Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0529

 

2020 оны 09 сарын 09 өдөр           Дугаар 221/МА2020/0529                       Улаанбаатар хот

П.А-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 384 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу П.А-н нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.4.5, 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.А-г өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж,  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоохдоо ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, шийтгэл хүлээлгэж буй тухайн албан тушаалтныг буруутгасан зөрчил тус бүрийг тодорхойлж, эдгээрийг нотолсон баримтуудыг бүрдүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхий аудиторын газрын дарга өөрийн гаргасан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалын үндэслэл, бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон болохоо тодорхойлж, нотолж чадаагүй тул маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.А нь “Г ...” ХХК-ийн ажлыг дүгнэхдээ хувийн үзэмжээр хандсан. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, албадан биелүүлсэн болох нь аудитын менежер Д.А-йн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 98.3 буюу А үнэлгээ, Ш.Н-р ахлуулсан ажлын хэсгийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 86 буюу А үнэлгээ, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дахин ажлын хэсэг байгуулж 84 буу В үнэлж баталгаажуулсан Өмнөговь аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.А-н 84 үнэлсэн үнэлгээ, “Г ...” ХХК-ийн албан бичгүүд, Ш.Н-н гомдол, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 120/ШШ2018/0022/, Давж заалдах шатны шүүхийн магадлал /2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0159 дугаартай/, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол /2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 171 дугаартай/, П.А-н тайлбар болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогддог.

Энэхүү зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/210 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрэм”-ийн 4.2.2-т “Төрийн аудитын байгууллагын ажилтан нь хууль дээдлэх, мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэх, үнэнч шударга байх, төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлэн, ёс суртахууны болон мэргэжлийн өндөр шаардлагыг хангаж ажиллах”, 4.2.7-д “Төрийн аудитын байгууллагын ажилтан Төрийн аудитын үйл ажиллагаанд оролцохдоо нотлох баримтад суурилсан үнэн зөв дүгнэлт гаргах үүрэгтэй”, 4.2.10д “Төрийн аудитын байгууллагын ажилтан удирдах ажилтны хуульд нийцсэн үүрэг даалгавар, шийдвэр, үндэслэл бүхий зөвлөмжийг биелүүлэх” гэж заасныг тус тус зөрчсөн.

Мөн Өмнөговь аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй болох нь тус тус тогтоогдсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13-д заасан үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байхад шүүх энэ талаар нотлох баримтуудыг бүх талаас нь судлалгүй үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна.

Мөн “... П.А-г санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй ... гэж буруутгаж байгаа бол энэ нь ёс зүйн зөрчил бус, мэргэжлийн алдаа байж болохоор байхад түүнийг шууд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зааж өгсөн байдаг. Төрийн тусгай албан тушаалтан болох П.А нь “Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрэм”-ийн 4.2.2, 4.2.70, 4.2.10-т заасныг тус тус зөрчсөн байхад шүүхээс 37.1.7 дахь заалтыг зөвхөн мэргэжлийн алдаагаар хязгаарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэхүү 37.1.7 дахь заалт нь “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”-ийг төрийн албан хаагчид үүрэг болгосон бөгөөд П.А-н гаргасан “Г ...” ХХК-ийн ажлыг дүгнэхдээ хувийн үзэмжээр хандсан, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, албадан биелүүлсэн зөрчлүүдэд хамааруулсан байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

“... Үр дүнгийн гэрээний биелэлт 50 хувьдаа хүрээгүй, F үнэлгээ авсан бол Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар буруутгах боломжтой байна” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх” заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хэрэв тангарагаа зөрчсөн, мөн ёс зүйн зөрчил гаргасан бол хийсэн ажлынхаа төлөө хуульд заасан хариуцлага хүлээхийг үүрэг болгосон заалт юм. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны Б/61д үгээр тушаалыг гаргахдаа үр дүнгийн гэрээний биелэлт харгалзаагүй бөгөөд П.А-н гаргасан “Г ...” ХХК-ийн ажлыг дүгнэхдээ хувийн үзэмжээр хандсан, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, албадан биелүүлсэн гэх ёс зүйн зөрчлүүд, мөн Өмнөговь аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй зөрчлүүдээр сахилгын хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн үндэслэлтэй болно.

“... П.А-н гаргасан гэх зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага огт хийгээгүй байна гэж үзэхээр байна” гэж дүгнэжээ.

П.А-н гаргасан гэх зөрчлийг шалган тогтооход хариуцагчийн талаас шүүхэд хүргүүлсэн бүх нотлох баримтууд буюу тайлбар, лавлагаа, холбогдох шийдвэрүүдийг удаа дараагийн ажлын хэсэг, аудитын шалгалтын явцад цуглуулсан бөгөөд Ёс зүйн зөвлөлийн 2 удаа хуралдсан тэмдэглэл зэргийг огт шалгаагүй гэж дүгнэх үндэслэлгүй болно. Энэ талаарх нотлох баримт хэрэгт бүрэн авагдсан байхад шүүх үнэлээгүй байна.

Мөн “... П.А-г санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй, ... гэж буруутгаж байгаа бол энэ нь ёс зүйн зөрчил бус, мэргэжлийн алдаа байж болохоор байхад түүнийг шууд Төрийн албаны тухай хуулийн 37.1.7-д заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн.

Өмнөговь аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүй гэх зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасан үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Иймд 37.1.7 дахь заалттай холбож дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

“... Төрийн аливаа хяналт, шалгалт, үнэлгээ, дүгнэлт аливаа этгээдээс хараат бус байх бөгөөд эрх хэмжээний хүрээнд хийгдсэн аливаа санал дүгнэлтэд Ерөнхий аудиторын нөлөөлөл оролцохгүй, тэргүүлэх аудиторын баталгаажуулсан дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүнэ үндэслэлгүй байхад орон нутгийн төсвийн байгууллагад эрх хэмжээний хүрээнд хийгдсэн аудитын хяналтын дүгнэлтийг үнэн зөвийг хөндлөнгөөс дүгнэн, сахилгын арга хэмжээ авч байгаа нь хууль бус байна” гэж дүгнэсэн.

Төрийн аудитын тухай /2003 он/ хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий аудитор нь төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газар, түүний харьяа төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэл, аудит, бизнесийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, арга ажиллагаанд нийцүүлэн, үнэнч шударга, бодитой, арвич хямгач, үр ашигтай, үр нөлөөтэй ажиллуулах үүрэг хүлээсэн төрийн тусгай албан тушаалтан юм.

Дээрх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүрэн эрхийнхээ зарим хэсгийг тэргүүлэх аудиторт шилжүүлж, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлан, үйл ажиллагааны үр дүнг хянадаг.

Доод шатны албан тушаалтны хуульд нийцээгүй, хууль бус шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор хуульчлагдсан байгаа болно.

Хараат бус байдал нь төрийн аудитын байгууллагын ажилтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн нөлөөнд үл автаж, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс хараат бусаар үйл ажиллагаа явуулахыг ойлгох ёстой. Удирдах дээд шатны албан тушаалтан мэргэжил, арга зүйгээр хангаж, хууль ёсны шаардлага тавих нь хараат бус байдалд нөлөөлж буй хэлбэр биш юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0384 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар “П.А нь Төрийн аудитын байгууллагын Ёс зүйн зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.8, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/210 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын ажилтны мөрдөх ёс зүйн дүрэм”-ийн 4.2.2, 4.2.7, 4.2.10-т заасныг зөрчсөн, мөн Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албанаас Өмнөговь аймаг дахь “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв”-ийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитад хийсэн чанарын баталгаажуулалт болон эрсдэлийн аудитаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдсон тул түүнд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл” ногдуулжээ.

Нэхэмжлэгч П.А-аас дээрх тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “... маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь тодорхойгүй, ... манай байгууллагад шүүхийн шийдвэрээр хянаж, баталгаажуулахаар шийдвэрлэгдсэн үнэлгээний нэгтгэл огт байгаагүй, хавтаст хэргээс хуулбарлан авч, баталгаажуулсан бөгөөд энэ үйлдэл нь “Г ...” ХХК-ийн үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөөгүй, хор хохирол учруулах үр дагавар үүсгээгүй, ... орон нутгийн төсвийн байгууллагад эрх хэмжээний хүрээнд хийгдсэн аудитын хяналтын дүгнэлтийн үнэн зөвийг хөндлөнгөөс дүгнэн, сахилгын арга хэмжээ авсан энэхүү үйлдэл нь хууль бус бөгөөд хувийн шалтгаанаар ажлыг маань авах гэсэн зорилгоор хийгдсэн нь илэрхий байгаа, ... төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан” зэрэг үндэслэлүүдээр маргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар (нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал), тэдгээрт үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэх үндэслэл болсон хэм хэмжээ (хэргийн бодит нөхцөлд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухай) зэргийг шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзвэл хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон үйл баримтыг ““Г ...” ХХК-тай холбоотой зөрчил гаргасан, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, Өмнөговь аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн санхүүгийн тайлангийн аудитад зөрчил илэрсэн” хэмээн тодорхойлж, түүнийгээ шалгаж тогтоосон, хэлэлцсэн гэх нотлох баримтуудыг гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх “... ёс зүйн хорооны хурлаар “Г ...” ХХК-ийн шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлын талаар, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн санхүүгийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газрын чанарын баталгаажуулалтын албанаас хийсэн эрсдэлийн аудитын тайлангийн талаар авч хэлэлцсэн хэдий ч яг ямар зөрчил гаргасан нь сахилгын зөрчил болох нь бүхэлдээ ойлгомжгүй” гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх “П.А-н гаргасан гэх зөрчлийг шалган тогтоох ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага огт хийгээгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүхийн шийдвэрт “хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн ... тухайгаа тусгах” үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах үндэслэл болгосон нотлох баримт, шалгах ажиллагаатай холбоотой баримтаа гаргаж өгсөн байхад тэдгээрийг актад дурдагдсан зөрчил тус бүрд холбогдуулан үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэл эсхүл хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэх талаар дүгнэж, захиргааны акт үндэслэлтэй гаргасан эсэх, уг актад дурдагдсан зөрчлийг хариуцагч шалган тогтоосон байдал, энэ нь нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох эсэх талаар харьцуулан дүгнэж актад дурдагдсан үндэслэл тус бүрд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй, дээрх хуулийг зөрчсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай үндэслэл тус бүрийг нарийвчлан судалж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоосны эцэст түүнд үндэслэж шийдвэр гаргах учиртай бөгөөд маргаан бүхий актыг гаргасан үндэслэлүүд болох “Г ...” ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэр гарсан, мөн уг шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой үүссэн нөхцөл, Өмнөговь аймаг дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн санхүүгийн тайлангийн аудитад илэрсэн зөрчил зэрэг нөхцөлүүд хэрхэн шалгаж тогтоогдсон, энэ нь ямар үндэслэлээр нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон талаар тайлбар, нотлох баримтыг дүгнэх нь зүйтэй.

Шүүхээс маргаан бүхий актын үндэслэлийг шалгаж, нэхэмжлэлийн болон захиргааны актын үндэслэл тус бүрд дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 384 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ