Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүнжидмаагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2017/00343/и |
Дугаар | 169 |
Огноо | 2017-11-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 169
******* банкны Дархан салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2017/00343/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК,
Хамтран хариуцагч Зээлийн батлан даалтын сан,
Хамтран хариуцагч Б.Б- нарт холбогдох
Зээлийг гэрээний үүрэг 386.322.508 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн
2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбараас:
“*******” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ЗГ4305101032 тоот зээлийн гэрээ, БГ4305101032, БГ43051010302/В тоот ипотекийн гэрээ, БДГ4305101032, ДГ4305101032/А тоот батлан даалтын гэрээг байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр ******* банк нь “*******” ХХК-д 400.000.000 төгрөгийг /ҮХААЯам-Хүлэмжийн аж ахуйн зээлийг/ жилийн 8 хувийн хүүтэй, 37 сарын хугацаагаар зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээний 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар зээлдэгч буюу “*******” ХХК нь зээлийн гэрээний Хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй. Зээлдэгч 2016 оны 08 дугаар сарын 5-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт дутуу төлж байсан бөгөөд зээлдэгчтэй холбогдоход хугацаа заан хойшлуулсаар байна. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгч “Ихмориг” ХХК нь зээлийн үндсэн төлбөр 353.699.280 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 18.523.337 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 246.929 төгрөгийг төлөөгүй тул нийт 372.469.547 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “*******” ХХК-ийн захирал Б.Б-гаас:
Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээний 2.1.3-д зээлийн хугацааг 37 сараар тохиролцсон бөгөөд эцсийн хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусах ёстой. Энэ хугацаа болоогүй болохоор гэрээний хугацаа дуусах хүртэл үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дээрх гэрээгээр 400.000.000 төгрөгийг 37 сарын хугацаагаар олгох үүргийг банк хүлээсэн атлаа энэ үүргээ биелүүлэхгүйгээр зээлийг таслан өгч бидний төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн нь эцэстээ зээлийг эргүүлэн төлөх үүрэг тодорхой хугацаагаар хойшлоход нөлөөлсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүргийн гүйцэтгэл зөрчигдсөн тохиолдолд талууд хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой зохицуулалтыг зээлийн гэрээгээр тохиролцсон боловч үүнийг хэрэгсэхгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжийг хааж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажаваас:
Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль 2012 онд батлагдсан. Зээлийн батлан даалтын сан нь жижиг дунд бизнесийг дэмжиж батлан даалт гаргадаг. Зээлийн батлан даалтын сан 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээнд 11 дүгээр сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. ******* банк нь “*******” ХХК-аас 386.322.582 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн батлан даалтын гэрээний 1.4, 3.2.3 дэх хэсгүүд дээр ямар нөхцөл байдал үүссэн тохиолдолд батлан даалтын сан зээлийг төлөх талаар заасан. Батлан даалтын сан нь үндсэн зээлийн үлдэгдлээс ямар хувь хэмжээг төлөх талаар урьдчилсан нөхцөлийг дурдсан. Хариуцагчаар эхлээд санг татаагүй байдлаас харахад Зээлийн батлан даалтын санг хариуцагчаар татаагүй байсан ч “*******” ХХК-ийг хариуцагчаар татаж зээлийг төлүүлэх боломж байсан нь харагдаж байна. Харин “*******” ХХК зээлээ төлөх боломжгүй болсон талаар Зээлийн батлан даалтын санд мэдэгдэл өгсөн бол зээлийг төлөх боломжтой байсан. Батлан даалтын сангийн хэмжээ төлөх зээлийн төлбөр тогтоогдоогүй. Учир нь үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдсэн дүнгээс зээлийг батлан даалтын сан хариуцна. Барьцааны гзрээнд заасан дүнгээр зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг тооцоход 471.400.000 төгрөг болж байна. ******* банкны нэхэмжилж буй мөнгөн дүн нь зээлийн барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс бага байна. Зээлийн барьцаанд тавигдсан эд хөрөнгийг худалдан борлуулаад зээлийн батлан даалтын сангийн төлөх ёстой дүнг харах боломжгүй байна. “*******” ХХК-аас 386.322.582 төгрөг нэхэмжлээд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах боломжгүй бол зээлийн батлан даалтын сан хариуцлага хүлээнэ гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар, хариуцагч “*******” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “*******” ХХК-иас 386.322.508 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарт олгож, хариуцагч Б.Б-, Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Улсын бүртгэлийн 000326172 тоот гэрчилгээтэй Ү-2005000713 дугаартай, Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг хаягт байршилтай 862,75 м2 талбайтай “*******” ХХК өмчлөлийн тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн 000301305 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 80310316 дугаартай Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлалтай 5 га “*******” ХХК-ийн өмчлөлийн газрыг БГ4305101032 тоот ипотекийн гэрээгээр “*******” ХХК, Улсын бүртгэлийн 000402106 тоот гэрчилгээтэй,Ү-2005000737 дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлалтай 1000.0 м2 талбайтай Б.Б-гийн өмчлөлийн газрыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.089.562 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 2.089.562 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа давж заалдсан гомдолдоо:
Зээлийн гэрээг “Улаанбаатар-210620, Сүхбаатарын талбай 3” гэсэн хаягтай ******* банк байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ ******* банкны Дархан салбарыг нэхэмжлэгч гэж тодорхойлсон. Миний бие хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгчийн хувьд зээлийн гэрээний зээлдүүлэгч тал нь ******* банкны Дархан салбар биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хэн байж болох, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний зээлдүүлэгч тал хэн байгаа эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Хэрэв ******* банкны Дархан салбар нэхэмжлэгч мөн юм бол түүнд нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримт буюу зээлийн гэрээ байх ёстой. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. ******* банкны Дархан салбарт итгэмжлэл олгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 372.469.547,15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэлийнхээ шаардлагыг 13.852.961,77 төгрөгөөр нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 353.699.280,10 төгрөг, зээлийн хүү 31.059.269,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.563.959,23 нийт 386.322.508,92 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн шаардлага гаргасан ба хамтран хариуцагчаар Б.Б-, Зээлийн батлан даалтын санг тус тус татан оролцуулжээ.
Хариуцагч “*******” ХХК-ийн захирал Б.Б- нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч “*******” ХХК-аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 386 322 508,92 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зээлдүүлэгч нь ******* банк, зээлдэгчээр “*******” ХХК оролцож, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасны дагуу бичгээр гэрээ байгуулж, зээлдэгч нь банкнаас 400.000.000 төгрөгийг 37 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, өвлийн хүлэмж барих зориулалтаар зээлж, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа гэрээний талуудад үүсчээ. /хх-ийн 8-11дүгээр тал/
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар...үүсэх юм.
Мөн өдөр байгуулсан Баталгаат ипотекийн гэрээ ******* банк, “*******” ХХК-ийн хооронд байгуулагдаж, улсын бүртгэлийн 000326172 тоот гэрчилгээтэй, Ү-2005000713 дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг хаягт байршилтай 862.75 м2 талбайтай “*******” ХХК-ийн өмчлөлийн тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Улсын бүртгэлийн 000301305 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 80310316 дугаартай Дархан-Уул аймаг Хонгор сум, 1 дүгээр баг Бэрх уулын ард байрлалтай 5 га “*******” ХХК-ийн өмчлөлийн газрыг тус тус барьцаалжээ. /хх-ийн 11-13 дугаар тал/
Мөн талууд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулж Б.Б-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 000402106 тоот гэрчилгээтэй Ү-2005000737 дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум 1 дүгээр баг, Бэрх уулын ард байрлалтай 1000.0 м2 талбайтай газрыг барьцаалсан байна. /хх-ийн 14-16 дугаар тал/
******* банк, Зээлийн батлан даалтын сан, “*******” ХХК-ийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр №БГД4305101032 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулсан, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БГД4305101032/А дугаартай, Батлан даалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн16-19 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.2, 156.3, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсгийн заалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул үүрэг гүйцэтгүүлэгч ******* банк үүрэг гүйцэтгэгч “Их мориг” ХХК-иас зээл болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасны дагуу банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “*******” ХХК-ийн захирал Б.Б-д хүлээлгэн өгсөн, “*******” ХХК-ийн захирал Б.Б- нь зээлийн гэрээний төлбөрт 98.340.221 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, зээл төлсөн баримтаар нотлогдсон ба зохигчид энэ тухайд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ХХК-ийн захирал Б.Б-д зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж 2016 оны 12 дугаар сарын 20, 2016 оны 9 дүгээр сарын 29, 2016 оны 3 дугаар сарын 10, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд мэдэгдэл хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 29-32 дугаар хуудас/
Энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж зааснаар хариуцагчид үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэл хүргүүлж сануулж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байна.
Шүүх хариуцагч “*******” ХХК гүйцэтгэх үүргийн хэмжээ болон хариуцагчийг 2016 оны 08 сарын 05-аас хойш зээлийн эргэн төлөлт дутуу төлөгдөж гэрээний үүргээ удаа дараа зөрчсөнөөс зээлдүүлэгч банк гэрээг цуцлахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Дээрх гэрээнүүдэд хариуцагч иргэн Б.Б- зээлийн гэрээний нэг тал болж оролцоогүй байна. /хх-ийн 8-19 дүгээр тал/ Иймд Б.Б-г зээлийн гэрээний нэг тал гэж үзэхгүй.
Хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээх боловч нэхэмжлэлийн шаардлагад ямар хэмжээгээр хариуцлага хүлээх төлбөрийн дүн тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр хариуцагч Зээлийн батлан даалтын санд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан ... Миний бие хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгчийн хувьд зээлийн гэрээний зээлдүүлэгч тал нь ******* банкны Дархан салбар биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар мэтгэлцсэн боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хэн байж болох, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний зээлдүүлэгч тал хэн байгаа эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан... тухай гомдлыг хүлээн авах боломжгүй болно.
******* банкны Дархан салбар хариуцагч талтай гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
******* банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Эрх олгох тухай 123 дугаар тушаалаар зээл хариуцсан дэд захирал Т.*******д, ******* банкны зээл хариуцсан дэд захирал Т.******* нь 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* банкны Дархан салбарын захиралд, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ******* банкны Дархан салбарын захирал Д.******* нь тус салбарын харилцааны менежер Б.*******, харилцааны ахлах менежер Б.******* нарт, ******* банкны гүйцэтгэх захирлын орлогч 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.******* тус тус итгэмжлэл олгосон нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүх зохигчдын дунд зээлийн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.089.562 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.089.562 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
С.ОЮУНЦЭЦЭГ