Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00791

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00791                                     Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Зэст баг 1-25-27 тоотод оршин суух Мянгат овгийн Бархын Оюунгэрэлийн /регистрийн дугаар ФМ78042602/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд холбогдох

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын №Б/34 тоот тушаалыг хүчингүй болгож Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, гэрч Г.Номмандах, Б.Ундрахцэцэг, С.Юмэнхүү, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бархын Оюунгэрэл миний бие нь 2014 оноос эхлэн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК- ийн Хууль, эрх зүйн газрын хуульчийн ажил хийж байсан.2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн №Б/34 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан бөгөөд намайг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт өгөхөөс 3 сар гаруй хугацаанд хүндэтгэн үзэх шалгаангүйгээр татгалзсан, компанид холбогдох шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт, баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, компанийг шүүхэд төлөөлөн хамгаалах үүрэгээ биелүүлээгүй мэргэжлийн алдаа гаргасан, ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандаж компанид хохирол учруулсан зэргээр хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж Компаний тухай хуулийн 84-р зүйлийн 84.4.1 дэхь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4 дэхь заалт, 131-р зүйлийн 131.1.3 дэхь заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2016-10-21-ний өдрийн А/600 тоот тушаал, “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 8.2, 8.9, 8.9.5 дахь заалтууд, Хууль, эрх зүйн газрын үйл ажиллагааны журмын 4.7.1 дэхь заалт, №1498 дугаартай надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.4.11, 4.1, 4.2, 4.2.5 дэхь заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцласан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн №Б/34 тоот тушаалыг миний бие 2017 оны 02 дугаар сарын 22-нд хүлээж аваад, 2017 оны 02 дугаар сарын 24-нд ажлаа хүлээлгэж өгөөд, ажлаас халсан дээрх тушаалыг эс зөвшөөрч, ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байна. Учир нь миний бие хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан байтугай хөдөлмөрийн сахилгын зөрчил огт гаргаагүй гэж үзэж байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн №Б/34 тоот тушаалыг хүчингүй болгож, Бархын Оюунгэрэл намайг “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Оюунгэрэл нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/34 тушаалыг гарсан өдөрт нь түүнд гардуулах гэхэд уг тушаалыг уншиж танилцсан боловч хүлээн авахаас үндэслэлгүй татгалзсан бөгөөд түүний гэрийн хаягаар шуудангаар хүргүүлэхэд тушаалыг хүлээн авахаас татгалзсан байна. Гэвч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/34 тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээж аваад уг тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан “гомдол нэхэмжлэл гаргах нэг сарын хугацаа”-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүний нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д  холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралын №Б/34 тоот тушаалыг хүчингүй болгож “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний бие хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан байтугай хөдөлмөрийн сахилгын зөрчил огт гаргаагүй гэж үзэж байгаа. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн №Б/34 тоот тушаалыг хүчингүй болгож, Бархын Оюунгэрэл намайг “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын хуульчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан “гомдол нэхэмжлэл гаргах нэг сарын хугацаа”-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүний нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа, мөн нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт өгөхөөс 3 сар гаруй хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзсан, компанид холбогдох шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт, баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд өгөөгүй, компанийг шүүхэд төлөөлөн хамгаалах үүргээ биелүүлэлгүй мэргэжлийн алдаа гаргасан, ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандаж компанид хохирол учруулсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байгаа.

Б.Оюунгэрэл нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль эрх зүйн газарт хуульчаар ажиллаж байгаад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/34 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн нь зохигчдын тайлбар, Б/34 тоот тушаалаар тогтоогдож байна.

Ажил олгогч нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “...нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт өгөхөөс 3 сар гаруй хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзсан, компанид холбогдох шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт, баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд өгөөгүй, компанийг шүүхэд төлөөлөн хамгаалах үүргээ биелүүлэлгүй мэргэжлийн алдаа гаргасан, ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандаж компанид хохирол учруулсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан” гэж дурьдсан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/34 тоот тушаалыг хүчингүй болгож Б.Оюунгэрэлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Үндэслэл нь 1-рт ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж буй эхний үндэслэл буюу ...нэхэмжлэгч нь мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалт өгөхөөс 3 сар гаруй хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзсан... гэсэн үндэслэлийн хувьд талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1498 дугаар хөдөлмөрийн гэрээний 3.4.11-т ажилтан ажлын байрны аттестатчилал, түвшин тогтоолтод заавал хамрагдаж ажлын ур чадварын түвшингээ тогтоолгох үүрэгтэй гэж заасан.

Хэдийгээр ажилтан хөдөлмөрийн гэрээгээр дээрхи үүргийг хүлээсэн боловч ажлын байрны аттестатчилал, түвшин тогтоолтод хамрагдаагүй нь түүнийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.Учир нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2-д дурьдагдсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд ажлын байрны аттестатчилал, түвшин тогтоолтод хамрагдаагүйг ноцтой зөрчилд тооцох талаар дурьдаагүй, талууд дээрхи зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2-рт ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж буй 2 дугаар үндэслэл буюу ...компанид холбогдох шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт, баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд өгөөгүй, компанийг шүүхэд төлөөлөн хамгаалах үүргээ биелүүлэлгүй мэргэжлийн алдаа гаргасан, ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандаж компанид хохирол учруулсан...гэсэн үндэслэлийн хувьд нэхэмжлэгч Б.Оюунгэрэл Н.Бэхбаатарын нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн охин компани “Эрд сүлж” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хоцорч ирсэнээс шүүх хуралдаанд оролцож чадаагүй тухайд маргахгүй байгаа.

Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.5-д ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж заасан.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Н.Бэхбаатарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн охин компани “Эрд сүлж” ХХК-ийн гүйцэтгэх захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 3 000 000 төгрөг гаргуулан Н.Бэхбаатарт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрхи үйл баримтанд үндэслэн “...нэхэмжлэгч нь компанид холбогдох шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт, баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд өгөөгүй, компанийг шүүхэд төлөөлөн хамгаалах үүргээ биелүүлэлгүй мэргэжлийн алдаа гаргасан, ажил албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандаж компанид хохирол учруулсан, энэ нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчил юм” гэж мэтгэлцэж байгаа.

Б.Оюунгэрэлийн ажлын байрны тодорхойлолтын 3.14-д шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөн оролцох, компанид ашигтай шийдвэр гаргуулсан байх гэж дэрьджээ.

Гэвч шүүхийн шийдвэрээр Н.Бэхбаатар ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалин 3 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэгдсэн нь Б.Оюунгэрэлийг ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Б.Оюунгэрэлийг ажил, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас компанид хохирол учруулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байгаа ба хариуцагчийн үндэслэл болгож буй Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хяналтын шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2017/00605 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3-рт: Ажил олгогчийн зүгээс “...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан “гомдол нэхэмжлэл гаргах нэг сарын хугацаа”-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүний нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэж мэтгэлцэж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б.Оюунгэрэл ажил олгогчийн түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гардан авсан нь Монгол шуудан ХК-ийн Орхон аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17/24 дүгээр албан бичгээр тогтоогдож байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Б.Оюунгэрэл түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдсэн бөгөөд тухайн өдөр тушаалыг гардан авахаас татгалзсан.Тиймээс эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн.Тэрээр 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б/34 тоот тушаалыг хүлээж аваад уг тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан “гомдол нэхэмжлэл гаргах нэг сарын хугацаа”-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч өөрийг нь ажлаас буруу халсан тухай гомдол гаргаж байгаа учраас тэрээр гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б/34 тоот тушаалыг хүлээж аваад 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь хууль зөрчөөгүй ба ийнхүү шүүхэд хандсанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан.

Шүүхээс нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн нэхэмжлэлийг буцаах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжилж байгаад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 25-нд буцааснаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогссон байна.Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дахин шүүхэд гомдлоо гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3, 79.4-д заасан заалтыг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэл болсон.

Шүүх хуралдаанд Г.Номмандах, Б.Ундрахцэцэг, С.Юмэнхүү нарын өгсөн мэдүүлэг, ажлын хэсгийн хурлын тэмдэглэлүүд, мэдэгдэл зэрэг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, харин шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Дээрхи үндэслэлүүдээр “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №Б/34 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж Б.Оюунгэрэлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй гэж үзсэн.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиралын №Б/34 тоот тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль эрх зүйн газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунгэрэлийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА