Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2017/00560

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Е-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн байгууллага /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А, /-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Е, хариуцагч Төрийн байгууллагаын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч С, гэрч Ө, М, Е нарийн бичгийн дарга Т.Айбек оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн байгууллагаын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ. 

Нэхэмжлэгч М.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие урлагийн мэргэжлийн гэр бүлд төрж, театрын хөшигний ард өсөн бойжиж, урлагийн мэргэжил эзэмшин 22 жил тус байгууллагад ажиллаж байна. Аав найруулагч МУАЖ, ээж оёдолчин, 2 ах минь хөгжимчин, бүжигчнээр ажилласан юм. 1989 онд УБДС-ийн /хуучин нэрээр/ кино драмын ангийг жүжигчин найруулагч мэргэжлээр төгсөж, тус оноос жүжигчнээр, 1995 оноос найруулагчаар, 2013 оноос театрын даргын үүрэгт ажлыг нэр төртэйгөөр хашиж ирлээ. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. 2016 онд төр засаг солигдож, намын харьяалал нэрийдлээр даргын үүрэгт ажлаа аргагүйн эрхэнд хүлээлгэн өгч, театрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар мэргэжлээрээ ерөнхий найруулагчаар ажиллаж эхэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өглөө намайг ажилдаа ирэхэд театрын даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дугаартай тушаалаар театрын ерөнхий найруулагчийн ажлаас чөлөөлж, туслах найруулагчаар ажиллуулах тушаал гаргасныг мэдэгдэж тушаалыг өгсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл нь улс төржсөн, хувийн өс хонзон санасан, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймд намайг үндэслэлгүй албан тушаалаас бууруулсан гэж үзэж байгаа тул Төрийн байгууллагөын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Е шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өглөө Тилеген гэдэг ахмад уран бүтээлчийг эргэн дуурсах тоглолтыг хийх ёстой байсан.  Тэр тоглолтыг ямар нэгэн байдлаар аймгийн захиргаанаас сонгуулийн сурталчилгааны ажлын дагуу үйл ажиллагааг нь зогсоохоор болсон. Манай хамт олон бэлдсэн уран бүтээлээ сонирхуулахын тулд маш их хүч хөдөлмөр зарцуулсан байсан учраас аймгийн сонгуулийн хорооноос хойшлуулах санал ирсэн. Тэр өдөр би өөрийн хүсэл бодлоо хэлсэн. Өөрөөр хэлбэл аймгийн шинэ удирдлага томилогдсоноос хойш театр улс төрийн талбар боллоо гэдгийг хэлсэн. Яагаад гэвэл би 2016 оны 6 дугаар сарын сүүлээр намын харьяаллаас болж ажлаа өгсөн. Тухайн үед аймгийн удирдлагууд надад уран бүтээлийн ажил хийх боломж өгөөгүй. Надаас ямар ч санал, хүсэлт авалгүйгээр 16-ны өдөр өглөө ажилд ирэхэд өдрөөс миний тушаалыг минь гардуулж өгсөн. Ямар ч хурал, зөвлөл хийгээгүй. Манайд уран сайхны зөвлөл, захиргааны зөвлөл гээд хоёр зөвлөл байдаг. Энэ хоёр зөвлөлийн хурлаар тухайн театрын уран бүтээлчдийг оролцуулж байж тухайн хүний асуудлыг шийдэх ёстой. Энэ бол театр байгуулагдсанаас хойш 60 жил үргэлжилж байгаа үйл явдал байгаа. Энэ үйл явдлыг зөрчөөд ямар ч хэлэлцээгүйгээр улс төржөөд хувийн өш хонзон санасны үндсэн дээр хурлаа хийгээд, хурлаа хийхдээ үдийн цайгаар хаалгаа дотроос нь түгжиж аваад намайг оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан учраас би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрвээ би алдаа гаргасан бол уран сайхны зөвлөл бүх асуудлыг хэлэлцэж байх ёстой. Хэрвээ уран сайхны зөвлөлөөр шийдэхгүй юм аа гэхэд захиргааны зөвлөлөөр намайг байлцуулж байгаад шийдэх ёстой гэдгийг би урьд нь театрын дарга хийж байсан учраас мэдэж байсан хүний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би ямар нэгэн хэрэг зөрчил гаргаагүй. Үнэн үг хэлснийхээ төлөө хэлмэгдэж байгаа учраас намайг ерөнхий найруулагчийн ажилд буцаад эгүүлэн томилж өгөхийг театрын даргаас шаардаж байна. Хэрвээ миний шаардлагыг биелүүлээд цаашид үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа бол өөрийн мэргэжлийн дагуу театрын үйл ажиллагаанд оролцоод цаашид уран бүтээлээ хийх болно гэв.

Хариуцагч Төрийн байгууллага-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Ен нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

1.Нэхэмжлэгч М.Ег тус театрын даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэх тухай” Б/31 дугаартай тушаалын хувьд ажил олгогчоос улс төржсөн, хувийн өс хонзон санасан асуудал байгаагүй юм. Ажилтан М.Е нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцсэн учраас байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8-ын 9 дэх хэсэг, ажилтан М.Етай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.8 дугаар заалт, тус байгууллагын захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн М.Ег ерөнхий найруулагчийн үүрэгт ажлаас чөлөөлж туслах найруулагчаар ажиллуулахаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Одоо М.Е нь тус театрын туслах найруулагчийн ажлыг хийж байна. Ажилтан М.Е нь алба нэгжийн удирдлагын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдсон, нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд явуулж чадаагүй байна гэсэн үндэслэл нь түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж үзэж байна.

2.Нэхэмжлэгч М.Е нь тус театрын даргаар Б.А томилогдсон цагаас эхлэн хуучин театрын даргаар ажиллаж байсны хувьд хэсэг ажилчидтай хамтран миний албаны ажилд байнга эсэргүүцэж, хэл амаар доромжлох, байгууллагаас зохион байгуулж буй ажлын эсрэг санаатайгаар саад учруулах зэргээр ажиллаж ирсэн нууц биш юм. Хамгийн сүүлд М.Е нь “Тантай би хамтарч ажиллаж чадахгүй” гэж хэлж байсан нь утасны бичлэгт байгаа юм. Ажилтан М.Ен дээрх гаргасан үйлдэл нь түүнтэй цаашид хамтран ажиллах боломжгүй байдалд хүргэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч М.Ен нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн байгууллага-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч М.Егийн Б/31 гэсэн тушаалын хувьд ажил олгогчийн зүгээс улс төржсөн, хувийн өш хонзон санасан зүйл байхгүй. Ер нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, хууль журмын дагуу шийдсэн байгаа. Нэхэмжлэгч бол аль нэг хурлаар орох ёстой гэж байна. Захиргааны зөвлөлийн хурал болсон.  Хурлын протоколыг нотлох баримтаар гаргаж өгсөн. 11:45 минутад хурал дууссан байдаг. Энэ хүнд утастахад утсаа аваагүй гэдэг нь хурлын протоколд тэмдэглэгдсэн байдаг. Энэ хүн ажлын цагаар байгаагүй. Одоо туслах найруулагчийн ажлыг хийж байгаа. Би ажлаас чөлөөлж халсан зүйл байхгүй. Тушаалыг бууруулж туслах найруулагч болгосон. Ер нь М.Е нь ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар нь дутмаг, байнга үйл ажиллагааг хойш нь татдаг байсан нь гэрчийн ярих зүйлээр нотлогдох байх. Сая би найруулагч, жүжигчин мэргэжилтэй гэж биеийн байцаалтаа өглөө. Хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад 1989 оны Улсын багшийн Их сургуулийн драмын жүжигчин гэсэн бакалаврын дипломтой. Нэг сарын найруулагчийн курст сурсан хүн байдаг. Одоогийн ерөнхий найруулагч маань найруулагчийн бакалаврын дипломтой хүн байгаа. Аргагүй энэ хүн мэргэжлийн хүн биш учраас ажил доголдсон байж болох юм гэдгийг шүүхэд ирсэн нотлох баримттай танилцсаны дараа мэдсэн. Иймээс түүнд албан тушаал бууруулах шийтгэл ногдуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ер нь намайг театрын даргаар томилогдсоноос эхэлж М.Е нь өөрөө хуучин даргаар ажиллаж байсны хувьд хэсэг бүлэг ажилтантай хамтран миний эсрэг хэл ам гаргах, доромжлох, зохион байгуулалтай гарын үсэг зурах зэрэг эсрэг зүйлүүд зөндөө явж байсан. Гэхдээ би болж өгвөл энэ бүхний эвлэрэх алхмыг удаа дараа хийж байсан. Бүр хамтарч ажиллая гээд гуйж байсан. Тэгэхэд хүлээж аваагүй. Би чамайг огцруулна гээд гар хүртэл барьж байсныг хэлэх ёстой. Ер нь энэ хүн надтай ажиллахгүй гэдгээ өөрөө хүссэн байгаа. Энэ байгууллагын ажилд саад болсон нь үнэн. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Төрийн байгууллагаын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн Төрийн байгууллагаын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар М.Ег 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн театрын ерөнхий найруулагчаар томилж, 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч М.Етай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Хариуцагч Төрийн байгууллагаын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б/31 дугаартай “Ажлаас чөлөөлж, өөр ажилд томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1, Байгууллагын дотоод журмын 3.8-ын 9 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6, 6.2.8, Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн тус театрын ерөнхий найруулагч М.Ег 2017 оны 6 дугаар сарын 15-наас үүрэгт ажлаас нь чөлөөлж, туслах найруулагчаар ажиллуулахад дараах байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:

1.Төрийн байгууллагаын хөдөлмөрийн дотоод журмын 3.8-д “хөдөлмөрийн гэрээг театрын даргын санаачилгаар цуцлах үндэслэл”-ийг дурдсан бөгөөд 3.8-ийн 9-д зааснаар  нэхэмжлэгч М.Е нь алба нэгжийн удирдлагын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан тухайн нэгжийн үйл ажиллагаа доголдуулсан болон нэгжийн удирдлага ажлаа шаардлагын хэмжээнд явуулж чадаагүй болохыг хариуцагч шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй болно. 

Төрийн байгууллагаын Хөдөлмөрийн дотоод журмын 9.3-д “сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан ба зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан байхад нэхэмжлэгч М.Ед энэ эрхийг нь эдлүүлээгүй, М.Ен гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоосон баримт материал байхгүй болох нь тус театрын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Захиргааны зөвлөлийн хурал”-ын тэмдэглэлээр нотлогдож байна. 

Нэхэмжлэгч М.Е нь “Төрийн байгууллагөын 2017 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсан ахмадуудын үдэшлэгийг сард 1 удаа зохин байгуулах ёстой байтал зохион байгуулж явуулаагүй, мөн төлөвлөгөөний дагуу “Аталар аманаты” жүжгийг заасан хугацаандаа найруулж олон нийтийн хүртэл болгож чадаагүй гэдгийг нэхэмжлэгч М.Е хүлээн зөвшөөрч байгаа ба тухайн үед аймгийн захиргаанаас ахмадуудын бүжгийг баасан гараг болгон явуулж байгаа тул энэ тус театрын төлөвлөгөөтэй давхацсан байдал болон “Аталар аманаты” жүжгийг найруулах явцад нэмж санхүүгийн туслалцаа хэрэгтэй болсон гэх мэтчилэнгээр төлөвлөгөө биелүүлж чадаагүй байдлаа удирдлагад хэлж танилцуулж байсан нь шүүх хуралдаанд оролцсон гэрч ө, м, е нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч М.Е нь байгууллагын захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй эсэргүүцсэн гэдэг нь  үгүйсгэгдэж байгаа болно. 

Мөн нэхэмжлэгч М.Е нь тус театрын төлөвлөгөөт уран бүтээл Сар шинийн баярт болон Наурызын баярт зориулсан хүндэтгэлийн концертийг найруулж тавиагүй гэх боловч тухайн үед зөрчил тус бүрийг шалган тогтоож хэлэлцэж байсан эсэхийг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын арга хэмжээ авч байсан талаарх нотлох баримтаа хариуцагч шүүхэд гаргаж өгч чадаагүй болно. 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар хөдөлмөрийн дотоод журмын зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах гэсэн хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах ёстой байтал хариуцагч хөдөлмөрийн хуульд заагдаагүй албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-ийг зөрчсөн байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан Хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ гэж заасан байхад Төрийн байгууллагөын Хөдөлмөрийн дотоод журмын 9.5-ын В-д албан тушаалыг нэг жил хүртэл хугацаагаар бууруулах гэж тусгасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна. 

Мөн хариуцагч Төрийн байгууллагаын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.А нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт нэхэмжлэгч М.Е нь нэг шил архитай миний өрөөнд ажлын цагаар орж ирж байсан, мөн хамт олныг миний эсрэг турхиран хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчиж байсан  гэх боловч хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор нэхэмжлэгч М.Ед сахилгын арга хэмжээ аваагүй ба хууль заасан хугацаа өнгөрүүлсэн байна. 

Хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн Б.М-т холбогдолтой *****дугаартай бакалаврын диплом, 2017 оны 1,2 дугаар улиралд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, түүнийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалууд, мөн Р.Өсерханыг ажилд томилсон тушаалууд, 2016 онд хийгдсэн олон нийтийн ажлын төлөвлөгөө  зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй болно.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Ед албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн гаргасан тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М.Ег Төрийн байгууллагөын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Төрийн байгууллагөын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:ЦГ65092135 Ботахара нура овогт Монголханы Е-г Төрийн байгууллага-ын ерөнхий найруулагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Е нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Төрийн байгууллага-ын санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Б.МАНГИЛИК