Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00433

 

М.Е-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэртэй, 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2017/00138 дугаар магадлалтай,

М.Е-гийн нэхэмжлэлтэй,

БӨА Х Д Т-т холбогдох,

Ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Асылбекийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Я.Съезд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч М.Е-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие тус байгууллагад 22 жил ажиллаж байна. 1989 онд УБДС-ийн /хуучин нэрээр/ кино драмын ангийг жүжигчин найруулагч мэргэжлээр төгсөж, мөн оноос жүжигчнээр, 1995 оноос найруулагчаар, 2013 оноос театрын даргын үүрэгт ажлыг нэр төртэйгөөр хашиж ирлээ. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2016 онд төр засаг солигдож, намын харьяалал нэрийдлээр даргын үүрэгт ажлаа аргагүйн эрхэнд хүлээлгэн өгч, театрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар мэргэжлээрээ ерөнхий найруулагчаар ажиллаж эхэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа ирэхэд театрын даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, туслах найруулагчаар ажиллуулах тушаал гаргасныг мэдэгдэж тушаалыг өгсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь улс төржсөн, хувийн өс хонзон санасан, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Иймд үндэслэлгүй албан тушаалаас бууруулсан гэж үзэж байгаа тул БӨА Х Д Т-ын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: М.Е-г тус театрын даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэх тухай Б/31 дугаартай тушаалын хувьд ажил олгогчоос улс төржсөн, хувийн өс хонзон санасан асуудал байхгүй. Ажилтан М.Е- нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцсэн учраас байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын 9 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.8 дугаар заалт, тус байгууллагын захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн М.Е-г ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж туслах найруулагчаар ажиллуулахаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ажилтан М.Е- нь алба нэгжийн удирдлагын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд явуулж чадаагүй байна гэсэн үндэслэл нь түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь тус театрын даргаар Б.Асылбек намайг томилогдсон цагаас эхлэн хуучин театрын даргаар ажиллаж байсны хувьд хэсэг ажилчидтай хамтран миний албаны ажлыг байнга эсэргүүцэж, хэл амаар доромжлох, байгууллагаас зохион байгуулж буй ажлын эсрэг санаатайгаар саад учруулах зэргээр ажиллаж ирсэн. М.Е-н дээрх гаргасан үйлдэл нь түүнтэй цаашид хамтран ажиллах боломжгүй байдалд хүргэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД: ЦГ65092135 Ботахара нура овогт Монголханы Ертайг БӨА Х Д Т-ын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Е- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч БӨА Х Д Т-ын санхүүгээс 70.200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2017/00138 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Асылбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.Е- нь хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчин байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлсэн учраас тус хөдөлмөрийн дотоод журмын 3.8.9 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.8 дугаар заалт, захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн М.Е-г ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, туслах найруулагчаар ажилуулахаар апбан тушаап бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтан М.Е- нь алба нэгжийн удирдпагын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд явуулж чадаагүй байгаа, 2017 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэх ажлуудыг хийгээгүй байсан зэрэг нөхцөл байдал нь түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон.

Нэхэмжлэгч М.Е-д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болохыг анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Р.Өсерхан, Б.Муратбек М.Естай, М.Ербол нарын мэдүүлэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчоос ажилтан М.Е-тай 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын 2017 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, тус театрын 2017 оны 1, 2-р улирал ба хагас жилд хийж гүйцэтгэсэн төлөвлөгөөтэй шинэ уран бүтээлийн болон олон нийтийн ажлын тайлан, байгууллагын дэргэдэх захиргааны зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч БӨА Х Д Т-ын төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг хянана.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч М.Е-г БӨА Х Д Т-ын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ерөнхий найруулагчаар ажиллаж байсан М.Е-г ажил олгогч өөр ажилд буюу туслах найруулагчийн ажилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажилтны гаргасан зөрчилд ногдуулах сахилгын шийтгэлийн хэлбэрийг заахдаа “тушаал бууруулах” шийтгэлийн талаар зохицуулаагүй тул эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлснийг ажлаас халсантай адил гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч санаачилгаараа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заасан бөгөөд ажил олгогч 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 24.1-д байгууллагын дотоод журмын 3.8-ын 9 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 6.2.6, 6.2.8, Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн М.Е-г өөр ажилд шилжүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа, байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй, эсэргүүцсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцласан гэжээ.

Тушаалд дурдсан хөдөлмөрийн гэрээний 6.2.6, 6.2.8 дахь заалтуудад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл буюу зөрчлийн талаар заасан боловч нэхэмжлэгч М.Е- байгууллагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхгүй, эсэргүүцсэн зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасан нь тогтоогдоогүй буюу ажил олгогч ажлаас халсан үндэслэлээ нотлоогүй гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй байна.

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2017/00138 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ