Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00343/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум 13-р баг Г- Дархан салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: N-ХХК,

Хариуцагч: Б

Хариуцагч: Зээлийн батлан даалтын санд холбогдох

 

386 322 508,92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбат, Б.Эрдэнэбаяр, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Бадрахмаа, Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г- Дархан салбарын захирал Д.Золжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

И- нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ4305101032 тоот Зээлийн гэрээ, БГ4305101032, БГ43051010302/В тоот ипотекийн гэрээ, БДГ4305101032, ДГ4305101032/А тоот батлан даалтын гэрээг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр Г- нь И- ХХК-д 400,000,000.00 (дөрвөн зуун сая) төгрөгийг ҮХААЯам-Хүлэмжийн аж ахуйн зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 37 сарын хугацаагаар зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээний 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар Зээлдэгч буюу И- ХХК нь зээлийн гэрээний Хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй. Зээлдэгч 2016 оны 08 дугаар сарын 5-наас хойш зээлийн эргэн төлөлт дутуу төлж байсан бөгөөд Зээлдэгчтэй холбогдоход хугацаа заан хойшлуулсаар байна. Өнөөдрийн байлдаар буюу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгч И- ХХК нь зээлийн үндсэн төлбөр  353,699,280.1 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 18,523,337.52 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 246,929.53 төгрөгийг  төлөөгүй байна.

Иймд дараахь нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Үүнд:

  1. И- ХХК-тай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ4305101032 дугаартай Зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл 353,699,280.1 төгрөг зээлийн хүүгийн төлбөр 18,523,337.52 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 246,929.53 төгрөг нийт 372,469,547.15 төгрөгийг И- ХХК-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И-ХХК-ийн захирал Б-шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г- Дархан-Уул дахь салбар нь тус “Их мориг” ХХК-иас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ4305101032 тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 359,699,280., төгрөг зээлин үндсэн хүүнд 18.523.337.52 зээлийн торгуулийн хүүгийн төлбөрт 246,929.53 төгрөг нийт 372.469.547.15 төгрөгийг нэхэмжилжээ. Энэхүү нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг доорх тайлбараар төлж байна.

  1. Нэхэмжлэлийн үндэслэл болсон “Зээлийн гэрээ”-ний 2.1.3-п зээлийн хугацааг 37 сараар тохиролцсон бөгөөд эцсийн хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусах ёстой. Энэ хугацаа болоогүй болохоор гэрээний хугацаа дуусах хүртэл  үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
  2. Мөн дээрх гэрээгээр 400,000,000 төгрөгийг 37 сарын хугацаагаар олгох үүргийг банк хүлээсэн атлаа энэ үүргээ биелүүлэхгүйгээр зээлийг таслан өгч бидний төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нь эцэстээ зээлийг эргүүлэн төлөх үүрэг тодорхой хугацаагаар хойшлоход нөлөөлсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болгож байгаа болно.
  3. Үүргийн гүйцэтгэл зөрчигдсөн тохиолдолд талууд  хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой зохицуулалтыг “Зээлийн гэрээ”-гээр  тохиролцсон боловч үүнийг хэрэгсэхгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжийг хааж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г- Дархан салбар нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

И- ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ4305101032 тоот Зээлийн гэрээг Г-тай байгуулж 400,000,000 /дөрвөн зуун сая/  төгрөгийн ҮХААЯам-Хүлэмжийн аж ахуйн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай зээлсэн буюу 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаатайгаар зээлж авсан. ЗГ4305101032 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улсын бүртгэлийн 000326172 тоот гэрчилгээтэй Ү-2005000713 дугаартай, Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг хаягт байршилтай 862,75 м2 талбайтай “Их мориг” ХХК өмчлөлийн Тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн 000301305 тоот гэрчилгээний дугаартай, Нэгж  талбарын 80310316 дугаартай Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлалтай 5 га “Их мориг” ХХК өмчлөлийн газрыг БГ4305101032 тоот ипотекийн гэрээгээр “Их мориг” ХХК, Улсын бүртгэлийн 000402106 тоот гэрчилгээтэй,Ү-2005000737 дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлалтай 1000.0 м2  талбайтай Б.Бадрахмаагийн өмчлөлийн газрыг БГ4305101032/В тоот ипотекийн гэрээгээр Б-нар байгуулж барьцаалсан. Мөн “Зээлийн батлан даалтын сан” нь БДГ4305101032 тоот батлан даалтын гэрээ байгуулж үүрэг хүлээсэн. Зээлдэгч “Их мориг” ХХК нь зээлийн гэрээний 3.1.1-т заасан буюу Хавсралт №1-д заасан зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, Зээлийн гэрээний 2.4 дүгээр зүйл, Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасаэ зөрчлийг гаргасан бөгөөд энэ тухай Г-наас зээлдэгчид мэдэгдэл хүргүүлж байсан бөгөөд   2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл Их-Мориг ХХК нь өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 353,699,280.10 төгрөг зээлийн хүү 31,059,269.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,563,959,23 төгрөг нийт 386,322.508.92 төгрөгийн зээл төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд дараахь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үүнд:

1.Зээлийн гэрээ болон иргэний хуульд заасны дагуу “Их мориг” ХХК болон Г- нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ4305101032 тоот Зээлийн гэрээг шүүхээр цуцлуулах хүсэлтэй байна.

2. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн 372,469,547.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 13,852,961.77 төгрөгөөр нэмэгдүүлэн 386,322,508.9 төгрөг болгож, иргэн Д.Бадрахмаа “Зээлийн батлан даалтын сан” нарыг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

3. Иргэний хуулийн 460 дугаар зүйл БДГ4305101032 тоот батлан даалтын гэрээг үндэслэн Зээлийн батлан даалтын сангаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

4. Иргэний хуулийн 158.1 174.1 дэх хэсэгт зааснаар мөн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41.1, 41.2  дахь хэсэгт зааснаар болон талуудын хооронд байгуулагдсан Ипотекийн гэрээг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн 000326172 тоот гэрчилгээтэй, Ү-2005000713 дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг хаягт байршилтай 862.75 м2 талбайтай “Их мориг” ХХК өмчлөлийн Тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн 000301305 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 80310316 дугаартай Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг Бэрх уулын ард байрлалтай  5 га “Их мориг” ХХК өмчөлийн газар, Улсын бүртгэлийн 000402106 тоот гэрчилгээтэй Ү-2005000737 дугаартай, Дархан-Уул аймаг , Хонгор сум 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлалтай 1000.0 м2 талбайтай Б.Бадрахмаагийн өмчлөлийн газраас “Их мориг” ХХК болон Д. Бадрахмаа нарын өмчлөлийн дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгүүдээс зээлийн төлбөрийг гаргууlж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбат, Б.Эрдэнэбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г- Дархан салбараас И-ХХК-д холбогдуулсан 103,2 тоот зээлийн гэрээний дагуу 372.469.547 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа 2017.09.08-ны өдөр нэмэгдүүлсэн. И-ХХК болон Г- нь 2014.10.24-ний өдөр гэрээ байгуулж 400.000.0000 төгрөгийг 8%-ийн хүүтэй 35 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд 862 м2 талбайтай тахианы аж ахуйн газрыг, Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р баг Бэрх уулийн ар талд байрлах 5га газрыг, Дархан-Уул аймаг, Дархан сум, Бэрх уулийн ард байрлах 100 м2 талбайтай Бадрахмаагийн өмчлөлийн газрыг ипотекийн гэрээний дагуу барьцаалсан. Мөн батлан даалтын гэрээгээр 1032 тоот зээлийн гэрээнд зээлийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сан батлан даасан. Гэтэл зээлийн зээлдэгч И-ХХК зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөриж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг зөрчсөн. Г- зүгээс зээлдэгчийг зээлээ төл гэж удаа дараа мэдэгдэж, зээлийг буцаан дуудаж мэдэгдэл хүргүүлсэн. И-ХХК зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү 353.699.281 төгрөг, зээлийн хүү 31.059.269 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.560.953 төгрөг буюу нийт 386.352.508 төгрөгийг төлөлттэй байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйл, зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу гэрээг цуцалж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг И-хүү гаргуулж, Иргэний хуулийн 460 дугаар зүйлд зааснаар Зээлийн батлан даалтын сангаас тогтоосон хувь хэмжээгээр нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү, заалт гэрээг үндэслэн барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Бадрахмаа, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 720.000.000 төгрөгөөр зээл батлагдсан. Гэтэл Г-наас уг зээлийг 400.000.000 төгрөг болгон гаргаж өгсөн. Манай байгууллага 720.000.000 төгрөгт тааруулан төсөвөө тодорхойлсон байсан. Г- уг зээлийг олгохдоо нэг дор бүтнээр нь бус хэсэгчилэн дансаар өгсөн. Би өөрөө зээлээ захиран зарцуулаагүй. Г- зарцуулсан. Зээлийг хэсэгчлэн өгөх хугацаанд би хүнээс зээл зээлсэн байсан тул надад санхүүгийн асуудлууд бий болсон. Г- зээлээ хугацаандаа өгсөн бол би өөрийн төлөвлөсөн ажлуудаа хийх боломжтой байсан. 2017.12.05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусах ёстой. Г-наас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах санал гаргаж байгаад гомдолтой байна. Би зээлийн гэрээгээ дуустал зээлийн гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Дашямын Бадрахмаа гэж бичсэн. Би бол Дашнямын Бадрахмаа биш. Нэхэмжлэгч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ийм хариуцлагагүй хандаж болохгүй. Хариуцлагатай хандах хэрэгтэй гэв.

 

Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль 2012 онд батлагдсан. Зээлийн батлан даалтын сан нь  жижиг дунд бизнесийг  дэмжиж батлан даалт гаргадаг. Зээлийн батлан даалтын сан 2014.10.24-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээнд 11 дүгээр сарын 20 өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Г- нь И-ХХК-аас 386.322.582 төгрөгийг нэхэмжилж байна.  Мөн батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Г-тай байгуулсан гэрээн дээр ямар ямар байдал үүссэн тохиолдолд батлан даалтын сан зээлийг төлөх талаар заасан. Жишаа аь Гэрээний 1.4, 3.2.3 дэх хэсгүүд юм. Батлан даалтын сан нь үндсэн зээлийн үлдэгдлээс ямар хувь хэмжээг төлөх талаар урьдчилсан нөхцөлийг дурдсан. Хариуцагчаар эхлээд санг татаагүй байдлаас харахад Зээлийн батлан даалтын санг хариуцагчаар татаагүй байсан  ч И-ХХК-г хариуцагчаар татаж зээлийг төлүүлэх боломж байсан нь харагдаж байна. Харин И-ХХК зээлээ төлөх боломжгүй болсон талаар Зээлийн батлан даалтын санд мэдэгдэл өгсөн бол зээлийг төлөх боломжтой байсан. Батлан даалтын сангийн хэмжээ төлөх зээлийн төлбөр тогтоогдоогүй. Учир нь үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдсэн дүнгээс Зээлийг батлан даалтын сан хариуцна.  Барьцааны гзрээнд заасан дүнгээр зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг тооцоход 471.400.000 төгрөг болж байна. Г- нэхэмжилж буй мөнгөн дүн нь зээлийн барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс бага байна. Зээлийн барьцаанд тавигдсан эд хөрөнгийг худалдан борлуулаад зээлийн батлан даалтын сангийн төлөх ёстой дүнг харах боломжгүй байна.  И-ХХК-аас 386.322.582 нэхэмжлээд үүргийн гүйцэтгэлийг барьцаа  хөрөнгө хангах боломжгүй бол Зээлийн батлан даалтын сан хариуцлага хүлээлгэнэ гэж нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн шаардлага дээр Иргэний хуулийн 460 дугаар зүйлийг батлан даалтын гэрээнд дурдсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г- Дархан салбар нь хариуцагч И-ХХК-д холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 372469547,15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 353 699 280,10 төгрөг, зээлийн хүү 31 059 269,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 563 959,23 төгрөг нийт 386 322 508,92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн шаардлага, хамтран хариуцагчаар Б.Бадрахмаа, Зээлийн батлан даалтын санг татан оролцуулсан байна.

 

Хариуцагч И-ХХК-ийн захирал Б-нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч И-ХХК нь зээлийн гэрээний төлбөрт 98 340 221 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Г- Дархан салбар, хариуцагч И-ХХК, Д.Мягмарсүрэн нар нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ4305101032 дугаартай зээлийн гэрээ байгуулан 400 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай, Өвлийн хүлэмж барих зориулалтаар зээлийн гэрээ байгуулж, зээлийг И-ХХК-ны дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, И-ХХК-ны зээлийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 6-19 дүгээр хуудас/,

 

Дээрхи зээлийн гэрээний дагуу 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БГ4305101032 дугаартай барьцааны гэрээ байгуулан, Улсын бүртгэлийн 000326172 тоот гэрчилгээтэй, Ү-2005000713 дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг хаягт байршилтай 862.75 м2 талбайтай “Их мориг” ХХК өмчлөлийн Тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн 000301305 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 80310316 дугаартай Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг Бэрх уулын ард байрлалтай  5 га “Их мориг” ХХК өмчөлийн газар барьцаалжээ.

 

Талууд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Барьцааны гэрээ байгуулан Б.Бадрахмаагийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 000402106 тоот гэрчилгээтэй Ү-2005000737 дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлалтай 1000.0 м2 талбайтай газрыг барьцаалсан байна.

 

Нэхэмжлэгч Г-, Г- Дархан салбар нь хариуцагч И-ХХК-ны захирал Б.Бадрахмаад зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж 2016 оны 12 дугаар сарын 20, 2016 оны 9 дүгээр сарын 29, 2016 оны 3 дугаар сарын 10, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 29-32 дугаар хуудас/

 

Мөн Г- ХХК нь Зээлийн батлан даалтын сан, И-ХХК нар нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр №БГД4305101032 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулсан, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БГД4305101032/А дугаартай, Батлан даалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгүүлэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар нэхэмжлэгч нь И-ХХК-иас шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж зааснаар хариуцагчид үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэл хүргүүлж сануулж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах шаардлах гаргах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч И-ХХК-аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү  386 322 508,92 төгрөг гаргуулах төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Б-нь зээлийн гэрээний мөнгөн төлбөр төлөх үндсэн үүргийг гэрээгээр хүлээгээгүй тул нэхэмжлэгч Г- Дархан салбар нь мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй байна.

 

Нэхэмжлэгч Г- Дархан салбар нь Б.Бадрахмаатай байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд мараагүй тул хариуцагч И-ХХК нь үндсэн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Б.Бадрахмаагийн барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г- Дархан салбар нь шүүх хуралдаанд хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг Батлан даалтын гэрээний 1.4-д зааснаар батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 59,4 хувиар төлбөр гаргуулна гэж тодруулж байгаа болно.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ”, 460.4-д “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь гэрээнд зааснаар хариуцлага хүлээх боловч нэхэмжлэлийн шаардлагад ямар хэмжээгээр хариуцлага хүлээх төлбөрийн дүн тодорхойгүй буюу  нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г- Дархан салбар нь ЗГ4305101032 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дээр дурьдсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байх бөгөөд Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч И-ХХК нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч нь Г- Дархан салбартай зээлийн гэрээ байгуулсан байхад Г- итгэмжлэлээр орж байгаа мөн Дархан салбарын захирал Д.Золжаргалд Г-ыг төлөөлөх эрх олгогдоогүй байхад гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байгаа бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үндэслэлээр хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч тухайн шатны шүүхэд гомдол гаргасныг шүүхийн тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г- Дархан салбар, хариуцагч И-ХХК-ны хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч И-ХХК-аас 386 322 508,92 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г- Дархан салбарт олгож, хариуцагч Б.Бадрахмаа, Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Улсын бүртгэлийн 000326172 тоот гэрчилгээтэй Ү-2005000713 дугаартай, Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг хаягт байршилтай 862,75 м2 талбайтай “Их мориг” ХХК өмчлөлийн Тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн 000301305 тоот гэрчилгээний дугаартай, Нэгж  талбарын 80310316 дугаартай Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлалтай 5 га “Их мориг” ХХК өмчлөлийн газрыг БГ4305101032 тоот ипотекийн гэрээгээр “Их мориг” ХХК, Улсын бүртгэлийн 000402106 тоот гэрчилгээтэй,Ү-2005000737 дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлалтай 1000.0 м2  талбайтай Б.Бадрахмаагийн өмчлөлийн газрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 089 562 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И-ХХК-аас 2 089 562 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУЯА