Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 00158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Б.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00791 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Б.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:    Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох,

 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/34 дугаар  тушаалыг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгох  тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, Ц.Мөнхтүшиг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Оюунгэрэл миний бие нь 2014 оноос эхлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль, эрх зүйн газарт хуульчийн ажил хийж байсан.2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Б/34 дугаар  тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан бөгөөд намайг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт өгөхөөс 3 сар гаруй хугацаанд хүндэтгэн үзэх шалгаангүйгээр татгалзсан, компанид холбогдох шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, компанийг шүүхэд төлөөлөн хамгаалах үүрэгээ биелүүлээгүй мэргэжлийн алдаа гаргасан, ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандаж компанид хохирол учруулсан зэргээр хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж Компаний тухай хуулийн 84 дугаар  зүйлийн 84.4.1 дэхь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1.4 дэхь заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэхь заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/600 дугаар тушаал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 8.2, 8.9, 8.9.5 дахь заалтууд, Хууль, эрх зүйн газрын үйл ажиллагааны журмын 4.7.1 дэхь заалт, 1498 дугаартай надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.4.11, 4.1, 4.2, 4.2.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцласан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Б/34 дугаар тушаалыг миний бие 2017 оны 02 дугаар сарын 22-нд хүлээж аваад, 2017 оны 02 дугаар сарын 24-нд ажлаа хүлээлгэж өгөөд, ажлаас халсан дээрх тушаалыг эс зөвшөөрч, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байна. Учир нь миний бие хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан байтугай хөдөлмөрийн сахилгын зөрчил огт гаргаагүй гэж үзэж байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Оюунгэрэл намайг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Б.Оюунгэрэл нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг гарсан өдөрт нь түүнд гардуулах гэхэд уг тушаалыг уншиж танилцсан боловч хүлээн авахаас үндэслэлгүй татгалзсан бөгөөд түүний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлэхэд тушаалыг хүлээн авахаас татгалзсан байна. Гэвч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээж аваад уг тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан гомдол нэхэмжлэл гаргах нэг сарын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүний нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00791 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиралын №Б/34 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр давж заалдсан гомдолдоо:

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т: Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг ажлаас халагдсан өдөрт өгөх үүрэгтэй. Гэтэл Б.Оюунгэрэл нь 2017 оны 01 дүгээр сарын 05 ны өдөр  болон 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Б/34 дугаар тушаалыг хүлээн авахаас удаа дараа санаатайгаар татгалзаж саад учруулсан үйлдлийг Иргэний хуулийн 76.1, 76.2, 76.4-т тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох ёстой байтал шүүх нэхэмжлэгч нь хуульд зааснаар "ажлаас халсан Б/34 дугаар тушаалыг” танилцуулж хүлээлгэн өгөх үед гардаж, хүлээн авах, шүүхэд гомдол гаргах" хуулийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн санаатай үйлдлээр хэтрүүлсэн зөрчлийг шүүх үндэслэлгүйгээр зөвтгөж хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалт болон Иргэний хуулийн дээр дурдсан зүйл заалтуудыг буруу тайлбарлаж, хэрэглэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ "хэргийн гол үйл баримтанд буруу үнэлэлт өгч, хуулийг буруу хэрэглэсэн" гэж үзэж байна. Б.Оюунгэрэл нь өдөр тутмын ажилдаа хэтэрхий хайнга сул ажил мэргэжилдээ тэнцэх эсэх нь эргэлзээтэй байсан тул мэргэжил ур чадварын түвшин тогтоохоор ажлын хэсэг байгуулагдан шалгалт өгөхийг мэдэгдсэн боловч үндэслэлгүйгээр татгалзаж үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Мөн Б.Оюунгэрэлийн ажлын байрны тодорхойлолтын 3.14-нд "Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөн оролцож боломжит ашигтай шийдвэр гаргуулах” үндсэн үүргээ зөрчсөн. Мөн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.5-д ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчиин санаачлагаар цуцлах тухай мөн хөдөлмөрийн гэрээнии 4.2.8-д ".. Компанийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай тус тус зохицуулжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/34 дугаар тушаалыг хүчингүй болгуулж,  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 34 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хуулийн хэлтэст  хуульчаар ажилд оржээ. /х/х-ийн 6-7 дугаар хуудас/,

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын  Б/34 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Оюунгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж,  ажлаас нь чөлөөлжээ.

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын  Б/34 дугаар тушаалд:

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 8.2, 8.9, 8.9.5 дахь заалтууд, Ерөнхий захирлын 2016 оны 10 дугаар сарын 21 ний өдрийн А/600 дугаар тушаал, Хууль, эрх зүйн газрын үйл ажиллагааны журмын 4.7.1 дэх заалт, ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүд, дүгнэлт, шийдвэр,илтгэх хуудас, ажилтан Б.Оюунгэрэлтэй байгуулсан 1498 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.4.11, 4.1, 4.2, 4.2.5 дахь заалт зэргийг үндэслэн “ ... Хууль эрх зүйн газрын хуульч Б.Оюунгэрэл нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт өгөхөөс 3 сар гаруй хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзсан, компанид холбогдох шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт, баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд өгөөгүй, компанийг шүүхэд төлөөлөн хамгаалах үүргээ биелүүлэлгүй мэргэжлийн алдаа гаргасан, ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандаж компанид хохирол учруулсан зэргээр хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан тул ажилтан Б.Оюунгэрэлтэй байгуулсан 1498 дугаартай хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 05 ны өдррөөр цуцалж, ажлаас чөлөөлсүгэй ...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр давж заалдсан гомдолдоо нэхэмжлэгч гомдлоо гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэжээ.

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 08 минутанд гардаж хүлээн авсан нь болох нь Монгол шуудан ХК-ийн Орхон аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17/24 дугаар албан бичгээр тогтоогджээ.

Нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б/34 дугаар тушаалыг хүлээж аваад 2017 оны 03 дугаар сарын 09-ний иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргажээ./х/х-ийн 123-124 дүгээр хуудас/,

Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад иргэний хэрэг үүсгэсэн ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ. /х/х-ийн 12-13 дугаар хуудас/,

Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дахин шүүхэд гомдлоо гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3., 79.4., Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан шаардлагад тус тус нийцсэн хууль зөрчөөгүй  байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр давж заалдсан гомдолдоо Б.Оюунгэрэл нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт өгөхөөс хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзсан гэжээ.

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 1498 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.4.11-т ажилтан ажлын байрны аттестатчилал, түвшин тогтоолтод заавал хамрагдаж ажлын ур чадварын түвшингээ тогтоолгох үүрэгтэй гэж заажээ.

Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр үүрэг хүлээсэн боловч хөдөлмөрийн гэрээний 4.2.-т заасан “.. дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийг гэрээг цуцлана гэжээ. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 3.4.11-т заасан үндэслэл нь 4.2.1.- 4.2.16.-д  заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Мөн Б.Оюунгэрэлийг ажлын байрны тодорхойлолтын 3.14-нд "Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөн оролцож боломжит ашигтай шийдвэр гаргуулах” үндсэн үүргээ зөрчсөн гэжээ.

Хөдөлмөрийн гэрээний 4.2.5.-д ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Б.Оюунгэрэлийн ажлын байрны тодорхойлолтын 3.14-д шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөн оролцох, компанид ашигтай шийдвэр гаргуулсан байх гэжээ.

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь Н.Бэхбаатарын нэхэмжлэлтэй, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компани Эрд сүлж ХХК-д холбогдох, иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан ба  2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хоцорч ирсэнээс шүүх хуралдаанд оролцож чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Н.Бэхбаатарыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компани Эрд сүлж ХХК-ийн гүйцэтгэх захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 3 000 000 төгрөг гаргуулан Н.Бэхбаатарт олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09 ний өдрийн 45 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.

 Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 605 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.8-д ".. Компанийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана мөн Б.Оюунгэрэлийг ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан гэж байгаа боловч хэнд, хэзээ, ямар хэмжээний бодит хохирол учруулсан болохыг хариуцагч тал нотлож чадаагүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой  баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т заасан “... татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.7-д заасан нотлох баримтыг шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө, 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэх боловч давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг хуульчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй  байх ба хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00791 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                     М.ХҮРЭЛБААТАР

 

                                                                                                  Б.БАТТӨР