Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00417

 

Г Б  ХХК-ийн Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаар шийдвэртэй,  

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 169 дугаар магадлалтай,

Г БХХК-ийн Дархан салбарын  нэхэмжлэлтэй,

И М ХХК, З Б Д С, Б.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 386.322.508 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагч И М ХХК-ийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч З Б Д Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Г Б ХХК-ийн Дархан салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: И М ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ4305101032 тоот зээлийн гэрээ, БГ4305101032, БГ43051010302/В тоот ипотекийн гэрээ, БДГ4305101032, ДГ4305101032/А тоот батлан даалтын гэрээг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр Г Б нь И М ХХК-д 400.000.000 төгрөгийг /ҮХААЯам-Хүлэмжийн аж ахуйн зээлийг/ жилийн 8 хувийн хүүтэй, 37 сарын хугацаагаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улсын бүртгэлийн 000326172 тоот гэрчилгээтэй Ү-2005000713 дугаартай, Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг хаягт байршилтай 862,75 м2 талбайтай “И М” ХХК өмчлөлийн Тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн 000301305 тоот гэрчилгээний дугаартай, Нэгж  талбарын 80310316 дугаартай Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлалтай 5 га “И М” ХХК өмчлөлийн газрыг БГ4305101032 тоот ипотекийн гэрээгээр “И М” ХХК, Улсын бүртгэлийн 000402106 тоот гэрчилгээтэй,Ү-2005000737 дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлалтай 1000.0 м2 талбайтай Б.Бгийн өмчлөлийн газар зэргийг барьцаалсан. Мөн “З Б Д С” нь БДГ4305101032 тоот батлан даалтын гэрээ байгуулж үүрэг хүлээсэн. Зээлдэгч “И М” ХХК нь зээлийн гэрээний 3.1.1-т заасан буюу хавсралт №1-д заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний 2.4 дүгээр зүйл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан зөрчлийг гаргасан. Их-Мориг ХХК нь өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 353.699.280,10 төгрөг зээлийн хүү 31.059.269,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.563.959,23 төгрөг нийт 386.322.508,92 төгрөгийн зээл төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Иймд зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 386.322.508,92 төгрөгийг “И М” ХХК, Б.Б болон З Б Д С-гаас тус тус гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И М ХХК болон Б.Б-гийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний 2.1.3-д зээлийн хугацааг 37 сараар тохиролцсон бөгөөд эцсийн хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусах ёстой. Энэ хугацаа болоогүй байхад гэрээний хугацаа дуусах хүртэл үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дээрх гэрээгээр 400.000.000 төгрөгийг 37 сарын хугацаагаар олгох үүргийг банк хүлээсэн атлаа энэ үүргээ биелүүлэхгүйгээр зээлийг таслан өгч бидний төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нь эцэстээ зээлийг эргүүлэн төлөх үүрэг тодорхой хугацаагаар хойшлоход нөлөөлсөн. Үүргийн гүйцэтгэл зөрчигдсөн тохиолдолд талууд хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой зохицуулалтыг зээлийн гэрээгээр тохиролцсон боловч үүнийг хэрэгсэхгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжийг хааж байна.

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 720.000.000 төгрөгөөр зээл батлагдсан. Гэтэл Г Б-аас уг зээлийг 400.000.000 төгрөг болгон гаргасан. Манай байгууллага 720.000.000 төгрөгт тааруулан төсөвөө тодорхойлсон байсан. Г Б уг зээлийг олгохдоо нэг дор бүтнээр нь бус хэсэгчилэн дансаар өгсөн. Г Б зээлээ хугацаандаа өгсөн бол өөрийн төлөвлөсөн ажлуудаа хийх боломжтой байсан. Зээлийн гэрээний хугацаа дуустал гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З Б Д Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажавын шүүхэд гаргасан тайлбарт: З Б Д С нь жижиг дунд бизнесийг дэмжиж батлан даалт гаргадаг бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээнд 11 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Мөн батлан даалтын гэрээний 1.4, 3.2.3 дэх хэсгүүд дээр ямар нөхцөл байдал үүссэн тохиолдолд батлан даалтын сан зээлийг төлөх талаар заасан. Батлан даалтын сан нь үндсэн зээлийн үлдэгдлээс ямар хувь хэмжээг төлөх талаар урьдчилсан нөхцөлийг дурдсан. Хариуцагчаар эхлээд санг татаагүй байдлаас харахад З Б Д Сг хариуцагчаар татаагүй байсан ч И М ХХК-ийг хариуцагчаар татаж зээлийг төлүүлэх боломж байсан нь харагдаж байна. Харин И М ХХК зээлээ төлөх боломжгүй болсон талаар З Б Д Сд мэдэгдэл өгсөн бол зээлийг төлөх боломжтой байсан. Батлан даалтын сангийн хэмжээ төлөх зээлийн төлбөр тогтоогдоогүй. Учир нь үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдсэн дүнгээс зээлийг батлан даалтын сан хариуцна. Барьцааны гэрээнд заасан дүнгээр зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг тооцоход 471.400.000 төгрөг болж байна. Голомт банкны нэхэмжилж буй мөнгөн дүн нь зээлийн барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс бага байна. Зээлийн барьцаанд тавигдсан эд хөрөнгийг худалдан борлуулаад З Б Д Сгийн төлөх ёстой дүнг харах боломжгүй байна.

И М ХХК-аас 386.322.582 төгрөг нэхэмжлээд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах боломжгүй бол З Б Д С хариуцлага хүлээнэ гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбар, хариуцагч И М ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч И М ХХК-иас 386.322.508 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбарт олгож, хариуцагч Б.Б, З Б Д Сд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Улсын бүртгэлийн 000326172 тоот гэрчилгээтэй Ү-2005000713 дугаартай, Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг хаягт байршилтай 862,75 м2 талбайтай И М ХХК өмчлөлийн тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн 000301305 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 80310316 дугаартай Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлалтай 5 га И М ХХК-ийн өмчлөлийн газрыг БГ4305101032 тоот ипотекийн гэрээгээр И М ХХК, Улсын бүртгэлийн 000402106 тоот гэрчилгээтэй, Ү-2005000737 дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлах 1000 м2 талбайтай Б.Бгийн өмчлөлийн газрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.089.562 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И М ХХК-иас 2.089.562 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 169 дугаар магадлалаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.089.562 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа гол нотлох баримт болох ЗГ4305101032 тоот зээлийн гэрээг Улаанбаатар-210620, Сүхбаатрын талбай 3 гэсэн хаягтай Г Бгэсэн хуулийн этгээд хариуцагч “И М” ХХК-тай байгуулсан нь харагдаж байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ “Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг Голомт банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй” гэж нэхэмжлэгчийг тодорхойлж өгсөн. Тийм ч болохоор хариуцагчийн хувиар бид “нэхэмжлэлийн үндэслэл болсон “ЗГ4305101032 тоот” зээлийн гэрээний зээлдүүлэгч тал нь Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг Голомт банкны Дархан салбар биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч нь чухам хэм байж болох, эсхүл нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний зээлдүүлэгч тал хэн байгаа эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагчийн өмгөөлөгч хариуцагч нь Голомт банкны Дархан салбартай зээлийн гэрээ байгуулсан байхад Г Битгэмжлэлээр орж байгаа мөн Дархан салбарын захирал Д.3олжаргалд Голомт банкийг төлөөлөх эрх олгогдоогүй байхад гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байгаа...” гэж манай өмгөөлөгчийн гаргасан үндэслэлийг огт ойлгоогүйгээр дүгнэсэн. Өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргаж тавьж байгаа хууль зүйн гол үндэслэл нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 65.1.5 гэсэн заалтад хамаарч байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлд заасан журмаар хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай байсан. Харин анхны зээлийн гэрээний талууд, түүний “эрх”-ийн талаар нэг ч үмлэслэл гаргаагүй болно.

Зээлийн гэрээг Улаанбаатарын хаягтай Г Ббайгуулсан юм бол шүүхэд нэхэмжлэгч нь тэр л этгээд байх ёстой, эсхүл тухайн этгээд өөр этгээдэд хуульд заасан журмаар итгэмжлэл олгосон байх ёстой. Иргэний хэрэг үүсгэсэн захирамжид дурдсан нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг Голомт банкны Дархан салбар юм бол түүнд нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримт буюу “Зээлийн гэрээ” байх ёстой. Энэ 2-ын ялгааг гаргаж байж хэргийг хянан щийдвэрлэж шийдвэр гаргавал шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийи шаардлага бүрэн биелэгдэх учиртай байсан. Харамсалтай нь анхан шатны шүүх ингэж чадаагүй юм. Энэ бүхнийг үндэслэлээ болгож өмгөөлөгч маань давж заалдах гомдол гаргасан боловч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх талуудын хооронд зээл болон барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулагдсан болон тэдгээрийн хүчин төгөлдөр эсэх талаар ямар нэгэн маргаан гараагүй, гарах боломж байгаагүй байхад түүний хүчин төгөлдөр эсэхэд л дүгнэлт өгч, харин жинхэнэ маргаж байгаа “шүүхэд төлөөлөх эрх”-ийн талаархи маргаанд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр Голомт банкыг төлөөлөх эрх олгосон биш зөвхөн “Дархан салбар”-ыг төлөөлөх эрх олгосон итгэмжлэлийг, Голомт банкийг төлөөлөх эрхгүй, тэр тусмаа дамжуулах эрхтэйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох салбарын захирлын итгэмжлэлийг, хэргийн нэхэмжлэгч биш этгээд болох Голомт банкны өөрийгөө төлөөлөх эрх олгосон итгэмжлэлийг “Дархан салбар”-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хувьд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь заалтыг зөрчөөгүй байна гэсэн нь үнэхээр хууль бус дүгнэлт боллоо.

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Г БХХК-ийн хариуцагч И М ХХК, Б.Б, З Б Д Сд тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 386.322.508 төгрөг гаргуулах иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Г БХХК нь И М ХХК, Д.Мягмарсүрэн нартай 2014 оны 10 дугаар сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нь өвлийн хүлэмж барих зориулалтаар 400.000.000 төгрөгийг 37 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлийн төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй тохиолдол үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.

Зээл болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй үүрэг зөрчигдсөн талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153, 156-д заасантай нийцсэн байна.

З Б Д С нь нэхэмжлэгч Голомт банктай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БДГ4305101032 дугаар батлан даалтын гэрээ байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасан бөгөөд зээлдэгч И М ХХК нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч З Б Д Сд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

Хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг бөгөөд салбар нь хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг.

Голомт банкны гүйцэтгэх захирлаас 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 123 дугаар тушаалаар зээл хариуцсан дэд захирал Т.Нямсүрэнд банкийг төлөөлөх, Т.Нямсүрэнгээс 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 07/1177 дугаар албан бичгээр Дархан салбарын захиралд банкийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус олгосны дагуу Дархан салбарын захирал Д.Золжаргал нэхэмжлэл гаргасан байх тул төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 5-7/

Өөрөөр хэлбэл Голомт банкны Дархан салбарын захирал нь Голомт банкийг төлөөлөх эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлийн дагуу зээлийн гэрээний үүргийг шаардсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.11-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж дүгнэж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 169 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч И М ХХК-ийн төлөөлөгч Б.Бгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч И М ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2.089.562 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ