Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2086

 

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02086

 

 

 

Д.Э- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02022 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 984 912 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Э-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Ж

 Хариуцагчийн төлөөлөгч: Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 778 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 454 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 459 дугаар тогтоолоор намайг ажилд эгүүлэн тогтоосон юм.

Үүнээс хойш ажилд эгүүлэн авахгүй байсан тул шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3216 дугаартай шийдвэр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 6429 дугаартай шийдвэр гарсан.

Хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2016/01539 дугаартай шийдвэр гарсан болно. Хариуцагч намайг ажилд авсан тушаал гаргаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газар хүргүүлж, гүйцэтгэх ажиллагааны зарим хэсгийг хаасан гэж мэдэгдэл ирүүлсэн. Үүнийг нь дараах үндэслэлээр эсэргүүцэн гомдол удаа дараа гаргасан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага анхаарч ажил болгоогүй.

Нягтлан бодогч төсөвт сууж батлагдсанаар 1 хүний ажлын байрны орон тоо байгаа. Гэтэл тушаал гаргагч миний оронд ажиллаж байсан нягтлан бодогчийг ажлаас чөлөөлөөгүй.

“Чи ажлын байрнаас гарч болохгүй цаг бүртгүүлээд сууж бай, 2 хүний орон тоо төсөв байхгүй учир цалин өгөхгүй” гэсэн сонин шаардлага тавьсан.

Гэрээ байгуулах болохоор цалингүй ажиллахыг зөвшөөрвөл Нийгмийн даатгалын шимтгэлийг чинь тэтгэвэрт гартал төлөхөөр хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн шаардлага тавьсныг би зөвшөөрөөгүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээтэй танилцана гэж аваад явсан мэтээр бичиж надад мэдэгдэл өгсөн болно.

Иймд 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2017 оны 05 дугаар сарын 22-ныг дуустал 10 сар 15 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин орлоготой тэнцэх олговорт 6 984 912 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, хууль зүйн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Э” өрхийн эрүүл мэндийн төвөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 828 400 төгрөг гаргуулж Д.Э-д олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Э” өрхийн эрүүл мэндийн төвд даалгаж, Д.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 156 512 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124 204 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна

Д.Э-гийн нэхэмжлэлтэй “Э” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үндсэн зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагч болох Энхсүндэр өрхийн эрүүл мэндийн төвийн дарга ажилтай Г.Э  надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүхийн мэдэгдэх хуудсыг тус эмнэлэгт үйлчлэгчээр ажилладаг С.Энхтуяад /нэр ижил/ андуурч гардуулснаар талуудад мэтгэлцэх боломжийг хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх үед Д.Э- миний бие Баянхонгор аймагт байсан бөгөөд үүнийг нотлох хангалттай баримттай.

Хариуцагч байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох Г.Э  би өөр этгээдэд итгэмжлэл олгоогүй байхад итгэмжлэлгүй этгээдэд мэдэгдэх хуудас гардуулж, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хариуцагчид хурлын товыг гардуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй" гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан "шүүхийн шийдвэр хууль есны бөгөөд үндэслэл бүхий байна" гэснийг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэгч Д.Э- нь 2016 онд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Энхсүндэр Өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 тоот тушаалаар Д.Э-г тус эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажилд нь эгүүлэн томилсон.

Ийнхүү шүүхийн шийдвэр биелэгдсэн болохыг тогтоож Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Дэлгэрмөрөн энэхүү тушаалыг Д.Э-д 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гардуулан өгч, энэ талаар тэмдэглэл хөтөлсөн байдаг.

Гэтэл Д.Э- тухайн өдрөөс эхлэн сайн дураараа ажилдаа ирээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байсан тул дахин Д.Э-гийн гэрийн хаягаар ажилдаа эргэн орох талаар мэдэгдлийг Монгол шуудан ХХК-аар 2016 оны 12 дугаар сарын сүүлээр хүргүүлсэн.

Үүний дараа Д.Э- нь 2017 оны 1 дүгээр сард миний оронд ажиллаж байсан хүнийг ажлаас нь халаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүйгээр намайг ажилд авсан тушаал гаргасан тул ажилдаа буцаж орохгүй боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн томилж, томилсон тухай мэдэгдлийг шуудангаар болон шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулан албан ёсоор хүлээлгэн өгч, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан боловч өөрөө сайн дураараа хууль зүйн үндэслэлгүй тайлбарыг гаргаж, ажилдаа эргэн орохоос санаатайгаар зайлсхийсэн атал өөрийн хариуцлагагүй үйлдлээ өөгшүүлж, дахин шүүхэд дээрх асуудлаар нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээр дурсан асуудлууд бүгд нотлох баримттай, Монгол шуудан ХХК-ийн огноо бүхий албан ёсны тамгатай баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Дэлгэрмөрөнгийн үйлдсэн баримтуудаар хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх бодит байдлыг хууль зүйн үүднээс үнэлж дүгнээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч “Э” өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гардуулан өгч тайлбар гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногоор тогтоож, тайлбар гаргах, нотлох баримт гаргах, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан байна.

 

 Хариуцагч нь хуульд заасан хугацаанд тайлбар гаргаагүй тул анхан шатны шүүх хуралдааны товыг тогтоож, шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч талд шүүх хуралдааны тов тогтоосон мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч “Э” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан н.Энхтуяа 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Шүүх хуралдааны товыг мэдсэн хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул дүгнэж, түүний оролцоогүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхийн мэдэгдэх хуудсыг тус эмнэлэгт үйлчлэгчээр ажилладаг С.Энхтуяад андуурч гардуулснаар талуудад мэтгэлцэх боломжийг хангаагүй гэх гомдол нь үндэслэлгүй байна. Учир “Э” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан шүүх хуралдааны товыг хүлээн авсан бөгөөд цааш дамжуулан өгөх нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудалд хамаарна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрлэсэн нь зөв юм.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3216 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 999 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 801 дүгээр тогтоолоор 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 6429 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 139 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00313 дугаар тогтоолоор 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/01539 дүгээр шийдвэрээр 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “Э” өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж Д.Э-д тус тус олгож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр, магадлал, тогтоолууд бүгд хүчин төгөлдөр болжээ.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч “Э” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Э-г ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан боловч бодитойгоор биелүүлсэн гэж үзэх үйл баримт бүрэн тогтоогдохгүй байна. Учир нь нэхэмжлэгч Д.Э- Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Эрүүл мэндийн яамны сайд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад хандаж ажлыг нь бодитойгоор хийлгэхгүй, шүүхийн шийдвэрийг гүйцэтгээгүй гэх агуулга бүхий гомдлууд гаргаж байжээ.

 

Хариуцагчийн зүгээс энэ нөхцөл байдлыг няцааж, ажилтанд ажиллах боломж олгож байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 6 828 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02022 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 124 204 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА