Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2017/00138

 

    М.Е-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 5 дугаар оршин суух М.Е-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч М.Е, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт  драмын театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие урлагийн мэргэжлийн гэр бүлд төрж, театрын хөшигний ард өсөн бойжиж, урлагийн мэргэжил эзэмшин 22 жил тус байгууллагад ажиллаж байна. Миний аав найруулагч, Монгол Улсын ардын жүжигчин, ээж оёдолчин, 2 ах минь хөгжимчин, бүжигчнээр ажилласан. 1989 онд УБДС-ийн /хуучин нэрээр/ кино драмын ангийг жүжигчин найруулагч мэргэжлээр төгсөж, тус оноос жүжигчнээр, 1995 оноос найруулагчаар, 2013 оноос театрын даргын үүрэгт ажлыг нэр төртэйгөөр хашиж ирлээ. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2016 онд төр засаг солигдож, намын харьяалал нэрийдлээр даргын үүрэгт ажлаа аргагүйн эрхэнд хүлээлгэн өгч, театрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар мэргэжлээрээ ерөнхий найруулагчаар ажиллаж эхэлсэн. 

2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө намайг ажилдаа ирэхэд театрын даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар театрын ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, туслах найруулагчаар ажиллуулах тушаал гаргасныг мэдэгдэж тушаалыг өгсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь улс төржсөн, хувийн өс хонзон санасан, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймд намайг үндэслэлгүй албан тушаалаас бууруулсан гэж үзэж байгаа тул Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ. 

 

  Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч М.Е-н нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнд:

1. Нэхэмжлэгч М.Е-г тус театрын даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэх тухай” Б/31 дугаартай тушаалын хувьд ажил олгогчоос улс төржсөн, хувийн өс хонзон санасан асуудал байхгүй. Ажилтан М.Е нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцсэн учраас байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын 9 дэх хэсэг, ажилтан М.Е-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.8 дугаар заалт, тус байгууллагын захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн М.Е- ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж туслах найруулагчаар ажиллуулахаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Одоо М.Е нь тус театрын туслах найруулагчийн ажлыг хийж байна. Ажилтан М.Е нь алба нэгжийн удирдлагын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд явуулж чадаагүй байна гэсэн үндэслэл нь түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж үзэж байна. 

 

2. Нэхэмжлэгч М.Е нь тус театрын даргаар Б.А намайг томилогдсон цагаас эхлэн хуучин театрын даргаар ажиллаж байсны хувьд хэсэг ажилчидтай хамтран миний албаны ажлыг байнга эсэргүүцэж, хэл амаар доромжлох, байгууллагаас зохион байгуулж буй ажлын эсрэг санаатайгаар саад учруулах зэргээр ажиллаж ирсэн нууц биш юм. Хамгийн сүүлд М.Е нь “Тантай би хамтарч ажиллаж чадахгүй” гэж хэлж байсан нь утасны бичлэгт байгаа. Ажилтан М.Е-н дээрх гаргасан үйлдэл нь түүнтэй цаашид хамтран ажиллах боломжгүй байдалд хүргэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч М.Е-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан М.Е-г Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Анхан шатны шүүх М.Е-гийн нэхэмжлэлтэй М.Хурманханы нэрэмжит Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын захиргаанд холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

1. Тус театрын даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэх тухай” Б\31 дүгээр тушаалын хувьд ажилтан М.Е нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчин байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцэл үзүүлсэн учраас тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын 9 дэх хэсэг, ажилтан М.Е-тай ажил олгогчоос байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.8 дугаар заалт, тус байгууллагын дэргэдэх захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн М.Е-г ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, туслах найруулагчаар ажиллуулахаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ажилтан М.Е нь алба нэгжийн удирдлагын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд явуулж чадаагүй байгаа 2017 оны эхний хагас жилд хийж гүйцэтгэх ажлуудыг хийгээгүй байсан зэрэг нөхцөл байдал нь түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж үзэж байна.

 

2. М.Е нь тус театрын даргаар Б.А би томилогдсон цагаас эхлэн урьд театрын даргаар ажиллаж байсан албан тушаалтны хувьд намайг хэл амаар доромжлох, театрын хэсэг ажилчидтай хамт байгууллагаас зохион байгуулж буй албан ажлын эсрэг санаатайгаар саад учруулах зэргээр ажиллаж ирсэн. Хамгийн сүүлд М.Е нь “Тантай би хамтарч ажиллаж чадахгүй” гэж хэлж байсан нь утасны бичлэгт байгаа. Ажилтан М.Е-гийн дээрх гаргасан үйлдэл нь түүнтэй цаашид хамтран ажиллах боломжгүй байдалд хүргэсэн гэж үзэж байна. 

 

3. Нэхэмжлэгч М.Е-д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болохыг анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Р.Ө, Б.М, М.Ес, М.Ер нарын мэдүүлэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажил олгогчоос ажилтан М.Етай 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын 2017 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, тус театрын 2017 оны 1, 2 дугаар улирал ба хагас жилд хийж гүйцэтгэсэн төлөвлөгөөтэй шинэ уран бүтээлийн болон олон нийтийн ажлын тайлан, байгууллагын дэргэдэх захиргааны зөвлөлийн 2017оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Давж заалдах гомдлын үндэслэлийг давж заалдах шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлах болно. 

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 560 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч М.Егийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. 

 

М.Е нь Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт холбогдуулан тус театрын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, тус аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар М.Е-г мөн оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус театрын ерөнхий найруулагчаар томилж, 2017 оны 3 дугаар сарын сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба тус театрын даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, байгууллагын дотоод журмын 3.8-ын 9, хөдөлмөрийн гэрээний 6.2.6, 6.2.8, Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажилтан М.Е-г тус театрын ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, түүнийг туслах найруулагчийн ажилд томилсон байна. 

 

Харин ажилтан М.Е нь дээрх тушаалыг эс зөвшөөрч 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т нийцжээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ямар нэгэн зөрчил гаргаагүй” гэж, харин ажил олгогч “байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцсэн” гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ.  

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, ажил олгогч нь ажилтан М.Е-г хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэх боловч ажилтан  хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, зөрчлийг шалгаж тогтоосон баримт материалгүй бөгөөд энэ талаар хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй буюу ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байх тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар М.Е-г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ.  

 

Иймээс дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ 

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК