Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00177

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00791 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтүшиг, Ж.Отгонбаяр, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2014 оноос эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль, эрх зүйн газарт хуульчийн ажил хийж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Б/34 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан бөгөөд намайг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт өгөхөөс 3 сар гаруй хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан, компанид холбогдох шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, компанийг шүүхэд төлөөлөн хамгаалах үүрэгээ биелүүлээгүй мэргэжлийн алдаа гаргасан, ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандаж компанид хохирол учруулсан зэргээр хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж Компанийн тухай хуулийн 84 дугаар зүйлийн 84.4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/600 дугаар тушаал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 8.2, 8.9, 8.9.5, Хууль, эрх зүйн газрын үйл ажиллагааны журмын 4.7.1, 1498 дугаартай надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.4.11, 4.1, 4.2, 4.2.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцласан.

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Б/34 дугаар тушаалыг миний бие 2017 оны 02 дугаар сарын 22-нд хүлээж аваад, 2017 оны 02 дугаар сарын 24-нд ажлаа хүлээлгэж өгөөд, ажлаас халсан дээрх тушаалыг эс зөвшөөрч, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байна. Учир нь миний бие хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан байтугай хөдөлмөрийн сахилгын зөрчил огт гаргаагүй гэж үзэж байна.

Иймд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Оюунгэрэл намайг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Оюунгэрэл нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг гарсан өдөрт нь түүнд гардуулах гэхэд уг тушаалыг уншиж танилцсан боловч хүлээн авахаас үндэслэлгүй татгалзсан бөгөөд түүний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлэхэд тушаалыг хүлээн авахаас татгалзсан байна. Гэвч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээж аваад уг тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол нэхэмжлэл гаргах нэг сарын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүний нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00791 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын №Б/34 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00791 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болох давж заалдах шатны шүүх Б.Оюунгэрэлийг ур чадварыг түвшин тогтоолгох шалгалт өгөхөөс 3 сарын турш үндэслэлгүйгээр татгалзсан, хариуцан ажиллаж байсан шүүх хуралдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч шүүхэд очсоны улмаас оролцоогүй, хариуцагчийн төлөөлөгчгүйгээр шүүх хуралдаан хийгдсэн зэрэг ажлын хариуцлага алдсан, хөдөлмөрийн сахилга зөрчсөн зөрчлүүдийг гаргасан талаар зөв дүгнэлт хийсэн боловч эдгээр зөрчил нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах хангалттай үндэслэл болохгүй байна гэж буруу дүгнэлт хийсэн байна. Ажил олгогчоос Б.Оюунгэрэлийн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 4.1, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дахь заалтуудыг удирдлага болгосон байтал анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр хууль болон гэрээ, журмаар тогтоосон харилцаанд ямарч дүгнэлт хийлгүй орхигдуулж ноцтой алдаа гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж 131.1.3 дугаар зүйлд “ажлаас халах” гэж тус тус заажээ. Харин Б.Оюунгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1-р зүйлд “Ажилтан хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байранд заагдсан ажил үүргээ биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болон 131 дүгээр зүйлд заасан шийтгэлийг ногдуулна гэжээ. Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дугаар заалтад “...ноцтой зөрчилд тооцохоор нэрлэж заасан сахилгын зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан тохиолдолд ...ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ. Гэтэл Б.Оюунгэрэлийн ур чадварын түвшин тогтоолгохоос үндэслэлгүйгээр татгалзсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 3.4.11-д заасан үүргээ биелүүлээгүй явдал юм. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.12 дугаар зүйлд заасан “Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэх зөрчил юм.

Харин өөрийн хариуцан ажиллаж байсан шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй нь “Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.12, 8.7.10 дугаар зүйлд заасан “Удирдах ажилтнаас ажил үүрэгтэй нь холбогдуулж тавьсан шаардлага болон үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй” гэх, 8.8.5 дугаар зүйлд заасан “Ажил үүрэгтэй хариуцлагагүй хандсан” гэх зөрчлүүдийн шинжийг агуулж байна.

Өөрөөр хэлбэл Б.Оюунгэрэлийн дээрх 2 үйлдлээрээ сахилгын зөрчлийг давтан гаргасан байтал шүүх энэ тухай огт авч хэлэлцэлгүй буруу гэх дүгнэлт гаргасан.

Давж заалдах шатны шүүх Б.Оюунгэрэлийг Хөдөлмөрийн гэрээний 3.4.11-д заасан үүргээ биелүүлээгүй /ур чадварын түвшин тогтоох шалгалт өгөөгүй/ зөрчил гаргасан болон өөрийн хариуцан ажиллаж байсан шүүх хуралдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй гэх зөрчлүүдийг гаргасан талаар зөв дүгнэлт гаргасан боловч эдгээр зөрчлийг зөвхөн Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа эсэх талаар тайлбарлаад харин Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил мөн эсэх, 2 удаагийн үйлдэл нь давтан зөрчил болсон эсэх талаар ямарч тайлбар дүгнэлт хийгээгүй алдаатай шийдвэр болсон. 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Б.Оюунгэрэл нь 2017 оны 01 дүгээр сарын 05, 07-ны өдрүүдэд Б/34 тушаалыг хүлээн авахаас удаа дараа санаатайгаар татгалзаж, саад учруулсан, хөөн хэлэлцэх хугацааг санаатайгаар хэтрүүлсэн үйлдлийг нотлох баримтуудаар хангалттай нотолж Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 76.4-т зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тушаалыг гардаж авахаас татгалзсан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох ёстой байтал шүүх анхны болон 2 дахь нэхэмжлэлээ 2-ууланг нь хөөн хэлэлцэх хугацаа алдаж гаргасан нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр зөвтгөж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байхад эдгээр нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж үнэлэлгүй, дүгнэлгүй орхигдуулж “давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүд нотлогдохгүй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянан үзэж иргэний хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Б.Оюунгэрэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б\34 дүгээр тушаалаар хуулийн хэлтсийн хуульчийн ажлаас чөлөөлөгдсөн ба уг тушаалын үндэслэлд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасан зохицуулалтыг заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй ба ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаанд гаргасан байх ба шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухай маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00791 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 158 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

          ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН