байна.
2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1154 F20120531R дугаартай тендерийн асуулгын хариу нэртэй баримт бичгийн J-д арбитрын ажиллагаа явуулах газар нь Хонг Конг байхыг үүгээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтыг үндэслэн талууд маргаанаа арбитраар шийдвэрүүлэхээр тохиролцсон гэж үзсэн нь Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-т заасан “Арбитрын тухай заалт бүхий ямар нэг баримт бичгийг талуудын хооронд байгуулсан гэрээнд иш татсан бөгөөд энэ нь тухайн гэрээний хэсэг болохыг гэрээнд тусгайлан заасан бол үүнийг арбитрын хэлэлцээр гэж үзнэ” гэснийг зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ”, 13.3-т “талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй буюу энэ талаар хэлэлцэн тохиролцоогүй, эсхүл Засгийн газар хоорондын хэлэлцээрээр маргааныг арбитраар шийдвэрлүүлэхээр заагаагүй бол нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус журамлажээ.
Нэхэмжлэлийг хүлээн авах үед нэхэмжлэгч нь хэргийн харъяалал зөрчиж шүүхэд хандсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог.
Нэхэмжлэгч Ш З БХХК анх шүүхэд хандахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралт А-г нотлох баримт болгон нэхэмжлэлд хавсарган гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг гардан аваад хариу тайлбар гаргахдаа гэрээний хавсралт А-г нотлох баримтаар гаргаж, хэргийн харъяалал зөрчсөн гэж үзэж энэ талаар хариу тайлбартаа дурдаж шүүхэд хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан нь Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан ”арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзснээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно” гэснийг зөрчөөгүй гэж үзлээ.
Анхан шатны шүүх хариуцагчийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлээгүй бөгөөд хэргийг хэлэлцэхдээ хэргийн харъяалал зөрчигдөөгүй гэж дүгнэж, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тендерийн асуулгын хариу нэртэй баримт бичгийг зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд хамааралгүй гэсэн нь буруу байна.
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2480 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч М.Мөнхжаргал нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.204.380 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ