Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00237

 

Д.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02022 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2086 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ББН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 984 912 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э-, хариуцагчийн төлөөлөгч Г.Энхтуяа, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

­Миний бие 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 778 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 454 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 459 дугаар тогтоолоор намайг ажилд эгүүлэн тогтоосон юм. Үүнээс хойш ажилд эгүүлэн авахгүй байсан тул шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3216 дугаартай шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 6429 дугаартай шийдвэр гарсан. Хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2016/01539 дугаартай шийдвэр гарсан болно. Хариуцагч намайг ажилд авсан тушаал гаргаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газар хүргүүлж, гүйцэтгэх ажиллагааны зарим хэсгийг хаасан гэж мэдэгдэл ирүүлсэн. Үүнийг нь дараах үндэслэлээр эсэргүүцэн гомдол удаа дараа гаргасан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага анхаарч ажил болгоогүй.

Нягтлан бодогч төсөвт сууж батлагдсанаар 1 хүний ажлын байрны орон тоо байгаа. Гэтэл тушаал гаргагч миний оронд ажиллаж байсан нягтлан бодогчийг ажлаас чөлөөлөөгүй. Чи ажлын байрнаас гарч болохгүй цаг бүртгүүлээд сууж бай, 2 хүний орон тоо төсөв байхгүй учир цалин өгөхгүй гэсэн сонин шаардлага тавьсан. Гэрээ байгуулах болохоор цалингүй ажиллахыг зөвшөөрвөл Нийгмийн даатгалын шимтгэлийг чинь тэтгэвэрт гартал төлөхөөр хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн шаардлага тавьсныг би зөвшөөрөөгүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээтэй танилцана гэж аваад явсан мэтээр бичиж надад мэдэгдэл өгсөн болно.

Иймд 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 05 дугаар сарын 22-ныг дуустал 10 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин орлоготой тэнцэх олговорт 6 984 912 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02022 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Э өрхийн эрүүл мэндийн төвөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 828 400 төгрөг гаргуулж Д.Э-д олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Э өрхийн эрүүл мэндийн төвд даалгаж, Д.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 156 512 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124 204 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2086 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 124 204 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ы өдрийн 2086 дугаартай магадлалыг “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэж үзэн гомдол гаргаж байна.

“Э”  өрхийн   эрүүл   мэндийн  төвийн   итгэмжлэлгүй   эрх  бүхий төлөөлөх хүнд хурлын зарыг хүргүүлэлгүй, мэдэгдэх цаг хугацааны боломж олгоогүйгээс шүүх хурал хуралдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дугаар заалт мэтгэлцэх, тайлбарлах эрхийг хангаагүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах эрхийг хангаагүй, үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг хангаагүй. Мөн хариуцагч талын хууль ёсны мөн эсэхийг батлах болон итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд гэдгийг батлах баримт бүрэн биш байхад шүүх хуралдаан явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.4 дүгээр заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа тул хэргийг дахин хянаж анхан шатны шүүхэд хэргийг дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Д.Э-г “Э” ББН өрхийн эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 778 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 454 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 459 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон боловч биелэгдээгүй байна.

Анхан шатны шүүх дээрх шийдвэрээр нэхэмжлэгчид ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан 5 сар 25 хоногийн цалинтай тэнцэх нөхөх олговорт 3 810 279 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3216 дугаар шийдвэрээр Д.Э-д 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 10 013 012 төгрөг олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрт Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны  10 дугаар сарын 20-ны өдрийн 999 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулан, нөхөх олговрын хэмжээг 8 299 494 төгрөг болгон өөрчилжээ. Улсын Дээд шүүх 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 801 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 6429 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Д.Э-д түүний ажилгүй байсан 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 7 199 505 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 139 дүгээр магадлалаар олговрын хэмжээг 7 202 030 төгрөг болгон өөрчилсөн ба Улсын дээд шүүх 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001\ХТ2016\00313 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184\ШШ2016\01539 дүгээр шийдвэрээр 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговорт 7 659 684 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Д.Э-г 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс нягтлан бодогчийн ажилд томилох тухай хариуцагч “Э” ББН өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б\18 дугаар тушаал гаргасан боловч бодитоор хэрэгжсэн гэх байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь танилцуулан тайлбарласан, мэтгэлцэх эрхийг нь хязгаарлаагүй байна. Эрхээ хэрэгжүүлэх санаачилга гаргаагүй хэргийн оролцогчийн хувийн зохион байгуулалтад шүүхийн ажиллагааг тохируулах боломжгүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй гэх хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02022 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2086 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124 204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН